Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 92

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

                    Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа

 Улсын яллагч А.Энхтуяа

 Хохирогч С.Янжмаа нарыг оролцуулав.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 201718000140 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р баг 4-р хэсэг 004 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Осолгүй манлай жолооч цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Монгол овогт Бизъяагийн Эрдэнэ-Очир /МЮ67040171/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг хороололын салдаг уулзварын төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Бойны тохой явах туслах зам руу орох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж П.Чинзоригийн жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 05-96 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас түүний тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Янжмаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 05 сарын 02 нд 03 цагийн үед төв талаас харахад машингүй тэгээд хот руу явах зам руу харахад мөн машингүй байсан. Тэгээд явтал гэнэт машин гарч ирээд би машинаа зогсооход төв замаар явж байсан машин ирж манай машиныг мөргөсөн. Тухайн газрын харагдах орчин 120 м орчим байсан, бага зэрэг гүвээ шиг замаар гарсан намайг харахад машин байгаагүй, цааш явахад гэнэт машин гарч ирсэн. Туслах замд орохоор хойшоогоо харсан байхад мөргөсөн. Тухайн даваан дээр  20 км цагийн хурдтай явах тэмдэглэгээ байсан. Хэрвээ тэр машин дүрмээ дагаж явсан бол тийм зүйл болохгүй байсан. Хамгийн гол нь туслах замаас орсон миний буруу болж байгаа юм. Миний буруу, буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг    

          Хохирогч С.Янжмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.... Тухайн өдөр би хүүтэйгээ цуг машинтай явж байсан. Осол болсны улмаас миний хөл хугарсан. Одоо миний хөл зүгээр бие эрүүл байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүд маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг         

Хохирогч С.Янжмаагийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү Эрдэнэ-Очирын хамт машинтай Бойны тохой орохоор явж байсан ... хорооллоос төв зам руу хөндлөн гарах гэж байхад гэнэт машин гарч ирээд хүү бид хоёрыг мөргөсөн ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

Гэрч Ц.Соёлмаагийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Чинзориг миний 05-96 УНР улсын дугаартай саарал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод би хойд суудал дээр нь 01 нас 07 сартай хүүгээ тэврээд явж байсан...хороолол руу салдаг уулзвар орчмоор явж байтал хороолол салдаг уулзвараас гэнэт суудлын саарал өнгийн жижиг авто машин гарч ирээд бид нарын машины урдуур ороод бид нарын явж байсан эгнээнд хөндлөн зогссон...миний биед болон хүүд гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

Гэрч Чинзоригийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд эхнэр  хүүхдүүдийнхээ  хамтаар  амьдардаг юм. Болсон хэргийн талаар ярихад 2017 оны  05 дугаар сарын 02-ны  16 цагийн үед эхнэр Ц.Соёлмаагийн  05-96 УНР улсын дугаартай  саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэлийг би жолоодоод миний хажуугийн суудалд хүн суугаагүй харин хойд суудалд миний ард манай эхнэр  Ц.Соёлмаа  01 нас 7 сартай  хүү Ч.Дөлгөөний хамтаар суугаад Сүхбаатар сумаас Шаамар сум орохоор Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын 5 дугаар баг хороолол руу салдаг замын орчим Сэлэнгэ-Дарханы чиглэлийн төв замаар  явж байтал хороолол руу салдаг уулзвараас гэнэт суудлын жижиг автомашин миний  жолоодож явсан машины урдуур ороод миний явж байсан урсгалд хөндлөн зогссон.  Ингээд би уг машиныг хараад  их ойрхон зайд байсан тул  зогсоох арга хэмжээ буюу тормоз гишгэсэн боловч зогсолгүй уг автомашины баруун талаас нь  мөргөхөд миний машинд  мөргүүлсэн машин урд хэсгээрээ мөргүүлсэн учир эргээд  хараад зогссон.  Тухайн үед бороо орж зам нойтон  байсан ба мөн миний  урдуур орж  ирээд зогссон машин их ойрхон  байсан учир мөргөсөн. Ингээд машинаас буугаад  би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн ба миний  урдуур орж ирсэн машины  жолооч  машинаасаа бууж ирээд эргэн тойрноо харж байгаад машиндаа ороод хэвтсэн ба нуруу нь өвдөж байгаа бололтой  байсан хажууд нь  сууж  явсан танихгүй настай хүний баруун шанаа орчмоос нь цус гараад байсан ба бие нь  яаж байна гэхэд хөл хугарсан юм шиг байна гэж байсан. Миний ард сууж явсан манай эхнэр, хүүхэд хоёр гэмтээгүй Миний биед миний баруун талын хавирга хугарсан гэмтэл учирсан...“ гэх мэдүүлэг / хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Ц.Мөнх-Оюуны 2017 оны  05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг юм. 2017 оны 05 дугаар сарын  02-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар баг хороололд 3 замын уулзвар дээр осол гарчихлаа гэсэн дуудлага ирсэн.  Ингээд дуудлаганд очиход Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв зам  дээр саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба мөн хороолол салдаг уулзвар луу харсан саарал өнгийн суудлын автомашин нийт 2 машин мөргөлдсөн байдалтай зогсож байсан.  Хороолол салдаг уулзвар луу  эргэж харсан машин дээр очиход жолооч нь  суудал дээрээ сууж байсан ба хажууд нь  настай эмээ сууж байсан. Тухайн эмнэлэгийн машин хамт очсон байсан ба гэмтсэн  хүмүүст тусламж үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №138 дугаартай  “.....                

1.Ч.Дөлгөөний  биед хамрын нуруунд цус хуралт, хуйханд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай  гэмтэл тогтоогдоо.

            2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой .

            3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.6-д зааснаар эрүүл мэндийг  сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №31 дугаартай “......

...1.“Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгсэлийн  хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал иймд зам тээврийн осол мөн  байна гэж үзэв.

2.Жолоч  Б.Эрдэнэ-Очир Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч  нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл,  осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.  12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаа яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

3.Жолооч  П.Чинзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний  эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж  яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний  дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2.  Жолооч  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ  авна гэсэн заалтыг  зөрчсөн байна гэж үзэв. Жолооч П.Чинзоригийн 2017 оны  05 дугаар сарын 02-нд өгсөн тайлбар, хэргийн газрын үзлэг, фото зурагтай танилцаж дүгнэлтийг гаргав.

4.Жолооч Б.Эрдэнэ-Очир нь Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий  болгохгүйгээр зорчино. 12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа  жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байна гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн №136 дугаартай “...

1.П.Чинзоригийн биед 8 дугаар хавирга хугарсан, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1  дэх зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №137 дугаартай “....

1.Ц.Соёлмаагийн биед бугалга, өвдөг, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны  05 дугаар сарын 10-ны өдрийн  №139 дугаартай “....

1.Б.Эрдэнэ-Очирын  биед баруун далны нуруу  цуурсан гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх  дүгнэлт /хх-ийн  78 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №6035 дугаартай “....

1.С.Янжмаагийн биед баруун 3,4,5 зүүн 7,8,9 дүгээр хавирга  далд хугарал, уушигны няцрал, цээжний  хөндийд шингэн хуралдалт, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь  амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/

Шинжээчийн 2017 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн №109 дугаартай “....

...1. Шинжилгээнд  авсан П.Чинзоригийн цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн №108 дугаартай  “....

...1. Шинжилгээнд авсан Б.Эрдэнэ-Очирын цусанд этилийн спирт илэрсэнгүй...”  гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №07/17  дугаартай “..

Дүгнэлт гаргуулахаар шинжээчид тавьсан асуултууд:

            1. Зам тээврийн осолд орсон Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай  саарал өнгөтэй суудлын автомашин, 05-96 УНР улсын дугаартай, саарал өнгийн Тоёото маркийн суудлын автомашин  зэрэг тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?

            -Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ  №00413194, арал KLYKF484D8C375859 дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 4 дүгээр хэсэг, гудамж, 004 тоотод оршин суугч Бизъяа овогтой  Эрдэнэ-Очирын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

-Тоёото Приус-20  маркийн 05-96 УНР улсын дугаартай , тээврийн хэрэгслийн гэрчилгээ №01415487, арал №NHW203129019 дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Улаанбаатар хот,  Баянгол дүүрэг-23 Зүүн ард аюуш 16-433-т оршин суугч  Цогоо овогтой  Соёлмаагийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

            Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн  хяналтын үзлэгийн талаар   www.tsansdep.mn хаягаар мэдээлэл авахад Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2017 оны 10 дугаар сарын  04-нд, Тоёото Приус-20 маркийн 05-96 УНР улсын дугаартай  тээврийн  хэрэгсэл 2017 оны  08 дугаар сарын 06-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Матиз маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсад 2008 онд, Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны  07 дугаар сарын 29-нд импортлогдсон байна.

            Тухайн хоёр автомашины хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр  тухайн автомашинд хөдөлгөөний  аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд, анги /тормос, жолооны механизмын эд анги/-аас эдвэрч гэмтсэн, салсан эд, анги тодорхойлогдсонгүй.

            Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд нь техникийн  оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа  орж техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн”  үнэлгээ авсан нь  зам тээврийн осол гарахаас өмнө  техникийн хувьд бүрэн бүтэн, замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Матиз маркийн 37-86СЭҮ улсын дугаартай  саарал өнгөтэй, суудлын автомашин, 05-96УНР улсын дугаартай, саарал өнгөтэй, Тоёото Приус-20 марк ийн  суудлын авто машин зэрэг тээврийн хэрэгслүүдэд осол гарах үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл байсан эсэх?

-Зам тээврийн осол гарах үед хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эд ангиас  эвдрэл гэмтэл тодорхойлогдсонгүй.

-Ослын дараа хийсэн техникийн үзлэгээр Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай  суудлын автомашины хувьд:

-Тээврийн хэрэгслийн кузовны баруун урд тал нь  хонхойн үрчийн гажилтанд орсон, урд хамгаалалтын хэсэг /купр/, баруун урд хаалганы шил хагарч хонхойж үрчийн хэв гажилтанд орсон, урд салхины шил цуурсан, нүүрний хэсгийн баруун талын их гэрэл эвдэрч гэмтсэн байв. Осолд орсон  баруун талын тоормосны  хоолой /трүп/ гэмтэж  цоорсоны улмаас  шингэн гоожсон байв.

Тоёото Приус маркийн 05-96УНР улсын дугаартай  суудлын автомашины хувьд:

Тээврийн хэрэгслийн кузовны баруун урд тал нь хонхойн үрчийн хэв гажилтанд орсон, урд хамгаалалтын  /купр/ хагарч эвдэрсэн, нүүрний хэсийн баруун талын их гэрэл хагарч гэмтсэн, хөдөлгүүрийн үндсэн суурь эд анги хагарч цуурсан, хөдөлгүүрийн хөргөлтийн радиотор, холбогч бусад эд ангиуд ослын улмаас  эвдэрч гэмтэн салсан байв.

3.Уг эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?

Асуулт 2-д тодорхой хариулсан болно.

4.Шинжээчийн дүгнэлтийг  гаргахдаа  асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл гарвал тусгай  мэдлэг, мэргэшлийнхээ  хүрээнд дүгнэлтээ дурьдана уу?

Тодорхой зүйл илрээгүй болно...” гэх  дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09 дүгээр тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 43-48 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/

Эд хөрөнгийн талаарх лавлагаа /хх-ийн 116 дугаар тал/

Б.Эрдэнэ-Очирын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/

Б.Эрдэнэ-Очирын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 109 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг хороололын салдаг уулзварын төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Матиз маркийн 37-86 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Бойны тохой явах туслах зам руу орох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж П.Чинзоригийн жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 05-96 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас түүний тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.Янжмаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогч Ё.Янжмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 27-28 тал/, Иргэний нэхэмжлэгч Ц.Соёлмаагийн /хх-ийн 32/, гэрч П.Чинзоригийн /хх-ийн 35/, Ц.Мөнх-Оюуны /хх-ийн 37/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 6035 тоот дүгнэлт /хх-ийн 83/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 31 тоот дүгнэлт /хх-ийн 61/, Авто техникийн шинжээчийн гаргасан 07/17 тоот дүгнэлт /хх-ийн 98-99 тал/, жолооч Б.Эрдэнэ-Очир, П.Чинзориг нарын цуснаас этилийн спирт илрээгүй талаарх шинжээчийн 108, 109 тоот дүгнэлтүүд /хх-ийн 88, 92/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-15 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий  болгохгүйгээр зорчино. 12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа  жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн  заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 37-86 СЭҮ улсын дугаартай матиз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч С.Янжмаагийн биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

               Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

            Иймд шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг нь “....жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл ......гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч, ........эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

             Иймээс шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

           Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, ар гэрийн  нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэв.

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын 36900 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 00413194 лугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Б.Эрдэнэ-Очирт буцаан олгох нь зүйтэй.

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав. 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Монгол овогт Бизъяагийн Эрдэнэ-Очирыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Бизъяагийн Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Эрдэнэ-Очирын 36900 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 00413194 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт олгосугай.    

7.Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ