Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2022/0154

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогтой У-ын Э-ын,

Хариуцагч: Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдох,

Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга Я /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие Э нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Х сумын Засаг даргын Б/02 тоот захирамжаар Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр түр хугацаагаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд манай хамт олон Увс аймгийн Эрүүл мэндийн төвүүд, түүний бүтэн жилийн ажлын гүйцэтгэлээр 2019 онд 5 дугаар байр, 2020 онд 2 дугаар байр эзэлсэн бөгөөд миний бие хамт олноо удирдан амжилттай ажиллаж, өдийг хүртэл ажил үүргээ зохих түвшинд гүйцэтгэж ирсэн. Мөн 2021 оны хагас жилийн ажлын тайланг дүгнүүлж 60 хувийн ур чадварын нэмэгдэл авсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалж 2021 оны 7 дугаар сар хүртэл тус суманд эрхлэгч эмч, дотрын эмч, хүүхдийн эмчийн ажлуудыг хавсран гүйцэтгэж байна. Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/73 захирамжаар надад сахилгын шийтгэл оногдуулсныг би 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр буюу хугацаа хожимдож мэдсэн. Увс аймгийн Х сумын Засаг дарга Я-ийн дээрх захирамж нь ямар ч хуулийн үндэслэлгүй буюу би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад надтай хувийн тааламжгүй харилцаа, хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр болно. Уг захирамжийн улмаас сэтгэл санааны хямралд орж цаашлаад ур чадварын нэмэгдэл урамшуулал олгогдохгүй болсонд гомдолтой байгаа бөгөөд уг шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь Увс аймгийн Х сумын Сум дундын эмнэлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаад ажлын шаардлагаар давхар эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэсэн. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болон ажил үүргээ биелүүлээгүй зүйл байгаагүй. 2021 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу шилжих болсон ба сумын Засаг даргын зүгээс ямар нэгэн хариу хэлээгүй байж байтал хүнээс Чи яасан арга хэмжээ авахуулаад ажлаасаа гарах гэж байна уу гэхээр нь Би арга хэмжээ авхуулаагүй шүү дээ гээд асууж тодруулахад сануулах арга хэмжээ авчихсан байсан. Тушаалтай танилцахад ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгээгүй гэх шалтгаанаар арга хэмжээ авсан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн тогтоолд Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчлийг шалгаж тогтоогоод, энэ тухай хэлэлцэж, нотлох ёстой гэж заасан. Арга хэмжээ авсан тушаалаа Э-д гардуулж танилцуулах ёстой байхад огт мэдэгдээгүй. Уг тушаал нь хуулийн шаардлага хангаагүй. Яагаад гэвэл Э-ын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Мөн мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа эсэхийг мэргэжлийн комиссоор тогтоолгож шалгаагүй, ямар ч шалгаж тогтоосон баримт байхгүй. Арга хэмжээ авсан тушаалтай холбоотойгоор улирлын үр дүнгийн урамшуулал, ажил хавсран гүйцэтгэсний цалинг олгоогүй учраас 1.031.892 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс цалин нэмэгдэл хэрхэн тооцож олгох тухай шийдвэрлэсэн актыг баримтаар гаргаж өгсөн байсан. Э-ын 3 дугаар улиралд ажилласан 2 сар, 13 хоногт тохирсон ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл, үр дүнгийн нэмэгдэл олгох ёстой гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагч талаас нэмэлтээр өгсөн баримт дээр хариуцагч нь ажилдаа ороод ажил танилцсан протокол дээрээ нөхөж бичсэн байсан. Хариуцагч удаа дараа тайлбар гаргахдаа онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн Э өөрөө хуралдаа ирээгүй гэдэг боловч хэдэн удаа хаан хурал болсон, хэн хэн хэзээ ирээгүй талаар бүртгэл байхгүй. Онцгой комиссын хуралдаан гэх баримт дээр ард нь Эд арга хэмжээ авахаар шийдэв гэж догол мөрөнд нөхөөд биччихсэн байна. Дээрх шийдвэрийг онцгой комиссын зүгээс гаргасан уу? Засаг дарга өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу гаргасан шийдвэр эсэх нь тодорхойгүй. Завхан сумын Засаг даргын захирамж нь хуулийн хүчин төгөлдөр бус захирамж байна. Онцгой комиссын хуралдаан тэмдэглэлд эмч Э улаан бүсээс гараад карентинд байгаа гэсэн үг байна. Хэрэв хурал болсон бол Э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байна. Мөн ёс зүйн доголдол гаргасан бол хэн ямар гомдол гаргасан бэ? хэнийг юу гэж доромжилж харьцсан тухай баримт болон энэ тухай шалгасан зүйл хэрэгт байдаггүй. Иймд удаа дараа алдаа гаргасан болон ёс зүйн зөрчил гаргасан талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ковидын хэцүү хүнд цаг үед сумын Засаг дарга миний бие сумын Онцгой комиссын даргын үүргийг давхар гүйцэтгэж сумын ард иргэдийн эрүүл, тайван амьдралын төлөө ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сард ажил авснаас хойш сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг тогтвор суурьшилтай иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд сумын Онцгой комиссын даргын зүгээс бүх боломж нөхцөлөө ашиглаж Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгөн туслалцаа, Сумын Онцгой комиссд ард иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хандивын маск, нүүрний хаалт, комбинзан, мал, болон бусад эд материалын туслалцаа үзүүлсэн. Э нь ковидын дэгдэлтийн үе эхэлж байхад улаан бүсийн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ор дэлгэх бэлтгэл байдлыг хангахгүйгээр дутуу орхин ээлжийн амралтаа авч, Улаанбаатар хотод баяр наадмын сур харваанд оролцоно гээд явсан. Энэ үед миний бие сумын онцгой комиссын гишүүдийг хүч татан байрны засвар үйлчилгээ улаан бүсэд тууз татах, 00-ын нүх ухах, 00 барих зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Э-д ажлын хамт олон болон иргэдээс удаа дараа гомдол ирдэг. 2 дугаар багийн иргэн А охин хүүхэд гаргүй болгосон гомдолтой байна гэж 3 удаа надад гомдол ирүүлсэн. Мөн ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Шөнө дуудлага өгөөд ирэхгүй байна гэж Б утсаар гомдол хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сумын иргэн Б, Ш нар Улаанбаатар хотоос сумын цагаан хаалга дээр ирээд над руу утсаар ярьж ковидын шинж тэмдэг илэрч байх шиг байна шинжилгээ өгье тусгаарлах байр байвал тусгаарлах байранд оруулж өгнө үү гэж ярьсан. Миний бие сумын их эмч Э-д ковидын шинж тэмдэг илэрч байгаа иргэдийн хүсэлтийн дагуу шинжилгээ авч тусгаарлах байранд оруул гэж хэлсэн боловч өөдөөс чи мэдэхгүй, би мэднэ, чамд хамаагүй өнөөдөр амралтын өдөр би унтаж байна, чи надад юу өгсөн юм нэг ширхэг маск ч өгөөгүй, чамд ковид ямар ч хамаагүй гэж ярьсан. Ковидын шинж тэмдэг илэрсэн болон бусад өвчтөний дуудлагад түргэн шуурхай үйлчилдэггүй өндөр настан болон бусад иргэд өвдөж олон удаа хэвтүүлэн эмчилж өгнө үү гэхэд хэвтүүлдэггүй, хөнгөлөлттэй эмийг бичиж олгодоггүй, иргэдэд хүндрэл учруулдаг харилцааны соёлгүй, иргэдийн мэндийг асуудаггүй өвчтөнтэй харилцаж чаддаггүй гэсэн гомдол удаа дараа ирсэн. Сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Б болон байгууллагын ёс зүйн зөвлөл, хамт олноос нь сумын удирдлагуудад 2-3 удаа Э нь удирдлага арга зүйгээр хангаж чадахгүй байна ажиллахад хэцүү байна гэсэн гомдлыг тавьж байсан бөгөөд Э нь өөрөө сувилагч Н хариуцлага алдаж найруулах ёсгүй хоёр өөр тариаг найруулж хүнд өвчтөн Н-д хийснээр уг өвчтөн таалал төгссөн гэж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н бид хоёрт хэлсэн. Мөн Д, Н болон З нь ковидын шинж тэмдэг өгч байна гэж хөдөө багаас дуудлага өгөхөд 2 хоног очиж үзээгүй, сумын төвийн гэрт авчирч 2 хоног байлгасан. З нь над руу утсаар би хүндэрч байна хамар, ам хоёроос цус гоожиж байна хөл, гар өвдөөд босож чадахгүй байна, их эмчийг дуудаад ирэхгүй байна, эмч явуулж тус болооч гэж над руу уйлаад ярьсан. Би Э эмч рүү залгаж тэр өвчтөн хүндэрсэн байна очиж үз гэхэд тэр үхвэл би мэдье үзэхгүй гэж хэлсэн. Би үзэхгүй болохоор нь Аймгийн Эрүүл мэндийн төвөөс зөвлөгөө авахад их эмч үзэхгүй байвал бага эмчээр үзүүл гэж зөвлөгөө өгсний дагуу статистикч эмч А-ыг гуйж үзлэг хийлгэхэд хатгаа авсан байсан учир тэр шөнө эмнэлэгт хэвтүүлсэн боловч тухайн өвчтөн маань хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очин нас барсан. Энэ өвчтөний хань, ээж, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсөд нь сумын эрүүл мэндийн төвийн их эмч Э хариуцлагагүй хандсан тул бид гомдолтой, 49 хоног өнгөрөөгөөд холбогдох байгууллагуудад гомдол гаргана гэж сумын удирдлагуудад албан ёсоор танилцуулсан болно. Засаг дарга миний бие нь Э-д удаа дараа иргэдийн гомдлын дагуу зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж ур чадварын нэмэгдлийг дээд хэмжээгээр нь өгч хамтран ажиллахыг хүссэн боловч зөвлөсөн зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй. Засаг дарга миний бие нь хувийн харилцаа болон ашиг сонирхлын үүднээс сахилгын шийтгэлийг авах үндэслэлгүй. Аймгийн Эрүүл мэндийн төвөөс хийгдсэн хяналт шалгалтаар 21 үүрэг даалгавар өгч хангалтгүй ажиллаж байгаа гэдгийг сумын Засаг дарга надад танилцуулж, 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгүүлэх үүрэг даалгаврыг өгсөн боловч үүрэг даалгавар биелүүлж чадахгүй мөн өвчтөн З хүндэрсэн тул хариуцлагаас мултарч, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн гэж би үзэж байгаа. Аймгийн Эрүүл мэндийн төвөөс өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүл мөн хүнд өвчтөн З-г үхвэл би мэдье гэсэн тэр өвчтөний биеийн байдал сайжиртал ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн боловч Э нь эх барих эмэгтэйчүүдийн эмчээр сурах гэж байгаа тул чөлөөлж өгөөч гээд гуйгаад байж явсан. Э нь ажиллаж байх хугацаандаа дээрх алдаа дутагдлуудыг удаа дараа гаргаж хариуцлага алдаж сумын Эрүүл мэндийн байгууллагыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадаагүй тул сахилгын арга хэмжээ авсан болно. Мөн 3 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал, ажил хавсран гүйцэтгэсэн цалин, ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаарплагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э нь хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2021 оны 3 дугаар улирлын ажилласан хугацаанд ногдох үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж ажилласны нэмэгдэл нийт 1.031,892 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Х сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот Ажилд түр томилох тухай захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байгаад Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Э нь хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцаж ажиллаагүй, захирах, захирагдах ёсыг сахин биелүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэх ерөнхий заалтыг баримтласан нь үндэслэлгүй болжээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-ийг баримтлах ёстой байжээ.

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Э нь хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцаж ажиллаагүй, захирах, захирагдах ёсыг сахин биелүүлээгүй талаар нотлох баримт авагдаагүй, тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн 2021 оны 3 дугаар улирлын ажилласан хугацаанд ногдох үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж ажилласны нэмэгдэл нийт 1.031,892 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч өөрөө тооцоолон нэхэмжилсэн бөгөөд энэхүү үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж ажилласны цалин олгох эсэх, хэдэн хувиар олгох нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд 1.031,892 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 3 дугаар улирлын ажилласан хугацаанд ногдох үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж ажилласны нэмэгдэл нийт 1.031,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 29,315 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/73 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 3 дугаар улирлын ажилласан хугацаанд ногдох үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж ажилласны нэмэгдэл нийт 1.031,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 29,315 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР