Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2022/00320

 

           Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Б ургийн овогт Б-ийн Б-ийн,

           Хариуцагч: УАЗД-д холбогдох,

       Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,744,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, ажилгүй байсан 12 сарын хугацааны цалин 14,616,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлэн, өөрчилсөн шаардлагыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлэн, өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 тоот захирамжийн дагуу ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 476 дугаартай шийдвэрээр Шинэ Улаангом ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон. Ингээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,744,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Миний үндсэн сарын цалин 1,218,000 төгрөг байдаг. Хариуцагч тал Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг одоо хүртэл биелүүлж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дахин 4 сарын хугацаа өнгөрсөн байх тул ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин болох 9.744.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 4 сарын цалин болох 4.872.000 төгрөгөөр нэмэгдүүлж ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи нийт 12 сарын хугацааны цалинд 14.616.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн миний бие анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлагыг гаргасан байсан. Би ажилгүй байсан 12 сарын хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ хийж, сайн дурын даатгалд хамрагдаж өөрөө төлсөн тул ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн ЗД-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Б.Бийн цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган хүргүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УАЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,744,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчилж ажилгүй байсан 12 сарын хугацааны цалин 14,616,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

        Шүүх дараах үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14,442,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй. Б.Б-ийн цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

         Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 дугаар Б.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б.Б-ийг Шинэ Улаангом ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

        Иймд нэхэмжлэгч Б.Б 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж заасан.

          Нэхэмжлэгч Б.Б-ийн ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2021 оны 4-6 дугаар сарын цалингаас дундаж цалин хөлсийг тодорхойлоход 1 сарын цалин 1,218,000 төгрөг байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,192,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,424,000 төгрөг, нийт 14,442,000 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгох үндэслэлтэй.

          Нэхэмжлэгч Б.Б 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 12 дугаар сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн. Цаг хугацааны хувьд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болоогүй тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөр буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 174,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч Б.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох УАЗДТГ-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,160 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,192,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,424,000 төгрөг, нийт 14,442,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 174,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 230,160 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ