Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0706

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би Б.Б*******, С.У******* нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга, санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Э*********, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дотоод аудитор, шинжээч Ү.Д*********, Боловсролын ерөнхий газар нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*******, С.У******* нар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Б*******, С.У******* хариуцагч нар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах ..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б*******, С.У******* нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*******, С.У******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******, С.У******* нараас Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ,дотоод аудитын газрын дарга санхүү, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г. Э*******, Хяналт-шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын газрын дотоод аудитор, шинжээч Ү.Д*********, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдох Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ,дотоод аудитын газрын шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/08-01/04 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, Насан туршийн боловсролын төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, дутуу олгосон цалин Б.Б*******д 467925, С.У*******д 467925 төгрөгөөр тооцож тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тавин хувийг буцаан олгосугай.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ