Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/01252

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/01252

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Скайкатеринг ХХК/РД: /-д холбогдох,

 

Нийт 55,609,595 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, өмгөөлөгч Э.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* ХХК нь******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2020/05/01-01 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ (цаашид Гэрээ гэх)-г байгуулсан.

Гэрээний дагуу******* ХХК-ийн захиалгаар нийт 435,000,000/дөрвөн зуун гучин таван сая/ төгрөгийн үнийн дүн бүхий катерингийн барилгын сүлжээ дэд бүтэц, галын дохиолол, зарлан мэдээлэл, хяналтын камер тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, 2020 оны 07 сарын 01-ний өдрийн дотор суурилуулалтыг хийж, хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлөх үүргийг тус тус хүлээсэн.

******* ХХК-иас Гэрээт ажлыг гүйцэтгэж байх явцад буюу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс******* ХХК нь гэрээг цуцална гэх асуудлыг амаар хэлсэн ч бичгээр мэдэгдээгүй, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлын талбайд оруулахгүй, хийж байсан ажил зогссон. Ийнхүү зогсоох шалтгаанаа захирал өөрчлөгдсөн, гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг шалгана гэж тайлбарласан бөгөөд 2020 оны 05-р сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл энэ асуудлаар хийхээр товлосон 2-3 удаагийн уулзалтыг болиулж, манай хүмүүсийг удаа дараа хий явуулж байсан.

Манай компанийн зүгээс ажлыг зогсоох хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон төлбөрийн нэхэмжлэхийг******* ХХК-д хүлээлгэн өгч, ажлын төлбөрийг төлчихвөл гэрээгээ цуцпахад асуудалгүй талаар мэдэгдсэн. Их хэмжээний ажлыг богино хугацаанд гүйцэтгэхээр байсан тул бид өөрсдийн хүн хүчийг Андлайнс ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан нэмэгдүүлж ажилласан.

******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн хамт, 2020 оны 05 дугаар сард гэрээний дагуу дараах ажлуудыг нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэсэн. Үүнд:

- Галын кабель 2,100 м, хамгаалалтын хар хоолой 600 м-ийг тус тус татсан;

- Галын дохиоллын кабелиуд бүх давхруудад татсан;

- Нэг давхар болон зоорийн давхруудын камерийн систем, зарлан мэдээлэх систем хоёрын давхар хоорондын болон сувгийн цооног цоолсон;

Дээрх ажлуудыг гүйцэтгэсэн бараа, материал, цалин хөлс, тээврийн болон бусад зардалд нийт 87,308,000/наян долоон сая гурван зуун найман мянга/ төгрөг болсон. Ажлуудыг гүйцэтгэсэн байдлыг ажлын тайланд тусгаж, төлбөрийн нэхэмжлэхийн хамт******* ХХК-д биетээр хүлээлгэж өгсөн. Төлбөр төлөх асуудлаар олон удаа сануулж, утсаар залгадаг байсан ч ихэнхдээ утсаа салгах, хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Скайкатеринг ХХК-ийн хувьд төлбөрийг төлөх бүрэн боломжтой. Учир нь тус компани 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай 25 жилийн хугацаатай, 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх(DBOT) концессын гэрээ-г байгуулсан байдаг.

******* ХХК-иас 2021 оны 08 сарын 26-ны өдөр гүйцэтгэсэн ажлын төлбөрийн нэхэмжлэхийг, гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт илгээж, 87,308,000/наян долоон сая гурван зуун найман мянга/ төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахыг хариуцагчид/Ч.Мэндбаяр гэх хүнд хүлээлгэж өгсөн/ албан бичгээр шаардсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, төлбөр төлөөгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний 2.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Алдангийг тодорхойлох эрхийн хүрээнд бидний зүгээс сүүлд 2020 оны 11 сарын 10-ны өдөр цахим хаягаар нэхэмжлэл хүргүүлж байсан өдрөөс хойш энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийг хүртэл нийт 337 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар тооцоход нийт 15,060,630/арван таван сая жаран мянга зургаан зуун гуч/ төгрөгийн алданги болж байна.

Огноо

Төлбөл зохих төлбөрийн хэмжээ

Алданги

тооцох

хоног

Алдангийн хувь хэмжээ

Нийт алданги (төгрөг)

1

2020.11.10-

2021.10.20

87,308,000Т

345

0.05%

15,060,630Т

Иймд хариуцагчаас талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2020/05/01-01 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 87,308,000/наян долоон сая гурван зуун найман мянга/ төгрөг, түүний алдангид 15,060,630/арван таван сая жаран мянга зургаан зуун гуч/ төгрөг буюу нийт 102,368,630/нэг зуун хоёр сая гурван зуун жаран найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээгээр тохиролцсон энэ ажлуудыг гүйцэтгэх хугацаанд ******* ХХК-д бодитоор нийтдээ 43,194,143.58 төгрөгийн зардал, хохирол учирсан. Мөн туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК нь тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажлын зардалд 33,745,800 төгрөгийг ******* ХХК-иас нэхэмжилсэн. Мөн туслан гүйцэтгэгчээс гадна ******* ХХК нь өөрийн үндсэн 7 ажилтныг Хөшигтийн хөндийд ажиллуулсан ба эдгээр ажилчдын цалин нийт 6,379,245.36 төгрөг болсон бөгөөд ажилласан долоон ажилтанд ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл 733,613.22 төгрөгийг төлсөн байдаг. Тиймээс эдгээр зардлыг мөн нэхэмжилж байгаа. Мөн Хөшигтийн хөндийд ажил гүйцэтгэж байсан объект маань байрлаж байсан ба байрлаж байх хугацаанд ажилтнуудын тээврийн зардал, утасны төлбөр, ажил гүйцэтгэх хугацаанд жижиг сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэлүүдийг авах шаардлагууд үүсч байсан. Энэ хугацаанд бараа материал, утас,унааны зардалд нийт 2,535,485 төгрөгийн зардал манай байгууллагаас гаргасан байдаг бөгөөд эдгээр зардал нь нэхэмжлэгч компанид гарсан бодит зардал гэж үзээд хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид ажлын тайлан болон төлбөрийн нэхэмжлэхийг и-мэйлээр илгээсэн байдаг ба үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг. Гэрээгээр талууд төлбөрийн нэхэмжлэлд үндэслэн ажлын төлбөрийг төлнө гэж заасан ба хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэлийг хүлээж авсанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцож төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Хариуцагч тал нь нэхэмжлэгч компанид өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөрийг төлөөгүй учир нийт үнийн дүнгээсээ өнөөдрийг хүртэлх 563 хоногийн алданги буюу 12,215,451.42 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт үнийн дүнд 55,609,595 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажлын тайлан, нэхэмжлэхийг судлуулах зорилгоор и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Учир нь тухайн ажлын тайланд ажлын гүйцэтгэлийн явц, үлдсэн бараа материалын талаар харуулсан зургууд байгаа. Хариуцагч талын зүгээс энэ и-мэйлийг явуулсан гэдэгт маргаагүй учраас үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа гэсэн төсөвчний тооцоолсон зардалд бидний зүгээс нэхэмжилж байгаа бараа материалын зардал огт ороогүй бөгөөд зөвхөн хэрэглэсэн бараа материалын хүрээнд дүгнэлтийг гаргасан байдаг. Тиймээс төсөвчний үнэлгээг шууд баримтлан тайлбар хийх нь оновчтой биш гэж харж байна. Мөн захиалагчийн өмчлөл, хараа хяналтад байгаа ажил гүйцэтгэж байсан обьектод бараа материал үлдсэн учир нэхэмжлэгчийн зүгээс үлдээсэн бараа материалаа авах боломжгүй байсан. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл хийсэн гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэх захирал буюу тухайн компанийг төлөөлөх эрхтэй хүн энэ гэрээг байгуулсан гэдгийг нотлох зорилгоор улсын бүртгэлийн мэдээллийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч гүйцэтгэх захирал н.Болормааг улсын бүртгэлд захирлаар бүртгэгдсэн байсантай хариуцагч тал маргаагүй учраас хүсэлтээсээ татгалзсан. Тиймээс тухайн үед гүйцэтгэх захирлаар Болормаа ажиллаж байсан гэрээ байгуулах бүрэн эрхтэй этгээд гэж үзнэ. Мөн хариуцагч талаас энэ гэрээнд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн харилцаа үүссэн учраас худалдах худалдан авах гэрээ гэх тайлбар хэлж байна. Гэвч тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэснээс тодорхой үр дүнд хүрсэн учраас үүнийг ажил гүйцэтгэх гэрээ гэж харж байна. Хариуцагч тал нь ажлын үр дүнг хүлээж авах үүрэгтэй этгээд байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд маш хариуцлаггүй хандсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Скайкатеринг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №2020/05/01-01 дугаартай Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ-г******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан байна. Тус гэрээг тухайн үед******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Болормаа нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр тус их хэмжээний хэлцлийг дур мэдэн байгуулсан байдаг.

Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 87,308,000 төгрөг, алданги гэж 15,060,630 төгрөг, нийт 102,368,630 төгрөгийн үнэлгээ бүхий ажил хийсэн гэдэг нь эргэлзээтэй бөгөөд бидэнд ирүүлсэн бичигт 12 ажилтан ажиллуулсан гэсэн бол шүүхэд өгсөн нэхэмжлэлд 20 хүн ажилуулсан гэх мэт зөрүүтэй мэдээллийг өгч байгаа тул энэ талаар нотлох баримтуудыг гаргаж өгөх болно.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байснаас болоод тоо хэмжээний асуудал яригдаж байгаа. Нэхэмжилж буй үнийн саналд дурдсан тоо хэмжээгээр гэрээний ажлыг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл сүүлдээ үлдээсэн байсан бараа, материалын үнийг нэхэмжилсэн гэж нэмж тайлбарлаж байна. Хэрэв ашиглаагүй үлдсэн бараа матералын дэлгэрэнгүй тайлбарыг хариуцагч талд мэдэгдсэн байсан бол хариуцагчийн зүгээс түүнийг нотлох баримт үйлдэх, эсхүл гэрч оролцуулах байсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн барилгын талбайд үлдсэн гэх бараа материалын танилцуулаагүйгээс болоод хариуцагч тал энэ талаар нотлох боломжгүй болсон. Тиймээс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжилж буй үнийн дүн нь нотлох баримтуудтай зөрж байгаа учир нэхэмжилж буй үнийн дүнгээс төсөвчний үнэлсэн үнэлгээ бүхий мөнгөн дүнгээр зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 05 сарын 01-ний өдрийн № 2020/05/01-01 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн нэхэмжлэх, ******* ХХК-ийн 2021 оны 08 сарын 26-ны өдрийн Төлбөр гаргуулах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2020 оны 05 сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 сарын 29-ний өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлэх, сүлжээ дэд бүтэц, галын дохиолол, зарлан мэдээлэл, хяналтын камер суурилуулах ажлын тайлан, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны ******* ХХК-ийн Катерингийн барилгын цахилгаан ажлын төсвийн дүгнэлт, шүүх хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн № 2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах 2020042901 тоот гэрээгээр гүйцэтгэсэн явцын ажлыг хүлээлцэх акт, Андлайнс ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах №2020012901 тоот гэрээний гүйцэтгэлийн тайлан/5 сар/, Андлайнс ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ажлын талбайд бэлэн байгаа материалын үлдэгдэл, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, ******* ХХК-ийн Тоног төхөөрөмж нийлүүлэх, сүлжээ дэд бүтэц, галын дохиолол, зарлан мэдээлэл, хяналтын камер суурилуулах ажлын тайлан/5 сар/, ******* ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх Төлбөрийн баримт, ******* ХХК-ийн ажилтнуудын 2020 оны 5-р сарын цалингийн цэс, ******* ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 5-р сарын тайлангийн болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн Үнийн саналыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Скайкатеринг ХХК-д холбогдуулан ажлын төлбөр 87,308,000/наян долоон сая гурван зуун найман мянга/ төгрөгийг, алданги 15,060,630/арван таван сая жаран мянга зургаан зуун гуч/ төгрөгийг, нийт 102,368,630/нэг зуун хоёр сая гурван зуун жаран найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Скайкатеринг ХХК нь нийт 102,368,630/нэг зуун хоёр сая гурван зуун жаран найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийн үнэлгээ бүхий ажил хийсэн гэдэг нь эргэлзээтэй гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 46,759,035/дөчин зургаан сая долоон зуун тавин есөн мянга гучин тав/ төгрөгөөр багасгаж, ажлын хөлс буюу учирсан хохиролд 43,394,143.58/дөчин гурван сая гурван ерэн дөрвөн мянга нэг зуун дөчин гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг, алдангид 12,215,451.42/арван хоёр сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг, нийт 55,609,595/тавин таван сая зургаан зуун есөн мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №2020/05/01-01 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ-г байгуулсан болох нь №2020/05/01-01 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№2020/05/01-01 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь Каттерингийн барилгын сүлжээ дэд бүтэц, галын дохиолол, зарлан мэдээлэл, хяналтын камерыг захиалгын дагуу нийлүүлж, суурилуулах, хариуцагч нь бүтээгдэхүүний нийт үнэ болох 435,000,000/дөрвөн зуун гучин таван сая/ төгрөгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр тус их хэмжээний хэлцлийг дур мэдэн байгуулсан гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцтгэх захирал нь хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Болормаа нь тус гэрээг байгуулсан байх ба тус Гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч оролцуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК-тай №2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулсан болох нь №2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох ба нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд Андлайнс ХХК-ийг оролцуулсан болох нь №2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ болон Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах 2020042901 тоот гэрээгээр гүйцэтгэсэн явцын ажлыг хүлээлцэх актаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон Андлайнс ХХК нарын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №2020042901 Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,000/гурван мянга/ метр галын кабелийн үнэ 9,300,000/3,000х3,100=9,300,000/ /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, хамгаалалтын хар хоолойн үнэ 2,100,000/70боодол х 30,000=2,100,000/ /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, ЮуТиПи кабель болон сүлжээний кабелийн үнэ нийт 14,400,000/60хайрцаг х 240,000=14,400,000/ /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, нэхэмжлэгчээс ажиллуулсан 7/долоо/ ажилтны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр нийт 7,112,858.22/6,379,245+733,613.22=7,112,858.22/ /долоон сая нэг зуун арван хоёр мянга найман зуун тавин найман төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК-ийн ажиллуулсан ажилтнуудын 9/ес/ өдрийн ажлын хөлс 4,500,000/9х500,000=4,500,000/ /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК-ийн ажиллуулсан ажилтнуудын 9/ес/ өдрийн хоолны зардал 378,000/9х42,000=378,000/ /гурван зуун далан найман мянга/ төгрөгийг, жижиг сэлбэг, бараа материал, ЮуЭсБи, чип, үрэгч нийт 698,435/зургаан зуун ерэн найман мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг, шатахууны зардал 148,800/нэг зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг, үүрэн утасны нэгжийн зардалд 1,688,250/нэг сая зургаан зуун наян найман мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, бүгд 40,326,303.58/дөчин сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх ба 3,067,840/43,394,143.58-40,326,303.58=3,067,840/ /гурван сая жаран долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг ямар хохиролд нэхэмжилж байгааг тодруулаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн талаар маргахгүй байх боловч хийсэн ажлын тоо, хэмжээнд маргаж байна.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар зохигчид Гэрээгээр гүйцэтгэх ажлын бүтээгдэхүүний хэмжээ болон үнийг Хавсралт 1-т заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээний Хавсралт 1 нь хэн алинд нь хадгалагдаагүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд нийт 9,300,000/3,000х3,100=9,300,000/ /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэтэй 3,000/гурван мянга/ метр галын кабель, нийт 2,100,000/70боодол х 30,000=2,100,000/ /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй хамгаалалтын хар хоолой, нийт 14,400,000/60хайрцаг х 240,000=14,400,000/ /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй ЮуТиПи кабель болон сүлжээний кабель шаардлагатай болох нь нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн Гэрээгээр гүйцэтгэх ажлын Үнийн санал, нэхэмжлэгч болон туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК нарын байгуулсан №2020042901 тоот гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай барааны үзүүлэлт, тоо ширхэг, үнэ бүхий №2020042901 тоот гэрээний хавсралт №01-р тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлаас 2,100/хоёр мянга нэг зуу/ метр галын кабель татах ажлыг, 600/зургаан зуу/ метр хамгаалалтын хар хоолой татах, давхар бүрт галын дохиоллын кабель татах, 1-р давхар болон зоорийн давхрын камерын систем, зарлан мэдээлэх систем хоёрын хоорондын болон сувгийн цооног цоолох ажлыг гүйцэтгэсэн болох нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах 2020042901 тоот гэрээгээр гүйцэтгэсэн явцын ажлыг хүлээлцэх акт, Андлайнс ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах №2020012901 тоот гэрээний гүйцэтгэлийн тайлан/5 сар/, Андлайнс ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ажлын талбайд бэлэн байгаа материалын үлдэгдэл, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, ******* ХХК-ийн Тоног төхөөрөмж нийлүүлэх, сүлжээ дэд бүтэц, галын дохиолол, зарлан мэдээлэл, хяналтын камер суурилуулах ажлын тайлан/5 сар/-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь дээр дурдсан тоо, хэмжээний ажлыг гүйцэтгээгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд зориулж авсан гэх бүх материалыг ажил гүйцэтгэхэд зарцуулаагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:, 351.1.2-т гэрээнд заасан ... ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг хариуцагчийн харуул хамгаалалт бүхий байранд гүйцэтгэсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байранд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс нэвтрүүлээгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн газарт хариуцагчийн зөвшөөрлөөр нэвтэрдэг байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч тус байранд нэвтрэх эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж буй байранд нэхэмжлэгчийг нэвтрүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс цуцална гэж амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэж байсан байранд нэвтрэхийг зөвшөөрөөгүй 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нь Гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх зорилгоор нийт 9,300,000/3,000х3,100=9,300,000/ /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэтэй 3,000/гурван мянга/ метр галын кабель, нийт 2,100,000/70боодол х 30,000=2,100,000/ /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй хамгаалалтын хар хоолой, нийт 14,400,000/60хайрцаг х 240,000=14,400,000/ /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй ЮуТиПи кабель болон сүлжээний кабелийг худалдан авч, дээр дурдсан ажлыг гүйцэтгэж, үлдэх материалыг хариуцагчийн байранд үлдээж, хариуцагч нь нэхэмжлэгчийг уг байранд нэвтрүүлэх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчид үлдэгдэл материалыг буцаан олгоогүй байх тул нэхэмжлэгчид нийт 25,800,000/9,300,000+2,100,000+14,400,000=25,800,000/ /хорин таван сая найман зуун мянга/ төгрөгийн зардал буюу хохирол учирсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлаас 2,100/хоёр мянга нэг зуу/ метр галын кабель татах ажил, 600/зургаан зуу/ метр хамгаалалтын хар хоолой татах, давхар бүрт галын дохиоллын кабель татах, 1-р давхар болон зоорийн давхрын камерын систем, зарлан мэдээлэх систем хоёрын хоорондын болон сувгийн цооног цоолох ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгчээс ажиллуулсан 7/долоо/ ажилтны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт нийт 7,112,858.22/6,379,245+733,613.22=7,112,858.22/ /долоон сая нэг зуун арван хоёр мянга найман зуун тавин найман төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийн, туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК-ийн ажиллуулсан ажилтнуудын 9/ес/ өдрийн ажлын хөлс 4,500,000/9х500,000=4,500,000/ /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн зардал, туслан гүйцэтгэгч Андлайнс ХХК-ийн ажиллуулсан ажилтнуудын 9/ес/ өдрийн хоолны зардалд 378,000/9х42,000=378,000/ /гурван зуун далан найман мянга/ төгрөгийн, жижиг сэлбэг, бараа материал, ЮуЭсБи, чип, үрэгчийн зардалд нийт 332,335/гурван зуун гучин хоёр мянга гурван зуун гучин тав/ төгрөгийн, шатахууны зардалд 108,800/нэг зуун найман мянга найман зуу/ төгрөгийн, үүрэн утасны нэгжийн зардалд 483,700/дөрвөн зуун наян гурван мянга долоон зуу/ төгрөгийн зардал буюу хохирол учирсан болох нь Андлайнс ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах №2020012901 тоот гэрээний гүйцэтгэлийн тайлан/5 сар/, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, ******* ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх Төлбөрийн баримт, ******* ХХК-ийн ажилтнуудын 2020 оны 5-р сарын цалингийн цэс, ******* ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 5-р сарын тайлангийн болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол ... учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь өөрийн санаачлагаар 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Гэрээг цуцалсан байх тул хариуцагчаас учирсан хохиролд нийт 38,715,653.58/9,300,000+2,100,000+14,400,000+7,112,818.58+4,500,000+378,000+483,700+108,800+332,335=38,715,653.58/ /гучин найман сая долоон зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4,678,490/43,394,143.58-38,715,653.58=4,678,490/ /дөрвөн сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 12,215,451.42/арван хоёр сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар зохигчид алдангийг 0.05/тэг зууны тав/ хувь байхаар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөрийн нэхэмжлэх явуулсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс алдангийг тооцсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Гэрээг цуцалсан байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээг цуцалснаас хойшх хугацааны алдангид 12,215,451.42/арван хоёр сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 38,715,653.58/гучин найман сая долоон зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 16,893,941/4,678,490+12,215,451.42=16,893,941/ /арван зургаан сая найман зуун ерэн гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Скайкатеринг ХХК-иас нийт 38,715,653.58/гучин найман сая долоон зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 16,893,941/арван зургаан сая найман зуун ерэн гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 669,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 351,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Скайкатеринг ХХК-иас нийт 38,715,653.58/гучин найман сая долоон зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 16,893,941/арван зургаан сая найман зуун ерэн гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 669,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Скайкатеринг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 351,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ