Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

 

 

А.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолтой А.Бт холбогдох 1834000000392 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Б-,

Шүүгдэгч А.Б нь А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мэндийн үзүүр” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 2-3 цагийн орчимд иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хулгайлж 10100000 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Тээл” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны буюу нийт 22 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834000000392 дугаартай хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Быг үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь хохирогч П.Сумхүүд төлөх төлбөргүйг, хохирогч Ж.Золбоод 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг төлснийг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Карина” маркийн 50-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийг шүүгдэгч НМ83062712 дугаарын регистртэй, Утайхүү овгийн Авидын Бын нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Баас 3.860.000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч НХ85122310 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жанцансамбуугийн Золбоод олгохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх эрүүгийн 1834000000392 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадлаж шалгалаа.

Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Энэ бүгдээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг "Хулгайлах" гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Тухайлбал шүүгдэгч А.Бын хувьд хэдийгээр хохирогч П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх 21 тооны адууг буюу олон тооны адууг анхнаасаа хулгайлах сэдэлт санаа зорилго агуулаагүй, зөвхөн 3-4 тооны адууг авах сэдэлт санаа зорилго байсан болох нь 1 дүгээр хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан гэрч Ц.Батсайханы ...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед Баагий /А.Б/ өөрийнхөө 89921771 дугаараас миний 99405159 дугаар руу залгаж "миний суудлын машин эвдэрчихсэн, адуу зармаар байна" гэхээр нь "хэдэн адуу зарах юм бэ" гэхэд "3-4 адуу зарна" гэсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баагий руу ярихад "би адуу малаа хашчихсан байгаа та хүрээд ирээч" гэсэн. Тэгээд эхнэр Алтансолонгыг аваад Төв аймгийн Жаргалант сумын баруун хойд талд байдаг Баагийгийнд ирсэн. Намайг ирэхэд Баагий гэрийнхээ гадаа ганцаараа зогсож байсан бөгөөд гэрийнхээ дэргэд байдаг хашаанд 20 гаран тооны адуу хашчихсан 3 тооны хул гүү, буурал гүү, халиун алаг гүүг бариад уячихсан "энэ гурвыг ав" гэсэн. Тэгэхээр нь би "мөнгө муутай байгаа хоёр гүүг нь авья" гэсэн. Тэгээд би машинаа хуучин өвөлжөөний буурь байсан газарт тулгаж тавиад машины аравчаа буулгаад Баагий халиун алаг гүүг ачихаар хөтөлж явж байхад цагдаа ирсэн..., 1 дүгээр хавтас хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хохирогч П.Сумхүүгийн ... Намайг Улаанбаатар хотод байж байхад 2018 оны 11 дүгээр сарын 04-нд шилжих шөнө шөнийн 01 цаг өнгөрч байхад манай найз Р.Энхбаяр над руу залгаж танай хүргэн азаргатай адууг А.Б хулгайлаад хашчихсан..., ...Нэг адууг нь машинд ачиж байгаад гэрэл тусгасан чинь тавьчихсан мөн 2 тооны гүүг нь хүлчихсэн байна гэж хэлсэн... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Б 3-4 тооны адууг хулгайлан, зарж, ашиг олох сэдэлт санаа зорилготойгоор хохирогч П.Сүмхүүгийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байхад 21 тооны адуу буюу олон тооны ба найман бодоос дээш буюу олон тооны адууг хулгайлах гэж байсан эсхүл хулгайлсан гэж үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн, дордуулсан нөхцөл байдал болно гэж шүүх үзлээ.

...Тэрээр энэхүү ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох гэсэн өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 4-7 дугаар хуудас/,

-Гэрч М.Энхбаярын "...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой сумын хэмжээний нэгдсэн эргүүл шалгалтын хүрээнд сумын цагдаагийн хэсгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхдалайгийн хамт Жаргалант сумын 2 дугаар багийн нутагт хөдөө хяналт шалгалт хийгээд явж байхад шөнийн 02 цагийн үед байх Мэндийн үзүүр гэх газарт айлын гадаа гэрэлд хүмүүс харагдаад байхаар нь цагдаа Ч.Энхдалайгийн гэрэл тусгаж хартал саарал алаг гүү машины араас гүйгээд урт цулбуур чирээд давхиад явсан. Тэгэхээр нь бид хоёр очоод Ч.Энхдалай машины цаана байсан жолоочийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад байж байтал манай сумын А.Б гараад ирсэн. Тэгэхээр нь Ч.Энхдалай эдгээр адуу хэний адуу юм бэ гэж асуухад А.Б манай адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий худлаа яриад бай энэ адуунууд П.Сумхүүгийн адуунууд гэж Ч.Энхдалайд хэлсэн. Тэгээд Ч.Энхдалай бид хоёр машинд байсан 2 хүн болон А.Быг авч ирж шалгасан..., ...А.Бын өөрийнх нь гэрийн ард байсан адууны хашаанд хашигдсан байсан..., А.Бын хашаанд гадна саарал алаг гүү, хөгшөөн дотор нь хул гүү, буурал гүүг барьж аваад уячихсан байсан ба нийт 21 тооны адуу байсан..., ...Тэдгээр адуунууд манай сумын П.Сумхүүгийн хүрэн азаргатай 21 тооны адуу байсан. А.Бын адуунууд биш байсан..., ...Би П.Сумхүүгийн адуунуудыг малладаг юм..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Энхдалайгийн "...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой сумын хэмжээний нэгдсэн эргүүл шалгалтын хүрээнд сумын Буурлын 1 дүгээр багийн иргэн М.Энхбаярын хамт Жаргалант сумын 2 дугаар багийн нутагт хөдөө хяналт шалгалт хийгээд явж байхад шөнийн 02 цагийн үед байх Мэндийн үзүүр гэх газарт А.Бын өвөлжөөн дээр гар чийдэнгийн гэрэл тусаад хүмүүс яваад байсан. Тэгэхээр нь бид хоёр яваад очсон. Тэгэхэд модон хашаан дотор адуу хашчихсан. Хашааны урд талд цэнхэр өнгийн портер зогссон байхаар нь тэр машины урдаас гэрэл тусгаж зогссон. Тэгтэл урт цулбууртай, толгойдоо ногттой саарал алаг гүү машины араас үргээд давхиад явсан. Машины ард нэг хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад байж байтал А.Б амбаарын хажуу талаас гар чийдэн барьчихсан. Гэрэл тусгаад бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би та хоёр харанхуй шөнөөр хэний адууг хашчихсан байж байгаа юм бэ гэж асуухад А.Б дуугараагүй ба машин дотор нь нэг эмэгтэй хүн байсан ба цаашаа явж хашаатай байсан адууг очиж үзхэд хашаан дотор хул гүү, буурал гүү хоёр ногттой хашаанаас уягдсан байж байсан. Хашааны араар явж үзэхэд саарал гүү цулбуураа чирчихсэн хашааны гадаа зогсож байсан ба би хашааг тойроод хашааны үүдэнд ирэхэд А.Б, М.Энхбаяр, Ц.Батсайхан гурав хашааны үүдэнд зогсож байсан. Би А.Баас энэ хэний адуу вэ гэж асуухад А.Б нь энэ миний адуу гэж хэлсэн. Тэгэхэд М.Энхбаяр за Баагий дүү минь битгий худлаа яриад бай. Энэ Сумхүүгийн адуу байна гэж хэлсэн ба би А.Баас тийм үү гэж асуухад тийм гэж хэлсэн. Та хоёр яагаад айлын адуу хашаад байж байгаа юм бэ гэж асуухад А.Б миний буруу алдаа гаргалаа гэж байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 15 дугаар хуудас/,

-Гэрч П.Мөнхсумын "..2018 оны 11 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай сумын Энхдалай цагдаа шөнө 03 цагийн үед манай гэрт ирээд танай адууг Мэндийн үзүүр гэх газар Б гэгч өөрийнхөө хашаанд хашчихсан 3 гүүг нь бариад уячихсан ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Энхдалай цагдаагийн хамтаар очиж адуугаа үзэхэд манай ах П.Сумхүүгийн хүрэн азаргатай 21 тооны адууг Б өөрийнхөө хашаанд хашчихсан чандмань тамгатай халиун алаг гүү, чандмань тамгатай улаан буурал гүү, чандмань тамгатай хул гүүг ногтоор ногтолж уясан байсан..." гэх мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Мэндийн үзүүр" гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 2-3 цагийн орчимд иргэн П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хулгайлж 10.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн үргэлжилсэн үйлдлээр А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг "Тээл" гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Ж.Золбоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны буюу нийт 22 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Быг 3-4 тооны адууг хулгайлан, зарж, ашиг олох сэдэлт санаа зорилготойгоор бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч А.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж түүнд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, түүнийг ял завших нөхцөл боломжоор хангасан бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 21 тооны адуу хулгайлсан нөхцөл байдал байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байна. 21 адууг хашсаны дараа хэргийг зүйлчилсэн нь буруу. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. 3 адууг авна гэдгийг гэрч Батсайхан мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн 1834000000392 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх “хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.” гэж зөв дүгнэсэн атлаа “шүүгдэгч А.Бын хувьд хэдийгээр хохирогч П.Сумхүүгийн эзэмшлийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх 21 тооны адууг буюу олон тооны адууг анхнаасаа хулгайлах сэдэлт санаа зорилго агуулаагүй, зөвхөн 3-4 тооны адууг хулгайлан, зарж, ашиг олох сэдэлт санаа зорилготойгоор хохирогч П.Сумхүүгийн 21 тооны адууг хашсан үйл баримт тогтоогдож байхад 21 тооны адуу буюу олон тооны ба найман бодоос дээш буюу олон тооны адууг хулгайлах гэж байсан эсхүл хулгайлсан гэж үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн, дордуулсан нөхцөл байдал болно” гэж хавтаст хэрэгт тогтоогдоогүй үйл баримтад дүгнэлт хийн прокуророос шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Утайхүү овгийн Авидын Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээж авсан болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ