| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
2025 05 27 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Гт холбогдох эрүүгийн 2538000950166 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Бын Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “таксинд явсангүй” гэх шалтгааны улмаас иргэн А.Эын нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны 16 цаг өнгөрч байхад Би **** сумын **** дугаар хороо "******” дэлгүүрийн ойролцоо таксинд явах гээд машинтайгаа зогсож байхад нэг согтуу танихгүй залуу ирээд шууд миний машин руу суух гээд машины хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би таксинд явахгүй гэсэн чинь нөгөө танихгүй согтуу хүн чамайг таксинд явахгүй бол 4 дугуйг чинь өөд нь харуулж чамайг өөрийг чинь ална гээд газраас чулуу авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө согтуу хүн дээр очоод чулуутай гарыг нь барьж авсан. Тэгээд чулууг нь авах гэхэд нөгөө согтуу хүн чулуугаа хаяхгүй байсан. Тэгэхээр нь би за арай намайг цохичихгүй байх гэж бодоод гарыг нь тавьсан чинь нөгөө согтуу нөхөр шууд чулуутай гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө хүнийг барьж аваад дараад суусан. Тэгээд эхнэр лүүгээ утсаар яриад цагдаад дуудлага өгөөрэй энд согтуу хүн намайг чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ч ирээд манай эхнэр бас ирсэн...тэр хүн над дээр ирээд хэрүүл маргаан үүсгээд намайг цохих үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Г нь надтай уулзаж уучлалт гуйж хохирол нөхөн төлбөр болох 1.500.000 төгрөгийг өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15, 52-53-р хуудас),
Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр гэртээ ганцаараа "Хараа" нэртэй архи 0.75 литртэй шилтэй архи тал дундаа байсан архийг уучихаад айлд очино гээд гарахаар нь за өдөр юм чинь явж байгаад ирнэ биз гэж бодоод явуулсан. Тэгээд хэсэг байж байгаад хүүхдээ унтуулчихаад нөхрийнхөө араас юу болж байгаа бол тасраад энд тэнд уначих вий гэж бодоод гараад гудамжныхаа үзүүрт явж байтал манай нөхөр Г нэг хүнтэй зодолдож байх шиг байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол манай нөхөр зодуулсан гээд байгаа таксины ах нэг хар куртиктэй тэр хүний хүүхэд нь гээд өндөр залуу байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. ...манай хүн тэр хүнийг чулуугаар цохисон гэж тэр таксины жолооч ах хэлсэн. Тэрнээс би бол цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.А-н 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай: “...1. А.Эын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид хөдөлмөрийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 18-22-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн А.Эаас гаргасан “**** сумын **** дугаар хорооны нутаг дэвсгэрт "******" дэлгүүрийн доод талд согтуу хүнд зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А овогтой Э /РД: ***********/ нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс яаралтай тусламж 110484 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21, 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс амбулаторийн-хяналтын үзлэг 30888 төгрөг нийт 141372 төгрөгний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.Г /РД: ***********/ гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хх-ийн 57-р хуудас),
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-ийн 46-р хуудас)
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ Хараа нэртэй 0,33 литрийн 1 шил архийг хоёулаа ууж дуусаад найз ***********ийг гаргаж өгөхөөр ****** хүнсний дэлгүүрийн гадаа очоод манай найз дэлгүүр орчихоод гараад ирнэ гээд таг болохоор нь хэсэг байж байгаад гудамжинд зогсож байсан таксигаар гэртээ харих гэсэн чинь таксины жолооч явахгүй гэж хэлэхээр жаахан уучихсан болохоор яагаад явдаггүй юм бэ гээд газраас чулуу авсан чинь тухайн жолооч машиныг нь цохих гэж байна гээд буугаад ирэхээр нь хамар руу нь гартаа барьж байсан чулуугаар цохисон....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Этай 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр: “...А.Эын эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, эвлэрсэн...” гэх эвлэрлийн гэрээ (хх-ийн 46-р хуудас) хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гийг хохирогч А.Эад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 141,372 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас)-аар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Гөөс 141,372 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Г нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000950166 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Бын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Гийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Гөөс 141,372 (нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сан (төрийн сангийн 100900020080 тоот данс)-нд олгосугай.
6. Эрүүгийн 2538000950166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР