Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Ц.Цогтбаяр /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

Шүүгдэгч П.Б,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/763  дугаар шүүгчийн захирамжтай П.Бод холбогдох 2034002900271 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч П.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Сөгнөгөр” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ц.Цогтбаяртай хамт согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 7,8,10 дугаар хавирга, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархайн хэсгийн субдурал цус хуралт, нүүр, 2 чих, хүзүү, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт зүүн шуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/763 дугаар шүүгчийн захирамжаар:

Яллагдагч П.Бод холбогдох эрүүгийн 2034002900271 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол П.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулж, хэргийг дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна. Үүнд:

1.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Сүнжидмаа Мөнхөө нар байсан талаар хохирогч, яллагдагч нар мэдүүлсэн ба хэрэгт Сүнжидмаа Мөнхөө нараас хэргийн талаар гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар хууль сануулж, Сүнжидмаа нараас гэрчийн мэдүүлэг авах

2. Хохирогч Ц.Цогбаярын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон ШШҮХ-ийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4140 дугаартай шинжээчийн дүгнэлт тодорхой бус гэх үндэслэлээр Ц.Цогбаярын биед учирсан гэмтлийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэмт хэрэг гарахад Дээрх хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтад нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосон асуудлыг дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр " гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд П.Б, Ц.Цогбаяр нараас өөр хүмүүс байгаагүй мөн гэмт хэрэг болохоос өмнө болон хэрэг болсны дараа Одонтунгалаг, Ганзориг, Сүнжидмаа, Мөнхөө нар ирсэн" болох нотлогдсон байгаагаас дүгнэхэд Сүнжидмаа Мөнхөө нар нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан "Гэрчээр" мэдүүлэг авах шаардлагагүй ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг мэдэх этгээд биш юм.

Шүүхээс хохирогч Ц.Цогбаярын биед учирсан гэмтлийн зэргийг ямар үндэслэлээр дахин гаргуулахаар захирамжиндээ тодорхой тусгаагүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Цогбаярын биед шинжээчийн дүгнэлтээр зүүн талын 7.8.10 дугаар хавирга, бүсэлхийн 1.2.3 дугаар нугаламын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархайн хэсгийн субдурал цус хуралт, нүүр, 2 чих, хүзүү, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт зүүн шуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Ганзоригоос мэдүүлэг авч, хохирогчийн эрүүл мэндэд учирсан уг гэмтэл нь ямар хүчин зүйл болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тайлбарлуулсан байдаг.

Мөн шүүгчийн захирамжинд "хэргийн газрын нөхөн үзлэг" хийх талаар дурьдсан нь ойлгомжгүй байна. Тухайн гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн ба одоо хэргийн газрын нөхөн үзлэг хийж , ямар нөхцөл байдлыг тогтоох нь ойлгомжгүй байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 763 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв. .” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-р зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй. Хохирогчид учирсан гэмтлийг дахин гаргуулах үндэслэлийг шийдвэртээ заагаагүй. Хэргийн газрын нөхөн үзлэг хийлгэх нь ямар ач холбогдолтой талаар зааж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс гаргасан саналдаа: Шинжилгээ нь тодорхойгүй байгаа бол нэмэлт шинжилгээ хийлгэх ёстой. Юу нь тодорхойгүй талаар захирамжиндаа бичээгүй. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Шүүгчийн захираминд заасан бусад хийгдэх ажиллагааны талаар үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрч нарыг асуух талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогчийн бие учирсан гэмтэл нь үхрийн туурайгаар учруулсан байж болохоор гэмтэл байдаг. Хэргийн газрын үзлэгийг хийх ёстой. Захирамжийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэсэн хэсгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Санал нийлэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн тодорхойлолтоор зайлшгүй дахин дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Ц.Цогтбаяр гаргасан тайлбартаа: Би Бод зодуулсан Миний бие муу байгаа. Одоо хүртэл эм тариа ууж байгаа гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Бод холбогдох эрүүгийн 2034002900271 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь хохирогч Ц.Цогтбаярын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд байшингийн хажуу өрөөнд байсан Сүнжидмаа, Мөнхөө гэгч хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй атлаа эдгээр хүмүүс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа үндэслэлгүй байна.   

Хавтаст хэргийн 50 дугаар хуудсан дахь “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2020 оны 5 сарын 08-ны 03/62 дугаартай тодорхойлолтоор хохирогч Ц.Цогтбаяр нь тус эмнэлэгт “Тархины зөөлөн эдийн няцралт, хаван, зүүн талын 7, 8, 10 хавирганы хугарал, бүсэлхийн нурууны L3 нугалмын хажуу хөндлөн сэртэнгийн хугарал оношоор” 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 сарын 17-ны хооронд хэвтэн эмчлүүлжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 сарын 07-ны 4140 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед учирсан тархины зөөлөн эдийн няцралт гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх “Хохирогч Ц.Цогтбаярын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон ШШҮХ-ийн “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4140 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тодорхой бус” гэх үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан нь буруу байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгахаар заасан бөгөөд хохирогч Ц.Цогтбаярын биед учирсан тархины зөөлөн эдийн няцралт гэмтэлтэй холбоотой дүгнэлт дутуу гарсан байх тул гэмтлийн зэргийг тогтоох нэмэлт шинжилгээ хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийх нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах ач холбогдолтой байх тул хэрэг учрал гарсан гэх газарт хуульд заасан нөхөн үзлэг хийхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/763 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ