Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

  

 

 

 

 

 

  2025       05        19                                          2025/ШЦТ/162

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ц.Э**********, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч *****************, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р********гийн Т**********ад холбогдох эрүүгийн 2538000******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хойд тал дээр 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э**********ийн толгой, цээжин тус газарт нь цохиж, үсдэж, эрүүл мэндэд нь зүүн 4-8 дугаар хавирганы хугарал, дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, дагзанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хойд тал дээр 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э**********ийн толгой, цээжин тус газарт нь цохиж, үсдэж, эрүүл мэндэд нь зүүн 4-8 дугаар хавирганы хугарал, дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, дагзанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 09-ний орой би эхнэр Ц.Э**********тэй өөрийн *****ХӨН улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтай хойд тал руу гараад үл ялиг зүйлээс болж маргалдан улмаар Э**********ийг нэг хацар луу нь алгадаж, мөн цээж хэсэг рүү нэг удаа цохичихсон юм. Би энэ үйлдэлдээ маш харамсаж байгаа...Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэгээд удалгүй шөнийн 02 цагийн үед байхаа гэрт согтуу орж ирээд намайг “чи хэнтэй нь архи уугаад хэнтэй нь уудаггүй юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь намайг уурлаад гэрээс гаргаад үсдэж аваад хүчээр машиндаа суулгасан. Тэгээд гэрийн г********с өөрөө машинаа согтуу бариад манай гэрийн хойд тал руу бүр нэлээн хол явсан. Тэгээд тал дээр очоод манай хамтран амьдрагч “хоёулаа ууя чи хэнтэй нь уугаад хэнтэй уудаггүй юм бэ” гээд байсан. Тэгсэн нэг аяганд архи хийж өгөөд “уугаач пизда минь” гэж хэлээд миний зүүн нүдэн тус газар бас миний дух хэсэгт бас миний хавирга хэсэгт гараа атгаж байгаад нэлээн олон удаа цохиж зодоод, үсдэж аваад зодоод байсан. Тэгээд манай хамтран амьдрагч бүр уурлаад орилж хашхираад байхаар нь би намайг зодоод алчхаж магадгүй болохоор нь айгаад аргадаж яриад “чи хүүхдээ бодооч” гээд зөндөө удаан аргадаж байж цугтаа гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь аав миний нүүрийг хараад манай хамтран амьдрагчийг гэрээс явуулсан. ...4,000,000 төгрөг нэхэмжилж байна. ... Би гомдолтой байна. Шүүгдэгч намайг чи хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм гээд дарамтлаад байсан. Бид хамтран амьдарч байх хугацаанд байнга дарамталж, гар хүрч, муу муухайгаар доромжилдог байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ц*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр орой манай охин С.Э**********, Э**********ийн хүү Э********** гурав орондоо ороод байж байтал манай хүргэн Т********** орж ирээд Э**********ийг гэрээс аваад гарсан. Тэр хоёр хэсэг байж байгаад шөнө ирсэн. Би тэр үед унтаагүй орондоо хэвтэж байсан. Э********** орж ирэхдээ цээжээ тэвэрчихсэн орж ирэхээр нь би чи яав гэж асуухад “Т********** хавирга руу цохичихлоо” гэхээр нь би Т**********ыг гэрээсээ хөөгөөд явуулсан. Тэрнээс хойш би Т**********ыг гэртээ оруулаагүй байгаа. Тэгээд би Э**********ээс юу болсныг асуухад машинаар хойд тал руу авч явж байгаад хавирга руу цохичихлоо гээд тэр шөнөө унтахгүй ёолж хоносон. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),

Гэрч Н.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 02 дугаар сард санагдаж байна. Би яг өдрийг нь хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. ***************** нэг орой эхнэр гэх Э********** гэдэг эмэгтэйг дагуулж ирээд бид нар миний түрээсэлж байсан нийтийн байранд архи ууцгаасан. Тэр үед бид нар 1 шил 0,75 литрийн Агар архи, 2 ширхэг 2,5 литрийн Үнээ пиво уусан. Бид гуравтай хамт манай хажуу өрөөг түрээсэлдэг хөрш Н******** гэх эмэгтэй мөн хамт уусан. ...Тэр орой манай өрөөнд ямар ч зодоон болоогүй. Харин Э********** манай хөрш Н******** хоёрын хооронд бага зэрэг маргаан л болсон. Тэр маргааныг Түмээ тэр даруйдаа болиулаад эхнэрээ аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.А******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хохирогч Ц.Э********** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 37,082 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 9-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай: “...1. Ц.Э**********ийн бие зүүн 4-8-р хавирганы хугарал, дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, дагзанд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Ц.Э**********ийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Ц.Э**********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 76-р хуудас),

2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 77-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-59-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53-р хуудас), гэрлэсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 54-55-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538000******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн түүний хамтран амьдрагч ***************** нь зодож зүүн талын 4-8 дугаар хавиргыг буюу 5 хавиргыг нь хугалж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Хохирол төлбөрийн тухайд 4,000,000 төгрөгийн гэрээ хийгдэж, шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулахаа илэрхийлсэн учраа шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 971,500 төгрөгийг шүүгдэгч өөрөө төлөхөө илэрхийлж байгаа учир шийтгэх тогтоолд энэ талаар дурдах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж байгаа. Дээрх зүйл ангийг миний үйлчлүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.   

Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хойд тал дээр 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э**********ийн толгой, цээжин тус газарт нь цохиж, үсдэж, эрүүл мэндэд нь зүүн 4-8 дугаар хавирганы хугарал, дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, дагзанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Ц*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас), гэрч Н.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 9-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-р хуудас), 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Ц.Э**********, ***************** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 76-р хуудас), 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 77-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.   

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Э**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.   

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.    

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч ***************** нь хохирогч Ц.Э**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Ц.Э********** нь эмчилгээний зардалд 971,500 төгрөг, эвлэрлийн гэрээгээр төлөхөө илэрхийлсэн 3,000,000 төгрөг, нийт 3,971,500 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 3,971,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э**********т олгож, хохирогч Ц.Э********** нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Г.А****** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 37,082 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн болох нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 77-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Г.А******д төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг ажил үүрэг гүйцэтгэж байгаа газрын нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгөхийг хүсэж байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд улсын яллагчийн зүгээс 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Өмгөөлөгч миний зүгээс 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-59-р хуудас) зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч *****************ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2538000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О****** овогт Р********гийн Т**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Р********гийн Т**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3,600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *****************аас 3,971,500 (гурван сая есөн зуун далан нэг мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э**********т олгосугай.

5. Эрүүгийн 2538000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Э********** нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР