Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2022/00270

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Их тугтан ургийн овогт Ш-ын Б-ийн,

          Хариуцагч: УАЗДТГ-т холбогдох,

        Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,257,382 төгрөг, үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 9,354,542 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2022/00079 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны цалин 8,257,382 төгрөг, үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 9,354,542 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б-ийн нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй. Ш.Б-ийн цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч УАЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,257,382 төгрөг, үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 9,354,542 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

        Шүүх дараах үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,257,382 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 1,097,160 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй. Ш.Б-ийн цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

        Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ш.Б-ийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

         Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          Иймд нэхэмжлэгч Ш.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

          Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,257,382 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгох нь зүйтэй байна.

          Харин нэхэмжлэгч Ш.Б-ийн үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан тул нэхэмжлэгч Ш.Б-йн түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

      Иймд хариуцагч УАЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,257,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 1,097,160 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАЗДТГ-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 147,068 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,257,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 1,097,160 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч УАЗДТГ-т даалгасугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 147,068 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ