| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00191/и |
| Дугаар | 152/ШШ2022/00300 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2022/00300
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: З овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 11,749,151 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Б-д шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн Миний бие Б нь өөрийн биеэр оролцох боломжгүй, Үндэсний баяр наадын бөхийн бэлтгэлд гарсан тул өөрийн биеэр оролцох боломжгүй. Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч нь ирцийн асуудлаар гаргах саналгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гарсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2022/00153 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна.
Үүнд: 1. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16 хоног үндсэн цалин 423,872 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 59,806 төгрөг, ур чадвар /25 хувь/ 105,968 төгрөг, хоол 35,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 79,742 төгрөг, нийт 850,101 төгрөг,
2. 2021 оны 06 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, үр дүнгийн урамшуулал /улиралд 39 хувь/ 1,2-р улирал 444,276 төгрөг, хоол 50,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 113,917 төгрөг, нийт 1,405,612 төгрөг,
3. 2021 оны /07-11 сар тус бүр/ үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,
4. 2021 оны 12 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, үр дүнгийн урамшуулал /улиралд 39 хувь/ 1,2-р улирал 444,276 төгрөг, хоол 50,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 113,917 төгрөг, түлш нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 1,625,612 төгрөг,
5. 2022 оны /1-2 сар тус бүр/ үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,
6. 2022 оны 3 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, үр дүнгийн урамшуулал /улиралд 39 хувь/ 1-р улирал 222,138 төгрөг, хоол 50,000 төгрөг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс /20 хувь/ 113,917 төгрөг, нийт 1,183,474 төгрөг, бүгд 11,749,151 төгрөг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар алдаатай буруу шийдвэр гаргаагүй бол би одоог хүртэл ажил хөдөлмөрөө эрхлээд урамшууллыг хэвийн аваад явах боломж байсан. Буруу шийдвэр гаргасан учир миний энэ бүх боломж эрх минь зөрчигдсөн гэж үзэж байна. Иймээс миний үндсэн цалин болон үр дүнгийн урамшуулал, ажил хавсарны нэмэгдэл, түлээ нүүрсний хөнгөлөлтийг буцааж олгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэн Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б нь Үндсэн цалин, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авах боломжтой. Ажил хөдөлмөрийн амжилт гаргаж үр дүнтэй ажиллаж байсан тухай өмнө ямар нэгэн баримт, үнэлгээний хуудас, тэмдэглэл байдаггүй нь үр дүнгийн урамшуулал олгох боломжгүйг, ажиллаж бодитоор ажиллаагүй нь хоолны нэмэгдлийг олгох боломжгүйг, хавсран, хослон, түр орлон гүйцэтгэсэн тухай ямар нэгэн шийдвэр байхгүй учраас нэмэгдэл хөлс олгох боломжгүйг илэрхийлнэ. Ажил гүйцэтгэх арга барил, ур чадварыг тодорхойлж байгаагүй бөгөөд олгох эсэхийг шалгуур үзүүлэлтийн дагуу асуудал ажил олгогчид тавигдаж байгаагүй нь ур чадварын нэмэгдэл олгохоос татгалзаж шийдвэрлэх үндэслэл болж байгаагаас гадна өөрийн гэх хариуцуулж өгсөн албаны автомашингүй, 3 жилийн өмнө хариуцаж байсан автомашинаа эвдчихсэн байдаг. Ийм байхад ур чадвар, үр дүнгийн урамшуулал тооцон олгох боломжгүй юм. Иймд Б-ын нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 4,569,530 төгрөгийг хасаж 7,179,621 төгрөгийг олгох боломжтой тул шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б-ын нэхэмжлэлтэй, аймгийн ЗДТГ-ын даргад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. 1. Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй. 2. Б-ын цалн хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган хүргүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал нь ажилд томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээчий олговорт 11,749,151 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 1,110,690 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц Монгол улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б-ыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 153 тоот тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд нэхэмжлэгч Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Б-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Б-ын үр дүнгийн урамшуулал 1,110,690 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан ажил олгогчоос олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй байна.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 1,110,690 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч Б нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт газарт даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт газраас 185,165 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 1,110,690 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт газраас 185,165 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР