Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0571/З |
Дугаар | 128/ШШ2022/0601 |
Огноо | 2022-08-17 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т**** Х** Ф**** ХХК /РД:********/,
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд тус тус үүссэн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээлгэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н**********, Д.Ж********, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Т**** Х** Ф**** ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5252 дугаартай захирамжаар Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
1.3. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6259 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон.
1.4. Тиймээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх тухай шаардлагын хүрээнд маргасан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Т**** Х** Ф**** ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарласан ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон.
2.2. Улмаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-134-12/1370 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн[1] дагуу гэрээ байгуулах эрхтэй болсон.
2.3. Гэвч тус тендерт оролцсон ДБМБ ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан.
2.4. Дээрх гомдлыг Сангийн яам хүлээж аваад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2138 дугаар албан бичгийн дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн.[2]
2.5. Мөн тус гомдлыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хянан үзэж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай албан тоотоор хариу мэдэгдсэн.[3]
2.6. Дээрх 03/2521 дугаартай мэдэгдлийн агуулга нь Т**** Х** Ф**** ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгож, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч мэдэгдлийн энэ хэсэгтэй маргасан болно.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс ... Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь манай компаниас тендерт санал болгосон тээврийн хэрэгслүүдийг тендерийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Т**** Х** Ф**** ХХК-иас Таятан фүүд ХХК-д холбогдох мэдээллийг цахим системээр дамжуулан гаргах бодит боломж байхгүй байхад биднээс тэгж шаардаж байгаа нь хууль бус, 2018, 2019 онд холбогдох ижил, төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага байхгүй нь тендерийн шаардлагад нийцэхгүй гэсэн нь үндэслэлгүй, учир нь анхнаасаа тендерийн шаардлагад гэрээний үнийн дүнгийн нийлбэрийн шаардлага тавигдсан болохоос ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх гэж заагаагүй, 2019 онд манай компани Эрдэнэт үйлдвэр-тэй байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгээд явж байсан тул тухайн онд ажил гүйцэтгээгүй гэж үзэхгүй, Эмчилгээний хоолны цэс-ийг Таятан фүүд ХХК-ийн нэрээр ирүүлсэн нь алдаа болсон хэдий ч үүнийг жижиг хэмжээний зөрүү гэж үзэх боломжтой байсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс ... Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлын хүрээнд асуудлыг нягталж, шийдвэрлэдэг. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хянан үзэж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдэл нь хуульд нийцсэн. Т**** Х** Ф**** ХХК нь өөрийн санал болгосон тээврийн хэрэгслүүдээ эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаар нотлох баримтыг ирүүлээгүй байсан, Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон гэрээг тендерийн баримт бичигт ирүүлж илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бичиг ирүүлсэн, тендерийн баримт бичигт зөвхөн гэрээний үнийн дүнгийн нийлбэр заасан гэдэг нь үндэслэлгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлага мөн тавигдсан, Эмчилгээний хоолны цэс-ийг Т**** Х** Ф**** ХХК-ийн нэрээр ирүүлэх ёстой байтал 2020 онд хэрэглэж байсан Таятан фүүд ХХК-ийн нэрээр ирүүлсэн нь тендерийн шаардлагад нийцээгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид тамгаа 2020 оны 02 дугаар сар хавьцаа хураалгачихсан. Тамга дарагдах ямар ч боломж байхгүй. Эмчилгээний хоолны цэсийн хувьд бичилтийн алдаа гарсан. Эмчилгээний цэсийг шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлтэй харьцуулж болохгүй. Эмчилгээний цэс гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сардаа нэг удаа гаргадаг, тендерийн баримт бичгийн хувьд ер нь энэ ажлыг яаж ойлгож байгаа, юуг харж байгаа, ажилчдад ямар хоол өгөх, хоолны хэмжээ ямар байх, илчлэг, калори, шимт бодис ямар байх гэх мэтчилэн зүйлс тусгагддаг. Энэ албан бичиг, эрх зүйн үр дагавар үүсгэх баримт бичиг биш юм. Энэ нь сар бүр солигдоод явдаг. Тендерийн баримт бичгийн 29.2-т жижиг зөрүү гэдэг зүйлийг тодорхой заачихсан байгаа. Таятан фүүд гээд биччихлээ гэхэд доор үзүүлж байгаа хоолонд нөлөөлөхгүй. Би тэнд Таван богд фүүдс гэж бичээгүй. Тамга гэж яриад байна. Тамга биш. Тамга гэдэг ондоо зүйл.
Өгөх авахаа буцаах ёстой гэж хариуцагч талаас дурдсан. Бид 2019 оны 05 дугаар сард Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон. Шүүх хуралдаанд тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажил үйлчилгээ үзүүлж байсан бүх компаниуд оролцсон бөгөөд найман удаа шүүх хурал явагдсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал юм. Тухайн үед бидний байгуулсан гэрээ хүчинтэй байсан. Тухайн хэрэг маргаанд хариуцагчаар оролцоогүй. Шийдвэр гэрээг хүчингүй болгохоор гарсан. Гэрээг хүчингүй болгох шийдвэр гарах хүртэл манай гэрээ хүчин төгөлдөр байсан. Манай компанид 105 гаруй ажилчид ажиллаж цалингаа аваад бид үйлчилгээ үзүүлж, гэрээгээр тохирсон хөлсөө авсан бөгөөд иргэний харилцаа үүсээд явж байсан. Шүүхэд захиргааны хэрэг явагдаж байна. Өмгөөлөгч үүнийг ойлгох байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрээр иргэний харилцаа дуусгавар болсон. Гэхдээ түүнээс өмнө үзүүлж байсан үйлчилгээ, авсан мөнгө, түүний дагуу төлсөн татвар хураамж, санхүү бүртгэлийн материал зэрэг нь биднийг ажлаа хийснийг харуулж байгаа юм. Тухайн үед буюу 2020 оны 02 дугаар сар цар тахлын үе байсан. Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, бүх зүйлийг хорьж цагдаж байсан үе. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр ковидын хуулиар зогсох эрхгүй ажиллаж байсан. Манай ажилчид 14, 15 хоног гэртээ харилгүйгээр ээлжээр ажиллаж байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр 900 гаруй хүний хоол ундны асуудал яригдаж байгаа учраас яаж хийж байгаад ажлаа тасалдуулалгүй явуулах талаар ч гуйж, цар тахал дууссаны дараа тендер зарлах талаар хэлж байсан... гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарласан ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил-ын тендер шалгаруулалтад оролцож, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ДҮ-134-12/1370 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон тухай" мэдэгдэл хүлээн авсан.
Захиалагчаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ДҮ-134-12/1481 дугаартай албан бичгээр тендерт оролцогч Сангийн яаманд гомдол гаргасан гэх шалтгаанаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр түдгэлзүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай гомдол хянасан шийдвэрийн үндэслэсэн гэх Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн огноотой ДҮ-134-12/1990 дугаартай албан бичгээр Тендерт шалгараагүй тухай мэдэгдэл, тус тендерийг дахин зарлах шийдвэр ирүүлээд ирүүлсэн. Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн Т**** Х** Ф**** ХХК-д хамаарах хэсгийн 3 дугаар заалтын хүнсний түүхий эд, бараа материал зөөвөрлөх 9242 УБИ, 4108 УНУ дугаартай тээврийн хэрэгсэл, савласан, хайрцагласан бараа бүтээгдэхүүн, хүргэлтийн хоолыг тээвэрлэх, зөөвөрлөхөөр тоноглогдсон, туулах чадвар сайн 2795 УАО, 8672 УБИ дугаартай тээврийн хэрэгслүүдийг тендерийн шаардлагад нийцэхгүй гэдэг.
Дээрх 4 тээврийн хэрэгслийг зохих үзлэг шалгалтад оруулж, тендерийн сонгон шалгаруулалтын заавар, тендерийн өгөгдлийн хүснэгт хуулийн 16 дугаар зүйлийн техникийн чадавх, туршлага үнэлэх гэсэн хэсэгт зааснаар машинуудыг бүгдийг нь бэлтгэж, тендерийн баримт бичигт зааснаар бэлтгэсэн. Тендерийн баримт бичигт тийм тээврийн хэрэгсэл оруулна гэж заасан болохоос бид нар одооч гэсэн ажиллаж байгаа цаашид ч хэрэг болохуйц бүх тээврийн хэрэгслийг оролцуулж мэдүүлсэн байдаг. Хүснэгтэд зааснаар 500 килограммын даацтай хөргүүрийн системтэй чингэлэгтэй 9242 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сангийн яам шаардлага хангахгүй байна гэж үзэж хассан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт, 16.2-т энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана гэж тус тус заасан байдаг. Тендер шалгаруулалтын зааврын 17.3-д гэрээг хэрэгжүүлэхдээ ашиглагдах тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, тэдгээрийн цаг хугацаа /өөрийн өмчлөлийн, эзэмшлийн, түрээсийн/ бэлэн байлгах тухай 5 дугаар маягтад бэлтгэсэн мэдээлэл байна гэж заасан байдаг. 5 дугаар маягт нь тендерийн шалгаруулалтын заавар, 17.6-д үйлчилгээнд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардана гэсэн байдаг. Хүснэгтэд нэгдүгээрт, машин механизмын нэр зориулалт, хоёрдугаарт хүчин чадал, тоо ширхэг, улсын дугаар, эзэмшигчийн мэдээлэл зэргийг шаардсан байдаг. Нэмэлтээр тухайн ажилд санал болгож буй техник хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан шаардлагатай мэдээллийг шалгана гэсэн байдаг. Гомдлыг харвал дээр заасан ажил үйлчилгээнд манай компанийн машиныг шаардлага хангахгүй гээд биччихсэн байдаг. Юуг үндэслээд тэгж үзсэн нь тодорхойгүй харагддаг. Ямар ч баримтууд хавтаст хэрэгт байдаггүй.
2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 032521 дугаар Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт захиалагчийг тухайн тендерийг хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож байна, дээрх тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг 55 дугаар зүйлийн 55.3.3-д зааснаар даалгасан байдаг. Захиалагч Сангийн яамны албан бичгийн хүрээнд дахин хяналт явуулж, авто машинтай холбоотой асуудлыг дүгнээгүй орхичихсон.
Хоёр дахь буруутгал нь Титан фүүд ХХК-ийг цахим лавлагаа аваагүй байна гэдэг. Титан фүүд ХХК-ийн талаарх мэдээллийг тендерийн баримт бичигт дэлгэрэнгүй өгчихсөн байдаг. Тендерийн шалгаруулалтын заавар, тендерийн өгөгдлийн хүснэгт, платформ зэрэгт өмнөх компанитай холбоотой мэдээллийг хүлээж авах ямар ч бололцоо байдаггүй. Нэр өөрчлөгдсөн ч регистрийн дугаар өөрчлөгддөггүй. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тусгай архив, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус тус лавлагааг авч хэрэгт хавсаргасан байгаа. Титан фүүд нэрээр лавлагаа өгөх техник, хуулийн боломж байхгүй. Иймд Титан фүүд нэрээр цахим лавлагаа гаргаж өгөх ёстой байсан гэсэн буруутгал нь үгүйсгэгдэж байна.
Гуравдугаар буруутгал нь тендерийн хуульд заасны дагуу сүүлийн 5 жил хүртэлх ажил үйлчилгээ, санхүү, техникийн чадвар гэсэн шалгуур үзүүлэлт байдаг. Анх тендерийн баримт бичгийг боловсруулахдаа 2018, 2019, 2020 онд боловсруулсан байдаг. Бидний зүгээс 2019, 2020, 2021 гэсэн сүүлийн гурван жилийг оролцуулах ёстой гэж үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Энэ нь бүх оролцогчдод ач холбогдолтой. Учир нь тухайн жилийн татварын тайлан, санхүүгийн бүх мэдээ мэдээлэл байршчихсан байсан мөн тухайн жил ихээхэн ач холбогдолтой байсан. Энэхүү гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хангасан байдаг. Ингээд захиалагч 2021 оныг нэмсэн хэр нь 2018 оныг хасаагүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан даалгаврыг биелүүлээгүй талаар хандах гэхэд тендер сонгон шалгаруулалт нээлтээ хийчихсэн. 2018 онтой холбоотой асуудлаар дээрх нөхцөл байдал үүссэн. Үндсэндээ 3 жил байсан. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын заавар, материалд тендерийг олон нийтэд нээлттэй зарласнаас хойш тухайн тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах ганцхан эрх бүхий этгээд нь хуулиараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олгогдсон байдаг. Гэтэл түүнийг захиалагч зөрчсөн.
Мөн 2019 онд ажил үйлчилгээ хийгээгүй байна гэдэг. 2019 онд яагаад ажил, үйлчилгээ хийгээгүй талаар дурдвал, хариуцагчийн зүгээс манай компанийг шүүхээр явсан, тендерийн баримт бичигт заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл гэрээ чинь хүчингүй болчхоод байхад, хүчингүй гэрээгээр ажил үйлчилгээг оруулж ирсэн гэсэн агуулгаар хандсан байдаг. Гэрээг 2019 оны 05 дугаар сард байгуулсан ч гэсэн тухайн гэрээний үйлчлэл 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, тухайн гэрээтэй холбоотой асуудлаар гарсан шүүхийн шийдвэр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Гурван шатны шүүхээр явж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тамгын газраас 04 дүгээр сарын 09-ний өдөр гомдлыг хүлээж авахгүй гэснээр буцсан. Гэхдээ үүнээс хойш өөр гэрээгээр ижил төрлийн ажил үйлчилгээ барааг захиалагчид нийлүүлээд явж байгаа. Үүнтэй холбоотой өөр асуудал бол тухайн гэрээг шүүхийн зүгээс хүчингүй болголоо гэхэд хүчингүй болгох хүртэлх хоорондох цаг хугацаанд бид захиалагчид ижил төрлийн бараа, ажил үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Гэрээ өөрөө иргэний хуулийн дагуу байгуулагдсан гэрээ юм. Гэрээ байхгүй байсан ч тухайн гэрээтэй холбоотой ажил үйлчилгээг үзүүлж, түүнтэй холбоотой тооцоо нийлсэн акт, төлбөрийг авсан. Бид хангалттай ажил, үйлчилгээг үзүүлсэн.
Сангийн яамны албан бичгийг харвал эхлээд хуулийн шаардлага хангаагүй гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ нь шүүхээр тогтоогдсон байна гэдэг. Гэтэл бид гуравдагч этгээдээр оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, 1000 дугаар тендерийн шалгаруулалтын заавар, тендерийн өгөгдлийн хүснэгтэд өнгөрсөн хугацаанд аливаа шүүхэд хариуцагчаар оролцож болохгүй гэсэн л шаардлага байдаг. Үүнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хуулийн 14 дүгээр зүйлд сүүлийн гурван жил гээд, манайхыг давхар буруутгаад байгаа үндэслэл нь хүчингүй болсон шүүхийн шийдвэрээр тендерт оролцсон, сонгон шалгаруулалтын зааврыг зөрчсөн гээд тендерт оролцох эрхгүй этгээдийн жагсаалтад оруулсан чиглэл өгөөд байна гэсэн үг юм. Энэхүү шийдвэр нь хууль бус юм.
Манай компани тендерийн баримт бичигт хоолны цэс санал болгодог. Өмнө нь Титан фүүд гэсэн нэртэй байсан. Түүнтэй холбоотой мэдээллүүдийг өгчихсөн. Гэхдээ цэсээ захиалагчид танилцуулахдаа Титан фүүд ХХК-ийн бланк дээр, харин тамга нь Т**** Х** Ф**** ХХК байдаг. Гарын үсэг, тамга дээр маргахгүй. Титан фүүд ХХК-ийг өөр хэн нэгэн этгээд эзэмшиж байгаа эсэх талаарх лавлагааг авах гээд хүлээсэн, тамгын дарга н.Цолмон гэдэг хүн тухайн албан бичигт тамга дарж баталгаажуулдаг юм байна. Албан бичгийн төсөл нь бэлэн болчихсон байсан ч амжсангүй. Мэйлээр ирвэл үзлэг хийлгэмээр байна. Үүнд Титан фүүд хуулийн этгээдийг өөр хэн нэгэн этгээд эзэмшээгүй, цахим лавлагаагаар гаргах боломжгүй талаар байдаг. Цэсийг тендерийн баримт бичгээр жилээр баталсан ч гэсэн тухайн нөхцөл байдал, улирлаас шалтгаалж өөрчлөгдөх боломжтой. Тендерийн материалд заасан цэсээр гэрээ байгуулах 1-3 жилийн хугацаанд хөдөлшгүй туйлын байх ойлголт байхгүй. Үүнийг жижиг зөрүү гэж харах бүрэн боломжтой. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, шийдвэр гүйцэтгэлийн газраас ирсэн лавлагаанд Титан фүүд-ийн талаарх мэдээлэл байдаг. Хавтаст хэрэгт авагдсан сиди-ийг судлаад үзвэл тендерт ирүүлсэн гурван компанийн материалыг харьцуулаад үзвэл, манай компанийн материалыг сайтар шалгасан хэр нь гомдол гаргагч компанийн материалыг гүйцэт шалгаагүй байдаг. Мөн гомдол гаргагчийн гомдол хавтаст хэрэгт авагдаагүй. Гомдол хянан шийдвэрлэсэн ажиллагаа тодорхойгүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн яамнаас баталсан гомдол хянан шийдвэрлэх журамд гомдол гаргасан этгээдийн гомдлыг хангаагүй тохиолдолд тендерийн баталгааны хорин сая төгрөгийг улсын орлого болгох зохицуулалттай. Нэгэнт энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бол гомдол гаргасан этгээдийн асуудлыг яагаад шийдвэрлээгүй юм бэ? Үүрэг нь Сангийн яаманд байдаг. Сангийн яам үүрэггүй гэж үзэж байгаа бол чиглэл болгож өгөх ёстой. Гомдол гаргасан этгээдэд өөр хандчихаад манай компанид мөн өөрөөр хандаад байж болохгүй. Мөн буруутгалуудыг харвал хуулийн зүйл заалтыг тодорхой бусаар хэрэглэдэг. Бидний эрхийг тэгш бусаар хангасан гэж ойлгогдохоор байдаг. Гомдлыг анхнаасаа хууль бусаар, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДБМБ ХХК-ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд "Т**** Х** Ф**** ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тус компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн холбогдох шаардлагад нийцээгүй байсан ба хоёр компанийн тендертэй холбоотой захиалагчийн шийдвэрт алдаатай байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тус тендер шалгаруулалтын үнэлгээ дахин хийхийг захиалагчид даалгасан.
Захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээ дахин хийж, Т**** Х** Ф**** ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. гэсэн шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлж, тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ДҮ-134-12/1990 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай дээрх мэдэгдэл нь захиргааны зүгээс тендертэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон шийдвэр бөгөөд Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосныг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд аливаа өөрчлөлтийг бий болгохгүй юм. Үүнээс үзэхэд үнэлгээний хороо тендерт дахин үнэлгээ хийж, Т**** Х** Ф**** ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзсан шийдвэр гаргасан байхад Сангийн яамыг хариуцагчаар татан оролцуулах үндэслэл байхгүй байна. Уг захиргааны хэргийн жинхэнэ хариуцагч нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ байна.
Т**** Х** Ф**** ХХК-аас 9242 УБИ 4108 УНУ дугаартай тээврийн хэрэгсэл нь хүнсний түүхий эд, бараа материалыг (-3С)-(-18С) хэмийн горимд зөөвөрлөх хөргүүртэй автомашин гэж, 2795 УАО, 8672 УБИ дугаартай тээврийн хэрэгсэл нь савласан, хайрцагласан бараа бүтээгдэхүүн, хүргэлтийн хоолыг тээвэрлэх, зөөвөрлөхөөр тоноглогдсон, туулах чадвар сайн автомашин гэж тус тус тэмдэглэж, автомашины зургийг тендерт хавсарган ирүүлсэн байна. Тус яамны албан бичигт Т**** Х** Ф**** ХХК-аас санал болгосон автомашинууд нь эрүүл ахуйн шаардлага хангасан талаар мэдээлэл ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т Тендерт оролцогч нь гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай (Хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл байх) машин механизмуудыг дээрх хүснэгтийн дагуу санал болгоно.", "Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах шаардлага-ын 9-д Хүнсний түүхий эд, бараа материал татах, зөөвөрлөх тээврийн хэрэгсэл нь чингэлэг бүхий хөргүүртэй эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл байна. гэсэн шаардлагуудад нийцээгүй гэж хянан үзсэн талаар буюу эрүүл ахуйн шаардлагын талаар дурдсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01- ний өдрийн 566 дугаар магадлал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Таятан фүүд ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгосугай."-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр байхад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарласан, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн тендер шалгаруулалтад Т**** Х** Ф**** ХХК-аас 2019 онд гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагад 5/130-19 дугаартай гэрээг тооцуулахаар ирүүлсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтад сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолт;, 16.2 дахь хэсэгт Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана. гэснийг үндэслэн захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д "Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага 2018, 2019, 2020, 2021 онуудад ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх ба энэхүү туршлагад тооцуулах гэрээний үнийн нийлбэр нь захиалагчийн батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна. Нотлох гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. гэж заасан байна. Тус яамны албан бичигт Т**** Х** Ф**** ХХК-аас 2018, 2019 онд холбогдох ижил, төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн бөгөөд тус компани захиалагчийн батлагдсан төсөвт өртгийн 70 хувийн шаардлага хангаагүй гэж дурдаагүй. Мөн нэхэмжлэгч ижил төстэй ажлын туршлагыг нотлохоор ирүүлсэн баримт бичгийн нийт үнийн дүн нь төсөвт өртгөөс хэтрэх нь шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Сангийн яам ДБМБ ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэний дагуу захиалагч "Т**** Х** Ф****" ХХК-ийн тендерт дахин үнэлгээ хийж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэсэн. Гомдол ирүүлэх нь Сангийн яамнаас үл хамаарах асуудал юм. ДБМБ ХХК энэ тендертэй холбоотой гомдол гаргасан болохоор ДБМБ ХХК шаардлага хангаагүй талаар магадгүй гомдол ирээгүй байх. Хэрэв ирсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсантай адил хянаж үзнэ. ДБМБ ХХК өөрийн тендерээс татгалзсан үндэслэлийн талаар тухайн үндэслэл нь үндэслэлгүй гэж Сангийн яаманд гомдол гаргасан. Түүнийг нь Сангийн яам гомдол гаргасан хүрээнд хянасан. Хоёрдугаарт ДБМБ ХХК-иас татгалзсан зарим үндэслэлийг хүчингүй буюу үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн, заримыг нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Захиалагчийн анхдагч үнэлгээгээр хийсэн шийдвэр нь шийдвэрүүдийг аль алийг нь бүгдийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөвхөн Т**** Х** Ф**** ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох гээд байгаа зүйл биш. Хэрэв тендерийн үнэлгээний явцад алдаа гарлаа гэж үзвэл тэр шат руу нь буцаадаг ажиллагаа юм. Энэ ажиллагаа хийгдэж захиалагч байгууллага дээр дурдсан албан бичгээр нэхэмжлэгч компанид тендерээс татгалзаж байгаа мэдэгдлийг дахин хүргүүлсэн. Үүнээс дахин тендерийн үнэлгээний шинэ процесс эхэлж байгаа юм. Тухайн шийдвэртэй нэхэмжлэгч компани маргадаггүй. Гэтэл нэхэмжлэгч удаа дараа дурдлаа, Сангийн яамны шийдвэрийн зарим үндэслэлийг аваад, зарим үндэслэлийг аваагүй байсан гэж байна. Энэ Сангийн яамны шийдвэрийг шууд хуулбарлаж шийдвэр гаргадаг эрх зүйн үндэслэл угаасаа байхгүй. Дахин үнэлж байгаа бол бүх зүйлийг шинээр эхлүүлж өмнөх болсон процесстой холбоотой өөр бусад бүх зүйлийг гаргаж ирж, гомдол гаргаж болно. Тухайн үед ч хоёр дахь шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч компани ДБМБ ХХК-ийн талаар гомдол гаргах эрхтэй байсан. Өөрт нь эрх зүйн үр дагавар үзүүлж байгаа баримт бичигтэй одоог хүртэл маргахгүй байгаа нь сонирхолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хүчингүй болгосон тохиолдолд эрх нь сэргээгдэх тохиолдолд энэ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой.
Агуулгын хувьд гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх гэсэн шинэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Хэрэв Сангийн яам захиалагчийн тодорхой өдрүүдийн шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон татгалзсан мөн татгалзаагүй боловч арын жагсаалтад орсон энэ шийдвэрүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг хүчингүй болгосон шийдвэрийг эргүүлж сэргээнэ гэвэл ДБМБ ХХК болон бусад тендер шалгаруулалтад оролцсон бүх компаниудтай холбоотой шийдвэр сэргэх юм. Зөвхөн тухайн компанийн асуудал биш.
Мөн Улсын дээд шүүхийн 2021 оны тодорхой тендер шалгаруулалтын процессыг шийдвэрлэсэн тогтоолын талаар дурдаж байна. Бид тендер шалгаруулалтын дагуу байгуулчихсан гэрээг Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэрэгжүүлээд явж байсан учраас тухайн үеийн туршлагыг үнэлүүлэх ёстой гэсэн зүйлийг хэлж байна. Энэ нь ямар ч эрх зүйт ёсонд нийцэхгүй. Учир нь 566 дугаар магадлалыг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж байна. Энэ магадлалаар Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ201901 тоот тендерийн хоёрдугаар багцад шалгаруулсан Титан фүүд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон түүний дагуу байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн байдаг. Энэ нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл түүнийг дагалдаж гарсан гэрээг хүчингүй болгож байна гэдэг нь үүнээс хойших Улсын дээд шүүхийн шийдвэр гарах энэ процессыг хууль ёсны гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Учир нь магадлалд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.1-д заасныг баримтлан гэдэг. Тус заалт нь үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох эрх бүхий захиалагчид олгосон шийдвэр юм. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болчихвол түүний үндсэн дээр гэрээ байгуулсан үйлдэл, түүний дагуу хууль бусаар хийгдсэн гэрээний үүргийн биелэлт, мөн талууд шүүх ёс, хууль ёсыг үл тоомсорлон энэ ажлыг гүйцэтгэчихсэн, мөнгө төгрөгөө авчихсан гэж шүүхийн өмнө хэлж байна. Уг нь өгсөн авснаа буцаах зарчим үйлчлэх ёстой. Үүнийг чадаагүй юм байж, тэглээ гээд үүнийгээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, хууль ёсны гэрээний үүргийн дагуу хүлээн зөвшөөрүүлж тооцуулах гээд байгааг ойлгож хүлээн зөвшөөрөх боломжгүй.
ДБМБ ХХК мэдсээр байж гомдол гаргаж байгаа нь зүй ёсны асуудал. Үүнийг Сангийн яам хүлээж авчхаад төрийн өмчит компанитайгаа тохиролцоод явчихдаг бол Улсын дээд шүүхийн шийдвэр хамаагүй гэж бодож шийдүүлэх ёстой байсан юм уу, тийм болохоор нь Сангийн яамыг хууль бус шийдвэр гаргалаа гэж үзээд байгаа юм уу? Хар жагсаалтад оруулахаар санал ирүүлэх талаар дурдвал, магадгүй 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн онгоотойгоо гэрээг үзэглэсэн байж болно, гэхдээ тэр бол баримт бичиг. Түүний дагуу гэрээг хууль ёсны дагуу гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл ирүүлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн. Бид баримт бичиг гэрээний үг үсэг, тухайн гэрээг хуурамч гэж хэлээгүй. Энэ компани хууль бус гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байна, энэ асуудлыг шалгаж тогтоож, шаардлагатай бол Сангийн яаманд энэ асуудлаар мэдээлэл ирүүлэх эрхээ хэрэгжүүлээрэй гэсэн. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрээс мэдээлэл ирүүлээгүй.
Хоолны цэсийн асуудлын хувьд жижиг хэмжээний зөрүү биш. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хэлсэн жижиг хэмжээний зөрүүг хэрэгт авагдсан тендерийн баримт бичгийн 29.2.2-т заасан байдаг. Нэгдүгээрт техникийн тодорхойлолтоос буюу санал болгож байгаа бараа ажил үйлчилгээ нь захиалагчийн тавьсан шаардлага, шалгуур үзүүлэлтээс зөрүүтэй байх, эсвэл гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний тодорхой нөхцөлийг хүлээн зөвшөөрөхдөө магадгүй зөрүүтэй санал болгосон байх юм бол тухайн нөхцөл байдлын хувьд манай компани ийм нөхцөлөөр ажиллах боломжтой гэдэг саналаа тусгайлан ирүүлж, ирүүлсэн саналыг захиалагч харгалзан үзэж, бусад тендерт оролцогчдын өрсөлдөөнд харшлахгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөх хуулийн жижиг хэмжээний боломжийг олгосон юм. Гэхдээ нэхэмжлэгч компанийн ирүүлсэн алдаа бол алинд нь ч хамаарахгүй. Учир нь тухайн асуудлыг шийдвэрлэх эрх Сангийн яаманд байхгүй. Бид захиалагчийн өмнөөс шийдвэрлэх эрхгүй. Тоглоомын дүрмийг захиалагч зохиосон. Тамга, тэмдгийн зөрүүтэй буюу хүчин төгөлдөр бус хууль ёсоор баталгаажуулаагүй баримт бичиг ирүүлчхээд захиалагчийг хүлээн зөвшөөрөх байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан агуулгаар буюу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрлөөр тодорхойлж маргасан.
1.2. Улмаар маргаж буй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай албан тоотыг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчид Гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн анхны шийдвэр шууд сэргэнэ гэх агуулгаар тайлбарласан.
1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад оролцсон ДБМБ ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан үйл баримт тогтоогдов.
1.4. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ДБМБ ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: гээд мөн зүйлийн 55.3.3 дахь заалтад зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэсний дагуу тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
1.5. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдлийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж, мөн өдрийн ДҮ-134-12/1990 дугаартай албан тоотоор[4] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг тендерт шалгаруулаагүй болохыг мэдэгджээ.
1.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдэл нь хэрэгжиж дуусгавар болсон байна.
1.7. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай тухай мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэнэ гэж тайлбарлаж байх хэдий ч хууль зүйн утгаараа дээрх мэдэгдлээр өмнөх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тул түүний дараа хийгдсэн ажиллагаануудыг үргэлжилсэн шинжтэй /шаталсан/ захиргааны акт гэж дүгнэх боломжгүй.
1.8. Улмаар тендер шалгаруулалт хүчингүй болсон тул тендерийн үнэлгээг дахин хийх эрх зүйн үндэслэл бүрдсэн, түүний дагуу тендерийн үнэлгээг дахин хийсэн зэрэг нь захиргааны байгууллагын бие даасан шийдвэр гаргах ажиллагаа бөгөөд түүнээс гарах шийдвэрүүдийг бие даасан захиргааны акт гэж үзэх тул нэхэмжлэгч тэдгээр шийдвэрүүдэд маргах боломжтой гэж үзнэ.
1.9. Нэгэнт нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдэл нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон байх тул шүүхээс дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох талаар шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй.
1.10. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заажээ.
1.11. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн байх бөгөөд маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа тохиолдолд шүүхээс тухайн эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу хэрэгжсэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг нөхөн тогтоож болохыг зөвшөөрчээ.
1.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолын хүрээнд ч энэхүү нэхэмжлэлийн төрөл, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрдөг төдийгүй хуулийн хэм хэмжээнд дурдсан нэхэмжлэгчийн ашиг сонирхол гэдгийг онолын хувьд хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол гэж авч үздэг.
1.13. Тиймээс нэхэмжлэгч нь дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гарган маргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
1.14. Нэгэнт шүүхээс дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэх боломжгүй тул маргаж буй Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай мэдэгдлийн хууль зүйн үндэслэлд тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх үзлээ.
1.15. Нэхэмжлэгчийн зүгээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ДҮ-134-12/1990 дугаартай мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд холбогдох харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэж байна.
Хоёр. Шүүх хуралдаан дээр хүсэлт шийдвэрлэсэн талаар:
2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс шинээр гаргаж өгөх нотлох баримтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас боловсруулсан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын тендерийн баримт бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол, цахим сайтад гарсан мэдээ зэргийг гаргаж өгсөн.
2.2. Хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг бүхэлд нь хавтаст хэргээс хасуулах хүсэлт гаргасан.
2.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт ... Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй ... баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ... гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс гаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол, цахим сайтад гарсан мэдээг нотлох баримтаас хасаж, харин Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын тендерийн баримт бичиг-ийг хавтаст хэрэгт хүлээн авч шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2.4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэг, 55.3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т**** Х** Ф**** ХХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2521 дугаартай Гомдлыг хянасан тухай шийдвэрийн ЭҮТӨҮГ/2021081000 дугаартай Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун үйлчилгээ үзүүлэх ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтын 2-р багцын тендер шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэгчээр шалгарч Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож, Гэрээ байгуулах эрх зөрчигдсөнийг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ