2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

  2025         01          09                                     2025/ШЦТ/119

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Баярчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн “2411 00000 1036” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод хохирогч С.Өийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Хохирогч С.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9411 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод хохирогч С.Өийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч С.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр.Чингэлтэи дүүргийн ... тоот Хишигжаргалын гэрт бид хоёр хамт унтаж байхад Б.А гаднаас орж ирээд намайг үгийн зөрүүгүй зодож цохих болсон...би үчирсан гэмтэлтэй холбоотой эмнэлгийн байгүүлпагаар явж үзүүлсэн зүйл байхгүй. Би өөрт үчирсан гэмтэлтэй холбоотой сэтгэцэд үчирсан гэм хорыг тогтоолгох шаардлагагүй..Б.А нь надад 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр учирсан гэмтэлтэй холбоотой 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн ... тоотод хамтран амьдрагч С.Өийн хамт амьдардаг юм. Зуны улиралдаа манайхаас ойролцоо байдаг зуслангийн байшинд миний охин болон ээж хоёр хамт амьдардаг юм. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Ө бид хоёр гэртээ унтаж байхад, манай хуучин найз залуу болох Б.А нь гаднаас орж ирээд, С.Өийн биед халдаж цохиж, зодсон ба С.Ө арай гэж салаад манай ээжийн дээр байдаг гэр лүү зугатаахад, араас нь Б.А гүйгээд, би арай гэж гүйцэж очиход, Б.А манай ээжийн хажуу талд С.Өийг зодоогүй гэх зүйл яриад, зууралдчихсан байдалтай байж байсан. Тэгээд тухайн үед Б.А явчихсан ба С.Ө маргааш нъ буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9411 дугаартай "...С.Өийн биед эрүүнд щарх, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед Х надад хандаж нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан үүсгэсэн С.Ө босож ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд, намайг явах гэтэл явуулахгүй байсан учраас нүүр лүү хоёр удаа цохиж эрүү хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үед Х ээж нь гаднаас орж ирээд салгаад намайг явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Өийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч С.Өийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Аийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй шүүх дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч С.Өөд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэх баримт хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А /РД/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Аийн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.СУВД-ЭРДЭНЭ