| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/002339/И |
| Дугаар | 152/ШШ2022/00287 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2022/00287
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт М-ын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,731,920 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Хариуцагч О-д шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой Б миний бие 2002-2006 онд ХААИС-ийн Агро Биологийн сургуулийг Газар зохион байгуулагч, инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Миний бие 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарыг дуустал Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар, 2014 оны 03 дугаар сараас 2015 он хүртэл Геосед ХХК-т кадастрын инженерээр тус тус ажиллаж байсан. Улмаар төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолоор аймгийн Х газрын Улаангом сумын газрын даамлын ажлын байранд нэр дэвшүүлсэн ба Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг Улаангом сум хариуцсан газрьн даамлаар томилсон. Гэтэл Х газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба миний бие энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн апбаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 227 дугаар тогтоолоор Увс аймгийн Х газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрпэсэн. Тухайн тогтоолыг хариуцагч биелүүлэхгүй байсан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Х газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгаж өгөхийг хүссэн. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Х газрын даргын Б/08 дугаар тушаалаар би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Намайг урьд эрхэлж байсан ажилдаа буцаан томилогдсоны дараа өмнөх ажилгүй байсан хүгацааны цалинг ажил олгогч өгөхгүй байгаа учир шүүхэд хандсан. Би 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,253,360 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын дутуу цалин 478,560 төгрөг, нийт 5,731,920 төгрөг нэхэмжилж байна. Миний сарын үндсэн цалин 718,193 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 30,523 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 109,864 төгрөг, хоолны хөнгөлөлт 17,000 төгрөг ба 1 сард авах цалин 875,560 төгрөг бопж байна. Иймд 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5.731,920 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б нь төрийн жинхэнэ албан хаагч байсан ба Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай Х газрын даргын тушаалаар Улаангом сум хариуцсан газрын даамлаар томилогдон ажиллаж байсан ба 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөөгүй учраас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хуулийн хугацаандаа багтаж хариу ирээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүсч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тушаалыг Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон тогтоолыг нэхэмжлэгчид гардуулсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар Бийн эрх үүссэн, нэгэнт хүчингүй болсон тушаалыг шүүх дахин хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Тогтоол гардаж авсан, ажилдаа ормоор байгаа тухайгаа даргадаа хэлсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байсан учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоё, тус тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай болгож өөрчилж гаргасан. Гэтэл Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Б-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Нэгэнт эрх нь сэргэж ажилдаа орсон учраас шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болж нэхэмжлэлээсээ татгалзсан. Б-ийн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын хагас хүртэлх ажилгүй байсан хугацаа нь хөдөлмөр эрхлээгүй байгаа хугацаа нь түүний буруутай үйл ажиллагаанаас болж тасалдаагүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон учраас тус хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тухайн ажилгүй байсан хугацааны цалинг Б авах эрхтэй, 43 дугаар зүйлд зааснаар туханй ажил олгогч цалин хөлсийг олгох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Увс аймгийн х газрын дарга О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэгт нэхэмжлэл гаргасан Б-ийн нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед манай байгууллага 1 орон тоо илүү байсан учир Аудитын байгууллага удаа дараа шаардлага ирүүлж Б-ийг Төрийн Аудитын шаардлагын дагуу чөлөөсөн. Б нь хууль бусаар ажлаас халагдсан талаар шүүхэд гомдол гаргасан нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 2022 оны 01 сарын 17-ны өдөр Б-ийг Улаангом сумын Газрын даамалаар томилсон нь үнэн. Гэхдээ Б-ийг хууль бусаар ажлаас чөлөөлснөө хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн томилоогүй. Байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай Байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тушаалын хүрээнд өмнө байсан орон тоог нэмэгдүүлсэн тул ажиллаж байсан туршлага, ажлын чадвар зэргийг үндэслэн санал тавьж ажилд авсан. Иймд байгууллагын эугээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажилд эргүүлэн томилоогүй болно. Иймд Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О-г ажилд томилогдоод хамгийн анхны ирсэн бичиг нь Төрийн аудитын газраас ирсэн орон тоо нэгээр илүү байна гэх утга бүхий албан тоот. Тухайн үед бүтэц орон тоо батлагдчихсаны дараа томилогдсон учраас яаралтай бүтэц орон тоог өөрчлөх боломжгүй байсан ба Б-ийг ажлаас халаагүй. Улаангом сум 1 газрын даамалтай, бусад бүх сум 1 газрын даамалтай байсан. Увс аймгийн Х газар нь сонин тогтолцоотой байгууллага. Дээд шатны байгууллагаас нь жишиг бүтэц орон тоо батлаад, түүний дагуу аймгийн Засаг дарга баталдаг зохион байгуулалттай. Төрийн аудит болон Х газраас гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрчилдсөн, хэт улс төржсөн агуулга бүхий байна гэж аймгийн Засаг дарга УИХ-ын дарга Г.Занданшатарт явуулсан. Үүний дараа Б нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай бүтэц орон тоог батлах тушаалаар Улаангом сумын газрын даамлын орон тоог нэмэгдүүлсэн. Үүнд Улаангом сумын газрын даамлын тоо нэмэгдсэн, Б-ийг ажлаас халснаас хойш А даамал ажлаа дийлэхгүй болсон. Орон тоо нэмэгдсэн учраас урьд ажиллаж байсан, ажлаа мэддэг хүн гэдэг утгаар нь Б-т санал тавьж, ажилд авсан болохоос биш Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж байгаа хэлбэр биш юм. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 тоот Б-ийг Улаангом сумын газрын даамлын ажилд авсан тушаалын үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлсэн гэх үг байхгүй. Б энэ асуудал дээр төөрөгдсөн байх гэж ойлгоод байгаа юм. Б тухайн үед Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь буруу үйлдэл. Яагаад гэвэл ажилдаа буцаж орсон ч гэсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол, болон ажил олгогчийн тус тогтоолыг биелүүлээгүй, эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг эцэслэн шийдвэрлүүлэх ёстой байсан. Хэрэв тэгсэн бол өнөөдөр Б нэхэмжлэх эрхтэй байх байсан. Хууль бусаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрч ажилд авсан гэх баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн х газарт холбогдуулан 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээчий олговорт 5,731,920 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Увс аймгийн Х газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 293 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 227 тоот Тушаал хүчингүй болгох тухай тогтоолоор Увс аймгийн х газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/36 дугаар тушаалыг Б-ийн гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Увс аймгийн х газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгджээ.
Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 тоот Б-ийг ажилд томилох тухай тушаалаар Б-ийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тус газрын Улаангом сумын Газрын даамлын үүрэгт ажилд томилжээ.
Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогджээ.
Иймд 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 5,731,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгох үндэслэлтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч Б нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Х газарт даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х газраас 106,661 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Х газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,731,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Х газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х газраас 106,661 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР