Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

          

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ц.И*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н*******-*******

Шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.И******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Б******* Н*******т холбогдох эрүүгийн 2540000460030 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан, хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,   ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ******* багийн  гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б******* Н*******. 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Н******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/26 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цусан дахь спиртийн агууламж 2.2%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/26 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цусан дахь спиртийн агууламж 2.2%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-11 дүгээр хуудас),

-Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол, тэмдэглэл (хх-ийн 12-13 дугаар хуудас),

-Гэрч Н.Б мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

-Гэрч М.Б мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

-Гэрч Б.Б мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0725/027 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30 дугаар хуудас),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/2521 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас),

-2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн №2025/05 дугаартай магадлагаа (хх-ийн 38-39 дүгээр хуудас),

-2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/26 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Б.Н*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар (хх-ийн 41-42 дугаар хуудас),

-Цагдаагийн Ерөнхий газраас олгосон Б.Н*******ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 43 дугаар хуудас),

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 44 дүгээр хуудас),

-Яллагдагч Б.Н*******ийн “Тогтоолтой танилцлаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас),

-Яллагдагч Б.Н*******өөс прокурорт хандаж гаргасан “Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт (хх-ийн 62 дугаар хуудас),

-Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-ийн 63 дугаар хуудас) зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Н*******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Н******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/26 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цусан дахь спиртийн агууламж 2.2%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Аллион-Т240” загварын 22-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон   болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.

 

Шүүгдэгч Б.Н******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-ын “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ” гэх заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-ын “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэх заалт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг тус тус зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутын үед согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 61 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Б.Н*******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох” тохиролцоог хангаж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          

1.Шүүгдэгч ******* овогт Б******* Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Н*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг)  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Н*******ийг 1 (нэг) жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Н*******т хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н*******т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ