Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2022/00221

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: И овогт Б-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Увс аймгийн Э газарт холбогдох,

Увс аймгийн Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Б.Ц Увс аймгийн Э газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаалын дагуу тус Э газрын харуулаар ажилд орсон. Монгол улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтын дагуу ТҮ-1-1-р шатлалаар 451.569 төгрөгөөр цалинжихаар болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл Э газрын дарга А намайг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд ажлаас чөлөөлсөн гэж ажлуулаагүй бөгөөд миний бие шүүхэд хандаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай шийдвэрээр ажилдаа эргэж орсон. Ажилдаа ороод 4 сар орчим болж байтал дахин байгууллагын бүтэц хийсэн гэж Увс аймгийн Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын бүтэц 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар хийгдсэн байдаг бөгөөд тус бүтцийн дагуу 4 харуулын орон тоотой байсан гэтэл намайг ажлаас чөлөөлөхийн тулд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг дарга дахин бүтэц хийж харуулын орон тоог байхгүй болгож, уг бүтцийг үндэслэн Эрүүл мэндийн газрын дарга намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие тус ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад мэдэгдэл өгсөн, тухайн мэдэгдэл одоо надад байхгүй тул хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. Мэдэгдэлд хэзээнээс ажлаас чөлөөлөх талаар бичсэнийг мэдэхгүй байна. Санхүү мөнгөний хүрэлцээгүй байгаагаас цомхотгол хийх болсон тул жолооч нарын тоог ч цөөлнө гэж байсан. Одоо харуулаар ажиллаж багйаа хүмүүс бидний өмнө нь ажиллаж, авч байсан цалингаас илүү авч байгаа юм байна лээ, хэмнэсэн зүйл байхгүй байна гэж ойлгож байна. Иймд Увс аймгийн Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаапыг хүчингүй болгож, Б.Ц намайг урьд эрхлэж байсан ажил болох Увс аймгийн Э газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Монгол улсын нэрийн өмнөөс явж байгаа шүүн таслах ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж байна гэж харж байна. 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийхэд зүгээр байсан дэвтрийг алга болчихсон гэж 2 сар орчим хугацааны дараа, өнөөдөр олдлоо гэж ийм байдалтай дэвтэр гаргаж ирж байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол ял оногдуулна гэж заасан ба энэ нь гэмт хэрэг болно гэсэн үг юм. Энэ үйлдлийг нь зохих байгууллагад нь шалгуулна гэдгээ хэлмээр байна. Эрүүл мэндийн газар дээр байгаа тушаал нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэх огноотой, Б.Ц-д гардуулсан тушаалын дугаар нь адилхан боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэх огноотой 6 хоногийн зайтай байна. Энэ боломжтой юу? Миний хувьд хардах эрхтэй, нөхөж хийсэн гэж хардаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар бүтэц орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж нэг сарын хөдөлмөрийн хөлстэй энцэх хэмжээний тэтгэмж олгосон. Хамт ажиллаж байгаад халагдсан 3 харуулд тэтгэмж олгоогүй. Энэ нь Б.Ц-с бусад 3 харуулыг халах зорилгыг анхнаасаа агуулаагүй гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/45 дугаартай захирамж болон, Э газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар харуулын 4 орон тоо хасагдсан юм бол яагаад Б.Ц-той хамт ажиллаж байсан 3 харуул өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байгаа юм бэ гэх асуудал байгаа. Эдгээр 3 харуулаас гэрчээр мэдүүлэг авахад тасралтгүй ээлжинд гарч ажиллаж байгаа, ажил хүлээлцсэн гарын үсэг миний гарын үсэг мөн, цалингаа Б даргаас бэлнээр авч байгаа тухайгаа мэдүүлж, хүлээн зөвшөөрдөг. Гэрч нарын мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой мэдээлэл гэж харж байна. Яагаад гэвэл гэрч нар нь үзэж харснаа биш, өөрт тохиолдож байгаа болсон үйл явдлын талаар мэдүүлж байгаа учраас гэр нарын мэдүүлгийг үнэн гэж үзэж байна. Ийм учраас орон тоо хасагдсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан. Э газрын дарга А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, Б.Ц-г Э газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Э газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Увс аймгийн Э газрын харуулаар ажиллаж байсан бөгөөд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамж гарч Увс аймгийн Э газрын харуулын 4 орон тоо хасагдсан байдаг. Улмаар дээд шатны байгууллагын шийдвэр буюу энэ захирамж гарсантай холбоотойгоор Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/28 тоот тушаал гарч Э газрын харуулаар ажиллаж байсан Б.Ц-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. 1 сарын мэдэгдэл өгсөн нь үнэн. Тухайн мэдэгдлийг 1 хувь үйлдээд Б.Ц-д өгсөн. Э газарт Б.Ц-д өгсөн мэдэгдэл байхгүй. Мэдэгдэл өгөхдөө би хэлэхэд 4 хүнээс нь 3 зөвшөөрсөн, нэг нь ямар ч хариу хэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч намайг Цагдаагийн байгууллагад шалгуулна гэж байна. Эрхийнхээ дагуу шалгуулж болно. Гэвч харуулууд нь гэрээт хувийн компанийн ажилтнууд, хувийн компанийн ажилтнуудын хоорондоо ажил хүлээлцэж, бүртгэдэг дэвтрийг би хамгаалж хадгалах үүрэггүй, миний харж хамгаалах эд хөрөнгө тусдаа байгаа. Тайлбарын хувьд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/110 тоот Увс аймгийн Засаг даргын захирамжаар Э газрын бүтэц орон тоог баталсан ба уг захирамжийн хавсралтад Гэрээт харуул хамгаалалтын алыаар үүрэг гүйцэтгүүлнэ гэж бичсэн байсан. Тухайн үеийн удирдлагууд эдгээр хүмүүстэй хөлсөөр ажиллах гэрээ гэх гарчигтай гэрээ байгуулсан боловч заалт болон агуулга нь хөдөлмөрийн гэрээний заалттай байсан. 2021 онд Засаг даргын захирамж гарахад харуулуудын нийгмийн даатгал төлөгдөхгүй байна. Нийгмийн даатгалыг нь төлж баталгааг нь дээшлүүлье гээд үндсэн ажилтан болгохын тулд засаг даргын захирамж гаргасан. Гэтэл цалингийн сан дутаж, 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гарсан А/37 дугаартай сайдын тушаал дээр харуул гэдэг орон тоо хасагдсан байсан. Энэ заалтыг баримтална гэж шат шатны байгуулага болон Аудитаас хэлсэн учраас 2021 оны Б/45 тоот Засаг даргын захирамжаар харуулын орон тоо хасагдаж баталсан тул манай байгууллага дээрх захирамжийг хэрэгжүүлэхийн тулд орон тоог хасч баталсан. Хасчихаад яагаад ажиллуулаад байгаа вэ? гэвэл цалингийн төсөв хүрэхгүй байгаа боловч манай байгууллагад ихэнхи нь эмэгтэйчүүд ажилладаг учраас гэнэт эм тариа ирж, зөөх гэх мэт ажил гардаг тул харуул заавал ажиллах шаардлагатай болсон. Харуул хамгаалалтын албаар гэрээг гүйцэтгүүлэхдээ ажлаа мэддэг хуучин хүмүүсээ авч ажиллуулах нь дээр гээд гэрээгээ байгуулсан. Тэтгэмжийн хувьд тохиролцсоны үндсэн дээр өгсөн. Бэлэн мөнгөөр цалин өгөх ямар ч боломжгүй, төрийн сангаас тухайн компанийн дансанд ордог, тухайн компани нь ямар байдлаар цааш дамжуулж байгааг мэдэхгүй. Сайдын тушаал, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төсөв мөнгөндөө тааруулаад 4 харуулын орон тоог цомхотгосон. Иймд Б.Ц-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэггүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Э газрын дарга нь дээд шатны байгууллагаас орон тооны цомхотгол хийсэн шийдвэрийн дагуу ажлын байрыг нь цомхотгосон хүний хөдөлмөрийн гэрээг л цуцалсан. Хөдөмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу бүтэц орон тоонд өөрчлөлт орсны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хуулийн заалт нь үндэслэлтэй. Энэ тухайгаа хуулийн дагуу нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн үед цар тахлын үе тохиосон ба Э газар нь өндөржүүлсэн бэлэн байдалд байсан учраас зайлшгүй харуул хамгаалалтын шаардлага гарсан. Гэрээ байгуулж ажиллах нь төсөв санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байсан, мэдэгдэх хуудас өгөхдөө харуулуудад ийм боломж байгаа тухайгаа хэлсэн. Б.Ц миний ажлын байрыг хууль бусаар цомхотгосон гэж нэхэмжлэл гаргасан. Ажиллаж байсан учраас хөдөлмөрлөх эрхийг нь хангахын тулд өмнө нь ажиллаж байсан харуулуудыг ажлаа мэддэг гэдэг утгаар санал тавьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгчийг заналхийлж Цагдаагийн байгууллагаар шалгуулна шүү гэж байгаа нь зохисгүй байна. Өмгөөлөгч эрх ашгийг хамгаалж байгаа хүнийхээ өмнөөс бүх байгууллагад хандах эрхтэй байдаг. Нотлох баримтын хувьд шүүх хуралдаанд гаргаж өгсөн дэвтэрт шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдээл баталгаажуулаад авчихсан. Хадгалах үүрэг нь Б-д байгаа гэж үзэж байгаа бол шалгуулах газарт нь хандаж шалгуулах нь эрхийнх нь асуудал. Эрүүл мэндийн яамны захирамж болон тухайн шатны Засаг даргын захирамж гараад, гарсан захирамжийн дагуу Э газрын дарга тушаал гаргасан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасныг зөрчөөгүй, Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Увс аймгийн Э газарт холбогдуулан Увс аймгийн Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ...Харуулын орон тоо хасагдсан тул Б.Ц-ийг ажлаас чөлөөлсөн. Энэ шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь Увс аймгийн Э газарт харуулаар ажиллаж байгаад Увс аймгийн Э газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн газрын орон тоо хасагдсан тул харуул Б овогтой Ц-ийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Увс аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/609 тоот Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай захирамжаар Увс аймгийн Э газар нь 4 харуулын орон тоотойгоор батлагдсан ба Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 тоот Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай тушаалаар Увс аймгийн Э газрын харуулын орон тоо хасагджээ.

Увс аймгийн Э газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 тоот Бүтэц орон тоо, цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг баталжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ...орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх заалтыг хэрэгжүүлж хуулийн хугацаанд мэдэгдэл өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт Мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуудас гэх баримтын 2-рт Б.Ц, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, гарын үсэг хэсэгт Б.Ц гэх гарын үсэг зурагдсан баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэл өгсөн нь үнэн гэж тайлбарлаж байгаа боловч, хэрэгт тухайн мэдэгдэл авагдаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэгч Б.Ц-д 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдлийг гардуулсан. Тухайн мэдэгдлийг 1 хувь үйлдээд Б.Ц-д өгсөн, Увс аймгийн Э газарт нэхэмжлэгч Б.Ц-д өгсөн мэдэгдэл байхгүй гэх, нэхэмжлэгч Б.Ц-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад мэдэгдэл өгсөн нь үнэн. Тухайн мэдэгдэл одоо надад байхгүй тул хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөөгүй гэх тайлбар гаргасан ба мэдэгдэл өгсөн боловч тухайн мэдэгдэлд юу нэхэмжлэгч Б.Ц-ийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс, ямар үндэслэлээр чөлөөлөх талаар бичигдсэн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Ц-д гардуулсан Увс аймгийн Э газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалд Эрүүл мэндийн газрын харуулын орон тоо хасагдсан тул харуул Б овогтой Ц-ийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж бичсэн, харин Увс аймгийн Э газрын бичиг хэргийн ажилтан С-ийн компьютерт байх скайнердсан файлаас үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан Увс аймгийн Э газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/28 тоот тушаалд Э газрын харуулын орон тоо хасагдсан тул харуул Б овогтой Ц-ийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж бичсэн ба дээрх 2 тушаалын дугаар Б/28 гэж ижил боловч өдөр нь зөрүүтэй буюу зөрчилтэй байгаагаас харахад нэхэмжлэгчид гардуулсан тушаал, хариуцагч байгууллагад байгаа тушаалд гаргасан, түүнийг ажлаас чөлөөлсөн өдөр зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийг ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байх тул Увс аймгийн Э газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц-ийг Увс аймгийн Э газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Б.Ц-той хамт ажиллаж байсан харуулууд одоо ч ажлаа хийж байгааг нотлож байгаа хэмээн 4 ширхэг фото зургийг хавсаргасан ба энэхүү зургийг хэн хэзээ ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, хариуцагчаа гаргаж ирүүлсэн цаг бүртгэлийн дэвтэр, жижүүрийн дэвтэр, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 тоот Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ, Бошигтын хишиг ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №01 тоот Ажилд авах тухай тушаал, Бошигтын хишиг ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №02 тоот Ажилд авах тухай тушаал, Бошигтын хишиг ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №03 тоот Ажилд авах тухай тушаал, хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээний ажлын тайлангийн эмхэтгэл, цалин бэлнээр гарт олгосон бүртгэл гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй тул тус тус үнэлээгүй болно.

Мөн гэрч Н, Б, Ө нар нь Увс аймгийн Э газарт ээлжээр харуулаар ажиллаж байгаа талаар мэдүүлгүүд өгчээ. Харин гэрч Г харуулуудын ажлыг хүлээлцүүлдэг талаар, гэрч Х Увс аймгийн Э газарт 3 ээлжийн харуул ажилладаг гэж сонсож байсан, гэрч П  Намайг ээлжинд гарах үед Увс аймгийн Э газарт харуулууд ажилладаг эсэхийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлгүүд өгчээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Э газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс аймгийн Э газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц-ийг Увс аймгийн Э газрын харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Э газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР