2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1283

 

 

 

 

 

 

 

 

  2025        05         15                                    2025/ШЦТ/1283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал, 

хяналтын прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч А.Р  нарыг оролцуулан эрүүгийн 2311 0223 11628  дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумнад “..........” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б овогт А-ын Р /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.Р  нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Тээс нийт 13.000.000 төгрөгийн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Тийн мэдүүлэг, хохирогч Б.Тийн Хаан банк дахь 53.................  тоот дансны хуулга, хохирогч Б.Тийн ..................  тоот Candy дансны хуулга, хохирогч Б.Тийн Хас банк дахь 5..................  тоот дансны хуулга, шүүгдэгч А.Р ийн Хаан банк дахь 50.................  тоот дансны хуулга, шүүгдэгч А.Р ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Р  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч А.Р  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн бусад байдлын талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар оролцсон болно.

Шүүгдэгч А.Р  нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчтой хамт ажилладаг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болох нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хохирогч Б.Т мэдүүлсэн “...2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын газрын Анхбаяр овогтой Р  нь ажлын газрын хувь чатаар машинаа барьцаанд тавьсан чинь нөгөө хүн нь мөнгө төл гээд дарамтлаад мөн надаас 10 хувийн хүү нэхээд болдоггүй гэхээр нь чамд зээл авахад чинь барьцаа байршуулсан гэрээ байгаа юм уу гэж асуусан. Тэгтэл үгүй ээ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй гэж надад хэлсэн ба тухайн хүн нь хувь чатаар та надад 3.700.000 төгрөгийг зээлчих гэж гуйхаар нь хоёул ажил тараад тухтай уулзъя гэж хэлээд тухайн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд өөрсдийн ажил болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, М тауверын 3 давхарт манай ажлын газрын оффис дээр хүрч ирж уулзсан ба надад өөрийн утсан дээр байх сүрдүүлгийн чанартай мессеж уншуулахад нь чи яг мөнгө маргааш өгч чадах юм уу гэж асуусан ба асуухад маань маргааш гэхэд гүйлгээний лимит зүгээр болохоор нь тань руу шилжүүлнэ ямар нэгэн асуудал болохгүй гэж хэлэхэд нь би өөрийн Хаан банкны аппликейшнээр зээл аваад өөрийн Хаан банкны 53.................  дугаарын данснаас Р ийн данс болох Богд банкны 8100......... дугаарын данс руу 3.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь Р  нь надад дүү нь өөрийн 36.000.000 төгрөгийг залилуулчихлаа яг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч байна гэж өөрийн 991...........дугаарын утаснаас миний 951........... дугаарын утсанд залгаж хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа би олон хүнээс мөнгө зээлчихсэн байгаа тэрийгээ би хэрхэн барагдуулах талаар бодоод явж байна тэгээд би машинаа зарах гэсэн банк бус санхүүгийн байгууллагад хандтал 8 сая төгрөгөнд зарагдахаар байна. Би одоо өөр дээрээ зээлтэй байгаа гэхдээ зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллээ засуулчихвал ахын нэр дээр байх үл хөдлөх хөрөнгө мөн машинаа барьцаалж зээл авах боломж байна. Харин зээлийн мэдээллийн санг засах таньдаг хүн надаа байгаа ерөнхийдөө 6 сая төгрөгийн ханштай байдаг юм байна энэ мөнгийг олчихвол бүх асуудлаа шийдэх гээд байна. Танд өөр мөнгө зээлэх таньдаг хүн байна уу гэж асуухад нь тийм хүн байхгүй чи өөрөө наад асуудлаа зохицуул гэж хэлсэн. Тэгээд тухайн үеэс хойш би Р оос хэсэг байж байгаад 2 хоногийн дараагаар үнэхээр зээлийн мэдээллийн сангийнхаа мэдээллийг засуулаад зээлээ төлж чадах юм уу тэр хүнтэйгээ намайг уулзуулаач гэж асуутал 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хувь чатаар тухайн хүний чинь гэр хаана байдаг юм гэж асуутал Нүхт гэх газар Грийн арт хотхонд амьдардаг хүн байгаа гэж ярьсан. Маргааш хагас сайн өдөр ажил дээрээ тэр хүн чинь байх юм уу гэж асуутал байхгүй байх гэсэн. ...2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Р  нь ажлын газрын Ганаа гэх залуугаас 3.000.000 төгрөг зээлсэн юм аа надаас тухайн мөнгө нэхээд чат бичээд болдоггүй гэж хэлсэн ба тухайн орой Б.Т би Тэнгис кино театрын урд талын зогсоол дээр Р той миний бие уулзаж чи наад асуудлаа хурдан шийдэх юм уу орой ах дээрээ очоод яриулаарай тэгвэл 6.000.000 төгрөгийг зээлж болно гэж ярилцаад салсан. Тухайн оройны 19 цагийн орчимд намайг харих гээд долоон буудал дээр явж байхад Ганаа мөнгөө нэхээд болдоггүй та ядаж 2.000.000 төгрөгийг зээлж болох уу О......  ах над руу зээлийн мэдээллийн сан өөрчилж болно асуудалгүй ажил өнөө орой бүтнэ гэж ярихад нь чи тэгээд хүний итгэлийг алдахгүй байх юм байгаа биз дээ гэж хэлэхэд нь миний бие Б.Т би өөрийн Хас банкны данснаас 5..................  дугаарын данснаас Р ийн 5035......... дугаарын Хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн орой нь буюу 2023 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Р  нь өөрийн 991...........дугаарын утаснаас миний 951........ дугаарын утас руу залгаж та О......  ахтай ярих уу би О......  ахынд ирчихлээ гэж хэлээд О......  гэх хүнийг яриулсан. Намайг ярихад тухайн хүн нь зээлийн мэдээллийн сангийн асуудлыг би шийднэ зээл авах асуудлыг Р  өөрөө шийднэ шүү мөн ирэх долоо хоногийн 5 дахь өдөр бүрэн шийдэгдэнэ гэж хэлэхээр нь Р той яриад 6.000.000 төгрөгийг шилжүүллээ асуудлаа хурдан шийдвэрлэнэ шүү гэж хэлээд өөрийн Хас банкны 5..................  дугаарын данснаас Р ийн Хаан банкны 50358.............  тоот данс руу эхлээд 5.000.000 төгрөгийг дараагаар нь тухайн данснаас 1.000.000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. ...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний бие өөрийн 951........ дугаарын утаснаас тухайн О......  гэх хүний 945..........  дугаарын утас руу залгаж ярихад Р  нь зөндөө хүмүүст өртэй болохоор энэ мөнгөнүүдээ өгч чадахгүй байгаа юм байна би одоо Лүн дээр явж байна хот руу ороод залгана гэж хэлээд салгасан. ...Хэд хоногийн дараа уулзахад машины осолын хохирогчтойгоо 1 сая төгрөгөөр тохиролцсон энийг шийдчихвэл банк бус санхүүгийн байгууллага дээрээ очиж гэрээн дээр гарын үсэг зурах боломжтой болно гэж хэлсэн. Тухайн өдрийн орой та надад monpay зээл аваад өгч болох уу банк бус дээрээс удахгүй зээл гарчихна тэгэхэд нь би танд бүгдийг нь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Новотел зочид буудлын эсрэг талд байрлах gs25 дотор орж байгаад миний бие наад асуудал чинь үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлсэн. Р  тухайн үед ээж рүүгээ залгаад 1 сая төгрөгийг Т ахаас зээлчих үү зээлээ бүтэхээр буцаагаад өгчихнө гэж ярьж байсан. Тэгэхээр нь өнөөдөр би чамд 500.000 төгрөг өгч чадна гээд Р ийн 50358.............  дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь 500.000 төгрөгийг monpay app-с зээл авч байгаад Р ийн 9559..........  дугаарт бүртгэлтэй monpay app-ын данс руу шилжүүлсэн. ...нийт 13.000.000 төгрөгийг Р ид шилжүүлсэн боловч надад одоогийн байдлаар ямар ч мөнгө өгөөгүй уулзахаар өгнө л гээд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Хохирогч Б.Тийн Хаан банк дахь 53.................  тоот дансны хуулга (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

Хохирогч Б.Тийн ..................  тоот Candy дансны хуулга (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Хохирогч Б.Тийн Хас банк дахь 5..................  тоот дансны хуулга (хавтаст хэргийн 36-42 дахь тал),

Шүүгдэгч А.Р ийн Хаан банк дахь 50.................  тоот дансны хуулга (хавтаст хэргийн 43-63 дахь тал),

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 2025/ШЗ/2911 тоот захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтанд зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагааг оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хэрэгжүүлэхэд цугларсан Хаан банкны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 29/4962 албан тоот, хавсралтаар шүүгдэгч А.Р ийн Хаан банк дахь 50358.............  тоот дансны хуулга,

Шүүгдэгч А.Р  яллагдагчаар мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...Мобиком корпорацид 2022 оноос 2023 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан юм. Тухайн үед би их олон хүнд өртэй байсан тул Баянмөнх гэх зүс таних ахынхаа приус-20 маркын тээврийн хэрэгслийг өртэй байсан хүндээ өгчихсөн юм. Баянмөнх ах хурдан машин авч өг гээд байхаар нь би Тээс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр машинаа барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлээд 3.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50358.............  тоот дансаар аваад 2.500.000 төгрөгийг нь өрөндөө өгөөд Баянмөнх ахад машиныг нь авч өгөөд үлдэгдэл 1.200.000 төгрөг 1хбет нэртэй бооцоо тавьдаг сайтад мөрий тавьж тоглоод бүгдийг нь алдаж байсан. Тэгээд би Тт 36.000.000 төгрөгийг залилуулчихлаа одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч байна гэж худлаа хэлсэн. Дараа нь өөр хүмүүст зээл өгөх хэрэгтэй байсан тул Тт Монгол банкны зээлийн мэдээллийн сан болохгүй байна зээлийн мэдээллийн сан янзалдаг хүн байна 8.000.000 төгрөг өгчих янзалж өгнө гэж байна тэгээд зүгээр болохоор нь зээлээ аваад таны мөнгийг буцаагаад өгчихнө гэж худлаа хэлээд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны 50358.............  тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 8.000.000 төгрөг ойролцоогоор 700.000 төгрөг орчмоор бет тоглоод үлдсэнийг нь өртэй аппликейшн болон хүмүүст өгөөд дуусгаж байсан. Дараа нь дахиад зээлийн мэдээллийн сангаа янзлуулахад мөнгө дутаад байна гээд өөрийн Хаан банкны 50358.............  тоот дансаар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг маргааш нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн монпей-ийн 99106391377 тоот дансаар 500.000 төгрөг авсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар үйлдлүүдэд гэм буруутай нь хангалттай хөдөлбөргүйгээр, бүрэн, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Р  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ. Ингэхдээ амар хялбар аргаар мөнгө олох, мөн бусдаас зээлсэн мөнгийг буцаан өгөх үүргийн гүйцэтгэлийн барьцаанд шилжүүлэх гэх мэтээр өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор үйлджээ.

Шүүгдэгч А.Р  нь хохирогч Б.Тийг хуурч, автомашинаа барьцаанд тавьсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санг өөрчлүүлж зээл аваад мөнгийг нь буцааж өгнө гэх мэтээр огт болоогүй зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэг байгууллагад хамт ажилладаг байсан танилын буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болох 13.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансуудаар дамжуулан шилжүүлэн авч ашигласан байна.

Шүүгдэгч А.Р ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба дээрх гэмт хэргийн шинжүүдийг нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон байна.

Шүүгдэгч А.Р ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Р ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч А.Р ийн үйлдлийн улмаас бусдад нийт 13.000.000 төгрөгийн хохирол учиржээ. Үүнээс 650.000 төгрөгийг нь төлж барагдуулсан талаар хохирогч Б.Т мэдэгдсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч А.Р оос  12.350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн .......... хороо Тахилт ..........  тоотод оршин суух М овогт Б-гийн Т (РД: ......)-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Р ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч А.Р ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч А.Р ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн хорих ял оногдуулах тухай санал, өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулах тухай өмгөөллийн үг зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзсан болно.  

Шүүгдэгч А.Р ид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох боломжтой ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Р ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж заасны дагуу шүүгдэгч А.Р ийг эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны дэвсгэрээс гарч явахыг хориглох, ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон маршрутын дагуу ажлын байранд зорчихоор тогтоож, шүүгдэгч А.Р ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Р  нь хэдийгээр Kitchen all тавилгын худалдааны дэлгүүрт ажиллаж байгаа гэх боловч үүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ажлын байрыг тодорхойлон шийтгэх тогтоолд тусгах боломжгүй болсон. Шүүгдэгч А.Р ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох нь хохирогч Б.Тт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн хамт олны дунд засрал хүмүүжил олох зэрэг эерэг нөлөөтэй тул ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тодорхой зорчих маршрут тогтоож ажлын байранд зорчих эрхийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Р ид сануулав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч А.Р  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэгт авагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ын Р  /РД:.................../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч А.Р ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.Р ийг эмнэлгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны дэвсгэрээс гарч явахыг хориглох, ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон маршрутын дагуу ажлын байранд зорчихоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Р ид сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч А.Р оос 12.350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн .......... хороо Тахилт ..........  тоотод оршин суух, М овогт Б-гийн Т (РД: ......)-д олгосугай.

6. Шүүгдэгч А.Р  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 1 ширхэг сиди хавсаргасан ирүүлснийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Р ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР