Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 85

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

      Улсын яллагч                                               Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Л.Доржпүрэв

      Нарийн бичгийн даргаар                          Х.Нарантуяа нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Овоогийн Баярмагнайд холбогдох эрүүгийн 201718000096  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг “Мөнхтолгой” гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл:

2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, дээрх ялыг 1 жилийн хугацаагаар хойшлогдож байсан,

          2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил, 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар, 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 185 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар, 17 хоногийг өршөөгдсөн,

         2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хошууд овогт Овоогын Баярмагнай, /РД: МС94052411/,

          Шүүгдэгч О.Баярмагнай нь ялтай байхдаа давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг “Ишгэнт”-ийн 7-5А тоотод оршин суух иргэн Г.Энхцогтын хашаанд уяатай байсан хээр алаг зүсмийн морийг 2017 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө хулгайлж Г.Энхцогтод 600,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

         1.  Шүүгдэгч О.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын  03-нд  сэжигтнээр дахин  өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг Мөнхтолгой гэх газарт хаягийн бүртгэлтэй бөгөөд одоогоор Дархан-Уул аймагт түр оршин сууж байна. Хэргийн талаар ярихад би 2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой 17 цаг өнгөрч байхад өмнө танилцаж байсан Буянаа эгчтэй тааралдсан. Тэр үед Буянаа нь архи уучихсан танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт явж байсан. Ингээд манай найз Энхтал буюу Хушаат сум руу явах гэж байна гэхээр нь “яах гэж байгаа юм бэ, ямар зорилгоор явж байгаа юм бэ” гэхэд “салхинд гарна” гэж хэлэхээр нь “би хамт явъя, би аавындаа очоод ирье” гэж хэлсэн чинь “тэг, тэг” гэж зөвшөөрсөн. Ингээд “Гялс” төвийн урд талд очиж цэнхэр өнгийн ачааны Портер машины жолоодож явсан залуу Буянаа руу утсаар яриад машин эвдэрчихлээ, хүрээд ир гэж дуудаад байсан. Тухайн үед машины жолооч шаланк эвдэрсэн юм шиг байна, шаланк олох хэрэгтэй байна гэхээр нь  би Хушаат сум руу замын танихгүй хүний машинд сууж сумын төв ороод өөрийн танил Байгалаа эгчийн гэрт очиж “шаланк байна уу” гэж асуухад надад шаланк олж өгсөн ба би уг шаланкаа аваад явганаар эвдэрсэн байсан. Портер машин дээрээ очсон. Ингээд шаланкыг хийсэн боловч эрмэн тасарсан байсныг мэдсэн. Ингээд машин дотор Буянааг хүлээгээд сууж байтал машинд сууж байсан эмэгтэй даараад байна гэхээр нь Байгалаа эгчийн гэр лүү явган очиж дээл авч буцаад явган ирж хамт явж байсан эмэгтэйд өмсүүлсэн. Түүнээс хойш 2 цагийн дараа буюу 02 цагийн үед Буянаа “Приус 11” загварын саарал өнгийн машинтай ирсэн. Жолооч нь танихгүй махлаг шар залуу байсан. Машины дугаарыг нь сайн хараагүй болохоор мэдэхгүй. УБА гэсэн дугаартай байсан. Буянаа ирээд машин дуудаж чирүүлж Дархан оруулъя гээд машин дуудаад байсан. Ингээд Буянаа, жолооч бид 3 Хушаат сум руу явж архи авахаар явсан. Хушаат сумын дэлгүүрүүд хаалттай байсан тул Буянаа машины хойноос 1 шил 0,75 “Ерөөл” архи гаргаж ирээд бид 3 Хушаат сумын ШТС-ын хойно зогсож байгаад машин дотроо хувааж уусан. Тэгээд ууж байхад Буянаа надад хандан “ганц малын хэрэг байна” гэхээр нь “чадахгүй өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Тэгсэн чинь Буянаа “за за би энд буулаа, хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд явсан. Удалгүй Буянаа жолооч залуу руу утсаар яриад “та 2 Дархан ор” гэж хэлэхээр нь бид 2 Приус 11 машинтай Дархан-Уул аймагт ирээд толгойтын хажууд ирээд Буянааг хүлээж зогссон. 1 цаг гарны дараа Буянаа жолооч найз руу залгаад “хайрга авдаг газар луу хүрээд ир гэж байна” гэхээр нь бид 2 очиход Буянаа хээр алаг морь уначихсан ирсэн байсан. Очоод хартал Хушаат сумын Ука гэж залуугийн хээр алаг морь байсан. Тэгээд Буянаа, жолооч 2 “энэ морийг энд алаад махыг нь зарж мөнгө болгоно” гэхээр нь би Буянаад “наадах чинь манай сумын таньдаг ахын морь байна, алж болохгүй” гэсэн чинь Буянаа “надад мөнгөний хэрэг байгаа юм чинь амьдаар нь ченжид өгье, чамд хамаагүй биз дээ” гэхээр нь би хориглоод болиулсан. Тэгээд Буянаа, жолооч залуу 2 надаас холдож хоорондоо юм ярьж байгаад надад хандан “чи наад морио хараад байж бай, бид 2 яваад хүрээд ирье” гээд явсан. Тэгээд би хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь өөрийн таньдаг Ганжав ахын гэрт очоод хашаанд нь оруулж уясан. Тухайн үед Ганжав ах гэртээ ганцаараа байсан. Ганжав ахад “энэ морийг хашаандаа байлгаж байгаарай, хүн ирж авна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд байж байхад Дархан-Уул аймгийн цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би 2017 оны 03 дугаар сард эхнэртэйгээ маргалдаад хэсэг зах дээр архи уугаад явж байхдаа Буянаатай танилцаж байсан. Би тэр Портер жолоочтой танилцаагүй, зүгээр л архи уугаад явж байсан. Машины дугаарыг хараагүй болохоор мэдэхгүй байна. Буянаа 165 см өндөртэй, царай туранхай царайтай, зүүн хацар дээрээ мэнгэтэй, хар өнгийн куртиктэй бусад хувцсыг нь санахгүй байна. Жолооч 170 см өндөр, махлаг, тарган шар царайтай залуу байсан. Хувцсыг нь санахгүй байна. Би худлаа яриагүй болсон зүйлийн талаар үнэнийг ярьж байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 59-р ху/,

2.Шүүгдэгч О.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06-р сарын 10-нд  яллагдагчаар өгсөн: ...Би одоо бүх зүйлийг үнэн зөвөөр ярья. Би өмнө нь хулгайн хэргээр 2-3 удаа шийдүүлж байсан учир айгаад худлаа мэдүүлэг өгсөн юм. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн зах дээр хүмүүстэй архи ууж байгаад орой Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Мөнхтолгой гэх газар очихоор явах гэтэл унаа олдохгүй байсан. Тэгэхээр нь Хушаат сум руу алхаж явтал Дарханы гэр хорооллын айлууд өнгөрөөд удаагүй байтал цэнхэр өнгийн Портер машин ирсэн. Тэгээд тэр машинд гар өргөхөд зогссон ба дотор нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан. Тэр хүмүүс Хушаат сум руу явна гэхээр би хамт суугаад Хушаат сум руу явсан. Тэгээд Хушаат сум руу орох замдаа цэнхэр өнгийн Портер машин эвдэрсэн. Машины шаланк тасарсан байсан тул ганцаараа явганаар Хушаат сумын төвд байдаг Байгалаа эгчийн гэрт очиж шаланк асууж олж аваад буцаад явахдаа машинаар нь Портер машин дээр хүргүүлсэн. Тэгээд машиныг засаж янзлах гэсэн боловч болохгүй байсан тул жолооч нь “Дарханаас машин дуудаж чирүүлнэ” гээд үлдсэн. Тэгэхээр нь би цааш явганаар Хушаат сумын төв орсон. Тухайн үед гадаа их хүйтэн байсан тул дахин Байгалаа эгчийн гэрт орж “гадуур өмсөх юм байна уу” гэхэд надад саарал өнгийн дээл гаргаж өгсөн. Тэр дээлийг өмсөөд гэрээс нь гараад Ука буюу Энхцогтын гэрт очиход гэрийнх нь хашаанд хээр алаг морь байхаар нь явган унаа байхгүй байсан тул Энхцогтын хашаанаас хээр алаг морийг нь хулгай хийж аваад Дархан-Уул аймаг орсон. Тэгээд замдаа уулын жалга дотор үлдээгээд гэр лүүгээ очсон. Гэртээ унтаж байгаад үдээс хойш хээр алаг морийг нь хүн авчих байх гэж бодоод очиход жалгандаа уяатай байсан ба унаад өөрийн танил Ганжавын гэрт очиж хашаанд нь оруулж уяад “энэ морь танай хашаанд байж байг, хүн ирж авна” гэж хэлээд явсан. Тухайн үед Ганжав ахын гэрт Ганжав ах ганцаараа байсан. Тэгээд гэртээ ирээд байж байхад Дархан-Уул аймгийн цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би хээр алаг морийг ямар нэгэн хүнтэй хамт бүлэглэж хулгайлаагүй. Би Хушаат суманд явган явж байгаад унаа олдохгүй байхаар нь Энхцогтын хашаанаас хээр алаг морийг хулгай хийгээд унаад явчихсан юм. Энэ миний буруу. Би өмнө нь 2-3 удаа хулгайн хэргээр шоронд орж байсан болохоор энэ удаад айгаад худлаа мэдүүлэг өгсөн юм. Одоо миний ярьж байгаа бүх зүйл үнэн. Би худлаа мэдүүлэг өгсөндөө уучлал гуйж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-р ху/,

3.Хохирогч Г.Энхцогтын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 03-ны  өдөр өгсөн:  ...Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хувийн мал маллаж амьдардаг. Хувьдаа 20 тооны адуу, 8 үхэртэй айл. 2017 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө өглөө үүрээр 6 цагт босоод уяа руугаа харахад хээр алаг зүсмийн морь алга болсон байсан. Эхэндээ морио адуун сүрэгтэйгээ нийлээд явчихсан юм болов уу гэж бодоод харахад адуун сүрэг байсан. Гэрийн ойр орчмоор хайсан боловч олдоогүй. Морь алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний өөрийн унаган адуу байгаа юм. Хурдан удмын угшил байхгүй. Хүүхдүүдийн хонь, үхрэнд унаж хэрэглэдэг морь юм. Би алдагдсан хээр алаг морио 600,000 төгрөгөөр үнэлсэн. Морийг би хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 25-р ху/,

4. Гэрч С.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 02-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Ишгэнтийн 7-5 тоотод амьдардаг бөгөөд Г.Энхцогт манай хажуу хашаанд гэртэй мал маллаж амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө Энхцогт манай гэрт ирээд “манай хашаанд байсан хээр морь алга болсон байна, та харсан уу” гэж асуухаар нь би “хараагүй” гэж хэлсэн. Ингээд Энхцогт морио хайж явсан ба маргааш нь Энхцогт “морио Дарханаас олж ирлээ, хүн хулгай хийгээд явсан байна” гэж хэлсэн.  гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

           5. Гэрч Ш.Энхцолмонгийн 2017 оны 05-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө цэцэрлэгт хүүхэд хүргэж өгөөд Г.Энхцогтын гэрээр ороход “гэрийнхээ хашаанд тэжээж байсан хээр алаг морь нь алга болсон байна” гээд манай хүргэн дүү Энхцогт морио хайж гадуур явсан. Ингээд маргааш нь Энхцогт “морио Дарханаас олж ирлээ, хүн хулгай хийгээд явсан байна” гэж  ярьсан. Хэн хулгай хийсэн талаар мэдээгүй. Ер нь хашаанаасаа гарах боломжгүй, гэрийнхээ хашаандаа уяатай байсан морь байгаа юм, Гэрийнхээ хашаанаас гарсан ч гэсэн явахгүй учир нь тэжээл өгч байсан морь яваад байдаггүй юм. Манайх малтай байсан болохоор сайн мэднэ. Хээр алаг зүстэй тамгыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бага насны хүүхдүүд унаад явдаг их номхон морь байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 32-р ху/,      

6.Гэрч Ш.Энхсолонгийн 2017 оны 05-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Манайх Сэлэнгэ аймаг, Хушаат суманд хувиараа мал маллаж амьдардаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө болоод өглөө 08 цагийн үед босоод гэрээсээ гараад буцаж гэртээ орж ирээд гэрийн хашаанд тэжээдэг уяатай байсан хээр алаг морь алга болсон. Хашааны хойд талын хэсгийн банзыг дайгаар нь холдуулж байгаад авсан байна гэж хэлсэн. Ингээд манай нөхөр Г.Энхцогт гадуур явж морио хайсан боловч олдоогүй тул сумын хэсгийн төлөөлөгчид ирж мэдэгдсэн. Ингээд орой нь манай сумын хэсгийн төлөөлөгч Т.Ганбат нь “танай морийг Дарханаас оллоо” гэж хэлсэн. Тэгээд нөхөр Энхцогт хэсгийн төлөөлөгчтэй Дархан-Уул аймаг явж морио хүлээн авсан. Айлын хашаанд уяатай байсан гэж ярьж байсан. О.Баярмагнай манай сумын хүүхэд байгаа юм. Ер нь бол манай хашаанд морь байгаа гэдгийг мэдэж байсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх 33-р ху/,

7.Гэрч З.Алтансолонгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 12-ны өдөр өгсөн:  ...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шиг санаж байна. Хушаат сумын төвд манай гэрт 21 цагийн орчим Баярмагнай ганцаараа ирээд “машин замд эвдрээд, шаланк байна уу” гэж асуусан. Би Баярмагнайд шаланк олж өгөөд машинаараа машин нь эвдэрсэн газар луу нь хүргэж өгсөн. Баярмагнайгийн унаж яваад эвдэрсэн гэх машин нь улсын дугаарыг нь мэдэхгүй, хөх өнгийн портер машин байсан. Машин дотор 2 хүн байсан анзаараагүй. Машины хажууд Баярмагнайг буулгаад буцаад харьсан. Энэ өдрийн орой 01 цагийн орчим гэртээ унтаж байтал Баярмагнай ганцаараа ирээд “аниа дээл байвал өгөөч” гэж хэлээд гэрээс хар саарал өнгийн дээл аваад явсан. Үүнээс хойш Баярмагнайтай уулзаагүй. Садан төрлийн холбоо байхгүй, нэг нутаг усны хүмүүс учраас бие биенээ таньдаг. Мэнд устай явдаг. Намайг Байгалаа гэж дууддаг учраас энэ нэрээр илүү сайн танина. Баярмагнай эрүүл архи уугаагүй байсан. ... гэх мэдүүлэг, /хх 34-р ху/,

8.Гэрч З.Алтансолонгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11-р сарын 18-ны өдөр дахин өгсөн:  ...О.Баярмагнай “гэр лүүгээ явах гэсэн чинь даараад байна” гэхээр нь би саарал өнгийн дээл өгсөн. Тэгээд “буцахдаа өгөөрэй” гэж хэлсэн боловч надад өгөөгүй. Маргааш нь манай сумын Энхцогт гэх залуу “алаг морио алдчихлаа” гээд хайгаад явж байхаар нь “Харка буюу Баярмагнай шөнө ирчихсэн явж байсан, манай гэрээс дээл аваад явсан асуугаач” гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дээлний эзэн манай ахын эхнэр Баярмагнайгийн эгч рүү утсаар ярьж байгаад дээлээ авсан байна лээ. Баярмагнайд өгсөн дээл манай төрсөн ах Эрдэнэбаатарын дээл байсан юм. Одоо тэр дээл ах Эрдэнэбаатарт байгаа. ... гэх мэдүүлэг, /хх 35-р ху/,

9.Гэрч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 30-ны өдөр өгсөн: ... О.Баярмагнайг Хушаат сумын хүүхэд гэдгээр нь мэднэ. Аав, ээжийг нь сайн танина, мал маллаж амьдардаг хүмүүс байдаг юм. Би нөхөр Эрдэнэбаатарын дээлийг хавар бэр Байгалиагаар угаалгахаар сумын төв рүү өгч явуулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Байгалаагаас дээлээ авах гэхэд Баярмагнай өмсөөд явсан гэхээр нь Баярмагнайгийн эгч рүү утсаар яриад “дээлээ авъя” гэхэд Хушаат сумын хүн тээврийн машинд явуулсан байсан. Манай бэр Байгалиа дээлийг угаасан байсан гэж хэлсэн. Бид дээлийг авах үед дээлийн дотор талд малын бололтой үс ноостой, гадна тал нь угаасан гэхэд бохир болсон байсан. ... гэх мэдүүлэг, /хх 39-р ху/,

10.Гэрч Я.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 30-ны өдөр өгсөн:  ...Би Дархан-Уул аймгийн хүн тээврийн унаагаар ороод Хушаат сум руу буцах үед жолооч Батбаатар нь “танай ахын дээл миний машинд яваад байна аваад яв” гэхээр нь би авахад боочихсон саарал өнгийн хас хээтэй дээл байсныг аваад Эрдэнэбаатар ахын эхнэр Ариунаад өгсөн. ... гэх мэдүүлэг, /хх 40-р ху/,

11.Гэрч П.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06-р сарын 09-ний өдөр өгсөн: ... Би Баярмагнайг танихгүй. Манай нөхөр Ганжав таньдаг. Би нөхөр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймагт оршин суудаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө гадуур гарч ажил хөөцөлдөж байгаад ороы цэцэрлэг тарах үеэр ач хүүгээ цэцэрлэгээс аваад гэртээ ирэхэд манай нөхөр гэрийн түлхүүр байхгүй байсан тул хүлээгээд гэрийн гадаа танихгүй залуутай юм яриад сууж байсан. Би тухайн үед гэрийн гадаа морь мал уяатай байсныг мэдээгүй. Тэгээд цай ундаа уугаад бие засах гээд гэрийн гадаа гарахад хээр алаг морь уяатай байсан. Орж ирээд ямар учиртай морь болохыг асуухад “энэ залуугийн морь байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт сууж байсан залуу гэрээс гараад явсан баэнэ морийг яах гэж байгаа талаар асуухад  “эргэж ирээд авна” гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг, /хх 41-р ху/,

Шүүгдэгч О.Баярмагнайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 104-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 56-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 57,58,59-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 60-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 61,62-р ху/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 63-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 64-66-р ху/, хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 07-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 8-11-р ху/, эд зүйл  хураан авсан тухай тэмдэглэл, /хх 65-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах  тогтоол, /хх 17-р ху/, гэрэл зураг, /хх 19-20-р ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх 21-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22,23-р ху/, моринд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-р ху/, шүүгдэгчийн урьд шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх-ийн 83-97-р ху/,шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, хуулбар /хх 113-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн урьчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч О.Баярмагнай нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошууд овогт Овоогийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Хошууд овогт Овоогийн Баярмагнайг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан О.Баярмагнайд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Баярмагнай нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  дээлэнд наалдсан байсан гэх морины үсийг  шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч О.Баярмагнайгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 2017 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэл цагдан хоригдсон  36 хоногийн нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагаар тооцож эдлэх ялнаас нь хасч тооцсугай.

7.Шүүгдэгч  О.Баярмагнайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН