Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 2025        05         23                                          2025/ШЦТ/170

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,     

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уртбаяр,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э*********ын Н********т холбогдох эрүүгийн 253800********* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Д***********” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2,7 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод бэлтгэж 819,663 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Д***********” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2,7 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод бэлтгэж 819,663 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-12-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 13-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол (хх-ийн 17-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл (хх-ийн 17, 20-р хуудас), эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас), гэрч Б.А***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн дарга Ц.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлт (33-34-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 35-р хуудас), Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-р хуудас), “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-925-12137 дугаар шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-48-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч *************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.  

Энэ хэргийн улмаас экологи эдийн засагт 819,663 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2,458,989 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. Дээрх 2,458,989 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч *************** нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900******* тоот дансанд төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 61-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн 253800********* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 2,7 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 20 ширхэг хуурай дүнз модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 253800********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн их биетэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны тагтай цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М*********т овогт Э*********ын Н********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э*********ын Н********ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 253800********* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 2,7 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 20 ширхэг хуурай дүнз модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 253800********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн их биетэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны тагтай  цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР