| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1306 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч С.Пүрэвлхам, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *********** овогт ***********ын ***********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021470162 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ***-**** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:*****************/, *********** овогт ***********ын ***********.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч *********** нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10,000 төгрөгийг жолооч ***********эд өгөхдөө түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30,000 төгрөг, таксины орлого болох 10,000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө найз охинтойгоо ***********гийн урд такси барих гээд байж байхад улаан өнгийн “Toyota Prius” маркийн автомашин ирээд зогсохоор нь тэр би найз охинтойгоо хамт сууж яваад найз охиноо замаараа буулгачхаад 25 дугаар эмийн сангийн хажуу талд зогсоод АТМ ороод мөнгө аваад гараад ирье гэсэн. Тэгээд би АТМ-ээс мөнгө аваад эргээд гарч иртэл уг тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Төв зам дагуу байсан тул хөдлөөд өөр газар зогссон байхаар нь би очоод таксины мөнгө 10.000 төгрөг өгтөл таксины жолооч 16.000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хооронд таксины төлбөр 10.000 төгрөг болдог гэж хэлэхэд мөнгөө өгч чадахгүй бол яах гэж такси барьсан юм гээд таксины жолооч намайг хэл амаар доромжилсон. Би 10.000 төгрөг болдог тул авбал ав үгүй бол би явлаа гэж хэлээд явахад миний араас ирээд намайг цохиж авсан. Тэгэхээр нь жаахан маргаан болоод удалгүй би гэр рүүгээ орсон. Ийм л зүйл болсон. Хохирогч руу би 100.000 төгрөг шилжүүлсний тухайд бол мөрдөгч над руу хэрэг чинь хүндрэх гээд байна хохирол төл гэхээр нь би зодоон хийсэндээ харамсаад 100.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Шүүх үнэн зөв шийдэх байх. Би энэ хэрэгт нийт 125 хоног цагдан хоригдсон.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2205021470162 дугаартай хэргээс.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 08 дахь тал)
Хүний биед үзлэг хийсэн “*********** нь хар өнгийн богино куртиктэй, саарал өнгийн цамцтай, хөр өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар саарал өнгийн пүүзэн гуталтай байх бөгөөд хар өнгийн гадуурх куртикний баруун талын суга хэсэг урагдаж ханзарсан байдалтай, өөр ямар нэгэн урагдалт, ханзралт байхгүй байв. ***********ийн нүүрэн хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай, толгой хэсэгт дарахад хавдсан, асуумжид “маш их хөндүүртэй, өвчтэй” гэсэн хариулттай, хүзүүний баруун талд “ХАС” хэлбэрийн цэнхэр өнгийн шивээстэй, биед өөр ил харагдах шарх гэмтэл үгүй байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 09-11 дэх тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан “ Намайг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ны урд дээрэмдсэн гэх хүн 170-180 орчим см өндөртэй бор царайтай, урт үстэй эрэгтэй хүн байсан. Би тухайн хүний нүдийг харвал шууд танина...*********** регистрийн дугаартай *********** овогтой ***********...нарын 4 хүний зургийг 1-4 хүртэл дугаарлан эгнүүлэн ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг эхлэв. Намайг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ны урд дээрэмдсэн гэх хүн 2 дугаартай эрэгтэй мөн байна гэж *********** овогтой ***********ыг зааж энэ залуу яг мөн байна бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна. Намайг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ны урд дээрэмдсэн гэх хүн 170-180 орчим см өндөртэй бор царайтай, урт үстэй эрэгтэй хүн байсан. Би тухайн хүний нүдийг хараад шууд таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-18 дахь тал)
Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 25 дугаар эмийн сан автобусны буудлын зүүн талын KFC хаягт байрлах АТМ-ны 2022 оны 6 дугаар сарын 14-ний 01 цаг 00 минутаас 05 цаг 00 минутын хяналтын камерт 2022.6.14-ний үүрийн 04:29:09 секундэд АТМ-аар үйлчлүүлсэн талаархи 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29/4647 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 20-21 дэх тал)
2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ***********ын эзэмшлийн 5163102943 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 22 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***********ийн өгсөн: “Би эрхэлсэн тодорхой ажилгүй өөрийн эзэмшлийн 23-71 УБИ улсын дугаартай улаан хүрэн өнгийн “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслээр хувиараа такинд явж мөнгө олдог юм. Болсон явдлын талаар гэвэл би 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө өөрийн машинтайгаа таксинд явж байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11-р хорооллын голын замаар “Хөгжим бүжгийн коллеж” тал руугаа явж байхад 11-р хорооллын автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний машинд суугаад 120 мянгат орно гээд Хан-Уул дүүргийн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудал дээр очиход эмэгтэй нь буугаад харин хамт суусан гэх эрэгтэй нь “25-р эмийн сан орно” гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн хажууд байдаг “KFC” түргэн хоолны газрын хажууханд явж байтал тухайн залуу намайг “АТМ дээр зогсчих, мөнгө аваад өгье” гэхээр нь би машинаа “KFC” түргэн хоолны газрын ертөнцийн зүгээр баруун талд байрлах зогсоол руу нь ороод машинаа зогсоосон. Тэгээд тухайн залуу надаас хэдэн төгрөг болсон талаар тодруулахаар нь би “16.500 төгрөг” гэж хэлэхэд нөгөө залуу “за АТМ ороод аваад ирье” гээд миний машинаас бууж яваад удалгүй АТМ-аас ирэхдээ бэлэн 10.000 төгрөг барьж миний машины хажууд ирснээ над руу хандаж /Би тухайн үед нөгөө залууг хүлээгээд машинаасаа буугаад зогсож байсан юм/ “10.000 болсон биз дээ” гэхээр нь би “үгүй ээ 11 дүгээр хорооллоос эхлээд 120-н мянгат ороод тэгээд тэндээсээ 25-р эмийн сан руу ирсэн шүү дээ. 16.500 төгрөг болсон гээд хэлсэн чинь тухайн залуу “10.000 төгрөг байна шүү дээ” гэхээр нь би тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөгийг аваад машин руугаа суух гэхэд нөгөө залуу цаашаа явах гэж байснаа болиод над руу буцаж миний машины жолооч талын хаалганаас бариад “яасан асуудал байна уу” гэхээр нь би “байхгүй ээ” гэсэн чинь гэнэт намайг миний дух хэсэг рүү нэг удаа мөргөөд миний шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохихоор нь би тухайн залууд хандаж “миний дүү болио, энэ хэсэг чинь камертай шүү, асуудал үүсгэж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түлхээд машиндаа суугаад хаалгаа хаах гэсэн чинь нөгөө залуу намайг машинаас чирч буулгаад “би энэ хавиа бүгдийг нь мэднэ, чамайг алсан ч яадаг юм бэ” гээд орилоод байхаар нь би түлхээд дахиж машинд суусан чинь дахиж миний машин дотор жолооч талын хаалгаар орж ирээд намайг зөндөө олон удаа цохиж /маш их цохисон болохоор хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна/ байснаа зугтаагаад яваад өгсөн. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн гэх 10.000 төгрөг алга болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр би орой 21 цагаас хойш таксинд явсан юм. Миний хэтэвчинд бэлнээр 30.000 төгрөг байсан мөн тухайн залуугийн надад өгсөн 10.000 төгрөг гэхээр нийт 40.000 орчим төгрөг алдсан. Би тухай залууг хаанаас нь ч харсан танина. Урт үстэй, жижигхэн сахалтай 20-25 орчим настай залуу байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51-53 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***********ийн өгсөн: “Би гол хэсгээс нь шууд ярья. Би тухайн шөнө ганцаараа таксинд явж байсан. 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн дүүргийн 2 дугаар хороо, “KFC” түргэн хоолны газрын баруун гар талын зогсоолын гардаг үүдний хэсэгт намайг дээрэмдсэн залууг буулгах гээд зогссон. Намайг дээрэмддэг залуу нэлээн согтуу байсан. Хэдэн төгрөгийн тооцоо гарсан бэ гэхэд би 16.000 төгрөгийн тооцоо гарсан байна гэж хариулсан. АТМ ороод мөнгө аваад ирье гээд автомашинаас буугаад “КFC” түргэн хоолны газрын баруун урд талд байх АТМ рүү ороод буцаад автомашин дээр ирсэн. Наашаа алхаж байхад нь би автомашинаасаа буугаад очтол надад 10.000 төгрөг өгсөн. Би 16.000 төгрөг болсон шдээ 10.000 төгрөг бишээ гээд хэлсэн. Би согтуу хүн болохоор нь 10.000 төгрөгийг нь аваад өөрийнхөө автомашин руу явсан. Би 10.000 төгрөгийг нь түрүүвчиндээ хийсэн байсан. Араас хүрч ирээд чи яахаараа надаас мөнгө авдаг юм гээд намайг эргэж харахад миний дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Миний шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би тухайн үед энэ хавьд камертай шүү гээд хэлсэн. Тэр камер чинь яадаг юм гэж хэлсэн. Намайг жолооч талын хаалгаар түлхэж оруулаад өөрөө машин дотор орж ирээд дээрээс цохиж эхэлсэн. Би хажуу тийшээ биеэ хамгаалаад голын хайрцаг дээр хажуу тийшээ хэвтсэн байдалтай байсан. Миний толгой бараг жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Миний түрүүвч нөгөө залуу цохиж эхлэх үед миний гарт байсан. Нөгөө залуу намайг цохиж эхлэх үед жолоочийн эсрэг талын суудал дээр түрүүвч унасан. Намайг цохих үедээ миний мөнгө хаана байна гээд байн байн дээрээс цохиод байсан. Би нөгөө дээрэмддэг залууд хандаж мөнгө чинь түрүүвчинд байгаа гээд хэлсэн. Намайг учир зүггүй цохиод байсан учраас би маш их айсан согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод түрүүвчинд мөнгө чинь байгаа шдээ зүгээр яваа гээд хэлсэн. Чи муу надаас мөнгө авахгүй за юу гээд дээрээс цохиж цохиж байснаа жолоочийн эсрэг талын суудал дээр унасан түрүүвчнээс мөнгийг нь аваад түрүүвчийг нь шидчихээд жолооч талын хаалгаар гараад урагшаа зам хөндлөн гараад гүйгээд зугтаасан. Би 21 цагаас хойш хувиараа таксинд яваад ойролцоогоор 30.000 төгрөг миний түрүүвчинд байсан. Би одоо бараг санахгүй байна. Гэхдээ хорооллоор ихэнхдээ тойрсон. Тэгээд Сансар, Зайсангаар таксинд явсан санагдаж байна. Тухайн үед яах арга үгүй тийм үйлдэл явдал болсон. Би бүүр хажуу тийшээ хэвтсэн байдалтай жолооч талын эсрэг талын хаалганд гараараа хүрч байсан. Одоо гараад үзүүлсэн ч бэлэн байна. Хажуу талын суудал дээр байхад намайг цохиж байхдаа мөнгийг нь аваад шидээд яваад өгсөн. Надад одоо ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 25-27 дахь тал)
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Хохирогч *********** нь би тухайн үед унаж явсан ****-*** УВИ улсын дугаартай авто машинтайгаа явж байгаа би одоо ч тухайн болсон үйл явдлыг үзүүлэхэд бэлэн гэсэн тул хохирогчийг тухайн үед болсон үйл явдал буюу мэдүүлэгт болсон үйл явдлыг биеэр хийж үзүүлнэ үү гэхэд за би машин дотроо байж байснаасаа эхэлье гээд гэрэл зургийн аргаар тодорхой үйл хөдлөлүүдийг нь тусгаж тэмдэглэлд тусгахаар шийдэв. Хохирогч *********** нь өөрийн автомашиндаа сууж байсан гэх зургийг үзүүлэв. Хохирогч нь би автомашиндаа суух гэсэн чинь нөгөө залуу суулгахгүй байсан гэх. *********** нь нөгөө залуу миний духны хэсэг рүү ийм байдалтай байхад мөргөсөн гэх байдлыг харуулав. Хохирогч нь намайг дээрэмддэг залуу миний дээр иймэрхүү байдалтай гарсан. Намайг зодож цохисон, миний дээрээс хэвтээгүй сайн санаж байна. Хохирогч нь би автомашины дотор иймэрхүү байдалтай хажуу тийш биеэрээ хэвтсэн байдалтай байсан гэх. Би машин дотроо голын хайрцаг дээр хэвтсэн байдалтай байхад нөгөө залуу дээрээс цохиж миний мөнгө хаана байна гээд нэхээд цохиод байсан гэх зүйлийг ярьж байв. Энэ үед би түрийвчээ хажуу талын сандал дээр унагасан байхад нөгөө залуу сандал дээр унасан түрийвчийг аваад мөнгийг аваад түрийвчийг шидчихээд замын урагшаа гараад явсан.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 28-35 дахь тал)
***********ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 08:30 минутад “Лазер мед” эмнэлэгт үзүүлж, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн тухай баримт (1-р хавтаст хэргийн 117 дахь тал)
Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1-р хавтаст хэргийн 118 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ГССҮТ эмч ***********гийн гэрчээр өгсөн: “Олон хүн үйлчлүүлж байгаа учраас ямар хүн гэдгийг нь санахгүй байна. Осол гэмтлийн бүртгэлийн хуудаснаас харахад *********** овогтой *********** гэх хүнд 2022 оны 6 дугаар сарын 14-ний 04 цагт үзлэг хийсэн байна. Тухайн хүний биед зодуулсны улмаас тархины битүү гэмтэл буюу S.06 олон улсын дугаар ангиллын дагуу урьдчилсан онош тавигдсан байна. Энэ нь гэмтэл мөн. Харьяа дүүрэг рүү явуулсан байх. Буцаж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. S.06 гэдэг нь толгойн гэмтлийн ерөнхий онош нарийвчилсан оношийг шинжилгээ хийж тогтооно. Юунаас ч үүсэх боломжтой. Бүх төрлийн механик үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11535 дугаартай “***********ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 109-110 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч О.Болороогийн өгсөн: “***********ийг өөрийн биеэр үзэж, томографи шинжилгээ, ГССҮТөвийн хүлээн авах эмчийн бичиг зэргийг ашиглаж дүгнэлтийг гаргасан. Энэ онош нь олон улсын өвчний 10-р ангиллаар тархи доргилтын код бөгөөд уг оношийг тавихдаа өгүүлэмж асуумжаас гадна эмчийн мэдрэлийн үзлэгт илэрсэн өөрчлөлт зэргийг үндэслэн тавьдаг болно. Гэтэл ***********ийн баримт дээр тархины доргилтын үед илэрдэг клиник өөрчлөлт багажийн шинжилгээний бичигтэй илрээгүй. Тархи доргилт нь 28 хоногийн дотор бүрэн эдгэх боломжтой ихэнхдээ 2 долоо хоногийн дотор бүрэн эдгэнэ гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 122 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ***********н өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би гэмтлийн эмнэлгийн 2 дугаар давхарт байрлах “Лазер мед” эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байсан. Одоо бол *********** гэх хүний санахгүй байна. Компьютер томографын шинжилгээ нь миний дүгнэлт гаргасан шинжилгээ гарын үсэг мөн байна. Энэ шинжилгээ нь уг нь тамга тэмдэгтэй байдаг. Сүүлд цагдаагийн байгууллагаас хэрэгтэй байна гэсэн учраас би дахин гаргаж, өөрийн биеэрээ гарын үсгийг зурж өгсөн. ***********ийн шинжилгээний хариуг харахад 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 08 цаг 30 минутад хариу нь гарсан байна. Шинжилгээний техник гэдэг нь 1.0 мм нарийвчлалтай, гурван тэнхлэгийн зүслэг, 3D зураг боловсруулдаг компьютер томографаар шинжилгээ хийдэг. Дүрс оношилгооны зураг болон зургийг боловсруулдаг хүн нь өөр технологич гэдэг хүн хийдэг. Би боловсорч гарч ирсэн зургийг уншиж, дүгнэлт бичдэг. ***********ийн шинжилгээний хариунд 2 төрлийн өөрчлөлт илэрсэн. Нэгдүгээр өөрчлөлт нь зүүн талын этмойд, хоншоорын хөндийн салст зузаарсан. Энэ нь харшлын гаралт өөрчлөлт юм. Хоёрдугаарт нь баруун талд чамархайн хэсэгт зөөлөн эдэд хавантай, энэ нь гэмтлийн шалтгаантай өөрчлөлт юм. Бусад шинжилгээний үзүүлэлтүүдэд компьютер томографит илрэх өөрчлөлтгүй. Энэ шууд цохигдсоноос үүсэх боломжтой. Гэмтлийн шалтгаантай үүсдэг зөөлөн эдийн гэмтэл юм... Манай эмнэлэг нь дүрс оношилгооны эмнэлэг учраас өвчтөнд үзлэг хийгдэхгүй. Зөвхөн дүрс оношилгоо хийдэг. Дүрс оношилгооны шинжилгээ болон эмнэл зүйн шинж бусад шинжилгээг харьцуулж, эмчлэгч эмч нь эмнэл зүйн оношоо тавьдаг. Тархи доргилт нь эмнэл зүйн онош тул уг шинжилгээд илрэхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 133-134 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.***********ын өгсөн: “...Манай хүүгийн хувьд огцом маш түргэн ширүүн ууртай болсон ба 2022 оны 6 дугаар сард сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд айдас түгшүүрийн эмгэгтэй болсон байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн. Одоо манай хүү эмээ уухгүй байгаа 2022 оны 07 дугаар сарын дунд үеэр ууж байгаад больсон бөгөөд одоо тухайн эмгэг нь арай гайгүй болчихсон....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар ***********ын өгсөн: “...Тэгээд гэртээ ороод унтсан ба маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өглөө ээж *********** миний өмнөх шөнө нь өмсөж явсан халааснаас нөгөө 10.000 төгрөгийг аваад унааны мөнгө болгож ашигласан. ...би тухайн 10.000 төгрөгийг яг таксины жолоочид гарт нь бариулж өгсөн ба хаана хийсэн талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан маргааш өглөө нь миний халаасанд байсан. Тэр хүн намайг болиоч гэх үедээ над руу шидсэн байж магадгүй гэж бодож байна...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***********эд 100.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Учир нь би тэр хүнийг цохиж зодсон үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байгаа ба түүний биед гэмтэл учруулсандаа гэмшээд хохиролын төлбөр болгож өгсөн. Би анхнаасаа ямар нэгэн байдлаар хохирогч ***********ийг цохиж зодож, мөнгийг нь авах зорилго байгаагүй, тэр хүн над руу орилж чарлаад байхаар нь тэр үйлдлийг нь болиулах гэж түлхэж цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “*********** нь одоогоор сэтгэцийн өвчингүй байна. *********** нь өөрийн насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. *********** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. *********** нь сэтгэцийн хувьд хэрэг чадвартай байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч *********** нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний үүрээр такси үйлчилгээ авах зорилгоор 13-71 УВИ Улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэлд сууж Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын хажууд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас үүрийн 04 цаг 29 минутад 09 секундэд 10.000 төгрөгийг авч, ***********эд өгөхөд тэдгээрийн хооронд таксины төлбөр 16.000 төгрөг болсон гэсэн тооцооны улмаас маргалдсан байдаг.
*********** нь уг 10.000 төгрөгийг авч, цааш тээврийн хэрэгсэлдээ суух гэхэд нь *********** суулгахгүй хэмээн түүнийг мөргөж, шанаа руу нь цохиж, машин руу түлхэж, автомашины урд суудал хэсэгт хажуу тийш харуулсан байдалтай хэвтүүлэн унагааж, дээрээс цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, “миний мөнгө хаана байна” хэмээн заналхийлж, таксины төлбөрт өгсөн 10.000 төгрөгөө хүч хэрэглэж буцаан авсан үйл баримт нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 08 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 09-11 дэх тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-18 дахь тал), Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29/4647 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 20-21 дэх тал), 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ***********ын эзэмшлийн 5163102943 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 22 дахь тал), хохирогч ***********ийн өгсөн: “...би “16.500 төгрөг” гэж хэлэхэд нөгөө залуу “за АТМ ороод аваад ирье” гээд миний машинаас бууж яваад удалгүй АТМ-аас ирэхдээ бэлэн 10.000 төгрөг барьж миний машины хажууд ирснээ над руу хандаж /Би тухайн үед нөгөө залууг хүлээгээд машинаасаа буугаад зогсож байсан юм/ “10.000 болсон биз дээ” гэхээр нь би “үгүй ээ 11 дүгээр хорооллоос эхлээд 120-н мянгат ороод тэгээд тэндээсээ 25-р эмийн сан руу ирсэн шүү дээ. 16.500 төгрөг болсон гээд хэлсэн чинь тухайн залуу “10.000 төгрөг байна шүү дээ” гэхээр нь би тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөгийг аваад машин руугаа суух гэхэд нөгөө залуу цаашаа явах гэж байснаа болиод над руу буцаж миний машины жолооч талын хаалганаас бариад “яасан асуудал байна уу” гэхээр нь би “байхгүй ээ” гэсэн чинь гэнэт намайг миний дух хэсэг рүү нэг удаа мөргөөд миний шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохихоор нь би тухайн залууд хандаж “миний дүү болио, энэ хэсэг чинь камертай шүү, асуудал үүсгэж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түлхээд машиндаа суугаад хаалгаа хаах гэсэн чинь нөгөө залуу намайг машинаас чирч буулгаад “би энэ хавиа бүгдийг нь мэднэ, чамайг алсан ч яадаг юм бэ” гээд орилоод байхаар нь би түлхээд дахиж машинд суусан чинь дахиж миний машин дотор жолооч талын хаалгаар орж ирээд намайг зөндөө олон удаа цохиж /маш их цохисон болохоор хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна/ байснаа зугтаагаад яваад өгсөн. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажууд талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн гэх 10.000 төгрөг алга болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51-53 дахь тал), хохирогч ***********ийн өгсөн: “...Наашаа алхаж байхад нь би автомашинаасаа буугаад очтол надад 10.000 төгрөг өгсөн. Би 16.000 төгрөг болсон шдээ 10.000 төгрөг бишээ гээд хэлсэн. Би согтуу хүн болохоор нь 10.000 төгрөгийг нь аваад өөрийнхөө автомашин руу явсан. Би 10.000 төгрөгийг нь түрүүвчиндээ хийсэн байсан. Араас хүрч ирээд чи яахаараа надаас мөнгө авдаг юм гээд намайг эргэж харахад миний дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Миний шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би тухайн үед энэ хавьд камертай шүү гээд хэлсэн. Тэр камер чинь яадаг юм гэж хэлсэн. Намайг жолооч талын хаалгаар түлхэж оруулаад өөрөө машин дотор орж ирээд дээрээс цохиж эхэлсэн. Би хажуу тийшээ биеэ хамгаалаад голын хайрцаг дээр хажуу тийшээ хэвтсэн байдалтай байсан. Миний толгой бараг жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Миний түрүүвч нөгөө залуу цохиж эхлэх үед миний гарт байсан. Нөгөө залуу намайг цохиж эхлэх үед жолоочийн эсрэг талын суудал дээр түрүүвч унасан. Намайг цохих үедээ миний мөнгө хаана байна гээд байн байн дээрээс цохиод байсан. Би нөгөө дээрэмддэг залууд хандаж мөнгө чинь түрүүвчинд байгаа гээд хэлсэн. Намайг учир зүггүй цохиод байсан учраас би маш их айсан согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод түрүүвчинд мөнгө чинь байгаа шдээ зүгээр яваа гээд хэлсэн. Чи муу надаас мөнгө авахгүй за юу гээд дээрээс цохиж цохиж байснаа жолоочийн эсрэг талын суудал дээр унасан түрүүвчнээс мөнгийг нь аваад түрүүвчийг нь шидчихээд жолооч талын хаалгаар гараад урагшаа зам хөндлөн гараад гүйгээд зугтаасан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 25-27 дахь тал), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 28-35 дахь тал), ***********ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 08:30 минутад “Лазер мед” эмнэлэгт үзүүлж, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн тухай баримт (1-р хавтаст хэргийн 117 дахь тал), Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1-р хавтаст хэргийн 118 дахь тал), гэрч ***********гийн гэрчээр өгсөн: “...*********** овогтой *********** гэх хүнд 2022 оны 6 дугаар сарын 14-ний 04 цагт үзлэг хийсэн байна. Тухайн хүний биед зодуулсны улмаас тархины битүү гэмтэл буюу S.06 олон улсын дугаар ангиллын дагуу урьдчилсан онош тавигдсан байна. Энэ нь гэмтэл мөн. Харьяа дүүрэг рүү явуулсан байх. Буцаж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. S.06 гэдэг нь толгойн гэмтлийн ерөнхий онош нарийвчилсан оношийг шинжилгээ хийж тогтооно. Юунаас ч үүсэх боломжтой. Бүх төрлийн механик үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11535 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн109-110 дахь тал), шинжээч О.Болороогийн өгсөн: “...Тархи доргилт нь 28 хоногийн дотор бүрэн эдгэх боломжтой ихэнхдээ 2 долоо хоногийн дотор бүрэн эдгэнэ гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 122 дахь тал), гэрч ***********н өгсөн: “...***********ийн шинжилгээний хариунд 2 төрлийн өөрчлөлт илэрсэн. Нэгдүгээр өөрчлөлт нь зүүн талын этмойд, хоншоорын хөндийн салст зузаарсан. Энэ нь харшилын гаралт өөрчлөлт юм. Хоёрдугаарт нь баруун талд чамархайн хэсэгт зөөлөн эдэд хавантай, энэ нь гэмтлийн шалтгаантай өөрчлөлт юм. Бусад шинжилгээний үзүүлэлтүүдэд компьютер томографи илрэх өөрчлөлтгүй. Энэ шууд цохигдсоноос үүсэх боломжтой. Гэмтлийн шалтгаантай үүсдэг зөөлөн эдийн гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 133-134 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатаас “...Дээрэмдэх санаа зорилго байсан бол АТМ-аас мөнгө авсан бэ, маргаан үүссэн. Зодолдсоноо хүлээн зөвшөөрдөг. Харин дээрэмдээгүй. 11-р хорооллоос 25-р эмийн хүртэл хэдэн км болдог вэ гэдгийг тогтоогоогүй. Хэргийн материалтай танилцуулаагүй. Хохирогч тогтвортой мэдүүлэг өгдөггүй. Мөрдөгч хөтөлж мэдүүлэг авдаг. Сүүлийн мэдүүлэг дээр прокурорын хүссэнээр мэдүүлэг өгсөн байдаг. Үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь зөрчлийн шинжтэй асуудал байхад яллаж байна. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвлхамаас “дээрэмдэх, булаах гэдгийг Монгол хэлний тайлбар тольд тусгасан. Нотолбол зохих асуудал буюу субьектив санаа зорилгыг тогтоогоогүй. Түрийвч нь ямар загварын, мөнгө авахад хэрхэн нээгддэг зэрэг ямар түрийвч байсан бэ гэдэг нэг ч асуулт байдаггүй. Түрийвч байсан эсэх нь эргэлзээтэй. Түрийвч ямар байдалтай байсан, түүнд цаас мөнгө юу байсан талаар мэдүүлээгүй. Бэлэн мөнгө түрийвчинд байсан бол хохирогч хаагуур яваад бэлэн мөнгөтэй болсон бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах боломжтой байсан. Хохирогч нь бусдыг гэмт хэрэгт гүтгэж байна. Зөрчлийн маргааныг гэмт хэрэг болгож байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан билээ.
Тухайлбал, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн тухайд огт хүч хэрэглээгүй, эсвэл дээрх зорилгогүй хүч хэрэглэсэн байдал, тухайлбал эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс нь гаргах, алдагдуулах зорилгоор хохирогч төвөөс гадагш чигтэй хүч хэрэглэсэн, энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүй байдгаараа эдгээр гэмт хэргүүдэд хэрэглэсэн хүч хоорондоо ялгагдах учиртай.
Энэ хэргийн тухайд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлээс үзэхэд хохирогч *********** нь “үл таних хүнд зодуулсан” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд, “... Намайг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ны урд дээрэмдсэн гэх хүн 170-180 орчим см өндөртэй бор царайтай, урт үстэй эрэгтэй хүн байсан. Би тухайн хүний нүдийг хараад шууд таньж байна” гэх тэмдэглэл, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн өгсөн агуулгын зөрүүгүй мэдүүлэг, яллагдагчаар ***********ын “би тухайн 10.000 төгрөгийг яг таксины жолоочид гарт нь бариулж өгсөн ба хаана хийсэн талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан маргааш өглөө нь миний халаасанд байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэргээс дүгнэхэд шүүгдэгч *********** нь хохирогч ***********эд таксины төлбөрт төлсөн 10.000 төгрөгийг хүч хэрэглэж буцаан авсныг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***********т холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт мэдүүлгүүдийг үндэслэсэн болно.
Таксины төлбөр тооцоо 16.000 төгрөг гарсан гэхэд нь шүүгдэгч *********** нь 10.000 төгрөгийг АТМ-аас авч хохирогч ***********эд өгч түүний эзэмшилд шилжүүлэн өгсөнийхөө дараа маргаан үүсгэж хохирогчийг мөргөж, шанаа руу нь цохиж, машин руу түлхэж, автомашины урд суудал хэсэгт хажуу тийш харуулсан байдалтай хэвтүүлэн унагааж, дээрээс цохих зэргээр хүч хэрэглэн халдсан үйлдлээр таксины төлбөрт төлсөн 10.000 төгрөг хаана гэж буцааж авсан түүний идэвхтэй үйлдэл, хохирогчийн эзэмшлээс өөрт хууль бусаар авахад чиглэгдсэн түүний хүч хэрэглэсэн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж санаатайгаар төлбөрт төлсөн мөнгийг буцаан авсан нь субьектив шинжид, хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэн халдсан нь обьектив шинжийг хангаж байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаардахгүй ч хохирогчийн түрийвчинд 30.000 төгрөг баттай байсан эсэх нь бусад баримтуудаар давхар нотлогдоогүй учир эргэлзээ бүхий байна гэж шүүх үзсэн болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хохирогч ***********ээс ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй” гэж мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж мэдэгдсэн зэргийг харгалзан шүүгдэгч ***********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хохирол төлсөн, нөхцөл байдлыг буруугаар андуурсан зэргийг харгалзан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвлхам дэмжиж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.
Шүүгдэгч *********** нь гэм буруугийн хувьд маргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн нөхцөл шаардлагыг хангахгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Иймд шүүхээс шүүдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон ***********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүйг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгчид ***********т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.
Шүүхээс хорих ял оногдуулсан шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *********** овогт ***********ын ***********ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***********т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *********** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ