Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/02425

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Р.Алтантуяа, шүүгч Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягт оршин суух, Е овогт Б.Ч /РД:00000000/,

 

Хариуцагч: Дорнод аймаг, ............. хаягт оршин суух, Ш овогт Г.О /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Г.О, иргэдийн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.О-од холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөг болгон багасгаж шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн О худалдааны төвөөс гэрийнхээ хүнсийг цуглуулаад МТ колонкийн урд уулзвар дээр явган хүний гарцаар гарч яваад 15:50 минутын орчимд Тоёото приус маркийн ААА 00-00 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О-од мөргүүлсэн. Мөргүүлсний улмаас хөлдөө гэмтэл авч эмчилгээ хийлгэж нэг сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Хэдийгээр цаашид хөдөлгөөн хорих заалттай байсан ч амьдралын эрхээр ажилдаа орсон боловч одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байна. Иймд 1 сарын хугацааны цалин хөлс 1,250,000 төгрөгөөс төлсөн 300,000 төгрөгийг хасч, 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.О хариу тайлбартаа: 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн ослын дараагаар 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хохирогчийн бүх үзлэг, оношилгоо, эм эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг бүрэн гаргаж хохиролгүй болгосон бөгөөд цалингийн 50 хувийг Нийгмийн даатгалын сангаас гаргуулах болсон тухайгаа надад хэлж, үлдсэн 50 хувийг гаргуулах тухайгаа ярилцсан. Би уг хүсэлтийг зөвшөөрч цалингийн 50 хувь болох 625,000 төгрөгийг хоёр хуваан төлөх тохиролцоо хийж, 300,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш 2 сар ажилдаа явж чадаагүй би бусад зээл, төлбөрүүдээ төлөхийн тулд хөдөө ажиллахаар яваад 2 сарын дараа ирсэн. Уг нэхэмжлэлийн дагуу 1,250,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, тохиролцсоны дагуу үлдэгдэл 325,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Анх тохиролцсоны дагуу хариуцагч нь 300,000 төгрөг төлсөн тул одоо 325,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2022.04.19-ний өдрийн 04-04/59 тоот Тээвэр хөгжлийн банкны тодорхойлолт, 2022.03.28-ны өдрийн Тээврийн Прокурорын газрын 299 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, 2022.02.28-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.02.28-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.02.28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.02.28-ны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, эм тариа, шинжилгээний төлбөрийн баримт, 2022.03.09-ний өдрийн 3726 тоот Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, 2022.03.16-ны өдрийн 293 тоот мөрдөгчийн магадлагааг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк дахь өөрийн 0000000000 тоот харилцах дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн О худалдааны төвөөс гэрийнхээ хүнсийг цуглуулаад МТ колонкийн урд уулзвар дээр явган хүний гарцаар гарч яваад 15:50 минутын орчимд Тоёото приус маркийн ААА 00-00 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О-од мөргүүлсэн. Мөргүүлсний улмаас хөлдөө гэмтэл авч эмчилгээ хийлгэж нэг сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Иймд 1 сарын хугацааны цалин хөлс 1,250,000 төгрөгөөс төлсөн 300,000 төгрөгийг хасч, 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, цалингийн 50 хувийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах болсон тухайгаа надад хэлж, үлдсэн 50 хувийг би гаргахаар болсон. Энэ дагуу 50 хувь болох 625,000 төгрөгийг хоёр хуваан төлөх тохиролцоо хийж, 300,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Тохиролцсоны дагуу үлдэгдэл 325,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагчийн дансны хуулга, 2022.04.19-ний өдрийн 04-04/59 тоот Тээвэр хөгжлийн банкны тодорхойлолт, 2022.03.28-ны өдрийн Тээврийн Прокурорын газрын 299 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, 2022.02.28-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.02.28-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.02.28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.02.28-ны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, эм тариа, шинжилгээний төлбөрийн баримт, 2022.03.09-ний өдрийн 3726 тоот Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, 2022.03.16-ны өдрийн 293 тоот мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч Г.О нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн ........ уулзварын зүүн хойд талын явган хүний гарц дээр 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын 299 тоот тогтоол гарчээ.

6. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3726 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

7. Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо 1 сар ажил хөдөлмөр эрхлээгүй гэж 1 сарын цалингаа нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн төлсөн 300,000 төгрөгийг хасч, 1,000,000 төгрөг гэж тооцон нэхэмжилж, хариуцагч нь өөрийн гэм буруу болон нэхэмжлэгч 1 сар ажил хөдөлмөр эрхлээгүй тал дээр маргаагүй , цалингийн 50 хувийг нийгмийн даатгалаас гаргуулсан тул 50 хувийг хариуцна, 300,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 325,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

9. Нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллагаас ирсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сард ажил хийгээгүй болох нь, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 680,000 төгрөгийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан тул цалингийн зөрүүг хариуцагч төлөхөөр байна.

11. Иймд дутуу авсан цалин хөлс болох 625,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 300,000 төгрөгийг хасч, үлдэх 325,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 675,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-оос улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.О-оос 325,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 675,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг лусын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                    ШҮҮГЧИД                                   Р.АЛТАНТУЯА

                                                  Г.АРИУНАА