| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1197 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч Э.Ариунболд /томилолтоор/
шүүгдэгч П.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************ийн **************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000282 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 28-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо Арцат **************** тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:***************/, ************** овогт **************ийн **************.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч П.************** 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн гаднаас хохирогч **************гийн Хаан банкны виза картыг авч улмаар 755.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч П.************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.************** шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2510000000282 дугаартай хэргээс.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор **************гийн өгсөн: “Би өнөөдөр өөрийн ашигладаг Хаан банкны ************** дугаартай данснаасаа хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь миний мөнгө арай бага байгаа юм шиг санагдсан. Тэгээд би хуулга үзсэн чинь би өөрийн дансаа сүүлийн үед огт картаар гүйлгээ хийгээгүй байхад миний дансны хуулга дээрээс картаар тогтмол гүйлгээ хийсэн байсан. Тэгээд би өөрийн картаа хайсан чинь 2024 оны 12 дугаар сарын эхээр ашигласан байхаар нь би картаа хаяад миний картыг одоо болтол хүн ашиглаад яваад байгааг мэдсэн. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний харж байгаагаар нийт 73 удаагийн гүйлгээгээр нийт 755.500 төгрөг гарсан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)
**************гийн эзэмшлийн ************** дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар П.**************ын өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хавьцаа сургуулийн гаднах талбайг цэвэрлэж байгаад “Шунхлай” бензин түгээгүүрийн арын автомашины зогсоолоос виза карт олсон юм. Тэгээд би өмднийхөө халаасанд хийж явж байгаад дэлгүүрт ороод уншуулсан чинь кодгүй уншаад байхаар нь хүнсний дэлгүүр болон эмийн санд уншуулаад эд зүйл авчихсан. Би ойролцоогоор 700.000 орчим төгрөгт эд зүйл авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
П.**************аас хохирогч **************д 755.500 төгрөгийг шилжүүлсэн хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 32 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч П.************** нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн гадна гээгдүүлсэн хохирогч **************гийн Хаан банкны ************** дугаартай дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан 73 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 755.500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал), хохирогчоор **************гийн өгсөн: “Би өнөөдөр өөрийн ашигладаг Хаан банкны ************** дугаартай тоот дансыг хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь миний мөнгө арай бага байгаа юм шиг санагдсан. Тэгээд би хуулга үзсэн чинь би өөрийн дансаа сүүлийн үед огт картаар гүйлгээ хийгээгүй байхад миний дансны хуулга дээрээс картаар тогтмол гүйлгээ хийсэн байсан. Тэгээд би өөрийн картаа хайсан чинь 2024 оны 12 дугаар сарын эхээр ашигласан байхаар нь би картаа хаяад миний картыг одоо болтол хүн ашиглаад яваад байгааг мэдсэн. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний харж байгаагаар нийт 73 удаагийн гүйлгээгээр нийт 755.500 төгрөг гарсан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), **************гийн эзэмшлийн ************** дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.**************ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хавьцаа сургуулийн гаднах талбайг цэвэрлэж байгаад “Шунхлай” бензин түгээгүүрийн арын автомашины зогсоолоос виза карт олсон юм. Тэгээд би өмднийхөө халаасанд хийж явж байгаад дэлгүүрт ороод уншуулсан чинь кодгүй уншаад байхаар нь хүнсний дэлгүүр болон эмийн санд уншуулаад эд зүйл авчихсан. Би ойролцоогоор 700.000 орчим төгрөгт эд зүйл авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Хэргийн тухайд шүүгдэгч П.************** нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн гадна гээгдүүлсэн хохирогч **************гийн Хаан банкны ************** дугаартай дансны чиптэй картыг олж, бусдын эзэмшил өмчлөл гэдийг мэдсээр байж ашиглан 73 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 755.500 төгрөгийн учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч П.**************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч П.************** нь хохирогч **************д учруулсан 755.500 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч П.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
П.**************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болох юм.
Шүүгдэгч П.**************ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхээс П.**************т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг П.**************т мэдэгдэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан хохирогч **************гийн эзэмшлийн ************** дугаартай Хаан банкны виза карт нэг ширхгийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.
Хэрэгт П.************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт **************ийн **************ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. П.************** тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.**************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан хохирогч **************гийн эзэмшлийн ************** дугаартай виза карт нэг ширхгийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Хэрэгт П.************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ