Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

 

 

 

 

Н.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг,

Шүүгдэгч Н.Ц /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолтой Н.Цд холбогдох 201219000567 дугаартай 11 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Н.Ц-,

Шүүгдэгч Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд 80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж шууд санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Нацагийн Цг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Цд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цгийн цагдан хоригдсон 974 /есөн зуун далан дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Цгээс 14,426,386/арван дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгч Н.Цгээс гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүд олгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие уг хэрэгт холбогдсон цагаас эхлэн мөрдөн байцаалтын шат, прокурор, шүүхэд үнэн зөвөөр мэдүүлгээ анхнаасаа өгч байгаа. Гэвч миний өгсөн мэдүүлгийг эс тоож, Д.Очирхүүгийн мэдүүлэг дээр үндэслэн прокурор хэт яллах талыг барьж, хэргийн үнэнийг мурийлгаж байгаад гомдолтой байна. Алтанжолоо байцаагч мэдүүлэг өөрчлөн хууль дүрмийн дагуу уншуулж танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулж байсан. Талийгаач, хохирогч Октябрь бид хоёрын дунд ямарваа нэгэн өс хонзон байгаагүй. Талийгаач өндөр том биетэй хүн байсан. Би арын суудлаас алах боломж байхгүй... Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.21-ний шийтгэх тогтоолын 5 дугаар хуудас дээрх Очирхүүгийн мэдүүлэгт хохирогч Октябрь нь Очироо ахаа Ц намайг хутгалчихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг нь өмнөх мөрдөн байцаалтын шат, прокурор, шүүх хуралд өмнө нь огт дурдагдаж байгаагүй бөгөөд сүүлийн шүүх хурлын дээр гарч ирсэн байна. Иймд анхнаасаа огт байгаагүй мэдүүлэг орсон. Очирхүүгийн аман болон бичгэн мэдүүлэг анхнаасаа байнга зөрж байдаг... хэргийн үнэн зөвийг олж тогтоон, гэмгүйг цагаатгаж, гэмтэнг гэсгээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх Н.Цг Э.Октябрийн амийг бүрэлгэсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлээ болгосон, шийтгэх тогтоолын 4-5 дахь талд заасан нотлох баримтуудын аль нь ч Н.Ц энэ гэмт хэргийг үйлдсэн бодохыг шууд, хөдөлбөргүй, маргашгүй нотолсон баримтууд биш юм. Эдгээр нь талийгаач ямар гэмтлийн улмаас нас барсныг л зөвхөн нотолж байгаа болохоос биш хэргийг хэн үйлдсэнийг нотлохгүй байгаа.

Хоёрдугаарт: Уг хүн амины хэргийг Н.Ц биш харин Д.Очирхүү үйлдсэн байх илүү магадлалтай болохыг нотолсон баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, эхнэр Л.Отгонхүүгийн мэдүүлэг; уг үхлийн шархыг босоо суугаа хэвтээ ямар ч байршилд, ардаас урдаас, хажуугаас аль аль байрлалд учруулсан байх боломжтой гэсэн шинжээчийн дугнэлт; Н.Ц юун хүн алах битгий хэл өөрөө Д.Очирхүүд зодуулсны улмаас ухаангүй байдалтай хэргийн газраас олдсон болохыг нотолсон гэрч Н.Энхжаргал, Э.Мөнхжаргал /талийгаачийн дүү/, Э.Хонгорзул /талийгаачийн дүү/, шүүх хуралдаанд гэрчээр дахин асуугдсан хоёр гэрчийн мэдүүлэг; хэрэг гарсны дараа Д.Очирхүү хорин минут дотор сумын төв рүү ирээд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой атал тэгээгүй харин ч цусаа юүлж дуустал нь хээр байлгаж, хоёр цаг гаруй хаагуур юу хийж явсан нь эргэлзээтэй байгаа байдал хэргийн газарт мэдүүлэг шалгасан удаа дараагийн бүрэлдхүүнтэй туршилтын ажиллагааны тэмдэглэлүүд, Д.Очирхүү, түүний хүү О.Наранхүү нарын хүн амины хэрэг үйлдсэн зэвсэг болох хутганы хуйг туйлын сэжигтэй байдлаар олж ирж байгаа нөхцөл байдал, энэ үйл явдалд Н.Ц ямар ч хамааралгүй байгаа байдал, хүү О.Наранхүүгийнх нь: "...аав хутганы хуйгаа... яг тэр газар үзээрэй гэсний дагуу очиж үзсэн..." гэх мэдүүлэг, гэрч н.Хунгообээжийн /Д.Очирхүүгийн бэр байсан хүн/ хадам аав саатуулах байранд байхдаа хувцсаа сольсон, цагдаа нар түүнд тийм боломж олгосон, манай нөхөр Очирхүүгийн Наранхүү нь хэрэг шалгаж байсан мөрдөгчтэй хувийн харилцаатай, цагдаа нь байнга мөнгө төгрөг нэхдэг байсан, хадам ээж цустай өмдийг нь гэртээ угааж байсан гэх мэдүүлгүүд болон түүний эдгээр мэдүүлгүүд Д.Очирхүүгийн хувцсанд хийсэн давтан шинжилгээгээр цусан толбо илрэхээ больсныг шинжээч Хашхүү нь угаалгын бодис хэрэглэсний улмаас цус илрэхээ больж болно гэж шүүхэд тайлбарласан нөхцөл байдал, хэрэг гарахад анх шалгаж байсан цагдаагийн ажилтнууд хууль ноцтой зөрчсөн, хэргийн ул мөр балрахад хүргэсэн гэх шүүхийн удаа дараагийн дүгнэлтүүд, Д.Очирхүүгийн гар, хувцсанд талийгаачийн цус илэрсэн баримтууд, Н.Цгийн хувцас, гар сэлтэд ямар ч цус илрээгүй байдал, Н.Ц талийгаач нарын хооронд ямар ч хувийн таарамжгүй харилцаа үүссэн нь тогтоогдоогүй тэр түүнийг алах ямар ч сэдэл байхгүй хааяа уулзалддаг ах дүүгийн энгийн харилцаатай байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх атал харин Д.Очирхүүтэй талийгаач байнга олон жил хамт ажилласан тэдгээрийн хооронд нууцлаг тааламжгүй харьцаа байсан гэж үзэх үндэстэй байдал, Д.Очирхүү нь талийгаачийн ар гэрийнхэнд мөнгө эд зүйл өгөхөөр оролдсон тухай гэрчүүд мэдүүлдэг байдал, нөхрийг нь утсаар яриулаад байгаа мөртлөө цагдаа түргэн рүү ярихгүй байгаа Д.Очирхүүгийн сэжигтэй үйлдэл, “нөхөр минь надад Ц намайг хутгалсан гэж хэлээгүй Очирхүү энэ талаар худлаа ярьж байна” гэх Л.Отгонхүүгийн тууштай мэдүүлэг зэрэг... Н.Ц энэ хэргийг үйлдсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримтуудыг няцаасан нотлох баримт харин ч хэрэгт авагдаагүй тул шүүхийн дүгнэлт нь хэрэгт байгаа баримтаас зөрүүтэй дүгнэлт боллоо.

Гуравдугаарт: Гэрч Д.Очирхүүгийн Ц Октябрийг алсан гэх мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт алга гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй боллоо. Түүний энэ мэдүүлгийг няцаасан дээр дурдсан баримтууд хангалттай байгаа болно... Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,Н.Цг цагаатгасан заалт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдолдоо: “...2020 оны 09 сарын 21 өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолд Н.Цг гэм буруутайд тооцсон баримт нотолгоо нь хангалтгүй бөгөөд гол нотолгоо болсон баримтууд нь ЭХХШТ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж чадахгүй байна. Тухайлбал: Шинжээч нарын дүгнэлтүүд нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд болохыг тогтоосноос биш чухам уг гэмтлийг Н.Цгийн ямар үйлдлээр яаж үйлдэгдсэнийг тогтоож чадаагүй бөгөөд шүүхийн шинжээч нарын дүгнэлтүүдээр хэний үйлдлээр үйлдэгдсэнийг тогтоох боломжгүй юм. Шинжээч Л.Алтангэрэлийн дүгнэлтээр "Машин дотор үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол ...арын суудалд сууж явсан хүн гэмтээсэн байх боломжтой." гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай бөгөөд прокурор энэ дүгнэлтийг үндэслэж, яллаж байгаа нь ямар ч учир холбогдол, шалтгаант холбоо байхгүй зүйл юм. Энэхүү шинжээч Л.Алтангэрэл /3 жил ажиллаад, ажлаас халагдсан/ нь Н.Цд учирсан гэмтлийн зэргийг бүрэн тогтоогоогүй байж нэг талыг барьсан дүгнэлт, шинжилгээ мэдүүлэг өгсөн шударга хүн биш гэж бодогддог. Зөвхөн энэ хүний үгээр хууль зүйн дүгнэлт хийж, Н.Ц талийгаачийн араас нь хутгалж амь насыг нь хохироосон гэсэн дүгнэлтэд хүрсэн байж болохоор байна.

Гэвч сүүлд гарсан давтан шинжилгээгээр талийгаач тухайн хутгалагдсан шархыг босоо, суугаа, машины гадна, дотор аль ч газар авч болох магадлалтайг дүгнэсэн бөгөөд үүнийг үгүйсгэж няцаасан шүүхийн дүгнэлт байхгүй.

Мөн шинжээчийн дүгнэлтэнд ... Уг гэмтэл нь өөрөө нас барагчийг шууд үхэлд хүргэх гэмтэл биш. Шархыг авснаас хойш нас барагч нь тодорхой хугацаанд амьд байж болохоор дүгнэлт гаргасныг нь мөрдөгч, прокурор нар онцгой анхаарч уг осол болсон газраас эмнэлэг хүртэлх 11 км газрыг 2 цаг орчмын хугацаанд туулж, очин хэргийн талаар хөндлөнгийн нэгэнд мэдүүлсэн бол энэ хэргийн бодит үнэн тогтоогдох байсан бөгөөд Д.Очирхүү нь өөрөө ч ийм ойрхон зайд багийн төв рүү очих боломжтой байсан үүнийг анхаарч үзэхгүй байгаа прокурор, шүүхийг хэрэгт нотолбол зохих зүйлийг тогтоосон гэж үзэх боломжгүй тул гомдолтой байна... Д.Очирхүүгийн мэдүүлэгт хөтлөгдсөн нь ЭХХШТ хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

Шүүхийн тогтоолд Н.Цгийн гэм буруутайд үзсэн нотлох баримтууд нь хэрэг дээрээ түүний гэм буруутайг нотолсон нотолгоо болох баримт алга байна... Д.Очирхүүгээс өөр Н.Ц талийгаачийг хутгалж амь насыг хохироосон гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байгаа ба бусад нотлох баримтуудаар Н.Ц талийгаач Э.Октябрийн амь насыг хохироосон нотлох баримт байхгүй учир эрүүгийн анхан шатны шүүх өмнө нь бодитой дүгнэлт хийж Х.Цгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэстэй билээ...

Шүүхээс шийтгэх тогтоолоо тайлбарлахдаа: 8 жилийн дараа хэрэгт байгаа нотлох баримт, нөхцөл байдал Н.Цг яллаж байх үеэс өөрчлөгдөөгүй байхад тогтоолоо танилцуулахдаа "...Д.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортойгоор удаа дараа өгсөн мэдүүлэг," гэж нотлох баримт болгож дүгнэлт хийсэн нь хэт үндэслэлгүй байна. Н.Цгийн мэдүүлэг Д.Очирхүүгийнхээс илүү тогтвортой байгаа бөгөөд хэрэг учрал болоход тэнд энэ хоёроос өөр хүн байгаагүй тул хэн нэгнийх нь мэдүүлгийг илүү үнэн гэж үзэх боломж байхгүй байхад Д.Очирхүүгийн мэдүүлгийг тийнхүү хөдөлбөргүй үнэнд тооцсоныг зөвшөөрөх боломжгүй байна. ЭХХШТ хуулийн 16.1-р зүйлийн 16.1.2-т зааснаар Д.Очирхүүгийн мэдүүлэг няцаагдаж, Н.Цгийн мэдүүлэг мөрдөн байцаалтын явцад нотлогдож байгаа нь хавтаст хэргээс хангалттай ойлгогдож байна...

...Мөн анхан шатны шүүх хурал дээр оролцсон гэрч Б.Хашчулуун, Б.Отгонсүх, Б.Батзориг нарын Н.Цг ухаангүй ам нь зуурчихсан байсан талаарх мэдүүлгийг шүүх шийтгэх тогтоолдоо үнэлж, дүгнэж, няцааж, үгүйсгээгүй байж яллах дүгнэлтэд дурьдагдсан өмнө нь үнэлж, дүгнэж байгаагүй ашиг сонирхлын зөрчилтэй, хууль ёсоор ажил үүргээ гүйцэтгээгүй, цагдаагийн байгууллагын ажилтнууд болох хүмүүсийн мэдүүлэгт үндэслэж, яллаж байгаа нь нотлох баримтыг буруу дүгнэсэн асуудал юм...

...Хэрэгт байгаа тодорхой баримтуудыг үнэлж, дүгнээгүй байж хүчинд автсан, хуурч мэхлэгдсэн /мэдүүлгийг нь А.Алтанжолоо мөрдөгч уншуулаагүй гарын үсэг зуруулсан/ Н.Цгийн мэдүүлэгт үндэслэсэн нь ойлгомжгүй, утгагүй бөгөөд хуулийн өмнө тангараг хүлээсэн мөрдөгч, прокурор нарынхаа хууль бус үйлдлийг дурьдаагүй нь өөрөө Эрүүгийн хуулиар хуульчилсан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна...

...Өмнө нь олон удаагийн шүүх хурал дээр хэрэг яаж гарсан талаарх харилцан зөрүүтэй байр суурийг ярьж ирсэн, гэхдээ нэг юм орхигдсон байна. Юу гэвэл гэмт хэрэг гарсны дараах нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараах хүмүүсийн хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэл болсон нөхцөл байдалд хандсан сэтгэхүйн харьцаа, хувийн байдлыг харьцуулах, хэргийн үйл баримтыг дахин сэргээж, үнэлж, дүгнэх нөхцөл байдал дутагдалтай байна.

Хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс энэ олон жил хэрэг маргаанд оролцсоны хувьд өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүй гэж итгэл үнэмшилтэй байгаа тул энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд гэм буруугүйг эцэслэн эргэлзээгүйгээр тогтоолгох үүднээс хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Цгийн үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан саналдаа: Хэрэгт тодорхойгүй зүйлүүд их байгааг тодорхой болгох шаардлагатай. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа. Мөн магадлалын заалт биелэгдээгүй байдаг. Хэрэв хэргийг прокурорт буцаавал шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг гаргасан саналдаа: Хэрэг эргэлзээ бүхий зүйл их байгаа тул дахин шалгаж тогтоох шаардлагатай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан саналдаа: Зөвхөн Очирхүүгийн мэдүүлэгт үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түүний мэдүүлэгт тулгуурлан явагддаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг үнэн зөвийг хангалттай тогтоох боломжгүй байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Н.Ц гаргасан тайлбартаа: Очирхүүгийн мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. Ер нь би хэрэг хийгээгүй гэж анхнаасаа хэлж байсан. Миний биеийн байдлыг харгалзан үзэж хэргийн үнэн зөвийг олж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн 201219000567 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Н.Цд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй байна.

Шүүгдэгч Н.Ц нь амь хохирогч Э.Октябрийг хутгалсан гэх Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 9 сарын 21-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтээр “Нас барагч Э.Октябрь нь цээжний урд зүүн дээд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч улмаар зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас хурцаар дотуур цус алдаж нас баржээ” /1хх-ийн 198 хуудас/. Энэ гэмтлийг шүүгдэгч Н.Ц учруулсан талаар Д.Очирхүүгийн мэдүүлснээс өөр давхар нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч Н.Цгийн гэм буруутай эсэхийг бүрэн нотолж чадаагүй байна.

Мөн амь хохирогч Э.Октябрийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан эсэхийг шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотолж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн түүнчлэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 07 дугаартай магадлалаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ц, Д.Очирхүү нарт холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Уг магадлалын тодорхойлох хэсэгт “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Н.Цгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Шаравдоржийн машин дээр ирээд архийг хувааж уусан, тэгээд 2 тийшээ салсан, энэ үед 21-22 цаг дөхөж байсан болов уу”, гэр Б.Шаравдоржийн “энэ хэдийг надаас салаад явахад 23.50-00.00 цаг болж байсан”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн “шөнө дунд 02 цаг 30 минутын орчимд миний утас руу 9905-тай дугаараас залгасан” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.Октябрь, Н.Ц, Д.Очирхүү нар хэдэн цагт Б.Шаравдоржоос салж явсан болох, цаг хугацааг зөрүүг арилгах, салж явснаас хойш Д.Очирхүүгийн Л.Отгонхүү рүү ярьсан 02.30 цаг хүртэлх хугацаанд Э.Октябрь, Н.Ц, Д.Очирхүү нар хаанаас хаа хүртэл, хэдэн километр газар явсан, хэдий хугацаа зарцуулсан, Шаравдорж буцаж очсон эсэх, талийгаачийн хутгалагдсан гэх газар хаана болох, зам дээр хэвтэж байсан газар, энэ хоорондын зай, цаг хугацааг нарийвчлан тогтоож бусад мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэх, Н.Ц, Д.Очирхүү нарын мэдүүлгийн аль нь үнэн зөв болох зэргийг шалган тогтоосны эцэст нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэснийг буюу Э.Октябрь, Н.Ц, Д.Очирхүү нар нь Б.Шаравдоржоос салж явснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч рүү Д.Очирхүү утсаар ярих хүртэлх буюу 2 цаг 30 минут орчим хугацаанд ямар үйл явдал болсныг нарийвчлан тогтоох гэсэн магадлалын заалтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн 201219000567 дугаартай хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан уг хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн мэдүүлэгт үндэслэн Д.Очирхүүг уг хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шүүгдэгч Н.Цд холбогдох хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/383 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн 201219000567 дугаартай 11 хавтас бүхий хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг Ж.Тэгшмандал, шүүгдэгч Н.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ