| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0939/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1093 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1093
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308014030777 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, “***********” нэртэй зочид буудалд хохирогч ***********эзэмшлийн “Iphone ХR” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Согтуурсан үедээ тийм болчимгүй үйлдэл хийсэн. Их харамсаж байна. Хохирлоо төлөөгүй, төлөхөд бэлэн, төлөхөө илэрхийлж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй гэдгээ амалж байна. Цаашид зөв замаар амвдрах болно” гэв.
Эрүүгийн 2308014030777 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр найз ***********тай уулзаад “***********” гэх пабад сууж байхад ***********гэх залуутай таараад *********** утасны дугаараа өгөөд салсан. Маргааш нь 4 дүгээр сарын 23-ны ...12 цагийн үед ***********гэх хүн ***********тай утсаар холбогдоод хүрч ирсэн. Тэгээд бид нар нэг шил архи, идэж уух юм аваад буцаад буудал руугаа орсон. 17 цагийн орчимд ***********гараад явсан. Удалгүй *********** “гар утсаа өгч бай, миний утас болохгүй байна” гэхээр нь цүнхэндээ хийсэн утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд ***********, *********** бид нар ***********гэх залууг авсан байна гээд араас нь гарахад яваад өгсөн байсан. *********** гараад явсны дараа ***********ын цүнхнээс гар утсаа авах гэтэл цүнх нь онгорхой, мөн цүнхийг оосроор нь боогоод тавьсан байсан. ***********ийн сууж байсан гэх үүдний өрөөнд миний гар утас ***********ын цүнхэнд байсан. Iphone XR гар утас байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 30-31 дэх тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023.04.26-ны өдрийн Ц-395 дугаар тайланд: “iphone xr маркын гар утас 1 ширхэг 720,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
Шүүгдэгч Г.***********ийн яллагдагчаар өгсөн: “...Бид нар буудлын өрөөнд архи ууж байхдаа *********** гэх эмэгтэй нь над руу жаахан агсраад аашлаад байхаар миний бие согтуу үедээ утсыг нь хэлэлгүйгээр авч гараад явсан болно. Гудамжинд “гар утас, авна зарна” гээд байсан хүмүүс дунд очоод 150.000 төгрөгөөр зарсан. Согтуудаа болчимгүй үйлдэл гаргасан байна, маш их харамсаж байна. Хохирлыг заавал бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
дуудлагын лавлагааны хуудас (хх-15), зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-16), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-17),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-106), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-105), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг (хх-54), шийтгэх тогтоолын хуулбар (хх-56-57), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хх-81) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” нэртэй зочид буудалд хохирогч ***********эзэмшлийн “iphone ХR” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлөгдөөгүй тул 720,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, “***********” нэртэй зочид буудалд хохирогч ***********эзэмшлийн “Iphone XR” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********“...Бид нар архи уусан. ***********ийн сууж байсан гэх үүдний өрөөнд миний гар утас ***********ын цүнхэнд байсан. Намайг хэвтэж байтал хаалга дуугараад хүн гараад явахаар нь би гар утсаа шалгаж үзтэл байхгүй байхаар...” гэх мэдүүлэг (хх-26-27, 30-31), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “iphone xr маркын гар утас 1 ширхэг 720,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-37-39), шүүгдэгч Г.***********ийн “...согтуу үедээ *********** гэх эмэгтэйн гар утсыг хэлэлгүйгээр авч гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-49-50) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.***********ийн хохирогчтой зочид буудлын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогчийн утсаа хийсэн байсан цүнхнээс “Iphone XR” маркын гар утсыг хулгайлан авч 720,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********720,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй, хохирогчийн “Утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-30-31)-ийг үндэслэн шүүгдэгч Г.***********өөс 720,000 төгрөг гаргуулж, хохирогч ***********(*****)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай мэтгэлцээд өөр санал хэлээд байх үндэслэлгүй байна. Хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад шүүгдэгч нь хохирогчийн цүнхэнд байсан утсыг хулгайлан авч, зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 720,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Утсаа олж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч ***********гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах шаардлагагүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.***********ийн 2025.03.25-ны өдрөөс 2025.04.18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 (хорин дөрөв) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 5 сар 06 хоногоор тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***** овогт ********ын ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***********ийн цагдан хоригдсон 24 (хорин дөрөв) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 5 сар 06 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***********өөс 720,000 (долоон зуун хорин мянга) төгрөг гаргуулж, хохирогч ***********(*********)-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР