| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00235/И |
| Дугаар | 152/ШШ2022/00333 |
| Огноо | 2022-07-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2022/00333
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ургийн овогт Ш-рын Ц-ын,
Хариуцагч: УАЗД-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,194,557 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус тус хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Улаангом политехник коллежийг комьютерийн операторч мэргэжлээр, 2006 онд Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2019 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалт, Соёл урлагийн их сургуулийг соёлын өв, музей судлал" мэргэжлээр суралцан 2021 оны 5 дугаар сард бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Ховд их сургуульд түүхийн ухааны магистрантурт суралцаж байна. Би БСШУ, СЯам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан Музейд суралцахуй сэдэвт музейн боловсролын ажилд мэргэшүүлэх сургалт, Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага сэдэвт сертификаттай сургалтуудад хамрагдсан. Мөн Баялаг далайн ухаан ТББ-ын харьяа Golden ocean сургалтын төвөөс зохион байгуулсан түүх-нийгмийн хосолсон сургалтанд хамрагдаж сертификат авсан. Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож 74,7 оноогоор тэнцсэн. Улмаар ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор намайг аймгийн музейн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн ба Увс аймгийн Засаг дарын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар музейн даргаар томилогдсон. Гэтэл аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Улмаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж би Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар Увс аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон. Би хууль ёсны дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эргэж томилогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,194,557 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна. Мөн миний бие нь 2022 оны Аймгийн засаг даргын 4 дүгээр сарын 04-ний Б/09 дугаар захирамжаар музейн захирлын ажилд орсон боловч 4, 5, 6 сарын ур чадварын нэмэгдэл авч чадаагүй байгаа тул 4,5,6 сарын ур чадварын нэмэгдэл хөлс болох 699,462 төгрөгийг нөхөж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Ш.Ц-ын цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш гэж үзэж байна. Увс аймгийн музейн захирал Ш.Ц нь Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар Музейн захирлын ажилд орсон. Ажилд орсноос хойшхи буюу 2022 оны 4, 5, 6 сарын ур чадварын нэмэгдэл аваагүй нөхөж авах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Ц нь Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар музейн захирлын ажилд томилогдсон боловч ажпын үндсэн чиг үүргээ биелүүлж Аймгийн Засаг даргатай 2022 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, төлөвлөгөө батлуулж биелэлт болон хийсэн ажлын тайланг ирүүлж дүгнүүлээгүй байна. Иймд ур чадварын нэмэгдэл олгох тухай Ш.Ц-ын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч УАЗДд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,194,557 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.
Шүүх дараах үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 13,522,949 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,371,070 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Ш.Ц-ын цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал ажилд нь томилж ажиллуулах тухай шийдвэр болохоос цалин хөлсийг нь олгох тухай шийдвэр биш гэж үзэж байна. Ш.Ц нь Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 тоот захирамжаар музейн захирлын ажилд томилогдсон боловч ажпын үндсэн чиг үүргээ биелүүлж Аймгийн Засаг даргатай 2022 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, төлөвлөгөө батлуулж биелэлт болон хийсэн ажлын тайланг ирүүлж дүгнүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ш.Ц-ыг аймгийн Музейн захирлын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 655 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байх энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд нэхэмжлэгч Ш.Ц нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж заасан.
Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-ын ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2021 оны 2-4 дүгээр сарын цалингаас дундаж цалин хөлсийг тодорхойлон 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,834,872 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,688,077 төгрөг, нийт 13,522,949 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,671,608 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ш.Ц-ын ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Ц-ын 2022 оны 4-6 дугаар сарын ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд ажил олгогч нь ажилтанд эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэсэн буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй гүйцэтгэснээс шалтгаалан ур чадварын нэмэгдэл олгодог.
Нэхэмжлэгч нь эрхэлсэн ажлаа хэрхэн гүйцэтгэсэн, бусад ажилтнаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй ажилласан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2022 оны 4-6 дугаар сарын ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 13,522,949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,671,608 төгрөг, ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг, нийт 3,371,070 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,565 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,834,872 төгрөг, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дууталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,688,077 төгрөг, нийт 13,522,949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,671,608 төгрөг, ур чадварын нэмэгдэл 699,462 төгрөг, нийт 3,371,070 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цын ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д зааснаар ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 225,565 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ