Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 22

 

Д.Д-ад холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                          Ц.Цэен-Ойдов /онлайн/

          Нарийн бичгийн дарга                     Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шүүгчийн захирамжтай Д-ийн Д-ад холбогдох, 2018000000496 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай Б- овогтой Д-ийн Д-.

Яллагдагч Д.Д- нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын *-** тоотод өөрийн төрсөн эх С.Х-г заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Д-ад холбогдох 2018000000496 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б- овогтой Д-ийн Д-ыг хууль ёсны төлөөлөгч, эцэг Б- овогт З-ын Д-ийн асран хамгаалалтад халамжлуулахаар шилжүүлж,

-Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг хууль ёсны төлөөлөгч З.Д-ид мэдэгдэж,

-Яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 2, 3.т зааснаар уг асуудлыг хэлэлцэхдээ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, ач холбогдолтой бусад байдлыг хянан үзэж нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрлэх буюу хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх агуулгатай байхад шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийг уншин сонсгохдоо “...Д.Д-ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож...” гэж танилцуулсан атлаа прокурорт гардуулсан 103 дугаар захирамжид “ ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай ” гэж дурдсан нь агуулгын хувьд зөрүүтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 97/20 дугаартай дүгнэлтэд яллагдагч Д.Д-ын сэтгэцийн шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр өвчин нь өөрт болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй гэж тусгагдсан ба үүнээс өөр агуулгатай өөрт болон бусдад гэм хор учруулахгүй талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад зөвхөн асран хамгаалалтыг “ар гэрт нь хүлээлгэн өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн түүнд халамжлуулахаар шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Яллагдагчийг ар гэрийнхэнд нь хариуцуулж өгсөн буруу шийдвэр болсон. Мөн шүүгчийн захирамж утга, нэр томьёоны алдаатай бичигдсэн байсан. Яллагдагч нь бусдад аюул учруулах сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Д-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос яллагдагч Д.Д-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын *-** тоотод өөрийн төрсөн эх С.Х-г заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаад, Д.Д-ад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэг хариуцах чадваргүй байдал арилтал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Д- нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө хэрэг хариуцах чадваргүй байсан нь тогтоогдсон, мөн түүний эцэг З.Д- нь “нэг удаа харж үзээд гэрт нь буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, Д.Д- нь шүүх хуралдаанд “уур бухимдлаа барьж сурна, дахин ийм байдал гаргахгүй” гэж мэдүүлсэн гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хууль ёсны төлөөлөгч, эцэг З.Д-ийн асран хамгаалалтад халамжлуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр бодит байдлаас зөрүүтэй, буруу дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Д.Д-ын сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх байтал шаардлагагүй байхад урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, энэ хуралдаанаараа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6., 11 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Д- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хэдий ч  Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 97/20 дугаар магадалгааны дүгнэлтэд:

-Д.Д- нь сэтгэцийн Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр өвчинтэй,

-Энэ өвчин нь төрөлхийн сэтгэцийн өвчин болно.

-Ийм өвчинтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй байна.

-Энэ өвчин бүрэн эдгэрэх боломжгүй, үе үе сэдэрдэг өвчин болно.  

-Сэтгэцийн Шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр өвчинтэй учир эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагатай. Албадан эмчилгээг СЭМҮТ-ийн тусгай тасагт 6 сараас багагүй хугацаанд хийлгэх саналтай.

-энэ өвчин нь өөрт болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй гэж зааснаас үзэхэд Д.Д- нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө хэрэг хариуцах чадваргүй, төрөлхийн сэтгэцийн өвчинтэй байсан, мөн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюултай үйлдэл хийж аюул учруулахаар байдалтай байгаа, мөн үйл явдлыг зөв тусган ойлгох, юуг зөв, юуг буруу гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй тул эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагатай талаар тодорхой тусгаж дүгнэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3., 7.4 дүгээр зүйлийн 1.т тус тус зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ заавал хэрэглэх байтал харин анхан шатны шүүх эсрэгээр нь сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байдалтай гэж дүгнэн, Д.Д-ын шүүх хуралдаанд хэлсэн үг, түүний эцэг З.Д-ийн хүсэлтийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахгүйгээр асран хамгаалалтад халамжлуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.   

Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 97/20 дугаар магадалгааны дүгнэлтэд Д.Д-ын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар байдалтай байгаа талаар дүгнэснийг анхан шатны шүүх анхааралтай хянаж үзээгүй, Прокуророос Д.Д-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд энэ саналаа дэмжсэн байхад үүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, тодорхой дүгнэлт хийгээгүй байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах шаардлагатай гэж үзлээ.

Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.         

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ