| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/05010/И |
| Дугаар | 101/ШШ2022/02734 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2022/02734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* ХХК
Хариуцагч: Ж.Г
3,686,663.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Өгөөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Өгөөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны К*******,*******д орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдаг.*******ы 501 дүгээр байр, 1109 тоот хаягт оршин суух, хариуцагч Ж.Г*******өөс 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртлэх хугацааны орон сууцны халаалт, усны төлбөр, ашиглалтын зардал болох дулааны төлбөр, гаражийн ашиглалтын төлбөр, хог татан зайлуулах төлбөр, агуулахын төлбөр, ашиглалт үйлчилгээний төлбөрт нийт 3,686,663.41 төгрөгийг шаардаж байна.
Оршин суугч Ж.Г******* нь ус, дулаан, ашиглалт үйлчилгээ, гараж, хог, агуулахын төлбөр болох нийт 4,756,524.76 төгрөгийг төрийн банкны 346900144386 тоот дансанд тус тус төлсөн нь манай компанийн дансны хуулгаар нотлогдож гарсан болно. Төлбөр төлсөн тухай дэлгэрэнгүйг хүснэгтээр нэхэмжлэлийн хамт хавсаргав.
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 372.634,76 төгрөг
- 2018 оны 02 дугаар сарын төлбөр -197.629,44
- 2018 оны 03 дугаар сарын төлбөр - 284.175,40
- 2018 оны 04 дүгээр сарын төлбөр - 280.062,50
- 2018 оны 05 дугаар сарын төлбөр - 210.827.42
2019оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3.783.830,00 төгрөг
- 2018 оны 06 дугаар сарын төлбөр - 163.852,36
- 2018 оны 07 дугаар сарын төлбөр - 205.893,70
- 2018 оны 08 дугаар сарын төлбөр -181.838,68
- 2018 оны 09 дугаар сарын төлбөр - 255.027,62
- 2018 оны 10 дугаар сарын төлбөр - 252.185,20
- 2018 оны 11 дугаар сарын төлбөр -341.190,16
- 2018 оны 12 дугаар сарын төлбөр - 305.187,16
- 2019 оны 01 дугаар сарын төлбөр - 299.466,62
- 2019 оны 02 дугаар сарын төлбөр - 293.768,06
- 2019 оны 03 дугаар сарын төлбөр - 293.223,78
- 2019 оны 04 дугаар сарын төлбөр - 317.353,98
- 2019 оны 05 дугаар сарын төлбөр - 260.040,10
- 2019 оны 06 дугаар сарын төлбөр -164.052,21
- 2019 оны 07 дугаар сарын төлбөр -118,849,60
- 2019 оны 08 дугаар сарын төлбөр -127.599,00
- 2019 оны 09 дугаар сарын төлбөр -203.697,14
Дунд Мандал ХХК нь 2013 оноос эхлэн "Эмералд Резиденс, К******* хотхонуудын орон сууцны контор болон ашиглапт үйлчилгээний үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж ирсэн бөгөөд орон сууцны конторын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглапт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос тус тус олгогддог бөгөөд тусгай зөвшөөрлүүдийг нотариатоор батлуулан хавтаст хэрэгт хавсаргасан.
Тус хотхоны Сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 10 дугаар сарын 03-нд байгууллагдсан ба манай байгууллага нь Ашиглалт үйлчилгээ буюу СӨХ-ны үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Эмералд Резиденс хотхон СӨХ-д эрхийг шилжүүлэн өгсөн.
"Дунд Мандал ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжпэлийн 2,743,000 төгрөгийн дүнг хянан шалгахад:
Хавтаст хэргийн 13 дугаар хуудасны баримт дээрх дүнд ус, дулааны төлбөр 2,006,643.41 төгрөгийн дүнтэй баримт хавсаргасан бөгөөд гараж, агуулах, хогны төлбөрийн тооцоотой баримтыг орхигдуулсан байна.
- Усны төлбөр: 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл 484,849.20 төгрөг
- Дулааны төлбөр: 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл 1,412,908.19 төгрөг
- Гаражийн төлбөр: 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл 674,200.00 төгрөг
- Агуулахын төлбөр: 2020 оны 12 дугаар сар 20,808 төгрөг /Хагас жилд нэг удаа төлбөр гардаг 2020 оны 07-12сар/
- Хогны төлбөр: 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл 28,000 төгрөг Нийт 2,620,763.39 төгрөг байна.
Манай компанийн 2021 оны 10 дугаар сарын 21 -ний өдрийн 21/131 тоот дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ж.Г*******өөс нэхэмжилсэн дүн 2,743,000 төгрөг бөгөөд төлбөрийн нэхэмжлэлээ дахин нягтлаж шалгахад тооцооны дүнгийн алдаа гаргасан байна.
Үнэн зөв төлбөрийн дүн 2,620,763.39 төгрөг буюу 122,236.61 төгрөгийн төлбөр илүү зөрүүтэй гарсан байна.
Хариуцагчаас ус, дулаан, гараж, агуулах, хогны төлбөр 2,620,763.41 төгрөг, ашиглалтын төлбөр 1,065,900 төгрөг, нийт 3,686,663.39 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д******* ХХК нь нэхэмжлэлдээ орон сууцны конторын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг бичсэн байна. Хавтаст хэргийн 09 дүгээр талд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан дулаан түгээх болон дулааныг зохицуулалтаар хангах гэсэн 2 тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эрчим хүчний тухай хуулийн зүйл заалтан дээр тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 292 дугаар тогтоолоор баталсан аж ахуйн харилцааны дүрмийн 2.1, 2.3, өөрөөр хэлбэл дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондоо гэрээ байгуулах ёстой байдаг юм байна. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасан байдаг. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг. Иймд ус дулааны төлбөр нэхээд байгаа үндэслэл нь тодорхой гэрээгүй учраас төлөхөөс татгалзаж байгаа. Нэхэмжлэгч нь ашиглалт үйлчилгээний төлбөр буюу 1,065,900 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилсэн. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс тухайн байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар лавлагаа гаргуулахад тухайн байгууллагыг СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй, ашиглалт үйлчилгээний хэвийн үйл ажиллагааны талаар бүртгэгдсэн бүртгэл байхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно гэж заасныг зөрчиж, 1,065,900 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч Ж.Г*******т холбогдуулан, 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртлэх хугацааны орон сууцны халаалт, усны төлбөр, ашиглалтын зардал болох дулааны төлбөр, гаражийн ашиглалтын төлбөр, хог татан зайлуулах төлбөр, агуулахын төлбөр, ашиглалт үйлчилгээний төлбөрт нийт 3,686,663.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00469, Эрчим хүчний зохицуулах хорооны 90/2017, 91/2017 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхэлж буй Д******* ХХК-ийн үйлчилгээнд хамрагддаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмералд резиденс хотхоны 501 дүгээр байрны 1109 тоот хаягт оршин суух Ж.Г******* нь 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртлэх хугацааны орон сууцны халаалт, усны төлбөр, ашиглалтын зардал болох дулааны төлбөр, гаражийн ашиглалтын төлбөр, хог татан зайлуулах төлбөр, агуулахын төлбөр, ашиглалт үйлчилгээний төлбөрт нийт 3,686,663.41 төлбөрийн үлдэгдэл үүсгэсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төлбөрийн нэхэмжлэхүүд, төлбөрийн үлдэгдлийн тооцооллуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь ус дулааны төлбөртэй холбоотой тодорхой гэрээгүй учраас төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэгчийг СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй, ашиглалт үйлчилгээний хэвийн үйл ажиллагааны талаар бүртгэгдсэн бүртгэл байхгүй хэмээн маргасан.
Гэвч талуудын хооронд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдаагүй нь дээр дурьдсанаар тогтоогдсон нийт 3,686,663.41 төлбөрийн үлдэгдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, ... төлнө. гэж заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Хариуцагч Ж.Г******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмералд резиденс хотхон, 501 байр, 1109 тоот хаягт оршин байрлах орон сууцыг Ажигана хунчир ХХК-тай байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 501-1109 дугаартай гэрээний үндсэн дээр, Эмералд резиденс хотхоны орон сууцны цогцолборын 1-3А, 1-3Б дугаар зогсоолуудыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 501-1109 дугаартай Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр, Эмералд резиденс хотхоны орон сууцны цогцолборын В-105 дугаартай агуулахыг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 501-1109 дугаартай Агуулах худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр тус тус эзэмшиж, одоо амьдарч байгаа бөгөөд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч Д******* ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд, төлбөрийн үлдэгдлийн тооцооллуудыг үгүйсгэж нотолсонгүй.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Г*******өөс нийт 3,686,663.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г*******өөс улсын тэмдэгтийн хураамж 73,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА