Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

 

 

 

 

Б.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Х.Анхцэцэг,

Хохирогч Б.Ганзориг, Б.Батзаяа, Н.Бат-Ирээдүй, Ц.Адъяасүрэн, К.Гүлгайм, Д.Балхаажав, Л.Есүхэй /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тогтохжаргал /онлайнаар/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тэмүүжин /онлайнаар/,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго, Л.Батжаргал, Ө.Уранцэцэг /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж, Д.Эрдэнэчимэг, Б.Балжидмаа, Ж.Гантулга, Б.Батцэнгэл /онлайнаар/, С.Сувдмаа,

Шүүгдэгч А.Э, С.Н, Б.О /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/443 дугаар шийтгэх тогтоолтой Б.О нарт холбогдох 1808053640578 дугаартай 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч нар, шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.О-,

С.Н-

А.Э-

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 2, 5, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.Мөнхзоригийг Баянзүрх дүүргийн Өгөөмөр хотхоны 73 дугаар байрны 7 давхрын 28 тоотод байх 4789 мкв байрыг худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 50 000 000 төгрөгийн буюу ноцтой, их хэмжээний хохирол учруулсан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 73а байрны 2 дугаар орц 3 давхарт 75 тоотод байршилтай 47.38 мкв талбайтай орон сууцыг П.Содбаатар, Б.Ганзориг нарт зарна гэж хуурамч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан давхардуулан зарж 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.Содбаатараас 53 000 000, Б.Ганзоригоос 52 000 000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн К.Гүлгаймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а-86 тоот байрыг зарна гэж хуурамч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 5024311264 данс руу 25 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-аас 2018 оны 09 дүгээр сарын 03 хүртэл нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хувь лизинг гэж итгүүлэн 4 170 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 29 170 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн Ц.Адъяасүрэнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 73а байрны 88 тоот байрыг өөрийн байр гэж итгүүлэн 50 000 000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50 000 000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, 2018 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 04 дүгээр сарын 9, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Амарбат, Б.Солонго нарт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 73а байрны 28 тоот байрыг худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан давхардуулан зарж, Б.Амарбатаас 20 000 000, Б.Солонгоос 50 000 000 төгрөгийг тус тус залилан авч ноцтой, их хэмжээний учруулан залилсан, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Батзаяад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 73а байрны 128 тоот 3 өрөө 84 мкв орон сууцыг 84.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 84 000 000 төгрөгийг залилан авч ноцтой, их хэмжээний хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхдэлхийд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа таун 901 дүгээр байрны 27 тоот 70 м.кв хоёр өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа болох 50 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оы өөрийн ХААН банкны 5024311264 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Есүхэйд Тэмүүлэл хотхонд байр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 38 000 000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт "Эс Ти эй" ХХК-ийн захирал Ц.Мөнхцэцэгтэй 17 814 000 төгрөгийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Б.Сандаг-Очироор 720 мкв шугаман суурийн 1 680 000 төгрөгийн ажил хийлгээд төлбөрийг барилгын хөрөнгө  оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 16 800 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын төвд иргэн Э.Батмөнхөөс 16 400 000 төгрөгийн бараа материалыг "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд баригдаж байгаа Энхжин нэртэй хотхонд хүргүүлж очоод бараа материалаа хүлээн авч буусны дараа материалын мөнгө өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авч иргэн Э.Батмөнхөд 16 440 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа "Энхжин" хотхоны 103 дугаар байрны 65 тоот 38 мкв байрыг иргэн Б.Балхаажавт худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 50 000 000 төгрөг авсан, 2018 оны 12 сарын эхээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10-197 тоотод оршин суух Т.Батболдын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хомын тал ХХК-ийн хашаанд байх агуулахаас 13 058 000 төгрөгийн үнэ бүхий барилгын замаскийг байрны бартер хийнэ гэж аваад мөнгийг өгөлгүй залилсан, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 3.Төмөрчөдөрөөс 125 мкуб бетон авч барилгын зардлын мөнгө болох 17 950 000 төгрөгийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 17 950 000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч А.Этой бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Бат-Ирээдүйг Баянгол дүүргийн 3-р хороо Тэлмүүн хотхоны 43г байрны 10 давхарт 36 тоот 51.5 мкв байрыг урьдчилгаа 35 сая төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35 000 000 төгрөгийг залилан авч ноцтой хохирол учруулсан, яллагдагч С.Нтэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УББУ" ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг гэж хуурч “Суруга девелопмент" ХХК-ийн захирал Б.Энхтуултай Арматур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.Санжидмаагийн өмчлөлийн 305 725 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил 126 байр 156 тоот 105 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Раднаабазарын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч залилан бусдад нийт 948 957 000 төгрөгийн буюу ноцтой, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч А.Э нь Б.Отай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Бат-Ирээдүйг Баянгол дүүргийн 3-р хороо Тэлмүүн хотхоны 43г байрны 10 давхарт 36 тоот 51.5 мкв байрыг урьдчилгаа 35 000 000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35 000 000 төгрөгийг залилан авч ноцтой хохирол учруулсан,

шүүгдэгч С.Н нь Б.Отай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УББУ” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсаас арматур оруулж ирдэг гэж хуурч “Суруга девелопмент” ХХК-ийн захирал Б.Энхтуултай Арматур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.Санжидмаагийн өмчлөлийн 305 725 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил 126 байр 156 тоот 105 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Раднаабазарын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бүжинлхамын Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх зааснаар,

шүүгдэгч Алтанхуягийн Э, Сэрмүүний Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/443 дугаар шийтгэх тогтоолоор:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Өлзийбаяр овогт Алтанхуягийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Гал овогт Бүжинлхамын Оыг дангаараа буюу бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгож залилах гэмт хэргийг,

         Гал овогт Сэрмүүний Номин-Эрдэнийг бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг,

Өлзийбаяр овогт Алтанхуягийн Эыг бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гал овогт Бүжинлхамын Оыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрмүүний Номин-Эрдэнийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийбаяр овогт Алтанхуягийн Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Нд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, А.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас хохирогч Н.Мөнхзоригт 49.700.000 төгрөгийг, хохирогч Ц.Адъяасүрэнд 47000.000 төгрөгийг, хохирогч К.Гүлгэймд 26.170.000 төгрөгийг, хохирогч Э.Батмөнхөд 16.440.000 төгрөгийг, хохирогч Ц.Мөнхцэцэгт 17.814.000 төгрөгийг, хохирогч Б.Амарбатад 40.000.000 төгрөгийг, хохирогч З.Төмөрчөдөрт 17.950.000 төгрөгийг, хохирогч Б.Батзаяад 82.600.000 төгрөгийг, хохирогч Н.Энхдэлхийд 50.000.000 төгрөгийг, “Суруга Деплометэд” ХХК-д 93.662.500 төгрөгийг, хохирогч Н.Бат-Ирээдүйд 10.250.000 төгрөгийг, хохирогч Д.Балхаажавд 50.000.000 төгрөгийг, хохирогч Л.Есүхэйд 38.000.000 төгрөгийг, хохирогч Б.Сандаг-Очирт 16.800.000 төгрөгийг, хохирогч Т.Батболдод 13.058.000 төгрөгийг, хохирогч Г.Ганзоригт 52000000 төгрөгийг, хохирогч П.Содбаатарт 51.000.000 төгрөгийг тус тус гаргуулж,

шүүгдэгч С.Нэс 93.662.500 төгрөг гаргуулан “Суруга Деплометэд” ХХК-д олгож,

шүүгдэгч А.Эоос 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бат-Ирээдүйд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсүрэнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил 126 дугаар байр, 156 тоот 105 мкв гурван өрөө орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхийг “Суруга Деплометэд” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “...А.Э анхан шатны шүүх хурал дээр хохирол төлөх завсарлагыг өөрийн санаачилгаар аваагүй ч гэсэн А.Э хурал хойшлогдсон хугацаанд буюу 2020.10.23-ны өдөр хохирогчид 5 250 000 төгрөг төлж, дараагийн шүүх хурал дээр үлдсэн 5 000 000 төгрөгийг барьцаанд тавьсан мөнгөнөөсөө төлөхөө илэрхийлж байгаа нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл мөн...

...Одоо А.Эын гэдсэнд байгаа хүүхэд /2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн үзлэгээр хүүхэд 6-7 недельтзй гэж тэмдэглэгдсэн байна/ агаар муутай орчинд олон хоног хоригдсоноос болж яаралтай авах амин дэм, шим тэжээлийн дутагдалд орж давхар хохирох магадлалтай байна. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгийг арилгасан, одоо жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж А.Эыг яаралтай суллаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н хохирогч Суруга Деплометэд ХХК-нд 305 725 000 төгрөгний хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирлыг тогтоох ажиллагааг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил 126 дугаар байр 156 тоот 105 мкв гурван өрөө орон сууцны үнэ 305 725 000 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ орон сууц хохирогч Суруга Деплометэд ХХК-ний санхүүгийн балансанд тус байгууллагын өмчөөр бүртгэгдсэн эсэх , бүртгэгдсэн бол хэдэн төгрөгөөр бүртгэгдсэн эсэх үйл баримтыг тогтоох ажиллагааг явуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна. Шүүгдэгч С.Н бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх үйлдэл хийгээгүй үйл баримтыг нотлох Дулаан чанар ХХК-ний гүйцэтгэх захирал Гантулгаас гэрчийн мэдүүлэг авах, Жинст транс фарм ХХК-ний санхүүгийн кассын дэвтэр, ерөнхий журналд үзлэг хийн хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

...Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор Суруга Деплометэд ХХК-ийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн хэргийн 8 дугаар хавтаст хэргийн 31-36 талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д заасан зохицуулалтын хүрээнд хохирогч Суруга Деплометэд ХХК-ийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг гаргаагүй иргэн Б.Энхзул гомдол мэдээлэл гаргасан байдаг. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд зааснаар иргэн Б.Энхзулын цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгахдаа Суруга Деплометэд ХХК-ийг хохирогчоор тооцон мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Суруга Деплометэд ХХК-ийг хохирогчоор тооцсон тогтоолыг мөрдөгч гаргасан нь 8 дугаар хавтаст хэргийн 46 талд нотлох баримтаар авагдсан байна. Мөрдөгч Суруга Деплометэд ХХК-ийг хохирогчоор тооцсон тогтоол гаргахаас 3 хоногийн өмнө 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Ууганжаргалынг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулсан байна.

...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох зорилгоор мөрдөгч шинжээч томилох тогтоолыг 8 дугаар хавтаст хэргийн 57 тал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчин үйлдэж тогтоолыг шинжээчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийг сануулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Мөрдөгч тогтоолд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Хөх адуу ХХК-ийг томилсон ба тогтоолд шинжээчийг төлөөлж зурсан гарын үсэг, 8 дугаар хавтаст хэргийн 67 тал БЭСГЭ ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан захирал үнэлгээчнийг төлөөлж зурсан С.Мөнхжаргалын гарын үсэгнээс энгийн нүдээр харахад бичгийн хэвийн бүтэц хувийн болон нийтлэг шинжээрээ өөр байна. Анхан шатны шүүх шинжээч томилох тогтоолыг Хөх адуу ХХК-ийг томилсон шинжилгээ хийсэн байгууллага нь тогтоолоос БЭСГЭ ХХК хөрөнгийн үнэлгээг хийж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийг зөрчсөн нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх 8 дугаар хавтаст хэргийн 37-39 талд нотлох баримтаар авагдсан хохирогч Э.Ууганжаргалын оролцсон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч С.Номин-Эрдэнийг гэмт буруутайд тооцох шийдвэр гаргасан. С.Номин-Эрдэнийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хяналтын прокурор гаргасан.

Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг прокурор гаргахаас 3 хоногийн өмнө мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн үйл баримтанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч С.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийн талаар дурьдахдаа "Шүүхийн хэлэлцүүлэгт Б.О, С.Н нарын өмгөөлөгч нар нь 498 хуудас баримттай холбогдуулан шинжээч томилуулах,... мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн..." гэх утга бүхий хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна." гэсэн дүгнэлтийг хийжээ.

Дээр дурьдсан 498 хуудас баримт миний үйлчлүүлэгчид огт хамааралгүй. Харин би шүүх хуралд С.Нд холбогдох хэргийн талаар 14 хуудас материалыг нотлох баримтаар өгсөн. Мөн түүнчлэн шийтгэх тогтоолд өмгөөлөгч миний "шүүгдэгч С.Номин-Эрдэнийн гэм бурууг нотлох хангалттай нотлох баримт байхгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах" тухай хэлсэн саналын үндэслэлийг огт дурьдаагүй. Тийм ч учраас өмгөөлөгч миний санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Шийтгэх тогтоолын 42-44 дүгээр хуудсанд авагдсан С.Номин-Эрдэний гэм буруутайг нотолсон гэх баримтууд нь түүний гэм буруутайг нотлох баримт биш гэж үзэж байна.

Мөн тогтоолын 50 дугаар хуудсанд "...Н "УББУ" ХХК-ны нэрийн өмнөөс арматурын төмрийг худалдах эрхгүйгээр өөрийн ээжийн нэр дээр арматур нийлүүлэх гэрээ байгуулж, мөнгийг өөрийн нөхрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл, мөн ээжийнхээ хамтран амьдрагчийн нэр дээр байрны гэрчилгээг гаргаж , арматур төмөр оруулах эрх авч бусдад зарж байгаа үйлдлүүд нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд "...шүүгдэгч Номин-Эрдэнийн ...хэрэгт шалгагдаж байсан учраас Раднаасэдийн нэр дээр гаргаж байсан... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна" гэжээ. Үүнийг уншаад үнэхээр юу гэж хэлэх гээд байгааг ойлгохгүй байна. Энэ бичсэн байдлаас харахад шүүгч хэргээ огт ойлгож мэдээгүй байдал харагдаж байна.

Н "УББУ" ХХК-ний нэрийн өмнөөс арматурын төмрийг худалдах эрхгүйгээр өөрийн ээжийн нэр дээр арматурын гэрээ байгуулж.." гэжээ. Энэ бол арматур нийлүүлэх бартерийн гэрээ. Иймд "худалдах эрхгүйгээр" гэдэг нь хаанаас гарсан ,юу гэсэн үг болох нь тодорхойгүй. Мөн "...арматур төмөр оруулах эрх авч бусдад зарж байгаа үйлдлүүд..." гэжээ. С.Н арматур төмөр оруулах эрх хаанаас ч, хэнээс ч аваагүй. Хэнд ч арматур зараагүй. Ийм үйл баримт байхгүй. С. Н Эрээн хот руу яваад эзгүй байсан тул байрны гэрчилгээг Раднаабазарын нэр дээр гаргуулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад "...Шүүгдэгч Номин-Эрдэнийн ...хэрэгт шалгагдаж байсан учраас Раднаасэдийн нэр дээр гаргасан" гэж мэдүүлсэн" гэж бичсэнийг ойлгохгүй байна. Энэ үед С.Н ямар ч хэрэгт шалгагдаж байгаагүй. Тэгээд ч Раднаасэд биш Раднаабазар.

Үүнээс гадна тогтоолын 55 дугаар хуудсанд "...С.Номин-Эрдэний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс ..."Суруга Монгол" ХХК-д тодорхой хэмжээний 80 сая төгрөг баримтаар байж байгаа ... өмнөх саналаа дэмжиж байна" гэсэн санал гаргалаа гэж дурьджээ. Би ямар ч "Сураагүй Монгол "гэж компаний талаар яриагүй.Энэ хэрэгт ийм нэртэй компани байхгүй. Мөн энэ компанид 80 сая төгрөг байгаа гэж хэлээгүй. Харин С.Номин-Эрдэнийн "Жинч транс "ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 80 орчим сая төгрөг тус компанид үлдсэн байх ёстой. Энэ нь "Суруга девелопмент" ХХК-ний мөнгө юм гэдгийг хэлсэн.

Иймээс ЭХХШТХ-ийн 36.7-ийн 2.4-д" Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг тусгана "гэсэн заалтыг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Иймд С.Номин-Эрдэнийг залилах гэх хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шүүх ял шийтгэсэн боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар ЭХХШТХ-ийн 16.2-д зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Оы өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдолдоо: “...Өгөөмөр хотхоны барилгын ажилд 478.156.300 төгрөг, Төв аймгийн барилгын суурины ажилд 150.000.000 төгрөг, "Есөн үе" компанийн захирал Загарсүрэн гэгчид 79.560.000, Эд 20.870.000 төгрөг, хөрөнгийн зуучлагч Ану,Тунгаа нарт 8.000.000 төгрөг өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч бидний зүгээс шүүхэд гаргаж өгсөн 498 хуудас бичгийн нотлох баримтаар тогтоогдох ба "Суруга" компанийн байрыг зарсан 235.984.000 төгрөгийг С.Н нөхөр С.Одонхүүгийнхээ 417012517 дансаар авсан болох нь гэрч С.Тэмүүжингийн мэдүүлгээр /8-р ХХ-53/ тус тус нотлогддог. Үүнээс тооцвол Б.Оы яллах дүгнэлтэнд бичигдсэн хохирогчдоос авсан нийт 848.957.000 төгрөгөөс өөртөө болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргаанд зарцуулаагүй болох нь хангалттай тогтоогдож байхад миний үйлчлүүлэгч Б.Оыг залилах гэмт хэргийг "байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон" гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь санхүүгийн болон бусад баримтаар нотлогдож тогтоогдоогүй, шүүхээс "...олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах, мөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой 12 компанийхаа/ үйл ажиллагаанаас үлдсэн хэрэгсэл буюу засварын барилгын компанийхаа үндсэн орлогыг олох зорилгоор нэр бүхий хохирогч нарт хохирол учруулж гэмт хэрэг үйлдэж байгаа нь ямкттпялынх нь хэвшил болсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр зүйлчилсэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Б.Оы өмгөөлөгч Д.Батбаяраас "Есөн үе" компаний захирал Загарсүрэнг Б.Отай ямар гэрээний болон үүргийн харилцаатай байсан, одоо төлбөр тооцоо байгаа эсэх зэрэг эргэлзээтэй байдлуудыг тодруулахаар дахин гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийг хяналтын прокуророос Улсын ерөнхий прокурорт хүртэл гаргасан байдаг ба түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдсэн мөртлөө Загарсүрэн гэгчээс дахин гэрчээр мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорын үйлдэл нь өөрийнхөө болон дээд шатны прокурорынхоо шийдвэрийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэснийг зөрчсөн байна. Мөн Төв аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалд 2020 оны 08 дугаар сарын 21-нд 20/08205 дугаартай албан бичгээр Загарсүрэнг гэм буруугийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан байдаг. Гэтэл миний гаргасан хүсэлтийг огт хэлэлцэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил болсон.

Шүүх, прокурорын байгууллагууд дараалан өмгөөлөгч нарын хүсэлтийг огт хэлэлцэлгүй орхигдуулаад байсан учир арга буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан эрхийн хүрээнд цагаатгах талын 498 хуудас бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Шүүх уг баримтуудын талаар улсын яллагчид танилцуулж, хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөх талаар шинжлэн судлуулсан бөгөөд ингэж шүүх хуралдааны үе шатанд тухайн нотлох баримтын хэрэгт хамаарал бүхий байдлыг шалгаж шинжилснийхээ дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийг зөрчинө гэж үзэж хэрэгт шууд хамаарал бүхий цагаатгах талын нотлох баримтыг үнэлэхээс татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар хэргийн жинхэн байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэгт зааснаар дээрх 498 хуудас баримтууд нь хууль зүйн хувьд бодитойгоор үнэлэгдэж шийдвэрийн үндэслэл болгох боломжтой ба тухайлбал Төв аймгийн барилга, орон сууцны корпорацийн тогтоосноор Б.Оы "Алтан шат" ХХК нь Төв аймгийн төрийн албан хаагчдын орон сууцны барилгад 150.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг баталсан албан тоот болон хохирогч нарт Б.О нь буцаан өгч байсан мөнгөний дансны хуулгууд болон бусад баримтууд багтсан. Шүүх зөвхөн Төв аймгийн барилга, орон сууцны корпорацийн албан тоотыг үнэлсэн бол Төв аймагт барилга барьж байсантай холбоотой иргэн Мөнхцэцэг, Төмөрчөдөр нарын бетон зуурмагийн үнэ 35.764.000 төгрөг, Сандаг-Очирын ажлын хөлс 16.800.000 төгрөгийн нийлбэрээс гадна 97.436.000 төгрөгийг дээрх барилгын ажилд зарцуулсан нь харагдаж байна. Мөн Төв аймгийн барилгын ажлын явцын талаарх анхнаасаа хохирогч гэх Э.Мөнхцэцэгт хэлж байсан, хөрөнгө оруулагч Д.Бат гэдэг хүнтэй ч уулзаж байсан тухай түүний мэдүүлэгт /6-р XX-180 тал/ байдаг ба хөрөнгө оруулалт саатсанаас барилгын ажлыг дараагийн компанид хэзээ шилжүүлж өгсөн, хийсэн ажлаа ямар байдлаар үнэлж тохиролцсон зэргийг Төв аймгийн барилга, орон сууцны корпорациас тодруулж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг хийгээгүйгээс үнэхээр мөнгө санхүүгийн хүнд байдалд орчихоод зогсоод байгаа юм уу, эсхүл санаатай бетон зуурмагийн үнэ болон ажлын хөлсийг өгөхгүй байгаад байсан уу гэдэг субьектив санааг хангалттай тогтоож чадаагүй байна. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд элбэг тохиолддог бизнесийн дампуурал уу, залилах гэмт хэрэг үү гэдгийг ялгаж тогтоох огт боломжгүй байхад ялласан нь хууль хэрэглээний алдаа гэж дүгнэхэд хүрч байна.

Гэрч Д.Загарсүрэнгийн "...Манай "Есөн үе" ХХК нь "Мавангүй" ХХК-тай Баянзүрх дүүргийн 14 хороо, Өгөөмөр хотхоны 73А байрны барилгын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байхдаа нэмэлт гэрээний ажлын төлбөрт Баянзүрх дүүргийн 14-р хороо, Өгөөмөр хотхоны 73А байрны 28 тоот байрыг бартераар авсан байр юм..." /3-р хх-20 тал/ гэж мэдүүлсэн байдаг. Гэрч хүн бол зөвхөн үнэнийг мэдүүлэх үүрэгтэй бөгөөд Загарсүрэнгийн мэдүүлснээр 73А байрны 28 тоот байр бол "Мавангүй" ХХК-иас "Есөн үе" ХХК буюу Загарсүрэнд өгсөн байр болж таарч байна. Тэгвэл гэрч Д.Загарсүрэнгийн мэдүүлэг нь Өгөөмөр хотхоны 73А байрны 28 тоот байрны жинхэн өмчлөгч "Мавангүй" компанийн захирал Г.Ганчимэгийн "...Манай "Мавангүй" ХХК "УББУ" ХХК-иар ажил гүйцэтгүүлээд ажлын гүйцэтгэлийн төлбөрт би Баянзүрх дүүргийн 14-р хороо, Өгөөмөр хотхоны 73А байрны 28 тоот байрыг бартер хийгээд өгсөн байр байгаа юм..." /3-р ХХ-17 тал/ гэсэн мэдүүлсээр шууд үгүйсгэгдэн няцаагдаж байна. Өгөөмөр хотхоны 73А байранд 28 тоот зөвхөн нэг байдаг учир Д.Загарсүрэн нь худал мэдүүлсэн нь илэрхий бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00941 дугаартай шийдвэрээр /3-р ХХ-71-74 хуудас/ ч давхар нотолдог. Дээр дурьдсан шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгч гэх Б.Амарбатын тайлбар анхаарал татаж байгаа бөгөөд Б.Амарбат нь "Есөн үе" ХХК-ийн захирал Д.Загарсүрэнтэй харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №035/038 дугаартай Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 000000 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан. Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-д ... 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор ашиглалтад оруулна., мөн гэрээний 3.4-д ...хөрөнгө оруулалтыг бүрэн хийсний дараа хөрөнгө оруулагчид орон сууцыг хүлээлгэж өгнө., 1.3-д Орон сууц захиалгын хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэнээр орон сууцын өмчлөх эрх захиалагчид шилжинэ. гэжээ. Тухайн барилга ашиглалтад орсон боловч барилгын компани нь өнөөдрийг хүртэл Б.Амарбатад орон сууцыг хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч тодорхой шийдэл гаргахгүй байгаагаас миний эрх ноцтой зөрчигдөж байна" гэсэн тайлбарыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байжээ. Үүнийг цааш нь шалгаж мухарлах шаардлагатай бөгөөд Б.Амарбат нь нэг болсон үйл явдлын талаар Иргэний шүүхэд тайлбар, мэдүүлэгтээ Б.Оаас уг 28 тоот байрыг авсан талаар огт дурьдахгүйгээр үл барам шууд Загарсүрэнтэй гэрээ 000 тоот байранд гэрээ хийсэн байна. Харин хохирогчоор тогтоогдсон Б.Амарбатын мэдүүлэгт Баянгол дүүргийн иргэний шүүхэд мэдүүлж байснаасаа тэс өөрөөр ярьж байгааг эргэлзээгүйгээр хөдөлбөргүй тогтоох учиртай. Нэг үйл баримт Иргэний шүүхэд нэг өөр эрүүгийн хэрэгт бүр өөр болж хувирах ёсгүй учир болсон үйл явдлыг нэг мөр эцэслэн тогтоож байж эргэлзээгүйгээр шийдвэрлэх ёстой байхад ийм энгийн логикийн алдааг анзаарахгүй өнгөрч байгаад өмгөөлөгчийн болон миний үйлчлүүлэгчийн зүгээс гомдолтой байна.

Шүүх Г.Ганчимэг, Д.Загарсүрэн нарын мэдүүлгүүдийн нотолгооны шинж чанарт ач холбогдол өгч үнэлсэн учраас шийтгэх тогтоолын 29-р хуудсанд иш татан дурьдсан байх бөгөөд дээрх үйл баримтаас дараах учир зүйн дүгнэлтийг хийж болохоор байна. Г.Ганчимэг нь Өгөөмөр хотхоны 73А байрны 28 тоотыг "УББУ" компанид буюу Б.Од ажлын хөлсөндөө өгсөн бөгөөд түүнийг нь Б.О цааш нь Б.Солонгод худалдаж одоо Б.Солонгын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарчихсан. Өөрөөр хэлбэл: Б.Солонгод Б.О эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө зарсан болох нь Ганчимэгийн мэдүүлэг болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00941 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр батлагдсаар байхад яллах дүгнэлтэнд дурьдагдсан Б.О нь Өгөөмөр хотхоны 73А байранд 28 тоот байрыг 50.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Солонгоос 50.000.000 төгрөгийг залилан авсан ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон эсхүл цагаатгаж хоёрын аль нэгнийг гаргах ёстой байхад хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй орхисон нь хууль бус болжээ.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 26-ны өдөр гаргасан 443 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Оы өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар Нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Энэ хэрэг учрал гарах болсон үндэслэл нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй. Б.Од хохирогч нарыг залилах шалтгаан байгаагүй. Барилгын ажил гүйцэтгүүлсэн Д.Загарсүрэн нь ажлын хөлсөнд байр өгнө гэж худал хэлж ажлаа хийлгэж, хохирогч нараас Б.Оы авсан мөнгө нь барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулагдсан байдаг. Гэрч Д.Загарсүрэн нь ажлын хөлсөнд байр өгнө гэдэг нь гэрч Ч.Раднаабазар болон хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Б.О нь хохирогч нараас авсан мөнгийг өөртөө зарцуулсан зүйл огт байдаггүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн шүүхийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэж хууль зөрчсөн. Б.О нарт холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.О нарт холбогдох хэргийн хамгийн сүүлчийн үйлдэл нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 06 сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-р зүйлийн 6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 сарын 16-ны өдөр болсон хэрэг учралыг 2019 оны 10 сарын 16-ны өдөр гэж он, сарыг буруу тэмдэглэснээр харьяаллын асуудал зөрчигдсөн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч он сарын цаг хугацааг засвар оруулах санал гаргаагүйг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заажээ. Яллах дүгнэлт дэх 2019 оны 10 сарын 16-ны өдрөөр гэмт хэрэг үйлдэгдсэн үү эсхүл 2018 оны 10 сарын 16-ны өдөр гэмт хэрэг гарсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Б.О нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Хохирогч нараас Б.Од холбогдуулж гомдол гаргасан бүх гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж зөвхөн нэг талыг барьж яллах байр суурьтайгаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 443 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.О нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдолдоо: “...С.Н миний бие 2017 оноос хойш Дулаан чанарт арматур төмөр болон бартераар авсан байруудыг зуучлан борлуулж зуучлалын хөлс авч ажилладаг байсан... Би анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго байгаагүйн дээр мөрдөн байцаах шатанд Дулаан чанар ХХК-ийн Гантулгаас мэдүүлэг аваагүй, Жин трансын санхүүгийн баримтын үнэн зөвийг нотлоогүй.  “Суруга девелопмент” ХХК бартер гэрээнээс илүү мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний үйлдэл гэрээнд заасан асуудал нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах боломжтой юм. Миний хувийн байдал 2 сартайгаас 14 хүртэлх бага насны 3 хүүхэдтэй, 2020.09.13-нд хагалгаанд орж 1900кг дутуу нярай хүүхдээ төрүүлсэн. Хүүхэд маань 8 сартай дутуу төрж, эхийн асаргаанд байхгүй хоол тэжээл дутагдалтай байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж 443 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалтын явцад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэсэгт 2 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн ба тус мэдүүлгүүд шүүх шийтгэх тогтоол болон яллах дүгнэлт аль алинд нь тусгагдаагүй байна. Гэвч надаас бусад холбогдогч нарын мэдүүлэг бүрэн тусгагдсан байна. Мөн анхан шатны шүүх хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлэг шийтгэх тогтоолд тусгагдаагүй ба биеийн байцаалт алдаатай тогтоосон байна. ...Миний бие УББУ ХХК-ийн захирал Б.О гэх хүний хариуцсан тус компанид 2018 оны 1 сараас эхлэн борлуулалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Энэ талаарх ажлын үнэмлэх, захирлын тушаалыг шүүхийн шатанд нотлох баримтаар гарган өгсөн... Миний бодлоор ямар нэг компанийн ажилтан нь тухайн компанийн захирал болон удирдах албан тушаалтны тушаалаар болон даалгаснаар ажил үүргээ гүйцэтгэх нь хууль ёсонд нийцэх, хөдөлмөрийн гэрээний дагуу үйл ажиллагаа гэж бодож байна. Гэтэл ажилтан би албан үүргийн дагуу ажил хөдөлмөрөө эрхэлсэн байхад энэ гэмт хэргийн буруутаж болгож үзсэнд гомдолтой байна. ...Миний бие захирлын тушаал биелүүлсний төлөө шүүхээс хохирол гэх 10 250 000 төгрөгийг Н.Бат-Ирээдүйд төлж барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэсэн ч миний бие одоогоор хохирогч Н.Бат-Ирээдүйн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. ...Миний бие хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн ба уг гэмт хэргийн тухай хавтаст хэрэгтэй огт танилцаагүй болно. Мөн миний зүгээс гарсан ямар ч гомдол саналыг прокурор хяналтын явцад хүлээж аваагүй, хэт нэг талыг барин шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэнд гомдолтой байна. Мөн мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн, мөн уг гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нь алдаатай тогтоогдсон ба оногдуулах ялыг, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцлийг хувийн байдлыг минь харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд гомдлыг минь хүлээн авч надад оноосон 2 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оноож өгнө үү.” гэжээ.

Хохирогч Б.Батзаяа давж заалдах гомдолдоо: “...Ромьео Жульетта гэх оффисоос манайх компанийн хувийн ажил хэргийн нотариаттай гэж СХД-н нотариат дээр очиж УББУ ХХК-н захирал Б.Отай хэлцэл хийсэн. СХД-н 1056 гэсэн дугаартай Д.Гангэрэл гэдэг эмэгтэй дээр 2018оны 5сарын 22-нд батлуулсан. Нотариат нь бид нарын хэлцлийн талаар хуулийн талаас үнэн зөвийг тайлбарлаж өгөөгүйд гомдолтой байгаа. Учир нь нотариат нэг талыг барьж тухайн худалдаж байгаа талын компанийн тамга тэмдэг, үүсгэн байгуулсан гэрчилгээний талаар албан ёсны шаардлагыг тавьж тайлбарлаагүй нотариат үүргээ мэдэхгүй байсан юм болов уу? Нийлж гэмт хэрэг хийсэн юм болов уу? Гэдэгт нь маш их гомдолтой байна. Нотариат нь өөрийн батлах ёсгүй дүүргийн гэрээ хэлцлийг хийж бид нарыг төөрөгдүүлж иргэний хэргийн шүүхэд хандах ямар ч боломжгүй болгож дүр үзүүлсэн хэлцлийг хийсэнд маш их гомдолтой байна. Хохирогч миний хувьд хүнд хуулийг үнэн зөв тайлбарлаж оролцдог шударга ёсны прокурорын байгууллагыг олж харсангүй. Эрүүгийн 1808053640578 тоот хэргийг 2017-2020 оныг хүртэл шалгаж байсан хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч болон СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга н.Эрхзаяа уг хэрэгт олон цагдааг томилж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч шударга үнэнийг тогтоож чадаагүй. Хавтаст хэргийн 2018онд болсон Төв аймгийн хэргийг 2019онд болгож өөрчилсөн.

Зөвхөн ялтангуудад ашигтай байдлыг бий болгохын тулд Төв аймгийн сум дундын шүүхрүү шилжүүлсэн. Шүүхийн тухай хуульд зааснаар тухайн шатны бүх шүүгчдээс татгалзсан тохиолдолд адил шатны шүүхэд гомдол маргааныг шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж СХД-н прокуророос, СХД-н шүүхрүү шилжсэн боловч СХД-н ерөнхий шүүгч нь прокурорын яллах дүгнэлтэнд 2018 онд болсон Төв аймгийн хэргийг 2019 он болгон бичсэн алдаатай дүгнэлтийг үндэслэж байсан. Эрүүгийн хуулийн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасныг зөрчиж процессын ажиллагаа болон хэргийн хохирогч нарыг хохироохын тулд 2018 оны хэргийг 2019 онд болгож СХД-ийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх хэргийн он дарааллыг худлаа бичиж СХД-ийн цагдаагийн албан хаагч нар болон СХД-ийн прокурор X. Анхцэцэг нь мэдсээр байж СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Т.Алтантуяагаар төв аймгийн шүүхрүү шилжүүлсэн захирамж гаргасан байдаг.Төв аймгийн шүүхээс 2018, 2019 оны прокурорын тогтоолыг буруу гаргаж байна гэж дүгнэж байсан. Гэвч СХД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяалалд шүүх маргахгүй гэсэн үндэслэлийг хэлж хурлыг хийлгүүлсэн. Хохирогч Батзаяа миний бие эхнэр Уранбилэгийн хамт СХД-н прокурорын газарт гомдлыг удаа дараа гаргахад 2020 оны 2 сарын 10-ны өдөр №92 тоот хариу мэдэгдэх хуудас ирж байсан. Тухайн үед С.Номинэрдэнэ-г Б.Од холбогдох хэрэгт бүлэглэн оролцсон гэж удаа дараа өргөдөл гомдол бичсэн боловч прокурор , цагдаагийн байгууллагаас Батзаяа хохирогч миний хохиролтой холбоотой хэрэгт С.Номинэрдэнэ-г татан оролцуулалгүй шүүхэд шилжүүлсэн байдаг. Ялтан С.Номин- Эрдэнэ анх зохион байгуулалттай цахим хэрэгслийг ашиглаж зохиомлоор дүр эсгэж Мавангүй ХХК-н ахлах инженер Хандаа, Одбаяр нарыг оролцуулж итгэл үнэмшил төрүүлж Б.О гэх хүний дансруу мөнгө шилжүүлүүлсэн. Энэ бодит үйлдлийн талаар миний бие болон эхнэр Уранбилэг гомдлыг удаа дараа гаргаж байсан.

Иймээс хэргийн бодит үнэн байдалд нийцсэн шүүхийн шийдвэр гарч чадаагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатны ажиллагаа зөвхөн нэг талыг барьж явагдсан гэж үзэж байгаа. Учир нь Мавангүй ХХК-н инженер Одбаяр, ахлах инженер Хандаа нарыг хэргийн хамжигчаар татаагүй. Ялтангуудын нэр дээрх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хийгээгүй. Ялтангуудад ашигтай, нэг талыг барьсан, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. СХД-н 1056 гэсэн дугаартай Д.Гангэрэл нотариатч нь нотариатын тойргийн үйлдлээ буруу хийсэн үнэн зөвийг тайлбарлаж өгөөгүй, нотариатын үйлдэл хийх тавигдах шаардлагыг нь хангаж ажиллаагүй зэрэг нь хууль зөрчсөн болно. Дээрхи төрийн хуулийн байгууллагын албан хаагчид болон Мавангүй ХХК-н барилгын инженерүүдийн оролцоотой ашиг сонирхлын нэгдэлтэй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Хэргийг хянаж шийдвэрлэхдээ Мавангүй ХХК-н инженер Одбаяр, ахлах инженер Хандаа, инженер Улсболд нарыг татах нотариатын хууль бус хэлцэл хийсэн 1056 дугаартай Д.Гангэрэл нарын хэргийг үнэн зөвөөр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй учир СХД-н нэгдүгээр хэлтсийн дарга н.Эрхзаяа нь мөрдөгч нарыг томилохдоо хэргийн бодит байдлыг тогтоохдоо үнэн зөв ажиллуулаагүй. Прокурорын тогтоолын он дарааллыг буруу бичиж Төв аймгийн шүүхээр оруулсан Х.Анхцэцэгийн прокурорын дүгнэлтийг дахин хянаж ялтангуудын цагдан хорихыг хэвээр үлдээж дахин мөрдөн байцаалтыг явуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Л.Есүхэй давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 09 сарын 23-ны өдөр Б.Од 38 сая төгрөг байр авна гэж залилуулан. Мөн надаас гадна бусад хохирогчдын мөнгийг төлж барагдуулаагүй учир Од оногдох ялын хэмжээ бага байна. Түүгээр зогсохгүй миний хохирлыг барагдуулах талаас арга хэмжээ авч өгнө үү... Мөн Оы болоод хамтран хэрэг хийсэн улсуудыг эд хөрөнгийг хувааж аван бүх хохирогчид ижил тэнцүү хувааж өгмөөр байна..” гэжээ.

Хохирогч Э.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 10 сарын 23-ны өдөр Б.Од 16 440 000 төгрөгийн барилгын бараа материал өгч залилуулсан. Үүнээс өдий хүртэл авсан бараа материалын мөнгөнөөс хохирол огт барагдуулаагүй учир гомдолтой байна. Түүгээр зогсохгүй ялын хэмээ бага байхад давж заалдаж өөрийгөө буруугүй мэт өмгөөлүүлж байгаа нь маш олон хүнийг хохироож байна...” гэжээ.

Хохирогч Д.Балхаажав давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эын хэлж ярьсан мэдээлэл болон үүсгэж байсан хуурамч нөхцөл байдалд итгэн үнэмшиж өөрийн мөнгөө луйвардуулсан байхад Эыг манай хэрэгт огт хамааралгүй мэт үзэж байгааг би эсэргүүцэж Эыг манай хэрэгт хамтран залилсан хэргээр яллагдагчаар татуулж мөн хохирлын 50 000 000 төгрөгөө Б.О болон А.Э нараас нэхэмжилж байгааг хүлээн авч өргөдлийн дагуу дагуу шийдвэрлэж өгнө үү. Энэ хүмүүс анхнаасаа ийм хуурамч нөхцөл байдал үүсгэж зориудаар бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж олон хүний мөнгийг аваад хохироож байгаа хэрнээ эргээд нэг ч хүнд хохирлын барагдуулах санаачлага гаргаагүй байгаа нь энэ хүмүүс амар хялбар аргаар мөнгө олж бусдыг хохироож байгаа үйлдэлдээ гэмшихгүй бүр цаашилбал ахин ийм хэрэг хийх өөр олон хүмүүсийг хохироох өндөр магадлалтай тул О Э нар мөн энэ хэрэгт хамааралтай бүх хүмүүсийг хуулийн хариуцлага үүрүүлж энэ сүлжээг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Мөн эдгээр хүмүүсийн өмгөөлөгч нарын давж заалдах өргөдлийг үндэслэлгүй гэж үзэж байна хүмүүсийн мөнгийг аваад хохироочихсон бодит хэргийг мэргэжлээ ашиглаж гуйвуулж хэргээс зайлсхийх боломжит хувилбарууд дэвшүүлж байгаа нь мөн энэ хэргийг хохирогчгүй мэт үзэж байгаа нь өмгөөлөгчийн ёс зүйгүй үйлдэл гэж харагдаж байна. Бид өөрсдийн бүх мөнгөө шавхаж зээл тавьж цуглуулсан бүхнээ энэ хүнд өгч алдаад гэр бүлээрээ маш олон асуудлуудтай нүүр тулж явж байна түрээсийн байрны төлбөр зээлийн хүү гэх мэт дээр нь сэтгэл санааны маш дарамттай явсаар өдийг хүрэхэд мөнгөө олж авах нь битгий хэл энэ хүмүүсийн араас зардал мөнгө цаг хугацаагаа үрж дахин дахин явж байна. Манайх мөнгөө олж авахын тулд 2019 оны 1 сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч энэ хэргийг маш удаашралтай шалгаж шат шатны байгууллагуудаар дамжиж явсаар өнөөдрийг хүрсэн энэ хэрэг шалгах хугацаанд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй би ямар нэгэн байдлаар хохирлоо олж авах боломж гараагүйн дээр хуулийн байгууллагаас ямар ч ахицтай ажил хийгдээгүйд гомдолтой байна. Энэ хүмүүсийн олон удаагийн давтан залилангийн хэргийг тухайн үед хуулийн байгууллага нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол ийм олон хүн хохирохгүй байх боломжтой байсан. Иймд эрхэм шүүгч нар энэ хэргийг маш сайн анхаарч үнэнийг дэнсэлж өгнө үү.” гэжээ.

            Хохирогч Б.Ганзоригийн өмгөөлөгч Ө.Уранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Б.Ганзориг нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №18/1035 тоот дугаар бүхий "Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ"-г, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээг "УББУ" ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхон 73а байр 2 орц 3 давхарт 75 тоотод байрлах 47.38 мкв талбайтай орон сууцыг 52,000,000.00 төгрөгөөр барьж өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээнд заасан үүргийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 50.000.000 төгрөг болон 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг "УББУ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүжинлхамын Оы дансанд шилжүүлсэн.

Түүнчлэн хохирогч П.Содбаатар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд Өгөөмөр хотхон 73 дугаар байр 2 орц 6 давхар 75 тоотод байр захиалгын гэрээ байгуулсан боловч сүүлд гэрээнээс татгалзаж энэхүү байрны дотор зохион байгуулалтыг голж өөр байр авахаар УББУ ХХК-ийн захиралтай тохиролцож намайг байлцуулан өөр байр авах бөгөөд өөр байр өгөх боломжгүй бол төлбөрт авсан мөнгөө буцаан хүүний хамт өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан баталгаажуулсан нь Содбаатарын мэдүүлэг болон түүнд хавсаргасан гэрээгээр нотлогдог байна. Мөн Содбаатар төлбөр барагдуулах гэрээ байгуулсны урьдчилгаа гэж 3 сая төгрөгийг авч талууд харилцан тохиролцсон. Иймээс манайх УББУ ХХК-тай нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 09 дугаар сарын 15-ны өдөр манайх байрандаа орж өнөөдрийг хүртэл эхнэр 2 хүүхдийн хамт 2 жил гаруй хугацаанд амьдарч байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Иймээс Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасныг, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан "Орон сууцны барилгыг захиалан барих гэрээ"-ний 3.1.4-т зааснаар "Гүйцэтгэгч нь гэрээний 1.2-т заасан орон сууцыг нэг айлын зориулалтаар иж бүрэн чанар сайтай, биет байдлын доголдолгүй барьж 2018 оны 3-р улиралд багтаан Захиалагчид хүлээлгэн өгнө" гэж заасныг, тус гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2, 3 дугаар зүйлийг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо өгөөмөр хотхон 73а байр 2 орц 3 давхарт 75 тоотод байрлах 47.38 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө. Мөн миний үйлчлүүлэгч байрандаа амьдарч байхад шүүх Ганзоригийг хохирогч хэмээн үзэж төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтайгаас гадна цаашид иргэний журмаар маргааныг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн харилцаа болон залилан гэмт хэргийг ялгаж шийдвэрлээгүй байна. Иймд шүүх П.Содбаатарыг хохирогчоор тогтоон төлбөрөө гаргуулахаар шийдэж миний үйлчлүүлэгч Ганзоригийг иргэний журмаар байрны өмчлөгч болох нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй орхин шийдвэрлэж өгөх нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болох юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тогтохжаргалын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Л.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан зарласан буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн БНХАУ-ын иргэн Жау Дон Лин нарт холбогдох 15 хүнд холбогдох хэрэгт шүүгдэгч Жау Дон Линий өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон ба дээрх шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэг 5 дахь өдрөө үргэлжилж байсан бөгөөд уг шүүх хуралдаан ажлын 8 хоног үргэлжилсэн болно. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хуульд зааснаар шүүгдэгч Л.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг "хойшлуулах талаарх" хүсэлт болон шүүгч Т.Шинэбаярын гарын үсэг зурж шүүхийн тэмдгээр баталгаажуулсан шүүхийн мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар хавсаргаж анхан шатны шүүхэд хүргүүлсэн, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс "өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох" хүсэлтэй байгаа талаарх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн "хохирогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээд оролцох боломжтой тул өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн болно. ...Гэтэл анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж оролцогчийн өмгөөлүүлэх эрхийн хязгаарласан тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөллийн үг хэлүүлэх, нэмэлт тайлбар хэлэх зэрэг боломжийг олгох ёстой байтал мөн л энэ боломжийг оролцогчид олгоогүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Шүүгдэгч Б.О нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оы хохирогч Б.Ганзоригийг залилсан үйлдэлд гэм буруутайд тооцож хохирогч Б.Ганзоригт хохирол гаргуулж хохирогч П.Содбаатарыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр болох юм. Иймд гомдолд дурдсан үндэслэлүүдээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 26-ны 443 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Х.Анхцэцэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын гэм буруу нь хавтаст хэргийн хүрээнд бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуул ёсны үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /Б.О/-ны өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байгаа. Гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэлт, хохирлын асуудлыг тогтоож чадаагүй. Загарсүрэн гэдэг хүн энэ хэрэгт оролцсон талаар олон хүн мэдүүлдэг. Хэргийн харьяаллыг анхан шатны шүүх зөрчсөн. 400 гаруй хуудас нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /Б.О/-ны өмгөөлөгч Н.Баатардорж гаргасан саналдаа: Загарсүрэн гэдэг хүнийг шалгаад хэргийг шийдвэрлэх нь зөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /С.Н/-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан саналдаа: Номин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй. Бодит байдлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Жинч трансыг шалгаж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /С.Н, Б.О/ нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан саналдаа: Шалгах шаардлагатай зүйлүүд байгаа. Зарим үйлдэл нь эрүүгийн хэрэг биш байхад хэрэг болгон оруулж ирснээр маш олон хүн чирэгдэж, хохирч байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /А.Э/-ын өмгөөлөгч Б.Балжидмаа гаргасан саналдаа: Хохирогч нараас гаргаж байгаа гомдлуудыг зөвшөөрөхгүй байна. Эын нэг үйлдэл нь тогтоогдсон. Хохирлоо төлсөн. Дахин хэлэлцүүлэх юм уу мөрдөн байцаалтад буцаавал таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /А.Э/-ын өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан саналдаа: Хохирогч нар хөнгөн ял өгсөн гээд байгаад гайхаж байна. Энэ хэргийг удааж шийдвэрлэвэл төвөгтэй байна. Хор уршгаа арилгасан. Шүүхээс оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. Мөрдөн байцаалтад буцаавал таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /С.Н/-ийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Байрны жинхэнэ өмчлөгч нь Цанжидмаа гэдэг хүн байсан. Хэргийн оролцогчийг буруу тогтоосон. Мөн орон сууцны үнэлгээ хийсэн шинжээчээс өөр шинжээчийг мөрдөгч томилсон байхад дүгнэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн олон зөрчил гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Б.Ганзоригийн өмгөөлөгч Ө.Уранцэцэг гаргасан саналдаа: Б.Ганзориг нь орон сууцны үнийг бүрэн төлснөөр байрыг түүнд өгсөн. Загарсүрэн гэдэг хүн өнөөдрийг болтол орон сууцны гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байгаа. Содбаатар анхнаасаа энэ байрыг авах ёсгүй байсан гэдгээ мэдэж байсан. Ганзоригийн нэр дээр байрны гэрчилгээг гаргахыг даалгаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Э.Тогтохжаргал/-ын өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Миний үйлчлүүлэгч энэ байрыг авах бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Ганзоригийг шударга эзэмшигч гэж үзэх учир дутагдалтай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар гаргасан саналдаа: 187.325.000 төгрөгийн хохирол байгаа. Үлдэгдэл 85.000.000 төгрөгийн асуудал байгаа гэж шүүгдэгч яриад байгааг шалгах нь зүйтэй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Б.Батзаяа гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр Номин-Эрдэнийг татаагүй. Мөн барилгын инженер хүмүүсийг оролцуулаагүй. Загарсүрэн, Ганчимэг нар хамтарч залилсан гэж үзэж байгаа. 2018 оны хэргийг 2019 гэж худлаа яллах дүгнэлт гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Хэргийг прокурорт буцааж шалгаж өгөөч ээ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч К.Гүлгайм гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтад буцаамааргүй байна. Дахиад энэ хүн нааш цаашаа явах хугацаанд олон хүнийг хохироож болзошгүй байна. Прокурорын дүгнэлттэй санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Д.Балхаажав гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Э гэдэг хүн энэ хэрэгт буруутай. Би хохирсон. Үнэн зөвийг тодруулахын тулд дахин мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Л.Есүхэй гаргасан тайлбартаа: Байрны зар тавьсан хүн өөрийнх нь охин нь байдаг. Хэргийг прокурорт шилжүүлэх саналтай байна. Мөн байр үзэх үед хамт байсан инженер, ажилчдыг хамт шалгуулах хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тэмүүжин гаргасан тайлбартаа: Байраа авах хүсэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь манай дээр гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тогтохжаргал гаргасан тайлбартаа: Энэ хэргийг эрүү, иргэнээр нь ялгаж салгаж өгөөч гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч С.Н гаргасан тайлбартаа: Надад энэ хэргээс өөртөө олсон нэг ч төгрөг байхгүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Б.О гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Хэргээ буцааж Загарсүрэн, Ганчимэг нарыг хамт шалгуулах хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч А.Э гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О нарт холбогдох эрүүгийн 1808053640578 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой.” гэж  заасны дагуу Б.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Отай “Төлбөр барагдуулах тухай гэрээ” хийсэн 2018 оны 3 сарын 16-ны өдрийн К.Гүлгаймын гэрээ /4-р хх-ийн 90-р хуудас/, 2018 оны 9 сарын 12-ны өдөр Б.О нь Н.Бат-Ирээдүйтэй хийгдсэн “Төлбөр барагдуулах гэрээ” /1-р хх-ийн 111-р хуудас/, 2018 оны 3 сарын 29-ний өдрийн М.Цэцэгмаа Э.О нарын хооронд “Төлбөр барагдуулах гэрээ” /1-р хх-ийн 207-р хуудас/ хийгджээ. Энэ гэрээнүүд нь “Төлбөр барагдуулах тухай гэрээ”гэх нэршилтэй  боловч  хэлцлийн агуулга нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ байна. Эдгээр гэрээнүүдийг гэрчилсэн Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчийн үйлдлийг шалгах шаардлагатай байна. Уг нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ. Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно гэснийг зөрчиж нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.О нь шүүгдэгч А.Этой бүлэглэн эсхүл дангаараа хохирогч Л.Есүхэй, К.Гүлгайм, Д.Балхаажав, П.Содбаатар нарыг залилсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай.

Мөн шүүгдэгч Б.О нь шүүгдэгч С.Нтэй бүлэглэн болон дангаараа Б.Батзаяаг залилсан эсэхийг шалгах шаардлагатай байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоон нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй буюу шүүгдэгч Б.Оы дангаар үйлдсэн 14 үйлдэл, бүлэглэн үйлдсэн 2 үйлдлийн аль эрүүгийн гэмт хэрэг аль нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан болохыг  хуульд нийцүүлэн ялган тогтоох нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан  /8-р хх-ийн 90-р талд / “Жинч транс фарм” компанид 112 тн арматурын үнэ 185.920.000 төгрөг шилжүүлсэн баримттай  холбоотойгоор “Жинч транс фарм” компанийг шүүгдэгч Б.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна. 

Иргэн З.Төмөрчөдөрөөс “Б.О гэх хүнд залилуулсан” гэх гомдол мэдээллийг 2018 оны 12 сарын 03-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргажээ. Прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 1834009670455 дугаартай тогтоолоор Б.Оыг Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутагт барилга барина гэж иргэн З.Төмөрчөдөрөөс 2019 оны 10 сарын 16-ны өдөр 125 м куб  бетон авч барилгын зардлын мөнгө болох 17.950.000 төгрөгийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө  гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ /7-р хх-ийн 109-111-р хуудас/. Энэ нь З.Төмөрчөдөрийг залилсан гэх гэмт хэргийг хэзээ үйлдсэн нь эргэлзээтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг прокурор нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийг прокурорт буцааж байгаа тул иргэн З.Төмөрчөдөрийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллын асуудлыг анхаарвал зохино

Иймд Б.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/443  дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.О нарт холбогдох эрүүгийн 1808053640578 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Б.О, С.Н, А.Э нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хохирогч Б.Батзаяа, Д.Балхаажав, шүүгдэгч С.Н болон түүний өмгөөлөгч  Ж.Гантулга, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Оы өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсан болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ