Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2022/00207

 

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э овогт Ч-ийн Т-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Г газарт холбогдох,

Тус газрын даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн ажлаас халах тухай Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Г газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Г газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 12 дугаар сард анх Г  газрын үйлчлэгчээр ажилд орж тасралтгүй ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нөхрөө эмчлүүлэхээр чөлөө авч Улаанбаатар хот явсан. Нөхрөө эмчлүүлэхээр явж байтал миний хөл өвдөж дахин өөрийгөө эмчлүүлэх шаардлагатай болсон. Тэгээд би Улаанбаатар хотод хөлний хумс авахуулаад Улаангомд ирээд миний хөлийн хуруу үрэвсэж идээлсэн тул Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд эмчилгээ хийлгэсэн. Тэгээд ажил хийх боломжгүй болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дарга О-той өөрийн биеэр очиж уулзан чөлөө хүссэн. Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгээд хөл гайгүй болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 15-нд ажилдаа орохоор дарга О-той очиж уулзахад өөрийг чинь ажилд авахгүй, ажпаас хална гээд намайг өрөөнөөсөө хөөгөөд гаргасан. Гэтэл надад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажпаас халах тухай мэдэгдэл өгсөн. Би мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллуулахгүй байж байгаад ажпаас халах тушаал гаргасан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эмчилгээ хийлгэсэн хугацааны листээ нэгдсэн эмнэлгээс авч Г газарт өгсөн. Намайг ажпаас халсан тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халжээ. Миний бие ажил таслаагүй бөгөөд ажил хийх боломжгүй байгаагаа удаа дараа өөрийн биеэр хэлж чөлөө хүссэн байхад сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Увс аймгийн Газрын Г газарт гаргасан чөлөө хүссэн өргөдөл болон эмнэлгийн баримтуудаа авах гэсэн боловч гаргаж өгөхгүй байна. Иймд Увс аймгийн Г газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ажлаас халах тухай Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Г газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Ч.Т нь 2012 оны 12 дугаар сард Г газарт үйлчлэгчээр ажилд орж, тогтвор суурьшилтай ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл чөлөө авч нөхрөө эмчилгээнд авч явж байх хугацаанд өөрөө бас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр даргатайгаа уулзаж чөлөө хүссэн, 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн байдал дээрдэж ажлаа хийх боломжтой болсон тухайгаа даргадаа мэдэгдэхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллах боломжгүй гэж хариу авсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Т-ийн ажил тасалсан гэж үзэж мэдэгдэл хүргүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд акттай байсан нь эмнэлгийн хуудсаар нотлогддог. Г газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаартай Ч.Т-ийн ажлаас халсан тушаал гарсан ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан боловч тушаал дээр Ч.Т-ийг аль үндэслэлээр нь ажлаас нь халсан нь тодорхойгүй. Мөн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/03 дугаартай Г газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 3.13-т заасныг үндэслэл болгосон ба тус заалт нь 7.2-д заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсэн боловч тус заалтад 9 зөрчил нэрлэсэн байгаагийн аль заалтыг нь Ч.Т зөрчсөнийг тодорхой заагаагүй. УДШ 33 дугаартай тогтоолд ноцтой зөрчил гэж юу вэ? гэдгийг тайлбарласан. Гэрээний талууд буюу ажил олгогч ажилтан нь тухайн ажилтны ажил үүрэг ажлын байрны онцлогоос шалтгаалж ямар зөрчлийг ноцтойд тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд тусган 2 тал зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Юуг ноцтой зөрчил гэж үзэх вэ гэдгийг гэрээнд заагаагүй тохиолдолд ажилтныг ноцтой зөрчил гаргасан, хөпөлмөрийн гэрээг зөрчсөн гэж ажлаас халах эрх ажил олгогчид байхгүй. Хууль зүйн хувьд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, нөгөө талаас Ч.Т-ийн ажил тасалсан гэж нотолсон баримт хэрэгт байхгүй. Ч.Т-ийн хөдөлмөрийн гэрээ нь нийтлэг үндэслэл, захиргааны хүлээх үүрэг, ажилтны хүлээх үүрэг, гэрээний нэмэлт нөхцөл гэх нийт 5 зүйлтэй. Хөдөлмөрийн гэрээгээр эмчилгээ хийлгэх тохиолдолд чөлөө олгоно гэж хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хэрнээ нэмж чөлөө олгоогүй нь гэрээ зөрчсөн үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Г  газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч овогтой Т нь манай байгууллагад үйлчлэгч ажилтай бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр М нь Улаанбаатар хотод хагалгаанд орох шалтгаанаар 30 хоногийн цалингүй чөлөө авсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/56 тушаалаар Ч.Т-ийг ажлаас халсан. Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирж уулзахдаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл чөлөө олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж чөлөө олгож, хэлтэс тус бүрйн ажилтнууд өөрсдийн хариуцсан хэлтсийг цэвэрлэж байхаар шийдвэрлэсэн. Манай байгууллагын хувьд үйлчлэгчийн 1 орон тоотой чөлөө авсан тохиолдолд байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээний асуудал хүндрэлтэй байдаг. Ч.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа ирэх байсан боловч ажилдаа ирээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ч.Т-тай өөрийн биеэр уулзаж ажил үүргээ гүйцэтгэх тухай хэлэхэд Би ажиллаж чадахгүй, дахин үргэлжлүүлж 30 хоногийн чөлөө авна гэж хэлэхэд нь би 30 хоногийн чөлөөг дахин өгөх боломжгүй, ямар нэгэ байдлаар зохицуулж ажлаа хий гэж мэдэгдсэн. Манай байгууллага нь 40 ажилтантай, 1 үйлчлэгчтэй, Ч.Т-ийг хүндэтгэн үзэж 30 хоногийн цалингүй чөлөө олгосон. Энэ хооронд байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ хариуцах ажилтан байхгүй. Дахин нэмж 30 хоногийн чөлөө олгох боломжгүй байсан тул ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалт болох Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсхүл дараалсан 2 өдрийн ажил тасалсан цагийн нийлбэр нь 8 цагаас хэтэрсэн, 3 дугаар зүйлийн 3.13 дахь заалт болох Ажилтныг энэхүү журмын 7.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас хална гэсэн заалтын дагуу тухайн ажилтанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. Зөвлөлийн хурлаар чөлөөний асуудлыг хэлэлцэж байхад Ч.Т-ийг жил бүр ээлжин амралтаас гадна олон хоногийн чөлөө байнга авдаг гэж хэл ам гарсан. Тухайн үед эрүүл мэндийн хувьд Ч.Т ажил үүргээ гүйцэтгээд хажуугаар нь эмчилгээгээ хийлгээд явчих боломж байсан. Бидний зүгээс хүндэтгэн үзэж чөлөөг нь олгосон. Байгууллагын дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Увс аймгийн Г газарт холбогдуулан тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тоот Ч.Т-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ...Ч.Т-ийг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Т нь Г газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад Г газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тоот Ч.Т-ийг ажлаас халах тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Г газрын дотоод журмын 3.13, 7.2 заалтыг тус тус үндэслэн үйлчлэгч Ч овогтой Т-ийг үүрэгт ажлаас нь 2021 оны -12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Ч.Т-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан ба Г газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.13, 7.2 баримталсан ба 3.13-т Ажилтныг энэхүү журмын 7.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас хална гэж, мөн журмын 7.2-т Дараах зөрчлийг ноцтой зөрчил-д тооцно гэж заажээ. Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1-7.2.9-т заасан зөрчлийн алийг гаргасан нь тодорхойгүй, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсхүл дараалсан 2 өдрийн ажэил тасалсан цагийн нийлбэр нь найман цагаас хэтэрсэн гэж тайлбарласан боловч энэ талаар тушаалд тусгаагүй.

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгодог. Хөдөлмөрийн гэрээ байгуулж буй талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардддаг ба хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г газрын дарга Г.О, үйлчлэгч Ч.Т нарын хооронд байгуулсан 1 тоот хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж нэрлэн заасан заалт байхгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд өвчтэй эмчлүүлсэн болохыг нотолж Эмнэлгийн хуудас №1536434 гаргаж өгсөн байхад ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй, мөн 2021 оны 11 дүгээр сарын ажлын цагийн тооцоо гэх баримтын 17-рт Ч.Т, хуанлийн хүн өдөр 30, амралт баяр ёслолын өдөр 10, ажиллавал зохих өдөр, цаг 0 гэж бичсэн байгаа боловч ажиллаагүй хэсэгт буюу өвчтэй, чөлөөтэй, тасалсан хэсэгт тэмдэглээгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийг ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байх тул Г газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тоот Ч.Т-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Г газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь өвчилсөн хөлний зураг гэх зургийг хавсаргасан ба энэхүү зургийг хэн хэзээ ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, мөн түүнийг ажилд томилсон Г газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй /хуулбар/ байх тул тус үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Г газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Г газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тоот Ч.Т-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Г газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Г газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР