Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

улсын яллагч Ш.Цэрэнханд,

шүүгдэгч О.Г ,

шүүгдэгч Л.Э ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 10 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д  овгийн О.Г , Б овгийн Л.Э  нарт  холбогдох эрүүгийн “2409012412177” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Д  овгийн О.Г , 1981 оны 12 дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***,

Б овгийн Л.Э , 1985 оны 11 дүгээр сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхойгүй хаяггүй,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дүгээр зүйлд зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйл, 145.2 дугаар зүйл, 146.1 дүгээр зүйлд тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дугаар зүйлд зааснаар 10 жил 1 cap 1 хоногийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01 -ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ял,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар жилийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жил 3 cap 15 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г , Л.Э  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Л.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г , Л.Э  нар бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** хотхоны баригдаж буй 7 блок барилгын 2 давхар руу хажуу талын грашийн ханаар дамжин нэвтэрч О.Ч-ын эзэмшлийн цахилгааны утас, лазер багаж 1 ширхэг, дрилл 2 ширхэг, хөрөө 1 ширхэг, тасдагч 1 ширхэг зэрэг 925,000 төгрөгийн, мөн хохирогч Д.Ц-ын эзэмшлийн дрилл 3 ширхэг, миксер зуурагч 1 ширхэг, цахилгааны утас 280 метр, кабель 80 метр, обой 4 ширхэг, гар хөрөө 4 ширхэг, түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, таслагч 1 ширхэг, сүх 1 ширхэг, алх 2 ширхэг, өрөм 4 ширхэг, ажлын бээлий 1 боодол зэрэг 2,578,000 төгрөгийн багаж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3,503,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-56 дахь тал/, хохирогч О.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, хохирогч Д.Ц-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 67, 70 дахь тал/, гэрч Д.Н-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн СБ2-24-349 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 77-80, 83-86 дахь тал/, хохирогч О.Ч, Д.Ц нарт эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 63, 71 дэх тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч О.Г , Л.Э  нар нь хохирогч О.Ч, Д.Ц нарын гэрт нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нууц, далд аргаар үйлдэгдсэн байх ба Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч О.Г , Л.Э  нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ч, Д.Ц нарт хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г , Л.Э  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г-т 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Э-д 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г-т 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Э д 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Г, Л.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Г , Л.Э  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Э ын 2025.01.17-ны өдрөөс 2025.05.20-ны өдөр хүртэл 123 хоног, О.Г ын 2025.04.25-ны өдрөөс 2025.05.20-ны өдөр хүртэл 25 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э , О.Г  нарт авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д  овгийн О.Г , Б овгийн Л.Э  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад шүүгдэгч О.Г т 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Э д 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г , Л.Э  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын цагдан хоригдсон шүүгдэгч Л.Э ын 123 /зуун хорин гурав/ хоног, О.Г ын 25 /хорин тав/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч О.Г , Л.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г , Л.Э  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХАЛИУН