Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2022/00019/И |
Дугаар | 152/ШШ2022/00263 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2022/00263
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн П газрын,
Хариуцагч: Б овогт М-ийн С-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.165.168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч С /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Тэс сумын 6 дугаар багийн иргэн М-ийн С нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Тэс сумын Сум хөгжүүлэх сангаас Гэр ахуйн модон эдлэл хийх ажлын чиглэлээр 5,000,000 төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан байна. Гэрээний дагуу зээлийн хүүд 315.165 төгрөг, нийт 5.315.000 төгрөг төлөхөөс, 149.997 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг төлөөгүйгээс төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Увс аймгийн Тэс сумын засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 231 дугаартай албан бичгээр холбогдох мэдээллийн хамт П байгууллагад ирүүлсэн. Иргэн С нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүг 8 жилийн хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргийг зөрчжээ. Иймд төлөөгүй 5.165.168 төгрөгийг тус Тэс сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны 100151555401 тоот дансанд оруулахаар П тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. П нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С нь Увс аймгийн Тэс сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 5,000,000 төгрөг авсан болно. Хариу төлөлт хийгээгүй. Тухайн үед 20,000,000 төгрөгийн материал өгсөн боловч 5,000,000 төгрөг өгсөн. Ажлын байр барих зорилгоор одоо хэн ч ашиглаж болохоор 11х9 харьцаатай байшин барьж шинээрээ байгаа бөгөөд хүүдүүд оюутан болж Улаанбаатар хотод нүүж ирсэн. Одоо ч төлөх боломжгүй байна. Уг зээлийг боломжгүй тул төлж чадахгүй. Мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Байраа зарах буюу эрсдлийн сангаас төлүүлэх боломж олгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн П газар нь хариуцагч С-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,165,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Тус аймгийн Тэс сумын 6 дугаар багийн иргэн М-ийн С нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Тэс сумын Сум хөгжүүлэх сангаас Гэр ахуйн модон эдлэл хийх ажлын чиглэлээр 5,000,000 төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан байна. Гэрээний дагуу зээлийн хүүд 315.165 төгрөг, нийт 5.315.000 төгрөг төлөхөөс, 149.997 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг төлөөгүйгээс төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг Увс аймгийн Тэс сумын засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 231 дугаартай албан бичгээр холбогдох мэдээллийн хамт П байгууллагад ирүүлсэн. Иргэн С нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүг 8 жилийн хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргийг зөрчжээ. Иймд төлөөгүй 5.165.168 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.
Хариуцагч С Миний бие С нь Увс аймгийн Тэс сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 5,000,000 төгрөг авсан болно. Хариу төлөлт хийгээгүй. Тухайн үед 20,000,000 төгрөгийн материал өгсөн боловч 5,000,000 төгрөг өгсөн. Ажлын байр барих зорилгоор одоо хэн ч ашиглаж болохоор 11х9 харьцаатай байшин барьж шинээрээ байгаа бөгөөд хүүдүүд оюутан болж Улаанбаатар хотод нүүж ирсэн. Одоо ч төлөх боломжгүй байна. Уг зээлийг боломжгүй тул төлж чадахгүй. Байраа зарах буюу эрсдлийн сангаас төлүүлэх боломж олгож өгнө үү. Мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч С нь Увс аймгийн Тэс сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, гэр ахуйн модон эдлэл хийх, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлдсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд Увс аймгийн Тэс сумын Сум хөгжүүлэх сан, С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэвч хариуцагч С зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, мөн зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу Увс аймгийн Тэс сумын Сум хөгжүүлэх сан, С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна.
Нэхэмжлэгч Увс аймгийн П газар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 2 жил, 3 сар, 25 хоногоор хэтрүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн П газрын хариуцагч С-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,165,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн П газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн П газрын хариуцагч С-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,165,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн П газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР