Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0639/З |
Дугаар | 128/ШШ2022/0672 |
Огноо | 2022-09-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.П******** /РД:********/
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох ажилд эгүүлэн томилуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г********, Ш.Г********, Э.М*********, Я.Ө********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Монгол Улсын иргэн Д.П******** нь тус шүүхэд хандан Төрийн албан зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.П********ыг ажлаас чөлөөлөх тухай Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д.П******** нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн.
2.2. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын Б/117 дугаартай тушаалаар[1] тус агентлагийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээр түр, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар[2] тус хэлтсийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
2.3. Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 дугаартай тушаалаар[3] тус агентлагийн Тамгын газрын Дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар шилжин, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар[4] тус агентлагийн Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
2.4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1316 дугаартай албан бичгээр[5] Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд Тусгай шалгалтын захиалга хүргүүлэх тухай тоот илгээж, тус захиалгад нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал хамрагдсан.
2.5. Дээрх тусгай шалгалтын захиалга хүргүүлсэн тоотын дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал дээр ямар нэг тусгай шалгалт зохион байгуулаагүй.
2.6. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол[6] гарч, тус тогтоолоор хавсралтад дурдсан нэр бүхий 13 албан хаагчдыг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад үүрэг болгосон.
2.7. Дээрх тогтоолын хавсралтын 11-д нэхэмжлэгч Д.П********ын нэр орсон бөгөөд түүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилсон тус агентлагийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалын Д.П********д холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн.[7]
2.8. Мөн энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тайлан гарсан байдаг бөгөөд тус тайлангийн[8] 3.7-д заасан зөвлөмж хэсэгт 1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн томилсон албан хаагчдыг Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасны дагуу тусгай шалгалт зохион байгуулж, сонгон шалгаруулж томилох гэж зөвлөсөн.
2.9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн маргаж буй 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/122 дугаартай тушаалыг[9] гаргаж, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн.
2.10. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолын өөрт холбогдох хэсэг, мөн өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/122 дугаартай тушаалтай тус тус маргаж байна.
2.11. Ингэж маргахдаа ... намайг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар тус хэлтсийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш ковид-19 цар тахлын улмаас төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй, энэ нь нэхэмжлэгч миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, харин цаг үеийн нөхцөл байдал, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээс шалтгаалсан, миний хашиж байсан албан тушаал дээр төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй тул би шалгалтад оролцох боломжгүй байсан, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ төрийн албанд ажиллаж байгаа хүнийг ажлаас чөлөөл гэж хохироох биш, харин тухайн зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авсны дараа чөлөөлөх эсэх талаар үүрэг өгөх ёстой, тиймээс дээрх тушаалууд нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтад заасан зарчмуудыг зөрчсөн, намайг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулаагүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.12. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс ... тус газрын даргын тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж гарсан, сонсох ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагт биечлэн уулзах хэлбэрээр явуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагааны тайлбарыг бичгээр авсан, тус газраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1316 тоот албан бичгээр төрийн албан тусгай шалгалтын захиалгыг өгсөн боловч тусгай шалгалт болоогүй, энэ нь тус байгууллагын эрх хэмжээний асуудал биш ... гэх зэргээр, хариуцагч Төрийн албан зөвлөлийн зүгээс ... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар Олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд тусгай шалгалт өгөхгүйгээр томилсон нь хууль зөрчсөн, Төрийн албан зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн тушаал шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгодог, нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй атлаа төрийн алба хашиж байсан, өөр албан тушаал дээр тусгай шалгалт өгөх боломж нээлттэй байсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлдээ 2 шаардлага бүхий 2 хариуцагчийг татсан байдаг. Эхний нэхэмжлэлийн шаардлага бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/122 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд зохих журмын дагуу ажиллуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Төрийн албаны зөвлөлд холбогдох хэсгийг тайлбарлая. 2002 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байх үед төрийн албаны нөөцөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн. Энэ нөөцөд байх хугацаанд 2019 оны 08 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээр 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар тус хэлтсийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тушаалаар олон нийттэй харилцах мэргэжилтнийг түр орлон гүйцэтгэгчээс Тамгын газрын зохион байгуулагчийн албан тушаалд шилжүүлэн томилсон. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан бүх албан хаагчийг чөлөөлж, томилсон үйл явдал болсон. Ингэхдээ Д.П********ыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилсон байдаг. Энэ тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хууль, Коронавируст халдварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэж томилсон тушаал байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээн дээр Д.П********ыг ажлаас чөлөөлөхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад үүрэг болгосон тогтоол байдаг. Энэ тогтоолыг Д.П******** нь ажлаас гарах тушаал гарсан өдрөө мэдсэн. Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг баримталдаг. Эрх ашиг нь зөрчигдсөн этгээдэд мэдэгдэх, нөхцөл байдлыг тогтоох, сонгох боломжийг хэрэглэх, гардуулах, сонсгох ажиллагааг захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мөрдөх ёстой. Энэ эрхүүдийг нь эдлүүлээгүй.
Захиргааны ерөнхий хуульд сонгох боломжийн талаар зохицуулсан. Ковид-19 цар тахлын тухай хуулийн 3.2 дахь хэсэгт ажилд томилогдсон нөөцөд бүртгэлтэй тухайн албан тушаалын шаардлага, боловсрол, мэргэжил туршлагаараа хангаж байгаа албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгаврыг өгч, зөрчлийг арилгуулах боломж олгох ёстой байсан.
Гэтэл Төрийн албаны зөвлөл хуулийн зорилт зорилгыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй болохоос биш төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулах захиргааны акт шийдвэрийг гаргаж болохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Энэ үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн Д.П********д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн албаны шалгалт өгөх болзол журам зөрчсөн, нөөцөд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр тухайн захиргааны актыг гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нөөцөд бүртгэгдсэн иргэн яагаад 2021 оны 01 дүгээр сард нөөцөд бүртгэлгүй болчихдог юм бэ. Хуучин хуулийн хугацаагаар тоолбол 2 жил, шинэ хуулиар 3 жил байна. Хэн ч харсан нөөцөд бүртгэлтэй нь илэрхий байна. Нөөцөд бүртгэлтэй байх хугацаанд төрийн жинхэнэ албанд томилогдсон. Мөн Ковидын хуулийг үндэслээд 1 сард тушаал нь гарсан байхад Төрийн албаны зөвлөл үндэслэлгүйгээр энэ хүнийг буруутгаж байгаа юм. Захиргааны байгууллага энэ хүний тангаргийг нь өргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна. Захиргааны байгууллага өөрийнхөө буруутай үйл ажиллагааг хариуцах засаж залруулах боломж байсан. Төрийн албан зөвлөлийн зүгээс сонгох боломжийг олгоод хугацаатай үүрэг даалгавар өгч шаардлага хангаж байгаа иргэнээр тусгай шалгалтыг нь өгүүлээд зохих журмын дагуу тушаалаа зөвтгөж гаргасан тохиолдол байдаг.
Гэтэл Д.П******** дээр яагаад энэ боломжийг өгөөгүй. Сонгон шалгаруулалт явуулах журмын тухайд 2021 оны 01 дүгээр сард Д.П********ыг ажилд томилсон. Үүнээс хойш 9 сарын дараа 2022 оны 10 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаас Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл рүү тусгай шалгалт зарлах захиалгыг хүргүүлсэн байдаг. Сайт руу ороод энэ талаар хайсан боловч нэхэмжлэлийн хяналтын хэлтэс дээр тусгай шалгалт огт зарлагдаж байгаагүй болж таарсан. Тусгай шалгалт зарлаагүй байхад Д.П******** яаж шалгалтад орох юм бэ? Зарлах эрх хэмжээ төрийн захиргааны байгууллагад байгаа. Шалгалтыг зарласан бол очоод өгөх байсан байх. Д.П********ыг 5 дугаар сард чөлөөлснөөс хойш хүртэл сул орон тоо гарсан гэж шалгалт зарлаагүй байсан. Энийг хууль зөв хэрэгжиж байна гэж үзэх юм уу? Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх байх. Д.П******** нь нөөцөд бүртгэгдсэн дараа нь түр томилогдсон тэгээд жинхлэн тангаргаа өргөсөн. Энэ бүх процесс зөвхөн төрийн захиргааны байгууллагын санаачилгаар хийгддэг. Иймд төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлийг төрийн албанд хууль журмын дагуу ажиллаж байсан иргэнд хариуцуулж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд Д.П******** нь 2019 оны 8 сараас 2021 оны 05 сар хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2020, 2021 онд ажлын гүйцэтгэл хангалттай үнэлэгдсэн төрийн албан хаагч. Нэхэмжлэгчийн хяналтын мэргэжилтнээр жинхлэн томилогдсон бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой гарсан тушаал учраас Д.П********д холбоотой хуулийн заалт аль болох нь тодорхойгүй. Нэг тушаал гаргаад ард нь албан хаагчдын нэрсийг зоочихсон. Магадгүй Д.П********д холбогдох хуулийн заалт нь Ковидын тухай хуулийг баримталсан юм болов уу тэгж байж хуульд нийцэх юм байна гэж харсан. Д.П******** 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Энэ нь захиргааны байгууллагын санаачилгаар өргөгддөг. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулсан. Хэрвээ Ковидын хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаар томилсон бол энэ бол тодорхой хугацаатай. Энэ хугацааг дууссаны дараа шалгалтыг өгүүлэх үүрэг нь төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд байсан. Гэтэл Д.П******** тангаргаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болсон гээд л яваад байсан. Тухайн албан тушаалд тангаргаа өргөсөн хүн төрийн албаны шалгалт өгөх талаар хуульд заасан зүйл байхгүй. Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий актыг хүчингүй болгохгүйгээр эрхийг сэргээх боломжгүй. Тиймээс энэ актыг хоёуланг нь хүчингүй болгож байж иргэний эрх сэргэх боломжтой. Ажилтны хөдөлмөрлөх эрхийг өөрөөс нь хамаарах гэм буруу тогтоогдоогүй байхад шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Д.П********ын эрхийг дордуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Д.П******** нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл төрийн албанд ажиллаж байсан. Төрийн албанд ажиллаж байсан хүний нөөц яагаад дуусчихсан байдаг юм бэ? Ковидын хуулиар томилогдсон хүмүүс тухайн албан тушаалын боловсрол, мэргэшил хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол Ковидын хуулийн үйлчлэл зогссон үеэс шалгалтыг нь зарлаад өгүүлэх ёстой. Төрийн албан тушаалд ажиллаж байсан, нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд тангаргаа өргөчихсөн хүнийг аль ч шаардлагыг хангахгүй учраас ерөнхий шалгалт өгөх ёстой гэсэн зүйл яриад байх юм. Төрийн албанд ажиллаж байгаа хүн яагаад ерөнхий шалгалт өгдөг юм бэ. Бодит нөхцөл байдалд тохирохгүй зөрүүтэй тайлбарууд хэлээд байна. Энэ нь дангаараа захиргааны актын хууль зүйн үндэслэл болж чадахгүй. Захиргааны байгууллагынхаа хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг мөрдөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ гэж заасан. Мөн хуулийн 30.2 дахь хэсэгт энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулахаар заасан. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд томилсон тушаалыг Ковидын тухай хуулийг баримтлаад гаргасан энэ хуулийн үйлчлэл зогсохоор тусгай шалгалтыг нь өгүүлээд ажилд томилох зорилготой байсан юм болов уу гэж харагдаж байгаа. Захиргааны байгууллага тангараг өргөх үйл ажиллагаанд буруутай. Хэн буруутай үйлдэл хийсэн байна тэр албан тушаалтан залруулах ёстой. Дарга нар хууль зүйн алдаатай шийдвэрийнхээ үр дүнг арилгах ёстой. Тусгай шалгалтыг нь зарлаагүй байж өгөөгүй гэж буруутгадаг. Энэ хуулийн сонгох боломжийг хэрэглэх ёстой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ. 42.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан. Томилгоог зөвтгүүлэх нь зорилго байсан юм уу, Д.П********ыг ажилгүй болгох нь зорилго байсан юм уу. Сүүлд хэрэгт ирсэн байсан зөвлөмж, дүгнэлтийг харахад Ковидын тухай хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаар томилогдсон албан тушаалтны шалгалтыг нь өгүүлээд томил гэсэн зүйл ирсэн байна. Энэ захиргааны акт зорилгодоо нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй байх тул холбогдох иргэний эрх ашгийг сэргээх нь зүйтэй. Шийдвэр гаргасан тэр хүн даргынхаа ширээн дээр сууж байдаг. Тэр хүний тушаал зөвтгөгдөөд явчихвал төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа хангагдаж, ажилласан жил нь тооцогдоно. Дахиад өөр хэдэн хүн дээр энэ хуулийг зөрүүтэй хэрэглэж хууль бус шийдвэр, тушаал гаргахыг мэдэхгүй. Томилогдсон хүнийг ажлаас нь халчихад болдог юм байна гэсэн практик тогтоод явж байна. Зарим хүмүүс Д.П********тай адилхан нэг өдөр тушаал нь гарсан. Нэг өдөр томилогдож, тангараг өргөсөн мөртлөө одоо ажлаа хийгээд л явж байна. Монгол Улсын иргэн тэгш боломжоор хангагдах эрхтэй гэсэн эрхийг зөрчсөн байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. 10 гаран хүн чөлөөлөгдсөн үү гэвэл үгүй. Өөр, өөр зохион байгуулалтын арга хэмжээ явагдсан. Хүн бүрт хуулийг үзэмжээр нь хэрэглэдэг байдлыг арилгах, энэ хүний эрхийг сэргээх зорилгоор ярьж байна.
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д.П******** ажилд томилогдсон. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тушаал нь Ковидын хуулийн 3.2 дахь хэсгийг үндэслэж гарсан хууль ёсны тушаал юм. Энэ хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан нь шалгалтын тайлангаас харагдаж байна. Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон гэж байна. Нөөцөд байх хугацаанд Ковидын хуулиар хууль ёсны дагуу томилогдоод ажиллаж байх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сард салбар зөвлөл рүү нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтний албан тушаалд тусгай шалгалт зарлуулах захиалгаа хүргүүлсэн. Харамсалтай нь Д.П********аас үл шалтгаалах байдлаар Эрүүл мэндийн салбар зөвлөл тусгай шалгалтыг зарлаагүй учраас Д.П******** тусгай шалгалтаа өгч, нөөцийн хугацаандаа томилогдох боломжгүй байжээ. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжөөр Ковид-19 цар тахлын тухай хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаар томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөхгүйгээр тусгай шалгалтыг өгүүлэх боломж нөхцөлөөр хангахаар заасан байна. Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тусгай шалгалтаа зарлаагүй нь Д.П********ын эрх зөрчигдөх нэг үндэслэл болсон.
Гэсэн хэдий ч Төрийн албаны зөвлөлд холбогдох албан тушаалтнууд Эрүүл мэндийн яамны салбар бүрэлдэхүүнд багтаж байдаг. Тухайн байгууллагынхаа хүний нөөцийг бүрдүүлэх хууль зүйн болон бусад оролцооны хувьд боломжууд байсан гэж үзэж байна. Хэд хэдэн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн. Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгч нөөцөд бүртгэлгүй гээд байна. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай тушаал нэг тушаалыг онцлоод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тушаалын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн байгаа. Энэ тушаал яагаад хууль бус болоод хүчингүй болох ёстой юм. Хууль ёсны тушаал байна. Өнгөрсөн цаг дээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нөөцөд бүртгэлтэй хууль ёсны дагуу томилогдоод ажилласан тушаалыг хүчингүй болгочихоод өнөөдөр ажилгүй болчихсон өөрөөс нь үл хамаарах зарим хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалгалтаа өгч чадаагүй эрх нь зөрчигдсөн албан тушаалтан гээд эдүгээчилж тайлбарлаад байх юм. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр хууль бус болох нь эдгээр баримтаар тогтоогдож байна. Зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар бол тухайн буруу юмыг зөв болгохыг хэлэхээс биш хүнийг ажлаас халахыг хэлэхгүй. Өөр буруу практик жишгүүдийг шалгалтын ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байсныг мэднэ. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 заасны дагуу сонгох боломжийг өгөх эрх хэмжээгээ Төрийн албаны зөвлөл хэрэглэх л ёстой. Хуулийн үндэслэлтэй тушаалыг нөөцөд бүртгэлгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгохыг Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болгосон Төрийн албаны зөвлөлийн шийдвэр эрх зүйн үндэслэлгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хууль ёсны дагуу томилогдоод явж байсан албан хаагч байгаад байна. Д.П********ыг ажлаас халсан тушаал, холбогдох 2 акт нь хууль бус байх тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажиллаж байх хугацаандаа шалгалтаа өгөх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт хяналт шалгалт хийх үед нөөц нь дууссан байсан. Ийм иргэнийг яаж ажиллуулах байсан юм. Хугацаатай үүрэг даалгаврыг өгөөд дараагийн шалгалтаа зарлаад явах асуудал байж болохгүй. Тухайн үед зөрчилтэй байсан, хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон гэж үзсэн учраас тогтоол гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Төрийн албаны зөвлөлийн дарга болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Зарим яам агентлагуудад төрийн жинхэнэ албан хаагчийг сонгож томилох ажлын хэсгийг байгуулж удирдамжийг баталсан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамтарсан бүрэлдэхүүнтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 03 сарын 17, 18-ны өдөр ажилласан. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг нэг бүрчлэн шалгасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нийт 13 хүнийг чөлөөлөх тогтоол гарсан. Зөвхөн Д.П********д хандаж шийдвэр гаргаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг жинхлэгдсэн гэх зүйл яриад байна. Гэтэл 2017 оны 12 сарын 07-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Төрийн албаны ерөнхий шалгалт, тусгай шалгалт авдаг болсон том өөрчлөлт орсон. Төрийн албаны нөөцийг бүрдүүлж байгаа ерөнхий шалгалтыг зарладаг болсон. Мөн тухайн албан тушаал дээрх тусгай шалгалтыг зарладаг болсон. Д.П******** нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2020 онд төрийн захиргааны албан хаагч дээр түр томилогдсон байсан. Тусгай шалгалт зарлаагүй байхад яаж жинхэлсэн байх вэ? хууль бус томилгоотой гэдгийг төрийн албаны зөвлөлөөс олж тогтоосон. Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэхээр заасан. Энэ агуулгаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Д.П******** гэдэг хүнийг чөлөөлсөн. Хугацааны хувьд яагаад нөөцөд байсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. 2002 оны хуучин хуулийн үйлчлэлийн үед нөөцөд орсон. Шинэ хуулиар шалгалт өгсөн иргэний нөөцөд байх хугацаа 3 жил. 2018 оны 12 сарын 18-ны өдөр шалгалт өгсөн иргэний нөөцөд бүртгэлтэй хугацаа 2021 оны 12 сарын 18-ны өдөр дууссан. Гэтэл хяналт шалгалт 2022 оны 03 сард хийгдсэн. Ковидын хууль бол зөвхөн тусгай шалгалтыг царцаасан түр зуурын үйлчлэлтэй зохицуулалт. Зөвхөн тусгай шалгалтаа хүлээж байгаа иргэн л Ковидын тухай хуулиар томилогдож болно гэдэг зарчмаар Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа. Бид нар яг ерөнхий шалгалт зарлагдсан байсан хугацаанд хяналт шалгалт хийсэн. Чиний хугацаа дууссан байна. Одоо зарлагдсан ерөнхий шалгалтад ороод нөөцөд орох талаар зөвлөсөн. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр хуульд заасан журмын дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тусгай шалгалтаа өгөөд жинхлэн томилсон төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нөөцийн хугацаа үргэлжлэхгүй. Энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш. Нөөцөд байх хугацаандаа хууль бусаар томилогдсон. Ийм хүмүүсийн зөрчлийг арилга гээд хууль тогтоогч нар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийг хуульчилж өгсөн байх. Илэрсэн зөрчлийг арилгах, хугацаатай үүрэг даалгавар өгөх гэсний дагуу хугацаатай үүрэг өгсөн. Нэгэнт хууль бусаар томилогдсон хүнийг хуулийн дагуу томил гэх боломжгүй. Нөөцгүй болсон хүнийг зөрчлийг нь арилгуулаад сонгох боломжоор ханга гэж болохгүй. 2018 онд мөрдөгдсөн хуулийн үндсэн санаа хууль бус томилсон тушаал байлгахгүйн тулд тусгай шалгалтыг оруулж өгсөн. Тусгай шалгалт өгөөгүй иргэн бол нөөцдөө л байгаа гэсэн үг. Зөвтгөх нь зорилго уу, халах нь зорилго уу гэж байна. Зөвтгөх ямар ч боломж байхгүй. Чиний нөөцийн хугацаа дууссан байна. Одоо ерөнхий шалгалт зарлагдсан байгаа гэж хэлээд сонголтыг нь өгсөн. Өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шалгалтыг зохион байгуулж зөрчлийг арилгасан. Тайлан дээр бүх шаардлагаа хангасан хүн тусгай шалгалтаа өгөх нь зүйтэй гэж дүгнэсэн байгаа. Д.П********ын хувьд энэ хуулийг баримтлах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тангаргийн тухайд холбогдох албан тушаалтнуудын буруутай үйлдэл. Төрийн захиргааны албан тушаалд хууль журмын дагуу томилогдсон иргэн тангараг өргөх ёстой. Тухайн үед ар, өврын хаалга байсан гэж би харж байна. Ийм хүнийг тангараг өргүүлсэн нь Эрүүл мэндийн яамтай холбоотой асуудал. Өөр тайлбаргүй. гэжээ.
3.3. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П******** нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Манайх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолыг үндэслэж тушаалаа гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч аль нь томилсон, аль нь чөлөөлөгдсөн тушаал болохыг ойлгохгүй байна гэж байна. 01 хавсралтаар ажилчдыг чөлөөлж, 02 хавсралтаар ажилчдыг томилсон тушаал гарсан. Төрийн албаны тангараг өргөсөн тухайд Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр тангараг өргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагт биечлэн уулзах хэлбэрээр явуулсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Д.П******** сонсох ажиллагааны тайлбарыг өгсөн. Иймд Д.П********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...
Тусгай шалгалт зарлаагүй гээд байна. 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 011316 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тоотоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд тусгай шалгалтын захиалга хүргүүлэх тоотыг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалт зохион байгуулаагүй. Одоо зохион байгуулах шатандаа явж байгаа байх. Тангараг өргүүлсэн тухайд ерөнхий шалгалтын хугацаа дуусаж байсан. Залуу хүнд давуу байдал олгох үүднээс Төрийн албаны зөвлөлд санал хүргүүлж тэдний шийдвэрээр тангараг өргүүлсэн.
Албан бичгийн хавсралтаар харьяалах газар хэлтэс, хэдэн орон тоо зарласан нь тодорхой байгаа. 5 орон тоон дээр захиалга хүргүүлсэн. Хүргүүлсэн албан тушаалтай холбоотой тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас шалгалтыг хэсэгчлэн авагдсан. Орон нутагт 3, 4 удаа зохион байгуулагдсан. Нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтнээр шалгалт зарлагдаж, хүн томилогдсон зүйл байхгүй.
Төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн судалгаа байдаг. Тэр судалгааг үндэслээд түр орлонгоор ажиллаж байгаа хүмүүсээ Ковидын хуулийн үйлчлэлд хамааруулан гаргасан. Энэ хуулийн үйлчлэлд Д.П******** хамаарч байгаа. Гэхдээ энэ хугацаанд Д.П******** шалгалтаа өгөх боломжтой байсан. Манай зүгээс нөөцийн хугацаа дуусахаас өмнө захиалгыг хүргүүлсэн. Манайх шалгалтыг зохион байгуулдаггүй. 2021 оны 10 сард шалгалтын захиалгыг явуулахад 5 орон тоо явуулсан гэсэн. Тэр 5 хүнд Д.П******** хамаарна. Нэхэмжлэгч ажилласан жил, мэргэжлийн хувьд шалгуур хангана. Ерөнхий шалгалт өгөөгүй шалгуур хангахгүй. Одоогийн байдлаар албан тушаал нь сул хэвээр байгаа. Албан тушаалын захиалгыг мөн хүргүүлсэн байгаа. Захиалгаа хүргүүлсэн. Энэ албан тушаал дээр зарлаж өгөөгүй. Өөр орон нутаг дээр зарлагдсан байсан. Өөр мэргэжил таарах албан тушаалууд дээр оролцох бүрэн боломжтой байсан.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл нь яагаад шалгалтыг зохион байгуулаагүй талаар тайлбар ирүүлээгүй. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хойшилсон учраас зарлах орон тоо их байсан гэж ойлгосон. Дарааллын дагуу явсан гэж үзээд байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Төрийн албан зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. Маргаж буй Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг байх бөгөөд тус тогтоолоор нэхэмжлэгч Д.П********ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтнээр томилсон тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалыг хянан үзжээ.
1.2. Ингэхдээ дээрх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалын нэхэмжлэгч Д.П********д холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
1.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна. гэж заажээ.
1.4. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна. гэж тус тус заажээ.
1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж томилсон нь бодит байдал дээр ямар учир шалтгаантай байсан, тухайн зөрчлийг засаж залруулах боломжтой эсэх зэрэг объектив нөхцөл байдлуудыг харгалзан үзэх зарчимтай.
1.6. Тодруулбал, дээрх зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ... зарчмын дагуу хэрэгжинэ.
1.7. Маргаж буй Төрийн албаны зөвлөлийн 265 дугаартай тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалыг хянасан байх бөгөөд тус тушаалын эрх зүйн үндэслэл хэсгийг үзвэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэжээ.
1.8. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ. гэж заажээ.
1.9. Хуулийн дээрх хэм хэмжээ нь тухайн үеийн дэлхийг хамарсан ковид-19 цар тахлын халдвартай нөхцөл байдалтай шууд холбоотойгоор гарсан байх бөгөөд уг заалтаар албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
1.10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбарласан тайлбараас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаал гарах мөчид нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөд байсан /2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 3 жил тоолоход/, Монгол Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай байсан бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг үйлчилж байсан, тус шалтгаанаар төрийн албаны тусгай шалгалтын захиалга өгсөн боловч тухайн албан тушаалд хамаарах тусгай шалгалт зохион байгуулагдаагүй болох нь тогтоогдож байна.
1.11. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь маргаж буй 265 дугаартай тогтоолыг гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой байсан бөгөөд тус тогтоол нь хуулиар бэхжүүлсэн бодит нөхцөл байдалд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх зарчмын шаардлагуудад нийцсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалыг буруутгах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэж шууд буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
1.12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэлсэн ... Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан сонгох боломж-ийг олгосон ..., өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл Д.П********ыг чөлөөл гэхгүйгээр эхлээд түүнийг томилоход үүссэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах талаар шийдвэр гаргах боломж байсан ... гэх агуулгатай тайлбарыг шүүх үндэслэл бүхий тайлбар гэж үзсэнийг тэмдэглэж байна.
1.13. Учир нь, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно. гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нь эхлээд зөрчлийг арилгах боломжтой эсэх талаар судалж, тийм бол арилгуулах талаар үүрэг, даалгавар өгч, улмаар тухайн үүрэг, даалгавар биелэгдээгүй тохиолдолд хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор сонгох боломж-ийг хуулиар тогтоожээ.
1.14. Дээрх асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тайлангийн[10] 3.7-д заасан зөвлөмж хэсэгт 1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн томилсон албан хаагчдыг Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасны дагуу тусгай шалгалт зохион байгуулж, сонгон шалгаруулж томилох гэж зөвлөсөн байгааг дурдах нь зүйтэй.
1.15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Төрийн албан зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.П********ыг ажлаас чөлөөлөх тухай Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2.1. Маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.П********ыг ажлаас чөлөөлөх тухай Б/122 дугаар тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, тус тогтоолыг үндэслэж гарсан.
2.2. Шүүхээс энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д дүгнэснээр Төрийн албан зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул түүнийг үндэслэн гарсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/122 дугаартай тушаалыг мөн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.3. Нэхэмжлэгч Д.П********ыг ажилд эгүүлэн томилсны дараа хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тайлангийн Зөвлөмж хэсгийн 3.7.1-д заасныг хэрэгжүүлэх боломжтой гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.
2.4. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж тодорхой заасан тул шүүхээс нэхэмжлэгч Д.П********ын ажилгүй байсан хугацааны цалин зэргийн тооцооллыг хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
2.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.П********ыг ажлаас чөлөөлөх тухай Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 33 дугаар зүйлийн 33.1, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албан зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П********д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.П********ыг ажлаас чөлөөлөх тухай Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаас 35 100 төгрөг, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс 35 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ