Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

                                               

                                    

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа                   

  Улсын яллагч Э.Хилчинбаатар                                                             

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго                                                                    Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, эрүүгийн 2521000000102 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 16 цаг 31 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд ******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ******* ******* 19 дүгээр талбайд олборлолтын 1 дүгээр хэсгийн ******* ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт ******* л //.

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч овогт ******* л нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК-ийн газрын ******* 19 дүгээр талбайн дугаар сууцны орчимд байхдаа хохирогч биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар

            Шүүгдэгч овогт ******* л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг.

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад эм тарианы мөнгө 200,000 төгрөг дансаар шилжүүлсэн, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулж болохыг ойлгосон гэвч  ******* нь надаас уучлалт гуйсан, хамт ажилладаг хүн тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11 тал/,

4. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас ...эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардалд 201,637 төгрөг зарцуулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

6. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ДОР0725/138 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

     Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

     Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     Энэ хэргийн улмаас хохирогч т учирсан, түүний нэхэмжилсэн 200 000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 65-р тал/, мөн хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардалд 201,637 төгрөг зарцуулсныг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд бүрэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

            Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасаныг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. ... гэж заажээ.

Улсын яллагчаас ирүүлсэн санал, шүүх хуралдаанд гаргаж буй дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага болох 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан. Гэтэл торгох ял оногдуулаад, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн боломжгүй буюу ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байхад улсын яллагчаас ойлгомжгүй саналыг гаргаж ирүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байдалд хүргэлээ.

Хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд шүүгдэгч нь прокуророос санал болгосон болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байх тул саналын хүрээнд шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч ******* лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200 000 төгрөг төлсөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардал 201 637 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогт ******* лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч овогт ******* лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ЖЕ92111112 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Жарагалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ