| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025 04 18 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч *******ын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******од холбогдох эрүүгийн 2536000000107 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр *******, 3 настай охин *******, 1 нас хүрээгүй хүү ******* нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овгийн Амарболд
Урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480,000 төгрөгөөр торгох ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны орой ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг “Залгамж” цайны газрын хажууд байрлах авто зогсоол дээр архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гар, зүүн хацарт цохисны улмаас түүний биед баруун гарын алганы 5 дугаар ясны бяцарсан хугарал, зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн дараах нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “гаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн сумын багийн үйл ажиллагаа явуулдаг Залгамж зоогийн газрын дээд талын таксины зогсоол дээр ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* гэх залуу намайг зодсон”/хавтаст хэргийн 2 хуудас/,
2. Хохирогч ы мэдүүлэг: “Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт өөрийн ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ такси үйлчилгээнд явж байгаад багт үйл ажиллагаа явуулдаг “Залгамж” зоогийн газрын хажуу хашаанд байх таксины зогсоол дээр зогсож байтал ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухарч ирээд миний автомашины урд хэсгийг мөргөсөн. Би юу болж байна гээд автомашинаасаа буугаад хартал ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг согтуу залуу бууж ирээд “Та маргааш надаар төлүүлээд авчих” гэхээр нь “чи юу ярьж байна” гэтэл “маргааш наад автомашиныг чинь төлөөд өгчихье гэж хэлсэн биз дээ” гэж хэлээд миний нүүр хэсгийн зүүн талын хацар хэсэгрүү нэг удаа цохихоор нь би гарыг нь барихад миний гарын сарвуу хэсэгрүү цохисон. Миний баруун гарын сарвуу хэсэг чинэрч өвдөж байна. Мөн миний хацар хэсэг өвдөж байна” /хавтаст хэргийн 6 хуудас/,
3. Гэрч гийн мэдүүлэг: “...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз *******ын хашаанд түүнтэй хамт “Алтан түрүү” нэртэй 0.75 литрийн архинаас хувааж уугаад 18 цагийн үед ******* миний эзэмшлийн ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт “Залгамж” цайны газрын дээд талын хашааруу очсон. ******* хойшоо ухарч байгаад ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөчихсөн. ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд маргалдаж, ******* тухайн жолоочтой ноцолдож, би салгаж, тарсан. Тэгтэл 36 айлын орон сууцанд гэх найзтайгаа уулзаж байтал цагдаад баригдсан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Манай найз ******* нь тухайн үед ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой ноцолдоод байсан. Би салгасан. ******* нь цохисон байх гэж би бодож байна”/хавтаст хэргийн 8 хуудас/,
4. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ХОВ0725/247 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...ы биед гэмтэл учирсан байна. ы биед баруун гарын алганы 5 дугаар ясны бяцарсан хугарал, зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ы биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ы биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ы биед учирсан дээрх гэмтэл нь шинээр үүссэн байна”, уг шинжээчийн дүгнэлтийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 13-15 хуудас/,
5. “” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 49775 дугаар “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-д: “ ХОЕ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлыг 1.035.800 төгрөгөөр үнэлэв”, уг тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 28-30 хуудас/,
6. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “Ажиллагаанд 1,2,3,4 тоогоор тэмдэглэсэн 4 хүний зэрэгцүүлэн тавьж дотор нь таныг цохиж, зодсон хүний зураг байна уу гэхэд хохирогч нь 3 тоогоор тэмдэглэсэн Амарболдын зургийг шууд зааж байв. Хохирогч гаас ямар шинж тэмдгээр нь таньж байна вэ гэхэд зүүн тийш үсээ самнасан, дэлдэн чихтэй, шар царайтай хүн байсан гэв”, уг ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 21-23 хуудас/,
7. Жолоочийн согтуурлын зэргийг тодорхойлсон тэмдэглэлд “ ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Амарболдыг Alcotest багаж ашиглан шалгахад 1.51 хувийн согтолттой...”, уг тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 33-34 хуудас)
8. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “Яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ы баруун гар, зүүн хацарт гараараа цохисон гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах болон цагаатгах нотлох баримтыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж, үгүйсгэж байгаа эсэхийг шалгаж, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны орой ******* аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг “Залгамж” цайны газрын хажууд байрлах авто зогсоол дээр архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гар, зүүн хацарт цохисны улмаас түүний биед баруун гарын алганы 5 дугаар ясны бяцарсан хугарал, зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч ******* нь улсын яллагч *******тай хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд уг хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч *******ын баруун гар, зүүн хацарт нь цохисон үйлдэл болон хохирогч ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Гэм буруугийн санаатай хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч ******* нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
2.3. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тай зүй бусаар харилцсан нь дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Хохирогч нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлтдээ “Би гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.
“Хас” банк дахь харилцах дансны хуулгаас үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөгийг “Amarbold” гэсэн гүйлгээний утгатайгаар хохирогч д бэлэн бусаар шилжүүлжээ.
“Хаан банк” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь 150,000 төгрөгийг “хохирол төлөв” гэсэн гүйлгээний утгатайгаар хохирогч д бэлэн бусаар төлжээ.
3.2. Иргэний нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Найз ******* нь миний автомашинд учруулсан эвдрэл, гэмтлийг бүрэн янзалж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй” гэжээ.
3.3. Иргэний нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ “Эрүүл мэндийн даатгалын сангаас ы эмчилгээний зардалд төлсөн 43,147 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
“Капитрон банк” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь 43,150 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлжээ.
3.4. Дээрх бичмэл нотлох баримтаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч , иргэний нэхэмжлэгч , нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтаст хэргийн 76 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 71 хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хавтаст хэргийн 72 хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 79-86 хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 87-94 хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 55 хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Шүүхээр хэлэлцэх ажиллагааны явцад улсын яллагчаас ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/619 дүгээр албан бичиг, хүүхдийн төрсний лавлагаа/*******, *******/ нарын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтыг хэрэгт гарган өгсөн.
Дээрх нотлох баримтаар шүүгдэгч *******ын энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт заасан хувийн байдал тогтоогдож байна. Тэрээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн учир холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн учир холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус дуусгавар болжээ.
4.2. Шүүгдэгч *******ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал энэхүү шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар тогтоогдоно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
4.3. Дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг сар тутам 250,000 төгрөгөөр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн Амарболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг 1,000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 1,000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 250,000/хоёр зуун тавин зуун мянга/ төгрөгөөр 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарласугай.
5. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ