Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/01053

 








 

 

 2022        05           09                                      181/ШШ2022/01053

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ц-д холбогдох,

Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамж, 22 тоот хаягт байрлах, 1864************* нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамжны 22 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0004***** дугаартай, 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч юм. Уг өмчлөлийн газар дээр иргэн Ч.Ц байшингаа дур мэдэн оруулж барьсан нь холбогдох кадастрийн зураг болон шинээр эргэлтийн цэг тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Б.Э нь газрыг 2017.02.24-ны өдөр худалдан авч өмчлөгч болсон бөгөөд 2021 оны 09 сард Ч.Цын байшин манай газарт орж баригдсаныг мэдсэн. Сүхбаатар дүүргийн газрын албанд хандсан боловч шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандсан.

Иймд Б.Эгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамж, 22 тоот хаягт байрлах, 1864************* нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан Ч.Цын байшинг нүүлгэн шилжүүлж газрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Хандгайтын 17 гудамж 25 тоот хаягт байрлах, 410 м.кв талбай бүхий газарт 1985 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2002 онд газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаад өөрийн хүүхдүүдийн хамтаар хамтран өмчилж газар өмчлөх эрхийг гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авсан. Бидний өмчлөн амьдарч байгаа газрын хойд хэсэгт миний нөхөр С.Баясгалан нь өөрсдийн амьдарч байсан хуучин хувийн сууцны орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2012-2013 оны хооронд 2 давхар бүхий хувийн сууц барьж байгуулсан. Тухайн үед бид хуучин жижиг байшин байрлаж байсан газрын суурь дээр 2 давхар хувийн сууцыг барьж байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Э шүүхэд газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргахаас өмнө бусдын өмчлөлийн газар луу хэтэрч баригдсан талаар мэдээгүй, энэ талаар Б.Э болон өмнө уг газарт амьдарч байсан иргэн П.Халзан, Ж.Цэцгээ нар нь огт мэдэгдэж байгаагүй болно. Ингээд миний зүгээс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн амьдарч байгаа хувийн сууц нэхэмжлэгч Б.Эгийн өмчлөлийн газарлуу хэдий хэр хэмжээтэй хэтэрч орсон байгааг тодруулахаар Баян-өлгийн капитал ХХК-д хандаж хойд талын хоёр эргэлтийн цэгийг тодорхойлуулсан. Мэргэжлийн байгууллагын ажилтан тусгай багажаар хэмжилтийг хийж тодруулахад:

Нэгж талбарын хойд хэсэгт 2 давхар барилга байгаа ба тус барилга нь хойд талаараа эзэмшил газраасаа 5.8 м.кв талбай гарсан байна. Тодруулбал тус барилгын зүүн хойд өнцөг нь хойшоогоо 30 см, баруун хойд өнцөг нь хойшоогоо 73 см илүү гарсан нь хэмжилтийн үр дүнгээр тодорхойлогодсон гэж дүгнэсэн. Мөн миний зүгээс газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим сайтад нэвтэрч нэхэмжлэгч Б.Эгийн өмчлөлийн газрын дэлгэрэнгүй мэдээллийг харахад тус газар нь СБД-ийн 14 дүгээр хороо Хандгайтын 17-р гудамж 22 тоотод бүртгэлтэй, 699 м.кв талбай хэмжээтэй, дуудлага худалдааны анхны үнэ нь 46,581,360 төгрөгөөр үнэлэгдсэн буюу одоо өмчилж байгаа тус газрын 1 метр квадрат тутам нь 66,640 төгрөг улсад төлж авсан байгаа талаар мэдээлэл авсан. Харин манай гэр бүлийн өмчлөлийн газар нь СБД-ийн 14 дүгээр хороо Хандгайтын 17-р гудамж 25 тоотод бүртгэлтэй, 410 м.кв талбай хэмжээтэй, дуудлага худалдааны анхны үнэ нь 27,171,520 төгрөгөөр үнэлэгдсэн буюу одоо өмчилж байгаа тус газрын 1 метр квадрат тутамд 66,272 төгрөг төлж авсан байх тухай мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бидний барьж байгуулсан хувийн сууц нэгэнт буюу миний нөхөр амьд сэрүүн байх хугацаандаа санаандгүй үйлдлээр бусдын өмчлөлийн газар луу нийт 5.8 м.кв хэмжээтэйгээр хэтрэн оруулж барьсан байгаа нь мэргэжлийн байгууллагын хэмжилтээр тогтоогдсон, мөн тус хувийн сууцны барилгын бүтээц /тоосго/ нь баригдсан байршлаас буулгаж шилжүүлэх боломжгүй байхаар баригдсан байх тул нэхэмжлэгчийн шаардсаны дагуу буулгаж нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд бидний зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газар луу хэтрүүлэн оруулсан хэмжээ болох 5.8 м.квадрат хэмжээгээр тус хэмжээ бүхий газарт оногдох дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох 386,512 төгрөгийг нэхэмжлэгчид төлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь миний нөхөр болон миний бие залуу хөдөлмөрийн насандаа үнэнч шудрагаар олон жил хөдөлмөрлөж, түүний үр дүнд хурааж хуримтлуулсан хөдөлмөрийн хөлсөөр барьж байгуулсан хувийн сууцыг холбогдох хууль тогтоомжоор хамгаалдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ гэж, түүнчлэн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй хувийн сууц барьсан энэхүү газрыг чөлөөлүүлэх эрхийг Газрын тухай хуульд зааснаар гагцхүү эрх бүхий этгээд хэрэгжүүлэх зохицуулалт агуулсан байна.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д: Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан байна. Миний зүгээс нэхэмжлэгчийн байр суурь болон нэхэмжлэлийн шаардлагад хүндэтгэлтэй хандаж анхны дуудлага худалдааны үнээр эвлэрэн хэлэлцэх боломжтой байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 1864************* нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураг 2х, нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын нэгдсэн системын зураг, Б.Эгийн 1864************* нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын 2021.09.28-ны өдрийн 14/2254 дугаар албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /газар өмчлөгчийн/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Ч.Ц нарын 18643317249263 нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1461801319 нэгж талбарын дугаартай газрын кадастрийн зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг томилж, 2022.03.21-ний өдрийн 2022/16 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч.Цд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамж, 22 тоот хаягт байрлах, 1864************* нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь өөрийн өмчлөлийн газарт хариуцагч Ч.Ц-ыг байшингаа дур мэдэн оруулж барьсан гэх үндэслэлээр хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлэх байдлаар газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн эзэмшиж байгаа газарт 1985 оноос хойш амьдарч байгаа бөгөөд хуучин байшингийнхаа суурин дээр 2012-2013 онд 2 давхар бүхий хувийн сууцаа барьсан, нэхэмжлэл гаргахаас өмнө бусдын өмчлөлийн газар луу хэтэрч байшин баригдсан талаар мэдээгүй, байшингаа буулгах боломжгүй тул газрын дуудлага худалдааны үнийг төлнө гэж маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь газар өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд уг шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

3. Нэхэмжлэгч Б.Э нь П.Х, Ж.Цэ нартай 2017.02.24-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамжны 22 тоот хаягт байрлах, 1864************* нэгж талбарын дугаар бүхий 700 мкв газрыг худалдан авч, өмчлөгчөөр 2017.03.03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хавтаст хэргийн 3, 9, 45 хуудас/

 

4. Нэхэмжлэгч Б.Э нь П.Х, Ж.Ц нараас газрыг худалдан авах үед тухайн газар нь хашаалагдсан, хөрш газар эзэмшигч Ч.Цтай газрын хил заагийн талаар маргаангүй байсан бөгөөд хариуцагч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн газартаа 1985 оноос хойш амьдарч байгаа бөгөөд хуучин байшингаа буулгаж, суурин дээр нь 2012-2013 онд 2 давхар бүхий хувийн сууцаа барьсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн газрын нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж тогтоолгохдоо хариуцагчийн байшин нэвтрэн баригдсан талаар мэдэж, газраа чөлөөлүүлэх талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж хариу авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хариуцагч Ч.Ц нь бусдын өмчлөлийн газар луу хэтэрч байшингаа баригдсан талаар мэдээгүй гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 3-7, 9, 45 хуудас/,

 

6. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ч.Ц нар нь хил залгаа газар эзэмшигч нар бөгөөд Б.Эгийн өмчлөлийн 699 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын 1461801377 /1864*************/ дугаар бүхий кадастр нь Ч.Цын өмчлөлийн 410 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын 1461801319 дугаар бүхий кадастрын зураглалтай Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мэдээлэлд давхцалгүйгээр бүртгэгдсэн байна. Мөн нэхэмжлэгч Б.Э нь өөрийн өмчлөлийн газраа хашаалсан, хариуцагч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн газраа хашаалсан боловч Б.Эгийн газартай хил залгаа хэсэг нь байшингаар тусгаарлагдсан байдаг боловч Ч.Цын байшин нь иргэн Б.Эгийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын 1461801377 дугаартай газар дээр 8 м.кв талбайгаар давхцсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 48-61 хуудас/

 

7. Маргааны зүйл болсон газар дээрх хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт зааснаар устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болох, түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байдаг тул нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.Ц нарын өмчлөлийн газрын хил зааг нарийн тогтоогдсон, маргаангүй гэж үзэх боломжгүй байна.

 

8. Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2.Хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэх бөгөөд хэрэв уг хэмжээг тогтоох боломжгүй бол маргаантай байгаа хэсгийг талууд тэнцүү хувааж эзэмших буюу тохиролцож чадахгүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу хөршүүд болох нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.Ц нарын эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэж, хариуцагч Ч.Цын хувийн сууцаар газрын хилийн зааг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Иймээс хариуцагч Ч.Цын газрын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан нэхэмжлэгч Б.Эгийн өмчлөлийн газарт хариуцагч Ч.Ц байшингаа дур мэдэн оруулж барьсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эд газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсээгүй тул Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамж, 22 тоот хаягт байрлах, 1864************* /1461801377/ нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай Б.Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Шинжээчийн ажлын зардлын тухайд,

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13259 дугаар захирамжаар шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар-ийг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 649,484 төгрөгийг гаргуулахаар шүүхэд 2022.03.17-ны өдөр Нэхэмжлэх №12 ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 46-47 хуудас/

Шинжээчийн зардлыг хариуцагч Ч.Цаар урьдчилан төлүүлсэн, Ч.Ц нь шинжээчийн зардлыг хуульд заасны дагуу гаргуулахаар шаардаж байна. /хавтаст хэргийн 68 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 649,484 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн хариуцагч Ч.Цд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 17 гудамж, 22 тоот хаягт байрлах, 1864************* нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эгаас 649,484 /зургаан зуун дөчин есөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж Ч.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА