2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1195

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Э.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************ын **************ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510013270505 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Зорчигч тээвэр-4” **************-т засварын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 953 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:**************/, ************** овогт **************ын **************. 

                                           Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.************** нь 2025 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд иргэн С.**************н Хаан банкин дахь ************** дугаар данс бүхий картаас 3 удаагийн гүйлгээгээр 2.463.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.************** шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Гурав: Эрүүгийн 2510013270505 дугаартай хэргээс.

Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 03 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор С.**************н өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн орчимд өөрийн гар утсаараа “UB cab” дуудлагын жолоочийг вокзалын хойд талын Наранбулаг нэртэй зочид буудалд дуудахад дуудлагын жолооч ирээд намайг авсан. Би түүнд өөрийн “Toyota Prado 150” маркийн машины түлхүүрээ өгөөд би тухайн үед нэлээн согтуу байсан учир жолоогоо тухайн дуудлагаар ирсэн залууд өгсөн. Тэгээд миний санаж байгаагаар тэр жолоочтой хамт паб руу орж хамт архи уусан дараа нь нэг сэрэхэд тухайн жолоочийн машины зүүн хойд талын суудал дээр унтаж байсан ба тухайн жолооч нь жолооны урд бас унтаж байсан. Тэгээд би дуудлагын жолоочийг сэрээгээд гэрээ зааж өгөөд хүргүүлсэн бөгөөд тухайн үед өчигдөр үдээс өмнө буюу 10 цагийн орчимд гэртээ ирээд гэр рүүгээ орох гэтэл тухайн жолооч надаас 4 лааз пиво аваад өгөөч гэхэд нь би түүнд картаа кодтойгоо хэлээд явуулсан. Удалгүй гаднаас 4 лааз пиво аваад манайд орж ирж уусан. Тэгээд би гэртээ байсан “Яагар” гэх нэртэй архинаас задлаад 1-2 шот уугаад харин нөгөө жолооч нь талд ортол уусан байсан. Би их уусан байсан учир хэсэг унтаад сэртэл жолооч манайд байсан ба нойлд тасраад гишгүүр рүү бөөлжиж бохирдуулсан байдалтай хэвтэж байхад нь би сэрээгээд түүнийг явуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн орчимд дансны хуулгаа харахад миний Хаан банкны ************** дугаартай данснаас 2025 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цаг 35 минутад 800.000 төгрөгийг АТМ-ээс, 05 цаг 11 минутад АТМ-аас 800.500 төгрөгийг, 05 цаг 11 минутад 863.300 төгрөгөөр тус тус гүйлгээ гарсан байсан. Би сайхан зан гаргаж байхад даварч манай гэрт ууж бөөлжиж бохирдуулж миний картаас зөвшөөрөлгүй мөнгө авч ашигласан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.**************ын өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “UB cab” дуудлагын жолоочийн үйлчилгээнд үүргээ гүйцэтгэж явж байсан. ************** гэх хүн шөнө 02 цагийн үед Наранбулаг  зочид буудлын  үүдэнд намайг 2 цаг гаруй хүлээлгэсэн, мөнгийг нь өгнө асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хүн шөнө 04 цагийн үед гарч ирээд би тэр хүний “Toyota Prado 150” байхаа цагаан өнгийн тээврийн хэрэгслийг унаад тухайн хүнийг гэр рүү нь хүргэж өгөхөөр явах гэж байхад тухайн ************** гэх хүн намайг “хоёулаа архи ууя, юм ярьж сууя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд “**************” гэх зочид буудлын замын урд байдаг баар руу ороод ************** ах 400.000 төгрөгийн сет архи аваад бид хоёр нэлээн уусан. ************** ах бид хоёр тухайн газраас 06 цагийн үед гарсан байх. ************** ах нэлээн муудчихсан унаад яваад байхаар нь би эд зүйлсийг нь хямагдсан. Тэгээд дуудлагын жолооч дуудаад ************** ах Хүннү 2222 хотхон руу явсан. Тэгээд гэр рүү нь орох гэж байтал ************** ах өөрийнхөө картыг өгөөд пиво аваад ир гэж хэлээд пиво авчхаад ахыг гэрт нь оруулж өгсөн. Тэгтэл ах гэртээ ороод 1 литрийн “Яаггар” нэртэй архийг гаргаад бид хоёр хувааж уугаад орой нь салсан. Тэгээд би машин дээрээ очоод гэртээ харихад миний халаасанд ************** ахын карт байсан. Би тус картнаас нь нийт 2.450.000 төгрөг авсан. Би бүх мөнгийг нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний үед буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.************** дуудлагын жолоочоор ажиллахдаа 2025 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд С.**************н Хаан банкин дахь ************** дугаар данс бүхий картаас 3 удаагийн гүйлгээгээр 2.463.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 03 дахь тал), хохирогчоор С.**************н өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн орчимд дансны хуулгаа харахад миний Хаан банкны ************** дугаартай данснаас 2025 оны 02 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө 04 цаг 35 минутад 800.000 төгрөгийг АТМ-ээс, 05 цаг 11 минутад АТМ-аас 800.500 төгрөгийг, 05 цаг 11 минутад 863.300 төгрөгөөр тус тус гүйлгээ гарсан байсан. Би сайхан зан гаргаж байхад даварч манай гэрт ууж бөөлжиж бохирдуулж миний картаас зөвшөөрөлгүй мөнгө авч ашигласан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08 дахь тал), яллагдагчаар Э.**************ын өгсөн: “...************** ах өөрийнхөө картыг өгөөд пиво аваад ир гэж хэлээд пиво авчхаад ахыг гэрт нь оруулж өгсөн. Тэгтэл ах гэртээ ороод 1 литрийн “Яаггар” нэртэй архийг гаргаад бид хоёр хувааж уугаад орой нь салсан. Тэгээд би машин дээрээ очоод гэртээ харихад миний халаасанд ************** ахын карт байсан. Би тус картнаас нь нийт 2.450.000 төгрөг авсан. Би бүх мөнгийг нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний үед буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал) Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Хэргийн тухайд шүүгдэгч Э.************** нь дуудлагын жолоочоор ажиллахдаа 2025 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлчлүүлэгч  С.**************н эзэмшлийн Хаан банкны ************** дугаартай картыг бусдын эзэмшил өмчлөл гэдийг мэдсээр байж, ашиглан 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.463.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Э.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.   

Шүүгдэгч Э.************** нь хохирогч С.**************д учруулсан 2.463.800 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн  нь бусдад төлөх төлбөргүйд тооцогдох үндэслэл болно. 

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Э.**************ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болох юм.

Шүүгдэгч Э.**************ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.**************ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс Э.**************ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Э.**************ад мэдэгдэв.

Хэрэгт Э.************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                 ТОГТООХ нь:

1. ************** овогт **************ын **************ыг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.**************ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Э.************** тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.**************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7Хэрэгт Э.************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ