Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 89

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

               Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Хохирогч М.Алтантуяа

 Иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Оргилд холбогдох эрүүгийн 201718000160 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

     Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1994 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ам бүл 4 аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг Гангын тохой гэх газрын 22-528 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Бэрсүүд овогт Ерөөгийн Оргил МЕ94072619

   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Е.Оргил нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ хймгийн Ерөө голын гүүрний орчимд Д.Хүрэлбаатар өмчлөлийн Киа Лотзе маркийн 81-92 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргаж М.Алтантуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

         Шүүгдэгч Е.Оргил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр эх үрсийн баяраар Алтантуяа, Энхзолбоо нартай таараад Энхзолбоогийнд очиж хоол хийж идэхээр очоод хоол хийж идэнгээ пиво уусан. Дуусаад Алтантуяа намайг хүргээд өг гэхээр нь  хүргэж өгөхөөр явсан. М.Алтантуяагийн гэр Тасаг гэдэг нэртэй газарт байдаг ба тийшээ явах замдаа зам тээврийн осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

          Хохирогч М.Алтантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 1-нд Энхзолбоо бид хоёртой Оргил дэлгүүрийн тэнд таарсан. Тэгээд Энхзолбоогийнд сууж байгаад Оргилыг намайг гэрт хүргэж өгөөч гэж гуйсан. Намайг хүргэж өгөх замд гүүр гараад осол болсон. Одоо миний бие зүгээр байгаа бөгөөд Оргилд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг

          Иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Энэ осол болох үед Оргилын унаж явсан машин бол миний өмчлөлийн машин байгаа юм. Энэ машины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зээ хүү Оргил нь архи дарс согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ээж нь өвчтэй хэвтэрт байдаг, Оргилд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбар

Гэрч Д.Хүрэлбаатарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надаас манай зээ хүү Оргил нь машин авах үед ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

Гэрч Х.Сонинцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 06 дугаар сарын 01-ны өглөөний 08 цагийн үед гэрт байхад Оргил гэрт орж ирээд өвөөгийн машиныг очиж авах гэсэн чинь машинаа унаад олдохгүй байна та машинтайгаа хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн эзэзмшлийн Toyota allion маркийн 84-41 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүргэж өгөөд яваад өгсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

Гэрч Г.Энхзолбоогийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаа сарын 01-ний өдөр 14 цагийн үед Алтантуяа бид хоёр эх үрсийн баяр үзэх гээд талбай явж байхад “Өлзийт” гэх нэртэй дэлгүүрийн гадаа Оргилтой таарсан Оргил тухайн үед саарал өнгийн жижиг машинтай явж байсан ба ямар маркын, хэд гэсэн дугаарын машинтай явсаныг одоо санахгүй байна. Алтантуяа, Оргил бид гурав Оргилын машинд суугаад манай гэрт очиж хоол хийж идэх зорилгоор гэрт очсон ба Алтантуяа бид хоёрыг хоол хийж байхад Оргил манай гэрээс гарч дэлгүүрээс 4 ширхэг 2 литрийн савалгаатай боргио пиво аваад гэрт орж ирсэн. Ингээд Алтантуяа, Оргил бид гэрав Оргилын авчирсан  пивонуудаа ууж дуусаад Алтантуяа, Оргил хоёр манай гэрээс 19 цаг өнгөрч байхад Алтантуяаг хүргэж өгнө гээд гарсан ба маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Оргилыг машинтай явж байгаад Ерөө голын орчимд зам тээврийн осол гаргасан гэж хүмүүсээс сонссон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №5624 дугаартай “.....

1.“Е.Оргил 23/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгэээнд ирүүлсэн “Е.Оргил 23/эр” гэж хаягласан цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрч байна.

3.Цусанд 2,2 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 31 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №5623 тоот “...

  1. М.Алтантуяа гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “М.Алтантуяа 28/эм” гэж хаягласан цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байна.
  3. Цусанд 2,3 промилли согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 614 тоот: “.....

1.М.Алтантуяагийн биед сээрний 12-р нугаламын шахагдсан жижиг хугарал, зүүн доод эрүүний хугарал зөөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний шарх, тархи доргилт, нуруунд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолд орох үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлт /хх-ийн 40 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №617 тоот:  “.......

  1. Е.Оргилын биед зүүн гарын 4-р хуруун дахь шарх, духны зулгаралт тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Е.Оргилд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.....” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/

Харьцуулан шинжилэхээр хэв хэлбэр цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн №40 тоот: “...

1.Жолооч Е.Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй... осолтой байдал болгохгүйгээр зорчино. 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс, зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэв.

2.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3.Жолооч Е.Оргил нь тухайн тээврийн хэрэгслийн жолоодох ВС ангилалтай 839544 дугаарын үнэмлэхтэй, хүчинтэй байв.

4.Зорчигч М.Алтантуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-53 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №08/17 тоот:  “...

1.KIA Lotze LH20 маркийн 81-92 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №01176017, арал № KNAGE22527А086611 дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Сэлэнгэ аймаг Ерөө сум 01-д оршин суугч Данзаншагдар овогтой Хүрэлбаатарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн талаар www.transdep.mn хаягаар мэдээлэл авахад KIA lotze LX20 маркийн 81-92 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 оны 05 дугаар сарын 08-нд техникийн үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна. KIA lotze LX20 маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсад 2006 онд үйлдвэрлэсэн. Монгол улсад 2014.08.04-нд импортлогдсон байна. Тухайн автомашины хувьд зам тээврийн ослын дараа хийсэн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдалд болон осол гарахад нөлөөлж болохуйц техникийн эд анги/ тоормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд/-аас эвдэрч гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй. Иймд тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношилгоонд хуульд заагдсан хугацаандаа орж техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн” үнэлгээ авч замын хөдөлгөөнд оролцож явсан нь зам тээврийн осол гарахаас өмнө техникийн хувьд бүрэн хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Ослын дараа хийсэн технизийн үзлэгээр KIA lotze LX20 маркийн 81-92 СЭҮ улсын дугаартай суудлын машинд хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эвдрэл гэмтэл тогтоогдсонгүй. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд нь зам тээврийн ослын улмаас кузовны дээд хэсэг, баруун хажуу талын хаалганы дээд хэсэг нь хонхойн үрчийн хэв гажилтанд орсон, урд хамгаалалтын хэсэг, баруун хаалганы шил, урд гэрэл эвдэрсэн, салхины шил хагарсан, нүүрний хамгаалалтын хэсэг бүгд салж эвдэрсэн, урд хоёр гэрэл эвдэрсэн, арыг харах тольнууд бүгд хагарч эвдэрсэн, хойд тэнхлэгийн зүүн хойд талын дугуу суух хэсгийн суурь эвдэрч гажсан, хөргөлтийн радиотор, урд суурин хэсгүүд нь хонхойж гажсан, баруун урд талын дугуйн хээний хэсэг хээрч урагдсан байв. Мөн осолд орсоны дараа хийсэн техникийн үзлэгээр тормозны шингэн асгарч гоожоогүй шингэний саванд хэвийн хэмжээнд байсан.....” гэх дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалнах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 дугаар тал/

Техникийн тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/

Ерөө сумын Тавин багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 74 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/

Хохирогчийн эмчилгээний баримт /хх-ийн 83-86 дугаар тал/

Е.Оргилын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 68 дугаар тал/

Е.Оргилын яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч Е.Оргил нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ хймгийн Ерөө голын гүүрний орчимд Д.Хүрэлбаатар өмчлөлийн Киа Лотзе маркийн 81-92 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргаж М.Алтантуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогч М.Алтантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 23 тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 25-27 тал/, гэрч Х.Сонинцэцэгийн  /хх-ийн 28/, Г.Энхзолбоогийн /хх-ийн 29-30/, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 614 тоот дүгнэлт /хх-ийн 40/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 40 тоот дүгнэлт /хх-ийн 48/, Авто техникийн шинжээчийн гаргасан 08/17 тоот дүгнэлт /хх-ийн 58-60 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, согтуурлын зэрэг тогтоосон шинжээчдийн 5623, 5624 тоот дүгнэлтүүд /хх-ийн 31-33/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж үнэлгээ тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-53 тал/ зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Е.Оргил нь ... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа....тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.5-д ....Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.... гэсэн  заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ерөө голын гүүрний орчимд 81-92 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч М.Алтантуяагийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Е.Оргилд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

            Иймд шүүгдэгч Е.Оргилд Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг нь “....жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл ......гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч, ........эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

             Иймээс шүүгдэгч Е.Оргилыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Е.Оргилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй  байна.

           Шүүгдэгч Е.Оргилд Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, ар гэрийн  нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Е.Оргилын 839544 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 01176017 лугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Д.Хүрэлбаатарт буцаан олгох нь зүйтэй.

    Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдав.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Бэрсүүд овогт Ерөөгийн Оргилыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бэрсүүд овогт Ерөөгийн Оргилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Е.Оргилд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Е.Оргилд оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Е.Оргил оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Шүүгдэгч Е.Оргил энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е.Оргилын 839544 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 01176017 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн иргэн Ногнууд овогт Данзаншагдарын Хүрэлбаатарт олгосугай.     

9.Шүүгдэгч Е.Оргилд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ