| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1297 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1297
2025 05 16 2025/ШЦТ/1297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан 2503 00106 0333 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт А-нБ /РД: /, Монгол Улсын иргэн, ..................... Сэлэнгэ аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ ажилладаг гэх, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоосон группт байдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ............... тоотод тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн урд замд 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд “Toyota Crown” маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Б.О ийг мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.О , иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.У, иргэний нэхэмжлэгч С.С нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар ЕГ0725/2285 дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 1000475 дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 0000376 магадлагаа, шүүгдэгч А.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүгдэгч А.Б нь 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн урд замд “Toyota Crown” маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газрынЗасгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батласан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.О ийг мөргөж хүний биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, тойг ясны гадна даруулган холбоосны урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Хохирогч Б.О мэдүүлсэн “...Тухайн өдөр би Улаанбаатар их дэлгүүрйин баруун хойд талын явган хүний гарцаар урдаас хойшоогоо зам гарах гээд гарцан дээр зогсож байсан. Энэ үед замын 2-р эгнээнд нэг автобус ирж байсныг өнгөрөөх гээд гарц руу ороод 2-3 алхаж байтал нэг машин замын 1-р эгнээнд ухарч ирээд намайг хойд гудрын гол хэсгээр мөргөөд би газарт зүүн өвдгөөрөө хүчтэй унасан. Унасны дараа миний баруун хөл тэр машины баруун хойд дугуйн хажууд байсан. Гэтэл тэр машин ухарсан хэвээр байсан би баруун хөлөө дугуйн доор орохоос өмнө гялс хөлөө татаж аваад бөгсөөрөө газарт унаад, машины хойд гупр руу нь цохисон тэгээд машин зогсоод жолооч бууж ирээд намайг газраас татаж босгосон. ...Тухайн үед намайг мөргөсөн машин явган хүний гарцнаас зүүн тийшээ 3- 4 метрийн зайнд зогсож байсан. Би тухайн үед зам хөндлөн гарах гээд 2-р эгнээгээр ирж байсан автобусыг харж байсан учир 1-р эгнээнд ухарч байсан машиныг хараагүй, тэр зогсож байсан машиныг урсгал сөрөөд явган хүний гарц руу машин ухарч ирнэ гэж би бодоогүй. ...Ослын улмаас миний зүүн өвдөгний тойг 2 хугарсан. Жолооч одоогийн байдлаар миний эмчилгээнд нийт 562.000 төгрөг зарцуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Иргэний хариуцагч С.У мэдүүлсэн “...Уг машин нь ББСБ-ын нэр дээр байдаг гэхдээ миний эзэмшлийн машин юм. Ихэвчлэн би унаж жолооддог нөхөр маань хааяа унадаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Иргэний нэхэмжпэгч С.У мэдүүлсэн “...Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би нөхөртэйгөө 2000 оноос эхлэн гэр бүл болоод одоог хүртэл хамтдаа амьдарч байна. Бид дундаасаа 10-23 насны 4 хүүхэдтэй. Нөхөр маань бага насаа Улаанбаатар хотод ах эгч дээрээ өсөж том болсон. Эхээс 7-уулаа ба айлын 6 дахь хүүхэд. Нөхрийг маань бага байхад 1,2 настайд нь аав ээж нь нас бараад өнчин өрөөсөн ах эгчийнхээ хүмүүжилд өссөн. Нөхөр маань аливаа зүйлд их тууштай байхгүйгээс нь байх хүртэл нь явж гэр бүлээ тэжээж байгаа. Дайчин, хөдөлмөрч зан чанартай, илүү дутуу үггүй. Тамхи татдаггүй, архи огт уудаггүй. Нөхөр маань 2022 онд тархиндаа цус харваад группд орсон. Цус харвахаасаа өмнө түүхий эдийн арьс ширний бизнес эрхэлдэг байсан, харваснаасаа хойшоо хэсэг гэртээ байж байгаад хөл гар нь овоо сэргээд ирсэн учир таксинд явж эхэлж байсан юм. Гэхдээ гар хөл нь бүрэн сэргээгүй биеийн хүчний ажил хийж чадахгүй болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч С.С мэдүүлсэн “...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын улмаас хохирсон Б.О нь 20225 оны 01-р сарын 17-ны өдрөөс хойш хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ослын улмаас учирсан гэмтэлд тусламж үйлчилгээ авсан байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөгийн зардал гарсан болох нь Төрийн үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар ЕГ0725/2285 дүгнэлтэнд “...Б.О ийн биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, тойг ясны гадна даруулган холбоосны урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд ослын үед үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрйн чадварыг тогтонги алдагдуудахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 1000475 дүгнэлт (хавтаст хэргийн 36-43 дахь тал),
Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 0000376 магадлагаа “...УАЗ маркын 00-45 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46 дахь тал),
Шүүгдэгч А.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн өдөр би UB Cub-аас дуудлага аваад баруунаас зүүн тийш явж байсан. Гэтэл такси дуудсан хүнээ өнгөрөөл явган хүний гарцны зүүн талд зогсчихсон. Тэгээд машины хойд камерын дохио дуграхаар нь би зогссон. Тэгээд буугаад харахад машины ард 2 хүн зогсож байсан ба нэг нь зогсож байсан, нөгөө нь газарт суучихсан байсан бөгөөд такси дуудсан хүүхэн нт “Чи өөрөө унаа биздээ” гээд байсан. Харин нөгөө газарт сууж байсан хүүхэн нь болохоор “хойноос нэг юм түлхээд байхаар нь эргээд харахад машин байсан” гэж хэлж байсан. ...Хараагүй ухрахаас өмнө замын хажууд зам гарах гээд зогсож байсан. Би ухарч байхдаа камертаа хараагүй, баруун талын толиндоо хараад ухарч байсан. ...Одоогийн байдлаар нийт 2.800.000 орчим төгрөг зарцуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлж, дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.О ийг мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч А.Б ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 124.762 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол баримтаар нэхэмжлээгүй, мөн хохирогч Б.О нь “...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Миний хохирлыг төлж барагдуулсан.” гэх хүсэлт (хавтаст хэргийн 70 дахь тал) хэрэгт авагджээ.
Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 124.762 төгрөг нэхэмжилжээ. Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 60 дахь тал)-д Б.О нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 124.762 төгрөгийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авч, шүүгдэгч А.Б нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд 124.762 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Б нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны үеэс энэ талаар тогтвортой мэдүүлж ирсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, түүний эрүүл мэндийн байдал, ар гэр хувийн байдал зэргийг харгалзахын зэрэгцээ шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж үйлдсэн зэргийг мөн харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдал нь ял, албадлагын арга хэмжээг бүхэлд нь хамруулсан цогц ойлголт болохын зэрэгцээ ял нь үндсэн ба нэмэгдэл ялыг хамруулан системчилэгдэн хуульчлагджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үндсэн ял оногдуулахаас гадна эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэхдээ үндсэн болон нэмэгдэл ялаас аль алинаас нь чөлөөлөх утгаар тайлбарлан хэрэглэнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч ял оногдуулахад болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд харгалзан үзэх нөхцөл байдлуудыг шүүх нэг бүрчлэн шалгаж, үнэлж үзсэний үндсэн дээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт хэрэглэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-нБ /РД:............../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав..
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР