Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02742

 

 

 

 

 

 

 

 

2022 06 13 101/ШШ2022/02742

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б.С

 

Хариуцагч: Х.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт 533,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Саша, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Х.Батцолмонтой зээлийн гэрээ бичгээр байгуулсны үндсэн дээр 500,000 төгрөгийг зээлээр олгосон. Гэвч хариуцагч зээлээ төлж дуусгаагүй, гэрээгээ зөрчсөнөөр өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 343,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 18,600 төгрөг, алданги 171,400 төгрөг, нийт 533,000 төгрөгийг Х.Батцолмонгоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б.Сашагаас 500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, Б.Сашагийн Хаан банк дахь 5753091177 тоот дансанд 550,000 төгрөгийг бүрэн төлсөн тул үлдэгдэл төлбөр байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Саша нь хариуцагч Х.Батцолмонд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 533,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгч нь нийт 533,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа, зээлийн гэрээний дагуу хариуцагч 550,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй буюу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 70,000 төгрөг төлөгдөж, үүний 50,000 төгрөг нь 10 хувийн хүү бөгөөд 20,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон мөн өдөр үндсэн зээл 480,000 төгрөг болсон, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 130,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50,000 төгрөг төлөгдсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 343,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 18,600 төгрөг, алданги 171,400 төгрөг болсон гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн (дугааргүй) Зээлийн гэрээ болон талуудын тайлбараас үзэхэд, зээлдүүлэгч Б.Саша нь зээлдэгч Х.Батцолмонд 500,000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба гэрээгээр тохиролцсон байх байх 500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги, гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээнд хугацаа тогтоосон зүйлгүй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ., 283.2.-т Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно., 283.3.-т Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно., 283.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө. гэж тус тус зохицуулсан.

Зохигч талуудын хувьд, зээлийг буцааж төлөх хугацаа тохиролцоогүй тул гэрээнд заасан 10 хувийн хүү болон алдангийг нэхэмжлэгчийн шаардаж буй хугацаагаар тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн 10 хувиар тооцохоор талуудын тохиролцсон хүүг ямар хугацааны турш тооцох, алданги тооцож эхлэх хугацаа тодорхойгүй юм.

Харин 500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдэх, зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон үйл баримт маргаангүй тул 500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, 550,000 төгрөгийг бүрэн төлсөн, үлдэгдэл төлбөргүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр, зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 500,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт, нийт 550,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид үүссэн, үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.Батцолмонгоос 533,000 төгрөг гаргуулах тухай Б.Сашагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА