| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025 05 30 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Бд холбогдох эрүүгийн 2538000000138 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Дгийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн *********** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 303,579 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн *********** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 303,579 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-13-р хуудас),
Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 14-15-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 20-р хуудас),
Хөвсгөл аймгийн ***** сумын ******** ойн ангийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай: “...экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),
Хөвсгөл аймгийн ******** газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай: “...Иргэн Д.Бгийн бэлтгэсэн гэх мод нь 1 метр куб хэмжээтэй 10 ширхэг хуурай шинэс мод. Иргэн Д.Бгийн бэлтгэсэн модонд экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргах. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4.1-д заасны дагуу хохирол нөхөн төлбөр тооцсон. Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 910,737 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),
************ ХХК-ний шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-925-12017 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 120,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 51-54-р хуудас),
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн *********** гэх газраас малын хашаа сэлбэх зорилгоор босоо 3 ширхэг мод хөрөөдөн унагааж 2 метр гарантайгаар тайр 10 ширхэг мод болгоод ууланд үлдээсэн байсан. Би мод бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг аваагүй...Би экологи эдийн засагт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ талаар сайн мэдэхгүй. Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг ******* гэдэг газарт байдаг иргэн Д.Б гэдэг хүн тус сумын нутаг ******* гэдэг газарт хууль бусаар мод бэлтгэхдээ шинэс төрлийн 3 ширхэг босоо мод унагааж мод бэлтгэсэн эсэх талаар экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Г гэдэг хүнээс сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000000138 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан зэргийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б нь дээрх хуулиудын шаардлагуудыг зөрчиж буюу ойгоос мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн *********** гэх газраас 1 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 303,579 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгодог.
Шүүгдэгч Д.Бгийн мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Д.Б нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 303,579 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 910,737 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 63, 65-67-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000138 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 1 м³ хуурай шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт
хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Бг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000138 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 1 м³ буюу хуурай шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР