Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

 

 

 

 

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогч Г.Монголтөр /онлайнаар/, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаар шийтгэх тогтоолтой Э.Бд холбогдох 2034000000390 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Б-,

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын замт 4-р багийн нутаг “Далайн даваа” гэх газарт Г.Монголтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хөлөн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Тайж овогт Энхбаатарын Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Хохирогч Г.Монголтөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Монголтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...энэ залуу хуурамч нэр хэрэглэж намайг шалгасан мөн миний биед гэмтэл учруулж ямар ч биеэ хамгаалах чадваргүй үед хугарсан хөлийг мушгиж чирч 2-3 удаа мөн бууг хүч хэрэглэж авч явсан. Би зүгээр явж байгаад өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, ажил хөдөлмөрөөрөө хохирлоо. Зөвхөн би биш миний гэр бүл, үр хүүхдүүдэд хүртэл хохирсоор байна. Өнөөдрийг хүртэл би хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. Би маш их годмолтой байна. Энэ хүний хийсэн үйлдэл нь санамсаргүй тохиолдол биш танхайн шинжтэй гэмт хэрэг. Тухайн үед хамт явсан Д.Очирмаа байгаагүй бол энэ хүн миний эрүүл мэндэд ихээр хор учруулж цаашид амь насанд ноцтой аюул учруулж болзошгүй байсан. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалд тохирохгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийн бодит байдлыг хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Хохирогч Г.Монголтөр гэмт хэрэг гарсан өдөр эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөл байдал тодорхой байхад анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд дүгнэлт хийлгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж хохирогчийн өмгөөлөгчийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг үл харгалзан хэргийг дутуу дулимаг байдлаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Э.Бгийн гаргасан үйлдлүүд нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байхад зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэлд нь ял шийтгэл оногдуулж өмчлөх эрхэд халдсан үйлдлийг нь орхигдуулж шийдвэрлэсэнд гомдож байна.

Учир нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Э.Б Г.Монголтөрийн машинаас буухдаа бууны замгийг нь нууцаар авсныг гэрч Д.Очирмаа мэдээд хохирогчид хэлсэн. Хохирогч Г.Монголтөр өөрийн эд зүйлээ буцаан авах гэхэд Э.Б хохирогчийг өшиглөж дарж унагаан хөлийг нь хугалсан. Э.Бгийн бууны замгийг нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агууулж байна. Мөн түүнлэн хохирогчийг хөл хугарчихлаа гэж хэлэхэд битгий баашлаад бай гээд хөлийг нь мушгиж, хөшиж, зулгаах, татаж чангаах зэргээр зэрлэг балмад үйлдэл гаргасан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Очирмаагийн мэдүүлэг болоод Э.Бгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдож байхад ЭХТА-ийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь хүний хөл хугарчихаад байхад дээрх үйлдлүүдийг 2-3 удаагийн давтамжтай, мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байхад нь ёс бус авилах, биед нь зовиур шаналал үүсгэж байгаа Э.Бгийн үйлдэл нь тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийг тохуурхан доромжилсон, 2.3-т заасан бие махбодын шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн хохирогчийн бууны замгийг нууцаар хууль бусаар авчихаад хөлийг нь хугалчихаад биеэ хамгаалж чадахгүй нөхцөлд байсаар байгааг нь мэдсээр байж бууг нь илээр авч яваад байгаа үйлдэл нь өөрөө ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулж байна. ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4-т энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Мөрдөн байцаалтын шатанд Э.Б бууны замаг болон бууг авч явсан талаар мэдүүлэхдээ аргагүй хамгаалалтын улмаас авсан гэж өөрийн хууль бус үйлдэлээ хаацайлан худал мэдүүлдэг бөгөөд дээрх тайлбар нь үндэслэлгүй юм. Аргагүй хамгаалалт бол өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байхаар хууль тогтоогчид хуульчилсан. Гэтэл хохирогч Г.Монголтөрийн хувьд Э.Бгийн эрүүл мэнд амь насанд аюул учруулах үйлдэл довтолгоо зэргийг алийг ч хийгээгүй байдаг нь хэргийн оролцогчдын мэдүүлгээр нотлогддог.

Захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэлд нь ямар ч хариуцлага хүлээлгээгүй байдаг. Э.Б тухайн гэмт хэргийг үйлдэхдээ улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож явсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихөд авах хариуцлагыг тусгаж өгсөн бөгөөд тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан боловч Э.Б өнөөдрийг хүртэл зөрчлийн арга хэмжээ авагдаагүй байгаа. Э.Б нь тухайн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Очирмаагийн мэдүүлэг, гэрч Дэлгэрмаагийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

ЭХ болон ЭХХШТхууль бусад хуулийг ноцтой зөрчсөн. Э.Б өөрийгөө байгаль орчны байцаагч гэж худал хэлж хууль бусаар бусдын эд хөрөнгөд нэгжлэг хийх нэрийдлээр машин дотор нь байсан хоол хүнсийг онгичиж зүй бус авирласан. Гэтэл хохирогч Г.Монголтөр хүлээцтэй хандаж нэгжүүлсэн ч Э.Б нэгжлэг хийж дууссаныхаа дараа бууны замгийг нь хулгайлаад буусан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчмыг тусгаж өгсөн бөгөөд 5.1.1 -д хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж гэж заасан. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн тохиолдолд ч Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан боловч энэ талаар Э.Бд ямар ч арга хэмжээ авагдаагүй байна.

Мөн бусдын эд зүйлд нэгжлэг хийх журмыг зөвхөн эрх бүхий этгээд буюу мөрдөгч гэмт хэрэг гарсан хангалттай үндэслэл байгаа тохиолдолд л ЭХХШТ хуулийн 24.3 зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлийг үндэслэн нэгжлэг хийдэг. Гэтэл Э.Б нь бусдын нэр төрийг ашиглан согтуугаар ямар эрхтэй гэж дур мэдэн бусдын эд хөрөнгөд нэгжлэг хийж бусдын эд хөрөнгийг хулгайлж мөн биед нь санаатай хүндэвтэр гэмтэл учруулаад цаашлаад бусдын эд хөрөнгөд халдаж дээрмийн шинжтэй үйлдэл хийгээд байхад анхан шатны шүүх зөвхөн хүний эрүүл мэндэд халдсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулсан. Ийнхүү оногдуулахдаа 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

1-рт ЭХЕА-ийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Гэтэл Э.Бгийн дээрх ноцтой үйлдлүүдэд 500 нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгож байгаа нь нийгэмшүүлэх болоод цаашлаад цээрлэл болж чадахгүй гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

2-рт шүүхээс Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа торгох арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого боломжийг харгалзан торгох ял оногдуулдаг. Гэтэл хавтаст хэрэгт Э.Бгийн энэ талаарх нэг ч нотлох баримт байхгүй байхад торгох ял оногдуулсан.

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар /эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шинжээчийн дүгнэлт/ болон хэргийн бусад оролцогч нарын мэдүүлгээр хохирогч Г.Монголтөрийн бууг Э.Бгээс хураан авсан байдаг ч өнөөдрийн байдлаар хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэх талаар улсын яллагч яллах дүгнэлтэд тусгаагүй шүүх ч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Гэтэл ЭХХШТ хуулийн 21.4 дүгээр зүйлд Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүргүүлэх тухай тусгасан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ гэж заасан заалтыг зөрчиж байгаа нь ЭХ болон ЭХШХШТ хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс ЭХХШТ хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан гомдолтой санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Бгийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Бууг хэрэглэж гэмт хэрэг үйлдээгүй учраас хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн эд мөрийн баримтаар хураагаагүй. Хэргийн зүйчлэл болон ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр гаргасан саналдаа: Хохирогч тээврийн хэрэгсэл дотроо бууг авч явсан байдаг. Ямар зорилгоор буу авч явж байсныг тооцоолох нь зөв байх. Автомашинаас бууны замгийг Б авч буусан байдаг. Хохирогчийг өөрөөсөө зайлуулах зорилгоор хөл рүү нь хавирахад хөл нь хугарсан байдаг. Үүнийг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр гаргасан саналдаа: Бгийн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Энэ үйлдэлд шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Бд ял завших боломж олгож байгаа. Оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Г.Монголтөр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Онц ноцтой, балмад танхай үйлдэл хийсэн. Бууг хувцсандаа нуугаад аваад явсан. Би маш их гомдолтой байна. Хэргийг прокурорт буцааж шалгуулах хүсэлтэй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн 2034000000390 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4-р багийн нутаг Далай даваа гэх газар Г.Монголтөртэй бууны замгийг нь авсны улмаас маргалдаж улмаар хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д заасан баруун шаант ясны далд хугарал бүхийн хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.Б, хохирогч Г.Монголтөр, гэрч Д.Очирмаа, Э.Дэлгэрмаа /хх-ийн 10-11/, П.Батсүх /хх 12-13/ нарын өгсөн мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.Монголтөрийн биед баруун шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх /хх 20/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Э.Бд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Төв аймгийн Алтанбулаг сумын 4-р багийн нутаг бөгөөд уг багийн 18042 га газрыг Ө.Дэлгэрмаа ахлагчтай “Дэлгэрбуянт” малчдын бүлэг ашиглан, хамгаалдаг байжээ. Хэрэг учрал гарахаас өмнө шүүгдэгч Э.Б нь  хохирогч Г.Монголтөрийн машиныг зогсоон түүнтэй уулзаж байхад “Дэлгэрбуянт” малчдын бүлгийн ахлагч Э.Дэлгэрмаа нөхөр П.Батсүхийн хамт ирээд, явсны дараа Э.Бг машин дотроос бууны замаг авлаа гэж Г.Монголтөр маргалдан улмаар Э.Б нь Г.Монголтөрийн биед баруун шаант ясны далд хугарал гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч Г.Монголтөрийн хөлийг өшиглөөд явсны дараа хохирогч хөл нь хугарчихлаа гэж хэлснээр шүүгдэгч Э.Б буцаж ирсэн талаар хохирогч Г.Монголтөр, гэрч Д.Очирмаа нар мэдүүлдэг. Үүнээс дүгнэхэд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол дурдсан “...анхан шатны шүүх Э.Бгийн гаргасан үйлдлүүд нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байхад зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэлд нь ял оногдуулсан” гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдолд шүүгдэгч Э.Бг тухай гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос энэ асуудлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, хавтаст хэрэгт захиргааны зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгасан эсэх талаар баримтгүй байна.

Машинд байсан Г.Монголтөрийн бичиг баримтгүй, эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, ЗХУ-д үйлдвэрлэсэн ногоон эрээн өнгөөр будсан, сангийн ангийн Я6497, замаг 6497 гэсэн дугаартай, 48 см урттай метал хөл хийсэн, хар өнгийн резинээр хараанд сүүдрэвч хийсэн, гар хийцийн онгоц модтой, ТОЗ-8М загварын спорт-ангийн зориулалттай бага калибрын винтов бууг Э.Б авч цагдаагийн байгууллагад хураалгах зорилгоор “Дэлгэрбуянт” малчдын бүлгийн гишүүн П.Батсүхэд авчирч өгсөн талаар гэрч П.Батсүх /хх-н 12-13 хуудас/ мэдүүлсэн байх ба уг бууг Төв аймгийн Өндөрширээт сумын Цагдаагийн хэсэгт хураагдсан байна. Хавтаст хэрэг хохирогч Г.Монголтөрийн авч явсан ТОЗ-8М загварын бага калибрийн винтов бууг мөрдөгч эд мөрийн баримтаар тооцон, тогтоол үйлдэн хурааж аваагүй байна. Шийтгэх тогтоолд уг бууг хэрэгт хураагдан ирээгүй талаар дурдсан байна. Нэгэнт уг буу  нь нотлох баримтаар хураагдаж ирээгүй учраас шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Уг бууг ашиглан гэмт хэрэг үйлдэгдээгүй тул эд мөрийн баримт гэж үзэх боломжгүй юм. Мөн дээрх бууны хошуу, хонгио нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна.

Иймд хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Монголтөр, хохирогчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ