| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/0374/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/361 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч С.Алтай,
шүүгдэгч А.Г , түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 10 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овгийн А.Г т холбогдох эрүүгийн “2510011480540” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Ч овгийн А.Г , 1998 оны 12 дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед буруу зүйл хийснээ ойлгож буцааж өгөх зорилгоор фейсбүүкээр утсаа алдсан хүнийг олоод гар утсыг нь буцааж өгсөн. Би буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн хаалтын орчимд хохирогч С.О-гийн халааснаас Айфоне 16 про макс загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 3.105.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.О гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрч С.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 53-56 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.О-д Айфоне 16 про маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн А.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН