| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03790/И |
| Дугаар | 181/ШШ2022/01363 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2022/01363
| 2022 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2022/01363 | Улаанбаатар хот |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Эрдэнэчимэг/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* ХХК/РД: /,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жанжин Д.Сүхбаатарын талбай 7-д байрлах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт холбогдох,
49,800,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Мөнх-Одын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нэг талаас Чулуунбат овогтой Эрдэнэчимэг, нөгөө талаас Шинэ гэр түншлэл ХХК, гуравдагч талаас Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий архетиктур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Оюун овогтой Одбаяр нарын хооронд Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт №16/03/31 тоот гэрээг байгуулсан болно.
Дээрх гэрээний 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр******* ХХК болон ******* нар №037-16 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан ба дээрх гэрээ нь Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар хотхонд байрлах ашиглалтын хугацаа дууссан, хуучин 6-р байрны дахин шинээр төлөвлөх, орон сууцыг буулгах, газар чөлөөлөх, чөлөөлөгдсөн газарт орон сууц барих, хуучин орон сууц өмчлөгчид шинэ орон сууц өмчлүүлэх харилцааг зохицуулсан.
Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Компаний иргэний 9.мкв талбайтай хуучин орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болсон шинэ орон сууцанд иргэний 9 мкв талбай дээр нэмж урамшуулал 15 мкв талбайг оролцуулан тооцож нийт 24 мкв ашигтай талбай бүхий шинэ сууцыг нэг мкв үнийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр нийт 48,000,000/ дөчин найман сая/ төгрөгөөр үнэлэн үл маргах журмаар иргэнд өмчлүүлнэ... хэмээн заасан байдаг. Одоогоор үүрэг гүйцэтгэгч******* ХХК-нь гэрээгээр тохиролцсон орон сууцанд оруулаагүй болно.
Мөн орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт №16/03/31 тоот гэрээний 2.5 т ... төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тооцож олгоно , №037-16 тоот Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т Иргэнд үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн гүйцэт чөлөөлснөөс эхлэн шинэ орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд дэмжлэг хэлбэрээр нөхөн олговрыг сар тутам олгох бөгөөд, эхний ээлжинд 300,000.00 /гурван зуун мянга/ төгрөгийн нөхөн олговорыг 6 сараар тооцож 1,800,000.00/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг олгоно... гэж тус тус заасан байдаг.
******* нь дээрх гэрээнүүдийн дагуу 2016 оны 7 дугаар сард өөрийн өмчлөлийн БЗД-ийн 16-р хороо, Шар хад дахь төмөр замын 6 дугаар байрны 15 В тоот хаягт орших 9 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө чөлөөлсөн байтал өнөөдрийг хүртэл *******т олгосон төлбөр байхгүй байгаа билээ. Иймд №16/03/31 тоот гурван талт гэрээ, №037-16 тоот хамтран ажиллах гэрээний дагуу сар болгон олгох ёстой байсан 1,800,000 төгрөгийг хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нэг талаас Чулуунбат овогтой Эрдэнэчимэг, нөгөө талаас******* ХХК, гуравдагч талаас Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Оюун овогтой Одбаяр нарын хооронд Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт №16/03/31 тоот гэрээг байгуулсан болно. Шинэ гэр түншлэл ХХК-тай байгуулсан №037-16 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу тус байгууллага нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэлгүй *******ийг хохироосоор байгаа билээ.
Иймд хариуцагчаас уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Компаний иргэний 9.мкв талбайтай хуучин орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болсон шинэ орон сууцанд иргэний 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 мкв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв ашигтай талбай бүхий шинэ сууцыг нэг мкв үнийг 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр нийт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгөөр үнэлэн үл маргах журмаар иргэнд өмчлүүлнэ... хэмээн заасаны дагуу гэрээний үнийн дүн болох 48,000,000.00/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Хамтран хариуцагчаас мөнгө нэхээгүй. Хамтран хариуцагчаас гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд хяналт тавиач гэж байгаа. гэв.
Хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ гэр түншлэл ХХК-тай байгуулсан 037-16 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу тус байгууллага нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй гэжээ.
Бодит байдал дээр маргаан бүхий орон сууц болох 9 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь хүн амьдрах боломжгүй ба анх 32м2 талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр гурав хуваасан байсныг сүүлд 6-15Б тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэх Б.Бямбацогт шүүхэд маргаан үүсгэсний дараа УБЕГ-аас ирүүлсэн баримттай танилцаад мэдсэн.
Нэхэмжлэл, үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Нэгэнт тодорхой бус шаардлагад хариу тайлбар гаргах боломжгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/151 дүгээр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр орон сууцны барилгуудыг буулган дахин барилгажуулахаар шийдвэр гарсан.
Захирамжийн дагуу төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт явагдаж Баянзүрх дүүргийн багц 3 дээр буюу Баянзүрх дүүргийн 6, 7, 8 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр******* ХХК шалгарч тус байрны сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн засаг дарга баталгаажуулсан.
Манай газраас хууль ёсны өмчлөгчтэй гурван талт гэрээ байгуулахын тулд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/645 дугаартай албан бичгээр тус байрнуудын сууц өмчлөгчдийн мэдээлэл лавлагааг ирүүлэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс сууц өмчлөгчдийн мэдээллийг ирүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, нийслэлийн Засаг дарга нарын хооронд хийсэн 3 талт гэрээг баталгаажуулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Ашиглалтын шаардпага хангахгүй нийтийн зориулапттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам"-д сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулахаар заасан бөгөөд иргэн ******* нь гэрээ баталгаажуулсан байна. Батлагдсан гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч******* нь гэрээнд заасан график төлөвлөгөөний дагуу сууц өмчлөгчид түрээсийн төлбөр болон шинээр олгогдох орон сууцны асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч биш байх тул хамтран хариуцагчаас хасч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №037-16 Хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 546 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 128/ШЗ2020/2319 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК, хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан нөхөн олговорт 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, гэрээний төлбөрт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг, нийт 49,800,000/дөчин есөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК нь 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр гурав хуваасан байсныг сүүлд мэдсэн гэж маргасан.
Хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч******* ХХК нь гэрээнд заасан график төлөвлөгөөний дагуу сууц өмчлөгчид түрээсийн төлбөр болон шинээр олгогдох орон сууцны асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр № 037-16 Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний болон 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 037-16 Хамтран ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 4-ийн 4.2.8, 4.3.2-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны хуучин барилгыг буулгах, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг хүчингүй болгох зэрэг бүрэн эрхийг хариуцагчид олгох, хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 6 дугаар байрыг буулгаж, 2019 оны 4 дүгээр улиралд багтаан чанар стандартын шаардлагад нийцсэн, шинээр орон сууцны барилга барьж нэхэмжлэгчийг шинэ орон сууцаар хангах, хамтран хариуцагч нь холбогдох гэрээ, контракт, бичиг баримтанд шалгалт хийх, баталгаажуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, хөрөнгө оруулалтыг хянах үүргийг тус тус хүлээсэн болох нь 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №037-16 Хамтран ажиллах гэрээний 2-ын 2.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 9/ес/ м.кв орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болсон шинэ орон сууцанд иргэний 9/ес/ м.кв талбай дээр нэмж урамшуулал 15/арван тав/ м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24/хорин дөрөв/ м.кв ашигтай талбай бүхий шинэ орон сууцыг, нийт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгөөр үнэлэн үл маргах журмаар нэхэмжлэгчид өмчлүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь №037-16 Хамтран ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна., 198 дугаар зүйлийн 198.5-д 뿿 ., 274 дүгээр зүйлийн 274.1-т 濿 . гэж заасан.
16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ болон №037-16 Хамтран ажиллах гэрээнд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой эд хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх, зохигчид шинэ орон сууц барихад хамтран ажиллах үүргийг тус тус хүлээсэн гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий 16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ болон №037-16 Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээ болон Арилжааны гэрээний шинжтэй байх тул тус гэрээнүүдийг Холимог гэрээ гэж үзнэ.
16/03/31 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ/цаашид Гурван талт гэрээ гэх/ болон №037-16 Хамтран ажиллах гэрээ/цаашид Гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч, хамтран хариуцагч нараас Гэрээнд заасан нөхөн олговорт 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, Гэрээнд заасан орон сууцны үнэ 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг, нийт 49,800,000/дөчин есөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулааар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагчаас мөнгө шаардаагүй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаас мөнгө шаардаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй байна.
Гурван талт гэрээний 2-ын 2.5, Гэрээний 2-ын 2.5-д зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлснөөс эхлэн хариуцагч нь нэхэмжлэгчид шинэ орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд дэмжлэг хэлбэрээр нөхөн олговрыг сар тутам олгох бөгөөд, эхний ээлжинд 300,000/гурван зуун мянга/ төгрөгийн нөхөн олговрыг 6 сараар тооцож 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг олгохоор заажээ.
Гэрээний 2-ын 2.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 9/ес/ м.кв талбай дээр нэмж урамшуулал 15/арван тав/ м.кв талбайг оролцуулан тооцож, нийт 24/хорин дөрөв/ м.кв ашигтай талбай бүхий шинэ орон сууцыг нийт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчид өмчлүүлэхээр заажээ.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сард орон сууцаа чөлөөлөн өгч, Гэрээнд заасан шинэ орон сууцны барилга нь 2019 онд ашиглалтад орсон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөн олговор 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, 24/хорин дөрөв/ м.кв орон сууцыг шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 6 дугаар байрны, 15В тоот, 9/ес/ м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Бат-Эрдэнэ бүртгэлтэй гэж маргаж байх боловч тус 15В тоот, 9/ес/ м.кв орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэлтэй болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 546 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Гурван талт гэрээний 3-ын 3.5, Гэрээний 6-ын 6.3-т зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Гурван талт гэрээ болон Гэрээ нь дуусгавар болоогүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар Гурван талт гэрээ болон Гэрээний нөхөн олговор олгох заалт нь нэрлэгдээгүй гэрээтэй илүү төсөөтэй болох нь Гурван талт гэрээ болон Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар зохигчид бие биедээ Гурван талт гэрээ болон Гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг ... хугацаанд нь, зохих ёсоор ... гүйцэтгэнэ. гэж заасан.
Зохигчид Гурван талт гэрээ болон Гэрээнээс татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас нөхөн олговорт 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 24/хорин дөрөв/ м.кв ашигтай талбай бүхий 48,000,000/24x2,000,000=48,000,000/ /дөчин найман сая/ төгрөгийн үнэтэй шинэ орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэх заалт нь арилжааны гэрээтэй илүү төсөөтэй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т ... 㺺 ., 261 дүгээр зүйлийн 261.1-т - 㺺 ., 274 дүгээр зүйлийн 274.3-т - . гэж заасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч******* ХХК нар нь Гэрээнээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь учирсан хохирол шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчид Гэрээнээс татгалзаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол нэхэмжлээгүй болох нь нэхэмжлэгчийн гэрээний төлбөрт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаар тогтоогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчаас учирсан хохирол нэхэмжлээгүй Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК-иас 24/хорин дөрөв/ м.кв ашигтай талбай бүхий орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул хариуцагч******* ХХК-иас 48,000,000/24x2,000,000=48,000,000/ /дөчин найман сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Гурван талт гэрээний 4-ийн 4.3.2-т зааснаар хамтран хариуцагч нь холбогдох гэрээ, контракт, бичиг баримтанд шалгалт хийх, баталгаажуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, хөрөнгө оруулалтыг хянах үүргийг хүлээж, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байх тул хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийт 49,800,000/дөчин есөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдсэн хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох, мөн 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 406,950 төгрөгөөс 372,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 34,750 төгрөгийг, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдсэн хамтран хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох, мөн 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 406,950 төгрөгөөс 372,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 34,750 төгрөгийг, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ