| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/1010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1103 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1103
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Аминаа,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч ***********, өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000001032 дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар дугаар сарын 17-18-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч буюу өөрийн төрсөн ах ***********хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгой хэсэг рүү нь цохиж зууралдан эрүүл мэндэд “хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт, баруун сарвуу, хоёр шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2410000001032 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********: “2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ахын хүүхдийн хурим нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан хилл”-д болсон. Тухайн арга хэмжээнд хүү ***********, ***********, бэр ***********, хүү ***********, бэр *********** нарын хамт 18 цагийн үед очсон. 23 цаг өнгөрөөд тараад хүмүүс цуваад явцгаасан. Бид нар хамт гараад *********** хөл муутай хүнийг таксинд суулгаж өгнө гээд түрүүлээд гарсан. Талийгаач хүү ***********, ***********, бэр *********** бид дөрөв гадна шатаар доош явсан. Би түрүүлээд шатнаас буусан байсан чинь араас бэр *********** “ээж ээ” гээд хашиграхаар нь буцаад дээшээ гараад ирсэн чинь талийгаач хүү *********** дүү ***********ыг барьчихсан өшиглөж байсан. *********** бид хоёр дундуур нь ороод хоёр тийш салгаад эргээд харсан чинь талийгаач *********** шатан дээр уначихсан байсан. Би шууд хүүгээ тэврээд түргэн тусламж дууд гээд хэлсэн. Түргэн 30-40 минутын дараа ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн. Талийгаач хүү *********** нь сүүлийн 1 жилийн хугацаанд хүчтэй таталт өгч унадаг болсон байсан. Татаж унасны дараа юу болсноо санадаггүй. Талийгаач *********** тархи толгойн өвчтэй гэдэг байсан. Машины осолд нэлээн хэдэн удаа орж байсан. *********** ***********ыг цохихыг би хараагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34 дэх тал),
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.07-ны өдрийн 2853 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Амь хохирогч Ч.***********ын цогцост хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт, баруун сарвуу, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.5. Хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4.11. Амь хохирогч нь артерын даралт ихсэх өвчний улмаас их, бага тархи, уртавтар тархи, өнчин тархины аалзан хальсанд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 6.10. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь насыг аврах боломжгүй. Эмнэлэгт үзүүлж тусламж авсан гэх эмнэлгийн бичиг баримт ирээгүй тул хариулах боломжгүй байна. 7. Дээрх гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 9. Талийгаачийн цусанд 2.6%, шээсэнд 3.0%, ходоодны шингэнд 7.4% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ (1 дэх хавтас, хх-64-68 дахь тал),
Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2025.02.13-ны өдрийн ЕГ0525/275 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2853 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Амь хохирогч нь артерын даралт ихсэх өвчний хүндрэлийн улмаас их, бага тархи, уртавтар тархи, өнчин тархины аалзан хальсанд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 3. Дээрх цус харвалт нь гэмтлийн бус гаралтай суурь архаг өвчний шалтгаант хүндрэлийн улмаас үүссэн тул хохирлын зэрэг тогтоохгүй. 4.5. Уг цус харвалт нь шинэ байна. Их, бага тархи, уртавтар тархи, өнчин тархины аалзан хальсанд цус харвалт үүссэн даруйд идэвхтэй, зорилготой үйлдэл хийх боломжгүй. 6. Артерын даралт ихсэн кризд орсны улмаас захын судасны эсэргүүцэл ихсэн тархины бүрхүүлд цус харваж эд эрхтэнд хүчилтөрөгчийн дутагдал үүсч гүнзгийрнэ. Амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг хангахын тулд захын судас агшин тархи, зүрх, уушгины үйл ажиллагааг хангахын тулд цусан хангамж ихсэн цаашид судасны агшилт (тонус) алдагдан захын эрхтэнд цусны эргэлтийн алдагдал гүнзгийрэн судасны нэвчимхий чанар ихэссэнээр цусны сийвэн гадагшилж тархи, уушгинд хаван үүсдэг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 93-102 дахь тал),
Гэрч ***********: “...Манай гэр бүлээс нөхрийн 2 ах болох ***********, ***********, түүний эхнэр ***********, *********** ахын дунд хүү ***********, хадам ээж *********** гэх нар хамт байсан. Хуримын үйл ажиллагаа 23 цагийн орчимд дуусаж “Зайсан хилл”-ийн 3 давхраас нөхөр болон *********** ах, *********** ах хоёрыг авч гарах гэж нэлээн юм болсон. Бид хэд гадаа гараад шатан дээр зогсож байхад *********** ах, нөхөр бид хоёр луу “та хоёр наанаа зогс, би та хоёрт хэлэх юм байна” гэж зандрангуй байдлаар хэлсэн. Нөхөр *********** “танд хэлэх юу байгаа юм, бид хоёр танд ямар буруу юм хийсэн болоод юу хэлэх гээд байгаа юм, миний хүү *********** ямар буруу юм хийсэн юм” гэхэд *********** ах юм дуугараагүй. *********** ах ууртай зогсож гараа зангидсан байдалтай байсан тул би нөхрөө цохиулчихвий гэж холдуулсан. Гэтэл эргэж хартал *********** ах миний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Би уйлаад доошоо унасан. Хадам ээж доор зогсож байгаад “*********** босоорой” гэхэд нь босоход нөхөр *********** *********** ах руу баруун, зүүн гараараа нэг нэг цохиж байхыг хараад би шууд салгахад *********** ах шатан дээр хэвтээд үлдсэн. Тэгэхэд *********** ах надад “***********э нөхрөө аваад яв” гэж хэлсэн. Би нөхрөө аваад машин замын хажууд аваачиж суухад нөхөр нүүрээ арчихад гар нь цус болсон байсан. Нөхөр хэлэхдээ “сая аймаар олон хүнтэй зодолдлоо” гэхэд нь би “юу яриад байгаа юм бэ, *********** ах чамайг зодоод цус гарсан шүү дээ” гэхэд “тийм үү” гэсэн. *********** ах бид хоёр дээр ирээд “*********** сэрэхгүй байна, түргэн дуудлаа” гээд 20-30 минутын дараа түргэн, цагдаатай хамт ирсэн. Нөхөр доор шатны ойролцоо газар сууж үлдээд, би дээшээ гараад *********** ах руу очиход хадам ээж *********** ахыг өвөр дээрээ толгойг нь тавьчихсан сууж байсан. Хадам ээж хэлэхдээ “*********** ах нь ухаан ороогүй, сэрэхгүй байна” гэхийг сонсчихоод нөхөр дээрээ очоод “*********** ах сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд түргэн ирээд үзэхдээ “нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.08.20-ны өдрийн 10965 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********ын биед цээжинд цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт, зулгаралт, духанд голомтот зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал),
Дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтас, хх-14), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-15-18), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-19-21), цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-143-149, 152-157), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-150-151), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-158, 159),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-209), оршин суугаа хаягийн лавлагаа (1 дэх хавтас, хх-215), АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтас, хх-216-220), Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын “***********тоотод оршин суудаг ...” гэх тодорхойлолт (1 дэх хавтас, хх-221) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар дугаар сарын 17-18-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч буюу өөрийн төрсөн ах ***********хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгой хэсэг рүү нь цохиж зууралдан эрүүл мэндэд “хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт, баруун сарвуу, хоёр шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** “...бэр *********** “ээжээ” гээд хашгирахаар нь буцаад шатаар дээшээ гараад ирсэн чинь талийгаач хүү *********** дүү ***********ыг барьчихсан өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-32-34), шүүх эмнэлгийн 2853 дугаар “1. Амь хохирогч Ч.***********ын цогцост хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт, баруун сарвуу, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.5. Хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-64-68), материалаар хийсэн шүүх эмнэлгийн ЕГ0525/275 дугаар “...2. Амь хохирогч нь артерын даралт ихсэх өвчний хүндрэлийн улмаас их, бага тархи, уртавтар тархи, өнчин тархины аалзан хальсанд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 3. Дээрх цус харвалт нь гэмтлийн бус гаралтай суурь архаг өвчний шалтгаант хүндрэлийн улмаас үүссэн тул хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-93-102), гэрч *********** “...нөхөр *********** нь *********** ах руу баруун, зүүн гараараа нэг нэг цохиж байхыг хараад би шууд салгахад *********** ах шатан дээр хэвтээд үлдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-46-48) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч, хохирогч нар төрсөн ах дүүгийн харилцаатай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас төрсөн ах буюу хохирогч Ч.***********ыг цохиж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас амь хохирогч Ч.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол, саналгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар дугаар сарын 17-18-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч буюу өөрийн төрсөн ах ***********хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгой хэсэг рүү нь цохиж зууралдан эрүүл мэндэд “хүзүүний жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт, баруун сарвуу, хоёр шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтэл нь амь нас хохирсонтой шалтгаант холбоогүй болох нь шүүх эмнэлгийн 2853, 275, 10965 дугаар дүгнэлтүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул 3 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч ажилтай орлоготой тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч нь төрсөн ах буюу хохирогчийг цохиж зодон эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүгдэгч *********** анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа мөн эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй, торгох ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч ***********ын 2024.08.17-ны өдрөөс 2024.08.19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлтэй баривчилсан 2 хоног, 2024.08.19-ний өдрөөс 2024.09.18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоног, нийт цагдан хоригдсон 32 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 480,000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 720,000 төгрөгөөр тогтоож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” ХХК-ийн захирал ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ***********ыг 720,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ********* ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын цагдан хоригдсон 32 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 480,000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 720,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 720,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР