| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0942/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1094 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1094
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Аминаа,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
хохирогч ***********,
шүүгдэгч ***********, өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405046410124 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь хохирогч ***********гийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ***** тоот гэртээ авдартаа хадгалж байсан Хятад улсын мөнгөн тэмдэгт болох 7133 юанийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,380,526.84 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруутай үйлдэл учир мэдүүлэг өгөхгүй. Мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Хохирогчоос уучлалт гуйя” гэв.
Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчтэй 5-6 жилийн өмнө танилцаж үерхээд хүүгээ төрөхөөс өмнө манай гэрээс явсан. Туслаач гэж шүүгдэгчээс гуйсан. Манайд байхдаа авдраас юань хулгайлсан. Манайд бэлэн мөнгө байгааг шүүгдэгч л мэдэж байсан. Бусад хүмүүс мэдээгүй. Тун их гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 2405046410124 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********гийн: “Би танил ***********той дайралдахад гадна пасад хийж байгаа гэсэн. Би тагтаа сунгах гэж байгаа, хүн хэрэгтэй байна гэдгээ хэлэхэд *********** “би туслаад өгье, чаддаг хүнийг нь олоод өгье” гэж хэлсэн. 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр *********** нь барилгын ажил хийлгэхээр эхнэр, нөхөр 2 хүнийг дагуулаад манай гэрийн тагт сунгах ажлыг хийж эхэлсэн. Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр *********** нь манай хөрштэй архи уугаад явж байсан. ...Гэтэл хөршийн хүмүүс “танай барилгын ажил хийж байгаа хүн 100 юань барьчихсан, өөрөө уруу татаад архи уулгасан байна лээ” гэхээр нь би гайхаад гэр лүүгээ орсон. Би авдар дотроо 11,433 юань хадгалж байсан юм. Авдарын монгол цоож цоожтой хэвээрээ байсан. Цоожийг тайлаад мөнгөө харсан чинь гялгар ууттай боолттой мөнгө байсан. Илтэд дутсан харагдсан. Тоолоод үзэхэд 4,300 юань байсан. *********** ороод ирэхээр нь “Чи авдраас юань хулгайлсан байна, хэдэн төгрөг хэзээ хулгайлсан бэ” гэхэд “би наад юаныг чинь авснаа хүлээж байна, нилээн мөнгө авсан” гэж хэлсэн. “Битгий цагдаа дуудаж өгөөч” гээд надаас гуйсан. Манай авдар дотроос 7133 юань алга болсон байсан. Монгол төгрөгөөр 3,400,000 төгрөг болно. *********** уг нь хов хоосон, мөнгө ч байхгүй байсан, 4-5 хоногийн өмнөөс илт мөнгөтэй болчихсон байсан. Яаж мөнгөтэй болсныг нь асуухад өмнө ажиллаж байсан ажлынхаа газраас 2,500,000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө авсан гэсэн. Над руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Алдсан мөнгөө олж авмаар байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Гэрч ***********: “...Энэ оны 8 дугаар сарын үед байх өдрийг нь хэлж мэдэхгүй байна. *********** эгчийнд байхад ***** тоотод засвар хийж байсан гэх залуутай таарсан. Тухайн залуу архи уусан бололтой намайг “цуг явах уу” гэхээр нь “тэгье” гэсэн. Тэр залуу дэлгүүр ороод 1 шил юм аваад уугаад, дахиад 1 шил архи аваад явж байхад *********** гэх хүүхэнтэй таарсан чинь зугтаагаад яваад өгсөн. Маргааш нь байх *********** надтай уулзаад “та хоёр ямар мөнгөөр архи авч уусан бэ” гэж асуухад нь би түүнд хандаад “ямар ч гэсэн гадаад мөнгө байсан, Монгол мөнгөөр аваагүй” гэдгийг хэлсэн. Тухайн үед архи уусан байсан болохоор яг ямар дэлгүүрээс авснаа санахгүй байна. Ямар ч байсан тооцоо хийж байхдаа гартаа гадаад валют барьсан байсан” гэх мэдүүлэг (хх-32 дахь тал),
Монгол банкны 2025.02.10-ны өдрийн Б-11/111 дүгээр “Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юанийн ханшийн мэдээлэл ...2024.08.10-28-ны хооронд 471.34- 474.22...” гэх албан бичиг (хх-75-76),
дуудлагын лавлагааны хуудас (хх-1), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), хохирогчийн юань солиулсан гэх кассын зарлагын ордер (хх-21), Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас (хх-26), мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгах тухай” тогтоол (хх-27),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49, 61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-64-65), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-51), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-54), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-55), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-56, 60), шийтгэх тогтоолын хуулбар (хх-70-73), Хорих ял эдлүүлэх албаны “*********** нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.20-ны өдрийн 836 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял шийтгүүлэн, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн бөгөөд хорих ял эдлээгүй байна” гэх албан бичиг (хх-74) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** нь хохирогч ***********гийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ***** тоот гэртээ авдартаа хадгалж байсан Хятад Улсын мөнгөн тэмдэгт болох 7133 юанийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,380,526.84 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлж байгаа. 3,380,527 төгрөгийн төлөх төлбөртэй байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Төлөхөө илэрхийлж байгаа...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** нь хохирогч ***********гийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ****** тоот гэртээ авдартаа хадгалж байсан Хятад Улсын мөнгөн тэмдэгт болох 7133 юанийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,380,526.84 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********гийн “...хөрш айлын хүмүүс “танай барилгын ажил хийж байгаа хүн 100 юань барьчихсан өөрөө уруу татаад архи уулгасан байна лээ” гэхээр нь би гайхаад гэр лүүгээ орсон. Би авдар дотроо 11,433 юань хадгалж байсан. Тоолоод үзэхэд 4,300 юань үлдсэн байсан. ...*********** “би наад юаныг чинь авснаа хүлээж байна...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-8-9), гэрч *********** “...тэр залуу *********** гэх хүүхэнтэй таарсан чинь зугтаагаад яваад өгсөн. ...“ямар ч гэсэн гадаад мөнгө байсан, Монгол мөнгөөр аваагүй” гэдгийг хэлсэн. Ямар ч байсан тооцоо хийж байхдаа гартаа гадаад валют барьсан байсан...” гэх мэдүүлэг (хх-32), Монгол банкны албан бичиг (хх-75-76) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч***********ын хохирогчийн гэрт барилгын засварын ажил хийж байхдаа хохирогчийн авдартаа хадгалж байсан БНХАУ-ын мөнгөн тэмдэгтээс 7133 юань буюу 3,380,527 төгрөгийг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********д 3,380,527 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогчийн “Өчигдөр над руу 150,000 төгрөг шилжүүлж өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-8-9)-ийг үндэслэн хохирлын дүнгээс 150,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс үлдэх 3,230,527 төгрөгийг гаргуулж, хохирогч *********** (*******)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, дэмжлэг үзүүлсэн, ажил эрхэлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял дээр 360 цагийн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 45 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сар 15 хоногийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
хохирогч “Байцаагдаж байхдаа мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй. Тун их гомдолтой байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь хохирогчийн гэрт барилгын засварын ажил хийж байхдаа авдартаа хадгалж байсан мөнгөнөөс 7133 юань хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 3,380,527 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, урьд хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн боловч тэнссэн хугацаанд дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 6 (зургаа) сарын хорих ял шийтгэлээ.
Шүүгдэгч ***********ыг урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоол (хх-70-72)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч 2024.08.20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заажээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч ***********т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 (долоо) сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч **** овогт *******ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 6 (зургаа) сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоолын “шүүгдэгч ***********ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан” шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***********т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 (долоо) сараар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********оос 3,230,527 төгрөг гаргуулж, хохирогч *********** (********)-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР