2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1356

 

 

 

 

2025          05          20                                        2025/ШЦТ/1356

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Е.Хулан /томилолтоор/,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510008830441 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр таксинд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ний гадна байрлуулсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Седар сити хотхоны голд машиныг байрлуулж орхин тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслээр таксинд явж байх үед Энхтайваны гүүрний орчмоос 00 цагийн үед 25-30 орчим насны эрэгтэй суугаад Яармаг руу Хангарьд сити хотхоны гадна очоод байрны гадаа буугаад буцаж сууж Буянт-Ухаа цогцолборын орчим нэг эрэгтэй нь миний машинаас бууж үлдсэн залуу Хангарьд сити хотхон руу явна гэж хэлэхээр нь би явж байх замдаа Яармагийн 4 дүгээр буудал дээр байрлах түц рүү ороод гараад ирэх үед миний машин алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Удалгүй миний утас руу танихгүй дугаар залгаж машин чинь Хангарьд сити хотхоны гараашийн хаалга хаагаад тавьсан байна гэж хэлэхээр нь би яваад очих үед машин онгорхой дотор байсан манай эхнэрийн айфоне-13 про макс, хар өнгийн цүнх, 330,000 төгрөг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Мөрдөгчийн тэмдэглэлд: “...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 4 дүгээр буудал дээрээс “Таксинд сууж явсан согтуу хүн 5624 УАВ улсын дугаартай приус-20 машиныг унаад явчихлаа” гэх дуудлага мэдээлэлд хохирогчийн тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Сидар сити хотхоны дотор байрлах гараашийн орох хэсгээс олж тогтоон тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээрээс *** РД:
*** дугаартай бичиг баримт байсан” гэжээ /хх-н 10/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 01 дүгээр сарын 24-ний өдөр арван жилийн найзуудтайгаа Их дэлгүүрийн ойролцоо уулзаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн үед би Калтенберг нэртэй пиво 0.5 литрээр хоёрыг уусан. Мөн Ауруг нэртэй 0.75 литрийн шилтэй архи хоёрыг гурвуулаа хувааж уусан юм. Тухайн үед найзуудаасаа 00 цаг орчмын үед салаад Энхтайваны гүүрнээс *** нэртэй найзтайгаа такси барьсан, тухайн үед *** нь Буянт-Ухаа 2 хороолол дээр буугаад би буцаад гэр рүүгээ тухайн таксигаа үргэлжлүүлэн барьж явсан, тэгээд нэг мэдсэн Седар сити орчимд очсоноо санаж байна, өөр санах зүйл байхгүй байна. ...нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байж байсан, удалгүй ахиад ухаан ороход хорооллын буудалд унтаж байсан /ямар нэртэй буудлыг нь санахгүй байна... би тухайн таксин дотор байсан гэх айфоне-13 про макс, хар өнгийн цүнх, бэлэн 330.000 төгрөгийн авсан зүйл байхгүй, буудалд сэрэхэд мөн Седар сити хотхонд очиход би ямар нэгэн утас, бэлэн мөнгө, айфоне-13 промакс гар утас зэрэг гэх зүйлсгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 20, 22-27/, хохирогчийн хүсэлт /хх-н 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр таксинд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ний гадна байрлуулсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Седар сити хотхоны голд машиныг байрлуулж орхин тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***гийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай үед нь завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР