| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/00428/И |
| Дугаар | 101/ШШ2022/02955 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/02955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Д.Д
Газар албадан чөлөөлүүлж, 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төрсөн дүү Г.Э*******гийн нөхөр Д.******* гэж хүн УБЦТС ТӨХК-ийн орлогч даргын ажил хийж байх үедээ Баянзүрх дүүргийн *******, Хонхорт харъяалагдах нэгж талбарын ******* дугаартай 804 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ авсан ба хүнд өвчний улмаас Солонгос улс руу бөөр шилжүүлэх хагалгаанд ороод бие нь муудаад нас барсан. Миний дүү Г.Э******* хуулийн хугацаанд өв залгамжлах өргөдөл гаргаж 2019 оны 4 сард уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Миний дүү АНУ-д удаан хугацаагаар амьдрах болсон тул газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 15-нд А165 тоот шийдвэрийг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ 15 жилийн хугацаатай миний нэр дээр гарсан.
2016 оноос хойш уг газрыг хамгаалж хашаа барьсан байсан. 2019 онд газраа эргэж очиход хашааны тал нь алга болсон байсан. Мөн хэд хоногийн дараа очиход танихгүй хүмүүс манай хашааны оронд өөр хашаа барьж байхаар нь энэ чинь манай газар хуучин хашаа нь хаана байна гэхэд хэл амраар доромжилж энэ чинь манай газар гэж орилж чарлаад байсан. Мөн 2-3 хоногийн дараа очиход уг газрыг хүмүүст зарахаар үзүүлж тохиролцож байхад нь таарсан.
Тэр хүмүүсийн ярьснаар хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг үзүүлж эхлээд урьдчилгаа 50 хувийг өгөөд нэр солихдоо үлдсэнийг нь өгөхөөр тохиролцсон гэсэн. Үүнээс хойш миний бие газар чөлөөлж өгөхийг анхааруулж байсан боловч тэд олуулаа нийлж дайрч доромжил, хөөж машинаар дайрна гэх мэтээр заналхийлж ирлээ. Газрын албанаас удаа дараа очиж шаардах хуудас өгөх гэсэн боловч хашаагаа тайлдаггүй эс бол эзгүй байдаг байсан тул шаардах хуудас наагаад явдаг байсан гэсэн. Эдгээр хүмүүс өөрийн гэсэн газартаа байж хууль цаазгүй газарт амьдарч байгаа юм шиг хүний газрыг дээрэмдэж айлгах сүрдүүлж булааж авч болно гэж бодож байна. түүнээс гадна тус газрыг зарж залилан хийх зорилготой өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байна. Би өөрийн гэсэн байр оронгүй тул газар дээрээ байшин барьж амьдрах хүсэлтэй боловч өнөөдрийг хүртэл өндөр үнээр байр түрээсэлж байна.
Иймд тус газрыг чөлөөлж, миний нэр дээрх газар дээр байсан хашааны үнэ 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхыг анх хашаагаа барьж амьдарч эхлэхэд энэ газар нь хамаагүй байсан ба бид анх хашаа барихдаа Баянзүрх дүүргийн газын албаны хороо хариуцсан байцаагчаасаа асуухад нефтийн гудамж байна, гэхдээ хойд урд хэсгүүд нь бүгд компани таслан авсан байсан тул дараагийн газар төлөвлөлтийн зураг өөрчлөгдөхөд хөөцөлдөөрэй гэсэн хариу өгч байсан юм. Тийм учраас бид хашаагаа барин амьдарч эхэлсэн. Бид хашаагаа бариад дуусаж байхад ******* гэж хүн ирж миний газар гэхэд бид хариуд нь За тийм бол та бичиг баримтаа аваад ир гэхэд ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Бид үнэн бол гэрчилгээний эх хувиа аваад ир, газрын албаар нь шалгуулъя гэсэн боловч тухайн үед ямар ч барьсан бичиг баримтгүй байж удаа дараа ирж ярилцах завдалгүй хэл амаар доромжилж дайрч байгаад явдаг байсан.
Биднийг амьдарч байхад 2020 оны зун манайх хашааныхаа талыг буюу 20 метрийн урттай газар бидэнд чөлөөлөөд өгчих гээд гуйгаад ирж байсан удаа ч бий. Тэр үед мөн л бид албан ёсны бичиг баримтаа аваад ир гэж хэлээд явуулж байсан. Манайх анх 2013 онд хашаагаа барихад ямар ч барьсан хашаа байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан, албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх, хашааны үнэ 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13/447 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405, 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 391, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/444, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/88, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/165 дугаартай захирамжууд болон хавсралтаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь нэгж талбарын ******* дугаартай газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэгж талбарын ******* дугаартай газар дээр буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* хаягт оршин сууж амьдарч буйгаа үгүйсгээгүй буюу тус газарт 2013 онд анх ирэхэд ямар ч хашаа байгаагүй, өөрөө хашаагаа барьж амьдарч эхэлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
Маргаж буй газар дээр байсан гэх хашааны үнэ 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь дээр дурьдсанаар, хуульд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шаардаж буй мөнгөн дүнгээр үнэлэгдэх хашаа байсан эсэх, хашааны үнийг хариуцагч*******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээргүй, эрх зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Тодруулбал, хариуцагч******* тухайн газрыг ашиглахдаа, дээр нь байсан гэх хашааг буулгасан, шаардаж буй хашаа алга болсон гэх нөхцөл байдалд хариуцагчийг буруутай гэж нэхэмжлэгч үзэж байх боловч нотлогдоогүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч*******ийг Баянзүрх дүүргийн *******, Хонхор хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 804 м.кв талбайтай газраас албадан нүүлгэж, газрыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,000 төгрөгийн 93,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10,050 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА