Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0363/З |
Дугаар | 128/ШШ2022/0631 |
Огноо | 2022-09-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М**** ТӨХК /РД:*******/
Хариуцагч: Том татвар төлөгчийн газар, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б********, Ц.М******* нарт холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г********, Д.М********, Л.Г********, хариуцагч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. М**** ТӨХК нь тус шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад зааснаар татварын улсын байцаагч Б.Б********, Ц.М******* нарын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар М**** ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,518,974,693.08 төгрөгөөр багасгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч М**** ТӨХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б********, Ц.М******* нар Татварын хяналт шалгалтын багийн ахлагчийн олгосон 2120802121 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийсэн.
2.2. Татварын хяналт шалгалтаар М**** ТӨХК-д холбогдуулан НА-21210000023 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт гаргасан.
2.3. Маргаж буй татварын улсын байцаагчийн НА-21210000023 тоот актаар М**** ТӨХК-ийг:
2.3.1. 2019 онд 4,845,736.36 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, 14.6.1 дэх заалтад заасныг зөрчсөн;
2.3.2. 2019 онд 26,422,160.38 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, 14.6.2 дахь заалтад заасныг зөрчсөн;
2.3.3. 2019 онд 44,755,118.18 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтад заасныг зөрчсөн.
2.3.4. 2019 онд Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж 5,100,000.00 ам.доллар буюу 13,576,663,250.00 төгрөгийг ALC Blarney Aircraft Limited компанид, 4,012,437.00 ам.доллар буюу 10,625,379,421.25 төгрөгийг CIT Capital Aviation UK Ltd компанид, 2,310,000.00 ам.доллар буюу 6,159,709,325.00 төгрөгийг FTAI AirOpCo UK Ltd компанид, 2,944,800.00 ам.доллар буюу 7,837,001,148.00 төгрөгийг Macquarie Aircraft Leasing Services (Ireland) Ltd компанид, 2,300,000.00 ам.доллар буюу 6,106,516,100.00 төгрөгийг Sapphire Aviation Finance 1 (UK) Limited компанид, 1,855,000.00 ам.доллар буюу 4,971,164,000.00 төгрөгийг Wings Aviation 37961 Limited компанид нийт 18,522,237.00 ам.доллар буюу 49,276,433,244.25 төгрөгийг оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: 7.2.5. оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан.
2.4. Маргаж буй НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М**** ТӨХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
2.5. Тус гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн.
2.6. Дээрх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч М**** ТӨХК-д хүргүүлсэн.
2.7. Улмаар нэхэмжлэгч М**** ТӨХК-иас тус шүүхэд анх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, нэхэмжлэлийг буцаасны дараа дахин 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
2.8. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй НА-21210000023 дугаартай Нөхөн ногдуулалтаар тогтоосон 4 дэх зөрчлийн хувьд маргадаг. Ингэхдээ ... гадаадын тодорхой нэр бүхий компаниудаас нисэх баггүйгээр түрээслэн авсан агаарын хөлөг онгоцнууд нь Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр", Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон улсын Иргэний нисэхийн тухай Чикаго конвенцийн хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/- бодлого зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аливаа татвар, тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх учиртай, татварын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 16.1.2 дахь заалтуудыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. М**** ТӨХК-ийн зүгээс бүх агаарын хөлгөө түрээслэхдээ гаалийн байгууллагад 403 дугаартай горим буюу 0 төгрөгийн горимоор мэдүүлдэг, энэ горимын дагуу Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн тариф, Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6 дахь заалтаар агаарын хөлгийн суурь үнээс тооцогдох гаалийн хураамж буюу 5 хувиас чөлөөлөгддөг. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас 10 хувиар чөлөөлөгддөг байхад түрээсийн төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь буруу ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс ... Татварын харилцааг Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээ, Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 2.2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой конвенцоор агаарын нисэхийн үйл ажиллагааг л зохицуулсан байна. Дотоодын хууль тогтоомжид чөлөөлөлт хөнгөлөлтийн асуудлыг улс орон бүр тогтооно гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оршин суугч бус этгээдэд түрээсийн орлого шилжүүлэхдээ НӨАТ-ын суутгал хийх үүргээ биелүүлээгүй гэдэг зөрчил дээр акт тавьсан. Харин агаарын хөлгийг Монгол Улсын гаалийн хилээр оруулж ирэхдээ татвар төлөөгүй гэдэг агуулгаар акт тавиагүй. Энэ хоёр ойлголт тусдаа. Мөн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319, А/160 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-ын дагуу зөвхөн зорчиг тээвэрлэх зорилгоор агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээслэх үйл ажиллагаа-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан. Нэхэмжлэгч нь агаарын хөлгийг нисэх баггүй түрээсэлсэн байгаа ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн татвар ногдуулалтын актаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулалтын шалгалт хийсэн.
Энэ шалгалтаар 2019 онд М**** ТӨХК-ийн зүгээс гадаадын компаниудаас түрээсэлсэн агаарын хөлгийн түрээсийн төлбөрт акт ногдуулсан. М**** ТӨХК-ийн зүгээс өөрийн үйл ажиллагаандаа зориулж агаарын хөлөг түрээслэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг удирдлага болгон 16.1.2 дахь хэсэгт оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5 дахь хэсэгт заасан гаалийн бүрдүүлэлт хийгээгүй барааг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч үнийн дүнгээс зөрчил ногдуулна. Нөхөн төлбөрт манай компаниас 4.9 тэрбум төгрөг, татварт 981 697 000 төгрөгийн торгууль нийтдээ 6.5 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн татварын байгууллагын актыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
Гомдлын нэг дэх үндэслэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын маргаан таслах зөвлөл татварын улсын байцаагч нар М**** компанийн агаарын хөлгийн түрээстэй холбоотой асуудлаа ярихдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь зүйл заалтыг баримтлан татвар, алданги, нөхөн торгууль төлүүлэх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Татварын маргаан таслах зөвлөл болон татварын байцаагч нарын гаргасан дүгнэлт дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5 дахь хэсэгт заасан гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төлнө гэж байгаа юм.
Монгол Улсын хувьд 2018 онд Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нэгдэн орсон. Аливаа хэлэлцээрт нэгдсэн орсон улс агаарын хөлөг түрээслэх, худалдаалах түүнтэй холбогдох бусад үйлчилгээнд гаалийн болон бусад хураамжаас энэ тэнцүү байдлаар чөлөөлөх, оногдуулахгүй байхаар зарчмыг баримтлан хувь нэмрээ оруулж оролцох, харилцан адил үүрэгтэй. Иргэний агаарын тээврийн агаарын хөлөг нь түрээсийн гэрээнд нэгдэхдээ иргэний нисэхийн дүрмийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газарт бүртгэгдээд бүртгэл хийлгэдэг. Ингэхдээ гаалийн мэдүүлэг бөглөдөг.
М**** ТӨХК-ийн зүгээс бүх агаарын хөлгөө түрээслэхдээ гаалийн байгууллагад 403 дугаартай горим буюу 0 төгрөгийн горимоор мэдүүлдэг. Энэ горимын дагуу Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн тариф, Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6 дахь заалтаар агаарын хөлгийн суурь үнээс тооцогдох гаалийн хураамж буюу 5 хувиас чөлөөлөгддөг. Нэмэгдсэн өртгийн албан татвараас 10 хувиар чөлөөлөгддөг. Гаалийн байгууллага М**** компанийн эзэмшилд түрээсийн гэрээний дагуу Монгол улсад бүртгэгдэж байгаа Монгол Улсын агаарын хөлгийн суурь үнэ 45 тэрбумаас 179 тэрбум төгрөгөөр үнэлдэг. Гаалийн мэдүүлэг дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 4.5 тэрбумаас 17.9 тэрбум төгрөгөөр тооцоод гаалийн хилээр нэвтрүүлж агаарын хөлгийн өмчлөгчөөс эзэмшигчид түрээсийн гэрээний хугацаа руу шилжихдээ тэр үнэлгээгээр агаарын татвараас чөлөөлөгдөж түрээслэгчид төлж байгаа сарын түрээсийн төлбөрт оногдуулж байгаа асуудал яригдаад байна. Сарын түрээсийн төлбөр 160-400 мянган ам доллар байгаа.
Гэтэл суурь үнэлгээгээр чөлөөлөгдөөд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс дахиад түрээсийн төлбөртэй нь холбогдуулаад гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бараа бүтээгдэхүүн гэдэг байдлаар торгууль ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Хөгжиж буй орон болон бусад оронд эдийн засгийн чадавхаас шалтгаалаад тэр бүр онгоц худалдаж авах боломжгүй. Агаарын хөлгийн конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан чөлөөлөлтийг юу гэж тайлбарлаад байна вэ гэвэл энэ чөлөөлөлт бол худалдан авсан үед хамааралтай. Танайх худалдан аваагүй түрээсэлж байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэж байна. М**** компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг үеэс олон улсын зорчигч тээврийн ажиллагааг явуулахдаа агаарын хөлгийг дандаа түрээслэн ашиглаж ирсэн. Түрээсээр ашиглаж байгаа тохиолдолд Том татвар төлөгчийн газартай тайлан балансын тэнцэл явагдаж байгаа. Ямар нэг асуудал яригддаггүй. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний асуудал яригдаж байгаа. Гаалийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу горимоо сонгоод Гаалийн байгууллага зөвшөөрөв гэсэн тамга дарагдаад гаалийн мэдүүлэг бөглөгддөг. Агаарын хөлгийг зөвхөн их биеэр нь ойлгож болохгүй. Энэ бол цогц ойлголт. Түрээсийн гэрээний гол зүйл бол агаарын хөлөг байдаг. Олон улсын агаарын тээврийн хөлөг татварын 0 хувь гэж заасан байхад гаалийн улсын байцаагч нар эдийн засгийн бүх төрлийн ангилал дээр нойтон түрээс гэж заасан. Танайх хуурай түрээс гэж байгаа учраас түрээсийн төлбөрөөс чөлөөлөхгүй. Энэ ангилал гэхдээ хууль биш журам. Түрээсийг 3 төрөлд хуваадаг. Нойтон түрээс гэдэг нь хамгийн өндөр түрээс байдаг.
Учир нь онгоцыг нисэх баг, даатгал, засвар сервер үйлчилгээ, чадварын гэрчилгээ гээд бүх зүйлийг түрээсэлж байгаа компани хариуцдаг учраас бидний түрээслээд байгаа 460 мянган төгрөгийн евро 2,3 дахин нэмэгдэж ордог. Хуурай түрээсээр орж ирж байгаа ч гэсэн Монгол Улс хөгжиж байгаа. Бид нар нисэх багтай, агаарын хөлгийн техник үйлчилгээний засварыг өөрсдөө хариуцдаг. Олон улсын зах зээлд агаарын тээврээ 100 хувь даатгаад тодорхой төлбөрөө төлөөд давхар даатгалаар хариуцаж явдаг. Хамгийн бага төлбөр төлж байгаа нь баярлах зүйл. Энэ хуулийн зүйл заалтыг давхардуулаад өрөөсгөл байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж ирэхээр горимын мэдүүлэгч нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр бүх горим байрладаг. Бүх агаарын хөлөг 403 горимоор мэдүүлээд гаалийн мэдүүлгээр орж ирдэг. Гаалиар ороход худалдааны хэлэлцээр, холбогдох түрээсийн гэрээ, үнэ, төлбөр, тооцооны баримтууд, гадаад худалдааны гэрээ, тээврийн бичиг баримт, гарал үүслийг нотлох баримт, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, сертификат, чөлөөлөгдсөн талаарх баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлэхээр Гаалийн байгууллагаас зөвшөөрөв гэсэн тэмдгээ дараад орж ирдэг. Агаарын хөлөг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд албан татварыг 0 хувь хэрэглэх хуулийн зохицуулалттай.
Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэдэг маань эх сурвалжууд дээр юу гэж заасан бэ гэвэл агаарын хөлөггүйгээр зорчигч тээврийг төсөөлөх ямар ч боломжгүй. Эрх зүйн зохицуулалтын хувьд нийтийн тээврийн үйлчилгээг агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа үйлчилгээг ойлгоно. Улс хооронд байгуулдаг иргэний агаарын тээврийн хэлэлцээрт ашигладаг нийтийн тээврийн зориулалтаар зорчигч шуудан болон ачааг хамтад нь дангаар нь тээвэрлэх тогтмол нислэг нь арилжааны буюу хөлсөөр гүйцэтгэж байгаа нөхцөлийг тодорхойлохоор заасан. Энэ үйлчилгээг агаарын хөлөггүйгээр түрээсэлж авах боломжгүй. Зорчигч нарыг үүрээд тэнгэрээр ниснэ гэж байхгүй. Иргэний нисэхийн дүрэмд бол түрээсийг нойтон, хуурай гэж хоёр ангилдаг. М**** компани, Монгол Улсын хувьд агаарын хөлөг худалдаж авах санхүүгийн боломж байхгүй ч гэсэн агаарын тээврийн үйлчилгээг явуулахын тулд онгоцыг түрээслэхээс өөр арга байхгүй. Хэзээ ч бид нар нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй. Олон улсад тогтсон жишиг гэрээгээр түрээсийн харилцаа явагдаж байгаа. Олон улсын агаарын тээврийн үйлчилгээг эрхэлж буй компаниудад ногдуулж буй татварын дарамтыг чөлөөлөх байдалд улс бүр өөрсдөө дотоодын хууль тогтоомжоор тодорхой зохицуулалт хийж ажиллана гэсэн заалтуудын эх сурвалжуудыг хэрэгт өгсөн байгаа. Монгол Улс агаарын тээврийн үйлчилгээг татварын 0 хувь байхаар заасан. Орж ирж байгаа онгоц нь гаалийн 403 горимоор явж байгаа.
Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.3 дахь хэсгийг баримтлан торгууль алданги тооцож байгаа нь үндэслэлгүй. Зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж тэмдэгтэй тохирсон байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн зорилго бол иргэн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх үйлдсэн тохиолдолд зохих хариуцлагыг ногдуулахад оршдог. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд М**** компани буруугүй. Олон улсын агаарын тээврийн компанийн хувьд агаарын тээврийн үйлчилгээ буюу зорчигч ачаа тээврийн үйлчилгээ эхэлсэн үеэс Иргэний нисэхийн агаарын хөлгийн өмчлөгч компаниудтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу иргэний нисэхийн конвенц, багц дүрмийн 47 дугаар зүйлд заасны дагуу үндэсний болон улсын бүртгэлд бүртгүүлэн агаарын хөлгийг эзэмшиж ирсэн. Бүх хугацаанд М**** ТӨХК-ийн зүгээс Том татвар төлөгчийн газарт татварын тайланг зөв зүйтэй бөглөж ирсэн. Үүн дээр акт хагас жилээр үйлдэгдэж ирсэн боловч 2018 он хүртэл нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулсан актаар оршин суугч бус этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээ гэсэн хэсэг дээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж байгаагүй. 2019, 2021 онд хийгдсэн шалгалтаар гэнэт энэ асуудал яригдсан. Бид Монгол Улсын Олон улсад нэгдэн орсон конвенц, иргэний нисэхийн холбогдох дүрэм журам хуулийн дагуу татварын тайланг зөв зүйтэй бөглөж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын суутгалгүй гаалийн бүрдүүлэлтээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн буюу агаарын тээврийн үнэ үндсэн үнээрээ чөлөөлөгдөж орж ирж байхад төлөгдөж байгаа түрээстэй холбоотой асуудал буюу 160-400 мянган ам доллар дээр татвар олгогдох ёстой гэж байгаа нь ямар ч логик үндэсгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...
Монгол Улсын татварын харилцаа олон улсын конвенцод нэгдэж орсон. Тодорхой хэмжээгээр олон улсын түвшинд гишүүний үүрэг хүлээсэн. Тиймээс Монгол Улсынхаа холбогдох хууль тогтоомжийг уг конвенцод нийцүүлэн гаргах үүрэгтэй. Хариуцагч тал оршин суугч бус этгээдэд татвар ногдуулах ёстой байсныг суутган тооцож төлөөгүй гэсэн юм яриад байгаа. Либералчлах тухай хэлэлцээрт орсны дагуу Монгол Улс өөрөө гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бараанд татвар оногдуулна гэж заасан. Агаарын хөлөг түрээсээр орж ирэх болгондоо Гаалийн мэдүүлгийн 403 горим 0 хувиар гаалийн бүрдүүлэлт хийж орж ирж байгаа. Зөвхөн гадна талын төмрийг агаарын хөлөг гэж ойлгож болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт олон улсын зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ нь 0 хувь байхаар заасан хуулийн зохицуулалт байхад хариуцагчийн хариу тайлбар нь танайх онгоц худалдаж авсан бол энэ үйлчилгээг 0 төгрөг болгоно. Онгоц түрээсэлсэн учраас 0 төгрөг биш гэж тайлбарлаж байгаа нь буруу. Агаарын хөлгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл зорчигч тээврийн олон улсын хил дамнасан тээврийн үйлчилгээг агаарын хөлөг гэдэг зүйлгүй төсөөлөх боломжгүй. Хөлөгтэй байхын тулд санхүүгийн боломжгүй. Түрээслэх асуудал нээлттэй учраас энэ хуулийн зохицуулалтаар 0 хувь болоод явж байгаа юм...
Агаарын хөлөг гаалийн нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй байгаа боловч гаалийн нутаг дэвсгэрт хилээр гардаггүй. Түр хугацаагаар орж ирж байгаа. Эдийн засгийн ангилал нь Засгийн газрын Статистикийн үндэсний газрын даргын тушаал байсан. Агаарын хөлгийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээсэлнэ гэдэг зүйл байхгүй. Логикийн хувьд Монгол Улсын эдийн засгийн хувьд ч ярихад агаарын тээврийн түрээсийн хамгийн хүнд хэлбэрийг чөлөөлчхөөд байхад хамгийн бага төлж байгаа түрээс нь чөлөөлөгдөх ёстой. Үүнийг гуйвуулж ярьж болохгүй. Олон улсын хэмжээнд Монгол Улсын хүлээсэн үүргийнхээ хувьд хууль тогтоомжоор чөлөөлөгдөнө. Суурь үнэ болох 179 тэрбум ам доллараас чөлөөлөгдөөд орж ирж байхад 400-1 600 000 ам долларын түрээс дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ёстой гэдэг зүйл байж болохгүй. 2018 оны Татварын багц шалгалтаар ийм асуудал яригдаж байгаагүй байтал 2021 оны шалгалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн асуудал дээр ийм юм яригдаж байгаа юм. Олон улсын түрээсийн гэрээн дээр ямар нэг татваргүй явагддаг харилцаа байтал манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Агаарын хөлгийг нисэх багтай, нисэх баггүй ч түрээсэлдэг. Манайхан ингэж ойлгож явдаг гэдгийг хэлмээр байна. гэжээ.
3.3. Хариуцагч Ц.М******* шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: 4 төрлийн зөрчлөөр акт бичсэн. Агаарын хөлөг түрээсэлсэнтэй холбоотой. Бусад нь маргаан таслах зөвлөл дээр үнийн дүн нь буурсан байгаа. Агаарын хөлөг түрээсэлсэнтэй холбоотой түрээсийн орлого олгосон суутгагчийн үүргийг гүйцэтгэсэнгүй гэдэг хуулийн заалтыг баримталж ажилласан. 0 хувьтай нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнадаггүй гэдгийг нь 12 сарын тайлангаас харж болно. Хэрэгт хавсаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гэж байгаа. Тэр актан дээр нэгтгэл байдлаараа тодорхой харагдаж байгаа. Тус компани нь 2019 онд 490 сая төгрөгийн орлоготой түүнээс 0 хувьтай нь 446 сая төгрөгийн орлого тайлагнасан. Энэ байгууллагын хувьд хөнгөлөлтөө эдлээд явж байгаа. Манай зүгээс илүү төлсөн актыг баталгаажуулахаас гадна гадагш шилжүүлсэн 67 гүйлгээ дээр татвар суутгаагүй. Суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй гэдэг заалтаар төлбөр ногдуулсан...
Татварын шалгалт нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон томилолтын хүрээнд хийгдсэн. 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус компани нь оршин суугч бустай холбоотой татвар суутгалын асуудал дээр татвараа ногдуулалтаа тайлагнасан байдаг. Татвар төлөгчийн тодорхойлсноор оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн хэсэгт 34-с доош мөрөнд байгаа. Мөн 3б-5 хэсгийн маягт дээр Оман улсаас татвар суутгасан тухайгаа дурдсан байсан. Тухайн компани тэр улсаас агаарын хөлөг түрээслэн авч түрээсийн орлого шилжүүлж байсан. 2019 оны 12 сард Оман улсаас татвар суутгасан атлаа бусад компаниас яагаад суутгаагүй вэ? энэ тал дээр бид нар хяналт шалгалтын явцад илрүүлсэн учраас үүнийг зөрчил гэж авсан. Тухайн агаарын хөлөгтэй холбоотой зүйл ерөөсөө яриагүй. Суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй үйлдэл дээр хариуцлага ногдуулсан. Татвартай холбоотой харилцааг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар зохицуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулахаар заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар чөлөөлөх зохицуулалтыг чөлөөлдөг. Тухайн компанийн агаарын хөлөг, сэлбэгүүд нь зөрчил гарах үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу чөлөөлөгдсөн. Нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсэгт 2019 онд зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж дараах мөнгийг улсууд руу шилжүүлэхдээ оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тайлагнаагүй зөрчил гаргасан. Олон улсын баримтлах бодлого гэж байгаа. Түүний дагуу тухайн улс орнууд татвар ногдуулах эсэх харилцааг шийдвэрлэхээр заасан. Манай улсын тухайд чөлөөлөх заалтаараа чөлөөлж, ногдуулах заалтаараа ногдуулж байгаа. Хуулиас бусдаар өөр салбарын баримт бичгийг үндэслээд чөлөөлөх боломж байхгүй. Татварын харилцаа зөвхөн Татварын хууль тогтоомжид нийцнэ. Давхар татварын гэрээгээр чөлөөлөх харилцааг чөлөөлдөг. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар хэзээ ч давхар татварын гэрээгээр чөлөөлөгдөхгүй. Хэрэглээний татвар учраас чөлөөлөлтийн заалт байхгүй. Орлогын татварууд олон улсын заалтаар чөлөөлөгдөнө. Тиймээс татварын улсын байцаагчдын ногдуулсан заалт тодорхой. Өөр харилцааг үүнтэй хамтатган тайлбарлах шаардлага байхгүй. Бид нар агаарын тээврийн харилцаанд татвар ногдуулаагүй. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн тухайд өөрийн үйл ажиллагаатай нь холбогдох конвенц олон улсын хэлэлцээр байдаг. Татварын харилцааг Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээ, Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдан явж байгаа. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 2.2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой конвенцоор агаарын нисэхийн үйл ажиллагааг л зохицуулсан байна. Дотоодын хууль тогтоомжид чөлөөлөлт хөнгөлөлтийн асуудлыг улс орон бүр тогтооно гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оршин суугч бус этгээдэд түрээсийн орлого шилжүүлэхдээ суутгал төлөөгүй гэдэг зөрчил гаргасан. Энэ нь чөлөөлөгдөх жагсаалтад ороогүй. Олон улсын давхар татварын гэрээгээр чөлөөлөгдөх харилцаа зохицуулагдаагүй тохиолдолд Татварын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлээд явна. Олон улсын давхар татварын гэрээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтийг хориглодог. Ашгийн болон үйл ажиллагааны орлогыг л чөлөөлнө. Дотоодын хууль тогтоомжоор чөлөөлөхөөр заасан бол чөлөөлнө. Татвар ногдуулахаар заасан ногдуулна. Тухайн компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн татвар ногдуулах харилцаанд хамаарч байгаа учраас Татварын улсын байцаагчдын акт хууль тогтоомжид нийцсэн. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх эсэх талаар:
1.1. Нэхэмжлэгч М**** ТӨХК-ийн зүгээс энэхүү маргаанд Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр", Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон улсын Иргэний нисэхийн тухай Чикаго конвенцийн хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/- бодлого зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ гэж тайлбарлан маргасан.
1.2. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэж заажээ.
1.3. Хуулийн дээрх хэм хэмжээ болон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх эрх зүйн зарчмын хүрээнд авч үзэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан зохицуулалт байгаа бол бол олон улсын гэрээний заалтыг хэрэглэж болох боловч талуудаас хэрэглэх ёстой гэж маргасан олон улсын эрх зүйн хэм хэмжээний агуулга нь маргаан бүхий харилцаанд хамааралтай байгаа эсэхийг шүүх тогтоосны үндсэн дээр хэрэглэх эсэхийг дүгнэнэ.
1.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний үед өрнөсөн тайлбаруудын агуулга зэргээс үзэхэд дараах үндэслэлээр энэ маргаанд Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр", Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон улсын Иргэний нисэхийн тухай Чикаго конвенцийн хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/- бодлогыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
1.5. Тодруулбал, Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр"[1]-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ... Иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтад үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашиглагдаж буйгаас үл хамаарна гэж зохицуулжээ.
1.6. Дээрхээс үзвэл тус хэлэлцээр нь иргэний агаарын хөлгийг худалдах, худалдан авах, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргах үйл ажиллагааны хүрээнд хамаарахаар байх бөгөөд харин талуудын маргаж буй түрээсийн үйл ажиллагааны хувьд хамаарахгүй байна.
1.7. Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр-ийг энэ тохиолдолд хэрэглэхгүй гэж дүгнэлээ.
1.8. Мөн Монгол Улс нь 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Олон Улсын Иргэний нисэхийн тухай /Чикаго конвенц/ 1947 оны конвенцид нэгдэн орж[2], уг конвенцийн хүрээнд үүсгэн байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын гишүүн болжээ.
1.9. Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох ИКАО-ийн Зөвлөлөөс 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Олон улсын Агаарын тээврийн салбарын татварын талаар ИКАО-ийн баримтлах бодлого 8632 тоот Тогтоолын 3 болон 4 дүгээр бүлгийн холбогдох зохицуулалтуудаас[3] үзэхэд түрээсийн төлбөрт хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, түүнийг суутгах үүргээс чөлөөлөх тухай агуулга байхгүй, харин агаарын хөлөг болон олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой орлогын, хөрөнгийн болон бусад ижил төрлийн татварыг ногдуулахгүй байх зохицуулалтыг тусгажээ.
1.10. Тиймээс дээрх бодлогын зохицуулалтууд нь агаарын тээврийн түрээсийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, түүнийг суутгах үүргээс чөлөөлөхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй байх тул энэ маргаанд хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Маргаж буй НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх тул шүүх энэ тохиолдолд 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэнэ.
2.2. 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна. гэж заажээ.
2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний дагуу тухайн төрлийн татварын хууль нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ. гэж зохицуулжээ.
2.4. Маргаж буй НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч М**** ТӨХК-ийн 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, улмаар тус компанийг 4 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэнээс нэхэмжлэгч нь 4 дэх зөрчлийг тогтоосон хэсэгтэй маргасан.
2.5. Тодруулбал, 2019 онд Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж 5,100,000.00 ам.доллар буюу 13,576,663,250.00 төгрөгийг ALC Blarney Aircraft Limited компанид, 4,012,437.00 ам.доллар буюу 10,625,379,421.25 төгрөгийг CIT Capital Aviation UK Ltd компанид, 2,310,000.00 ам.доллар буюу 6,159,709,325.00 төгрөгийг FTAI AirOpCo UK Ltd компанид, 2,944,800.00 ам.доллар буюу 7,837,001,148.00 төгрөгийг Macquarie Aircraft Leasing Services (Ireland) Ltd компанид, 2,300,000.00 ам.доллар буюу 6,106,516,100.00 төгрөгийг Sapphire Aviation Finance 1 (UK) Limited компанид, 1,855,000.00 ам.доллар буюу 4,971,164,000.00 төгрөгийг Wings Aviation 37961 Limited компанид нийт 18,522,237.00 ам.доллар буюу 49,276,433,244.25 төгрөгийг оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: 7.2.5. оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн гэж үзсэнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргаж байна.
2.6. Шүүх маргаж буй НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан эрх зүйн үндэслэлүүд болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 7.2.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалтыг хэрэглэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
2.7. Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: гээд мөн зүйлийн 7.2.5 дахь заалтад оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; гэж заасан байх бөгөөд хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд М**** ТӨХК-ийн зүгээс гадаад улсуудын хуулийн этгээдээс түрээсийн гэрээний дагуу түрээслэн ашиглаж буй агаарын хөлгийн түрээсийн төлбөр нь хуулийн дурдсан заалтын дагуу оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдэд үзүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагаа байна гэж үзэх үндэслэлтэй.
2.8. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: гээд мөн зүйлийн 16.1.2 дахь заалтад оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө; гэж заажээ.
2.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, нэхэмжлэгч М**** ТӨХК нь 2019 онд зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж 5,100,000.00 ам.доллар буюу 13,576,663,250.00 төгрөгийг ALC Blarney Aircraft Limited компанид, 4,012,437.00 ам.доллар буюу 10,625,379,421.25 төгрөгийг CIT Capital Aviation UK Ltd компанид, 2,310,000.00 ам.доллар буюу 6,159,709,325.00 төгрөгийг FTAI AirOpCo UK Ltd компанид, 2,944,800.00 ам.доллар буюу 7,837,001,148.00 төгрөгийг Macquarie Aircraft Leasing Services (Ireland) Ltd компанид, 2,300,000.00 ам.доллар буюу 6,106,516,100.00 төгрөгийг Sapphire Aviation Finance 1 (UK) Limited компанид, 1,855,000.00 ам.доллар буюу 4,971,164,000.00 төгрөгийг Wings Aviation 37961 Limited компанид нийт 18,522,237.00 ам.доллар буюу 49,276,433,244.25 төгрөгийг оршин суугч бус хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнах үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2.10. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална. гэж заажээ.
2.11. Монгол Улсын Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319, А/160 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-ын 5110 Агаарын зорчигч тээвэр гэх хэсэгт[4] зорчигч тээвэрлэх зорилгоор агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээслэх үйл ажиллагаа гэж заасан байх бөгөөд зөвхөн нисэх багтай нь түрээсэлсэн тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.
2.12. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь нисэх баггүй түрээс буюу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаар тушаалын 16 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн дүрэм 131-ийн[5] 131.5.(а).2-д заасан хуурай түрээс ашигласан гэдэг үйл баримттай маргаагүй бөгөөд хуурай түрээсийн үйл ажиллагаа нь дээр дурдсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.
2.13. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл; нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын ... энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа ...-ны тухайд нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч татвар төлөх ёстой. Нэхэмжлэгч М**** ТӨХК нь гаалийн 403 бүрдүүлэлтийн горимоор агаарын хөлгүүдийг бүрдүүлэлт хийлгэдэг тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэх агуулгаар тайлбарласан.
2.14. Дээрх тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2.15. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэн орж ирсэн тохиолдолд тухайн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бараа[6] гэж үзнэ.
2.16. Тийм ч учраас нэхэмжлэгч М**** ТӨХК нь иргэний агаарын хөлгийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн бүрдүүлэлтийн 403 дугаартай горимыг хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тухайн горимоор хилээр орж ирсэн бараа буюу агаарын хөлгийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.[7]
2.17. Өөрөөр хэлбэл, агаарын хөлгийн түрээсийн төлбөр шилжүүлэх үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй бөгөөд тэр агуулгаараа гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй тул мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад зааснаар түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, тайлагнах үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.
2.18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 7.2.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М**** ТӨХК-иас гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад зааснаар татварын улсын байцаагч Б.Б********, Ц.М******* нарын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар М**** ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,518,974,693.08 төгрөгөөр багасгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,752,824.00 /гучин хоёр сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ