Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Э-ын хариуцагч Б.У-д холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан “Т” ББСБ-аас бизнесийн зориулалтаар 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж эргэн төлөлт хийгээгүй тул шүүхэд хандаж улмаар 3 шатны шүүх Б.Уянгаас 39 589 819 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол хд 86/2 дугаар байр 80 тоот 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, орон сууцыг албадан борлуулах гэж байхад төлбөр төлөгч Б.У нь орон сууцыг төлбөрт санал болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Т” ББСБ-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Э-ын нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Б.У 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл уг орон сууцанд түр амьдарч байхаар хүсэлт гаргасны дагуу дээрх хугацаанд амьдрах боломж олгосон боловч тогтсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөхгүй, утсаа авахгүй, хаалгаа тайлж өгөхгүй бусдын өмчийг хууль бусаар эзэмшиж байна. Иймд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86/2 дугаар байр 80 тоот хаягт байрлах 40 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхээс мэдэгдэх хуудас хүлээж аваад хэргийн материалтай танилцаад орон сууцыг бусдын өмчлөлд шилжсэнийг мэдсэн. Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт гурван хүсэлт гаргаж 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж орон сууцаа чөлөөлж авахаар хүсэлт гаргаж талууд гарын үсэг зурсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч хариуцагчийг өрөөндөө дуудаж цаас бал өгч бодох хугацаа өгөлгүй өөрөө хэлж хүсэлт бичүүлсэн. Б.У 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөрийн асуудлыг шийдэж үл хөдлөх хөрөнгө шилжихгүй гэсэн ойлголттой явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Т” ББСБ-аас 30 000 000 төгрөг зээлсэн ба дээрх мөнгийг өөрөө ашиглаагүй, найздаа зээлдүүлсэн боловч төлөхгүй байснаас шүүх 39 589 819 төгрөгийг Б.У-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуудаж шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун, Н.Э нар хүсэлтэд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед зээлээ төлж дуустал “Т” ББСБ байрыг барьцаалж байна гэж ойлгосон. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н.Э-ын нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Н.Э, Б.У нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.У нь эрх зүйн бүрэн чадвартай, өөрийн хийсэн гэрээ хэлцлийн үр дагаврыг ойлгож байгаа. Хэлцлээр төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар шилжүүлэхээр тохирсон байна. Сөрөг нэхэмжлэлээ дарамталсан гэсэн агуулгаар гаргасан боловч энэ нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд 86 дугаар байр 80 тоот 40 м.кв хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.У-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э-т  холбогдох 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.У-ын төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Т” ББСБ-аас 30 000 000 төгрөгийг зээлсэн ба дээрх мөнгийг өөрөө ашиглаагүй, найздаа зээлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч намайг дуудаж уулзсан, тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй, надад хүсэлтдээ юу бичихийг шийдвэр гүйцэтгэгч зааж өгч бичүүлсэн бөгөөд гэрээг бүрэн уншиж ойлгоогүй. Сэтгэл санаа тогтворгүй байсан үед шийдвэр гүйцэтгэгч болон нэхэмжлэгч нар байртайгаа үлдэнэ гэсэн байдлаар тайлбарлан ойлгуулж, хүсэлтүүд бичүүлсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, миний нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүйд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Н.Э хариуцагч Б.У-ын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ХД-86/2 байр, 80 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 2 өрөө байрыг чөлөөлж, албадан гаргуулах тухай шаардлага гаргасныг /хх1-2/, хариуцагч эс зөвшөөрч марган, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Эрдэнэ-Очиртой хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх134/

            Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Б.У нь зээлийн төлбөрийг төлөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 906 дугаар шийдвэрээр 39 165 840 төгрөгийг гаргуулж, “Та глобал капитал” ББСБ-д олгож, маргаан бүхий орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэж /хх18-21/, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд дээрх шийдвэр, захирамж хүчин төгөлдөр байна. /хх26/

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.У нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулах, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол ХД-86 дугаар байрны 80 тоотын 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар султган чөлөөлж өгөх, харин төлбөр авагч “Т” ББСБ ХХК нь уг хугацааг дуустал орон сууцыг худалдан борлуулахгүй бөгөөд Б.У нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцож талууд гарын үсгээр баталгаажуулжээ./хх5/ Хариуцагч Б.У нь үүнийг тулган бичүүлсэн, орон байраа алдах гэж байгаа айдсыг далимдуулан гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

Талууд дээрх байдлаар эвлэрч, Б.У-ын хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/09 тогтоол гарч, ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасанд нийцсэн байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

            Төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/31080 дугаартай албан бичгээр төлбөрт шилжүүлсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ./хх29/

Төлбөр авагч “Т ББСБ” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өдөр 17/64 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, шийдвэр гүйцэтгэх газрын дээрх албан бичгийн дагуу зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, тус “Т ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Э-ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг мэдэгдсэн нь хэрэгт баримтаар авагджээ. /хх90-91/

Эрх бүхий байгууллагын шийдвэр болон төлбөр авагчийн хүсэлтийн дагуу Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ ХД-86 дугаар байр 80 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрх Н.Э-т хууль бусаар бүртгэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хариуцагч Б.У нь дээрх 2 өрөө сууцыг төлбөрт шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн, орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаагаа нотлоогүй байна. Иймд өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан Н.Э-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                                    ШҮҮГЧИД                                           Д.Д

                                                                                                А.О