Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0251/З |
Дугаар | Харах 128/ШШ2022/0310 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар Харах 128/ШШ2022/0310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* Ч******* ХХК /РД:********/,
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын газрын улсын байцаагч Х.Н********** нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б**********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*********, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын газрын улсын байцаагч Х.Н********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Т******* Ч******* ХХК нь тус шүүхэд хандан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н**********ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0035492 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Гомдол гаргагч Т******* Ч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн баруун салаанд байрлалтай Номун виллаж хотхоны I ээлжийн 4 блок байрыг 2014 оны 12 дугаар сард, II ээлжийн 4 блок байрыг 2021 оны 08 дугаар сард тус тус ашиглалтад оруулсан.[1]
2.2.Тус компани нь цахилгаан дамжуулах, борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч биш.
2.3. Тийм учраас нийт айл өрхийн эрчим хүчний борлуулалт, түгээлтийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д зохих журмын дагуу хүлээлгэн өгөх хүсэлтийг удаа дараа, тодруулбал, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/253 тоот[2], 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/330 тоот[3], 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/327 тоот[4], 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/329 тоот[5] 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/614 тоот[6] зэргээр тус тус гаргаж байсан.
2.4. Гомдол гаргагчийн дээрх хүсэлтүүдэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хариу өгөөгүй, харин 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000202001861 дугаартай[7], 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2115521 дугаартай[8], мөн өдрийн 2115520 дугаартай[9] шаардлагуудыг өгч байсан.
2.5. Дээрх шаардлагуудад бүрэн электрон тоолуур суурилуулах тухай дурдсан байх бөгөөд гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийн зүгээс байрнуудад DDS3 загварын эрчим хүчний тоолуур суурилуулсан байдаг.
2.6. Гомдол гаргагч Т******* Ч******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21/401 тоот албан бичгээр Стандарт, хэмжил зүйн газарт хандан DDS3 загварын эрчим хүчний тоолуур нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тооцооны хэрэгсэлд ашиглалтын зөвшөөрөлтэй хэмжих хэрэгсэл мөн эсэх талаар тодруулга, лавлагаа хүссэн.[10]
2.7. Тус тоотын хариуд Стандарт, хэмжил зүйн газраас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/506 дугаартай албан бичгээр DDS3 загварын эрчим хүчний тоолуур нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн ба тус газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/195 дугаар тушаалаар загварын баталгааны гэрчилгээний хугацааг 2029 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан болно гэх хариуг өгсөн.[11]
2.8. Хариуцагч улсын байцаагч Х.Н********** нь маргаж буй шийтгэлийн хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн бөгөөд дугаар нь 0035492.[12]
2.9. Тус шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж буруутгаж, 2 500 000 төгрөгөөр торгосон.
2.10. Гомдол гаргагчийн зүгээс ... манай компани цахилгаан дамжуулах, борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэдгээ мэдэж байсан бөгөөд тийм учраас удаа дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д зохих журмын дагуу хүлээлгэн өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч тус байгууллага манай хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй, DDS3 загварын эрчим хүчний тоолуурыг солих шаардлага тавьдаг нь үндэслэлгүй, учир нь DDS3 загварын эрчим хүчний тоолуур нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн ба тус газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/195 дугаар тушаалаар загварын баталгааны гэрчилгээний хугацааг 2029 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан, тийм байхад манай компанийг буруутгаж, шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу, улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, ямар зөрчилд холбон шалгаж байгааг тайлбарлаагүй, холбогдогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.11. Хариуцагчийн зүгээс ... гомдол гаргагч Т******* Ч******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг зөрчсөн буюу барьсан барилгын эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас гаргасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч Т******* Ч******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Т******* Ч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан баруун салаанд байрлалтай "Номун виллаж" хотхоны 1 дүгээр ээлжийн 4 блок байрыг 2014 оны 12 дугаар сард, 2 дугаар ээлжийн орон сууцны 4 блок барилгыг 2021 оны 8 дугаар сард тус тус ашиглалтад оруулсан.
Тус компани нь цахилгаан дамжуулах, борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн даруйд нийт айл өрхийн эрчим хүчний борлуулалтыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д зохих журмын дагуу хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй.
Т******* Ч*******" ХХК-иас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/253 тоот албан бичгээр ... Өнөөдрийн байдлаар тус хотхонд оршин суугч айл өрхийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний ашиглалтыг манай байгууллага хариуцаж байгаа нь хууль зөрчиж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигч УБЦТС ТӨХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж байна. Иймд тус хотхоны цахилгааны дэд станц, тоноглолыг хүлээлгэн өгөхөөс өмнө 1027505 гэрээний ахуйн хэрэглэгчийг толгой тоолуураар салган шилжүүлэн авахыг хүсье" гэж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/327 тоот албан бичгээр Т******* Ч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан "Номуун хотхоны 100/5, 100/6, 100/7, 100/8 дугаар орон сууцны байрны нийт 288 айлын цахилгаан эрчим хүчний борлуулалтыг зохих журмын дагуу хүлээн авна уу" гэж,
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/614 тоот албан бичгээр "Өнөөдрийн байдлаар тус хотхонд оршин суугч айл өрхийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний ашиглалтыг зорчиж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигч УБЦТС ТӨХК-д шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа болно.
Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний борлуулалтыг шилжүүлээгүйгээс хангагчаас ирсэн аж ахуйн нэгжийн тариф /чадал болон шугамын алдагдал тооцсон/, айл өрхийн тарифын зөрүүгийн алдагдал хүлээхээс гадна хэрэглэгч төлбөрөө төлөхгүй байх, ЭХЗХ, мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргах, зөрчлийн хэрэг үүсэх зэргээр хүндрэл их үүсэж байгаа тул тухайн хотхоны ахуйн хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг толгой тоолуураар салган шилжүүлэн авахыг хүсье." гэж тус тус албан бичиг хүргүүлсэн.
Гэтэл нийслэлийн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэг бүхий Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлж, хэрэглэгчдийн цахилгааны борлуулалтыг хүлээж авахгүй байгаа эс үйлдэлд эрх бүхий албан тушаалтан нь Т******* Ч******* ХХК-ийг буруутган, тусгай зөвшөөрөлгүйгээр эрчим хүч борлуулсан гэж шийтгэл оногдуулсан нь шударга бус гэж үзэж байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн зүгээс дээрх албан бичгүүдэд нэг ч удаа албан ёсоор хариу өгөөгүй бөгөөд бид шалтгааныг асуухад айл өрхийн тоолуурыг электрон тоолуураар солих шаардлагатай гэсэн хариу хэлдэг. Орон сууцны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөд мэргэжлийн бүх байгууллагуудаас бүрдсэн комисс ирж, айл өрхийн тоолуур нь ашиглах боломжтой, шаардлага хангасан гэж үзсэний үндсэн дээр барилгыг ашиглалтад хүлээн авсан байдаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас солихыг шаардаад буй 1 фазын DDS3 загварын Цахилгаан эрчим хүчний тоолуур нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тооцооны хэрэгсэлд ашиглалтын зөвшөөрөлтэй хэмжих хэрэгсэл мөн эсэх талаар тодруулга, лавлагаа авахад Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/506 тоот албан бичгээр ... танай албан бичигт дурдсан DDS3 загварын цахилгаан тоолуур нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн ба СХЗГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/195 дугаар тушаалаар загварын баталгааны гэрчилгээний хугацааг 2029 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан болно" гэсэн хариуг өгсөн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК айл, өрхийн цахилгааныг хүлээн авахгүй байгаагийн улмаас Т******* Ч*******" ХХК нь нийт оршин суугчдын эрх ашгийн төлөө хуулийн этгээдийн хувиар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас үнэтэй цахилгаан худалдан авч, үүнийгээ цаашаа хямдаар айл өрхөд дамжуулан борлуулах, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 410 дугаар тогтоолоор айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр болсон хэдий ч манай компани аж ахуй нэгжээр цахилгаан худалдан авч айлуудад үнэгүй дамжуулах зэрэг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн буруугаас их хэмжээний алдагдал хүлээж, мөн зөрчил үйлдсэн гэж буруутгагдан шийтгэл хүлээж байгаад гомдолтой байна.
Т******* Ч******* ХХК нь алдагдал хүлээн байж айл өрхүүдэд цахилгаан дамжуулах, борлуулах ямар ч шаардлага байхгүй буюу зөрчил үйлдэх санаа зорилго үгүй болно.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас олон айл өрх тог, цахилгаангүй болох аюул эрсдэл үүсээд байгаа бөгөөд Т******* Ч******* ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдал хүлээн байж айл өрхийг тог, цахилгаанаар хангаж байгаа үйлдэлд шийтгэл хүлээлгэж буйг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд Т******* Ч******* ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгаан борлуулах зөрчил үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын газрын улсын байцаагч Хүрэлбаатар овогтой Наранбаатарын 2022 01 дүгээр сарын 10-ны өдрийн №0035492 дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын газрын улсын байцаагч Х.Н********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Уг асуудал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу тус газарт шилжүүлснээр Нийслэлийн прокурорын газрын хяналтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Т******* Ч******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасны дагуу /Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам,тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх/ заалтыг хэрэгжүүлэлгүйгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхоны оршин суугч иргэдэд тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулах үйл ажиллагаа явуулсан зөрчилд Т******* Ч******* ХХК-д 2102000408 тоот зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар /тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн/ заалтыг зөрчсөн асуудал нь зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлэг тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэлийн арга хэмжээ авсан.
Дээрх Номун виллаж хотхоны эхний ээлжийн барилгуудыг Т******* Ч******* ХХК нь 2014-2015 онуудад байнгын ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх хуулиудын хэрэгжилт бүрэн хангагдахгүй байна. Иймд Т******* Ч******* ХХК-ийн Зөрчлийн хэргийн холбогдогчид ногдуулсан арга хэмжээг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н**********ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0035492 дугаар шийтгэлийн хуудас-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж: гээд мөн зүйлийн 1.1 дэх заалтад тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн ... бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.
2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд аливаа хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль зүйн хариуцлага хэрэгжихээр зохицуулжээ.
3. Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн байх зөрчлийг бодитой тогтоосон байх шаардлага тавигдана.
4. Хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж тайлбарлах боловч бодит байдал дээр гомдол гаргагчийн зүгээс зөрчлийн шинжид хамаарах гэм буруугийн хэлбэр байсан эсэх болон бусад нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлан тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
5. Тухайлбал, гомдол гаргагч Т******* Ч******* ХХК нь цахилгаан дамжуулах, борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байсан /байгаа/ үйл баримт тогтоогдож байх боловч тус компанийн зүгээс өөрийн барьсан Номун виллаж хотхоны нийт айл өрхийн эрчим хүчний борлуулалт, түгээлтийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д зохих журмын дагуу хүлээлгэн өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь мөн тогтоогдож байна.
6. Тодруулбал, гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/253 тоот, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/330 тоот, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/327 тоот, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/329 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/614 тоот зэргээр тус тус Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандаж байсан баримтууд авагдсан байхад хариуцагч улсын байцаагч нь эдгээр баримтуудыг тодруулахгүйгээр, өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бичгийн үзлэг хийх, хүсэлтүүдийг хүлээн авсан эсэх, хариу өгсөн эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодруулах, тайлбар авах зэрэг тодорхой ажиллагаануудыг хийх боломжтой байхад хийхгүйгээр шийтгэлийн хуудас гаргасан нь хуульд нийцээгүй байна.
7. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн зүгээс гаргасан гэх 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000202001861 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2115521 дугаартай, мөн өдрийн 2115520 дугаартай шаардлагуудад дурдсан бүрэн электрон тоолуур суурилуулах шаардлага нь хуульд нийцсэн, үндэслэлтэй шаардлага эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй байхад энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. гэж заасантай нийцэхгүй байна.
8. Учир нь, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/506 дугаартай албан бичгээр[13] DDS3 загварын эрчим хүчний тоолуур нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн ба тус газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/195 дугаар тушаалаар загварын баталгааны гэрчилгээний хугацааг 2029 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан болно гэсэн хариу авагдсан байхад улсын байцаагч үүнийг тодруулахгүйгээр гомдол гаргагчийг буруутгасан нь эргэлзээтэй байна.
9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Холбогдогч дараахь эрхтэй: гээд мөн зүйлийн 2.1 дэх заалтад ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;, 2.9 дэх заалтад зөрчлийн хэрэгтэй танилцах; гэж заажээ.
10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн материалыг танилцуулсан баримт байхгүй, холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан баримт байхгүй, эдгээр баримтуудыг үйлдээгүй болох нь тогтоогдсон.
11. Хэдийгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч улсын байцаагчийн зүгээс ... гомдол гаргагчид зөрчлийн хэргийн материалыг танилцуулах гэтэл өөрөө танилцах шаардлагагүй гэсэн ... гэх агуулга бүхий тайлбар хэлж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана: гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч нь тэмдэглэл үйлдэх үүрэгтэй бөгөөд энэ талаар үйл баримтыг нотлох тэмдэглэл зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байх тул түүний тайлбарт дурдсан үйл баримт нотлогдохгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
12. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхээс нөхөн тогтоох боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс гадуур асуудал байх тул нөхцөл байдлыг хариуцагч өөрөө зайлшгүй тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н**********ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0035492 дугаартай шийтгэлийн хуудсын эрх зүйн үйлчлэлийг цаашид хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Хариуцагч нь шүүхээс тогтоосон асуудлуудыг дахин нягтлан үзэж, шүүхээс өгсөн дээрх хугацааны дотор дахин шинэ акт гаргах үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.
14. Хэрвээ хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 0035492 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1, 2.9 дэх заалт, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т******* Ч******* ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагад дурдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н**********ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0035492 дугаар шийтгэлийн хуудас-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 0035492 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2102000408 дугаартай зөрчлийн хэргийн материалын эх хувийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ